| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2024/07359/И |
| Дугаар | 210/МА2026/00482 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00482
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* даргын 2024.11.01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би ******* даргын 2023.02.06-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын *******ийн даргаар томилогдсон. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, аливаа байдлаар зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2024.11.01-ний өдрийн ******* дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тодорхойгүй бөгөөд 2023 оны ажлын гүйцэтгэл 83 хувьтай хангалттай үнэлүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Би 2014.10.28-ны өдөр ээлжийн амралтын мэдэгдлээ байгууллагад явуулж 2024.11.04-ний өдрөөс ээлжийн амралттай байх үед ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болсон.
Намайг Хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан ноцтой зөрчил гаргасан буюу албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь чанартай биелүүлээгүй, ажил үүргээ чанартай гүйцэтгээгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан, хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг тушаал хууль бус байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн тайлангаар 2023 оны хагас жилд 50 хувь, 2024 оны хагас жилд 58,82 хувиар үнэлүүлсэн. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй нь уг тодорхойлолтод заасан 4 дүгээр зорилт, 12 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаагүй. Тухайлбал, 2-р зорилтын 1 дэх арга хэмжээнд шаардлагатай тохиолдолд холбогдох статистик мэдээллийг нэгтгэн боловсруулж чиг үүргийн нэгжид хүргүүлэх ажлыг удирдлагаар хангах, 2 дугаар арга хэмжээнд боловсруулсан судалгаа мэдээлэлд тулгуурлан санал боловсруулж төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагад уламжлахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан гэж үзсэн.
Иймд ******* дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг баримталсан. Хөдөлмөрийн дотоод журмын 3.6, 3.7, 4.2, 4.2.6 зэрэг заалтуудыг үндэслэсэн. Мөн Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын даргын 2024.10.23-ны өдрийн саналыг үндэслэн маргаан бүхий тушаалыг гаргаж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар ******* дугаар тушаал хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ыг ******* Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын *******ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,684,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар нэхэмжлэгчийн дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 326,371 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Хариуцагч ******* даргын 2023.03.01-ний өдрийн ******* дугаар тушаалаар тус газрын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын *******ийн даргын албан тушаалд *******ыг томилж улмаар ******* дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч ******* нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай хийж гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь чанартай биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь нэгжийн гүйцэтгэлийн үнэлгээгээр тогтоогддог. Тус гэрээний дагуу ажиллах хугацаандаа гэрээнд болон албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн байдаг. Гүйцэтгэлийн тайлангаар 2023 оны хагас жилээр 50 хувь, 2023 оны жилийн эцсийн байдлаар 83 хувь, 2024 оны хагас жилээр 58.82 хувийн үнэлгээ авч байсан. Тэрээр албан тушаалын тодорхойлолтод заасан 4 зорилт 12 арга хэмжээг хангалттай хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй. Тухайлбал, 2 дугаар зорилтын 1 дүгээр арга хэмжээнд Шаардлагатай тохиолдолд холбогдох статистик мэдээллийг нэгтгэн боловсруулж чиг үүргийн нэгжид хүргүүлэх ажилд удирдлагаар хангах, 2 дугаар арга хэмжээнд Боловсруулсан судалгаа мэдээлэлд тулгуурлан санал боловсруулж, төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагад уламжлахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, заалтыг хэрэгжүүлээгүй тул дээрх хангалтгүй үнэлгээг авч байсан.
Мөн нэхэмжлэгч ******* нь Шинэ хоршоо хөдөлгөөнийг сурталчлах гэсэн ажлаар 2024 оны 5, 6 саруудад ажилласан гэх боловч Агентлагийн даргаас албан томилолт аваагүй, мэдэгдээгүй 2 сар ажил тасалсан нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ." гэж, 15 дугаар зүйлийн 15.3-д "Бүтцийн нэгжийн дарга, ажилтны албан томилолтоор ажиллах асуудлыг агентлагийн дарга шийдвэрлэнэ.", Хөдөлмөрийн дотоод журмын 12.1-д "Албан хаагч нь агентлагийн дарга болон нэгжийн даргын шийдвэрээр тодорхой хугацаагаар гадаадад болон орон нутагт ажил гүйцэтгэх албан томилолттой холбогдсон харилцааг агентлагийн даргын баталсан албан томилолтоор ажиллах журмын дагуу зохицуулна.", 5.6.5-д "Албан хаагч томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагүйгээр болон энэ журмын 5.7.4-д заасны дагуу мэдэгдэлгүйгээр ажилдаа ирээгүй, түүнчлэн бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно;" 11.2-д "Хууль тогтоомжид зааснаас гадна дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Агентлагийн даргын тушаалаар ажлаас хална" гэж, 11.2.2-д "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан" гэж заасныг зөрчсөн.
Иймд хариуцагчаас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д "хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6, 3.7, 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6 дахь заалт, Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын даргын 2024.10. 23-ны өдрийн саналыг үндэслэн 2024.11.01-ний өдрийн ******* дугаар тушаал гаргаж иргэн *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Үүнийг ч шүүх зөв үндэслэл бүхий захиргааны акт хэмээн үзэж ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025.10.10-ны өдрийн Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай ******* дугаар тушаалаар *******-ын бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд уг шинэчлэн баталсан бүтэц орон тоогоор ******* нь ******* дэх орон нутгийн харилцаа ХАБЭА, байгаль орчны асуудал хариуцсан төлөөлөгч, ******* дэх геологи, уул уурхай хариуцсан төлөөлөгчтэй байхаар баталж *******ийн даргын орон тоо хасагдсан. Үүнийг шүүх тодруулалгүй нэхэмжлэлийн зарим хэсэг болох ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,684,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит биелэгдэх зарчимд нийцээгүй үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Түүнчлэн тус иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Агентлагийн Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын дарга *******г Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д зааснаас бусад эрх үүргийг эдэлж оролцуулахаар 2025.11.04-ний өдрийн 1/5376 албан тоотоор томилж шүүхэд хүргүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан заалтыг огт хэрэгжүүлэлгүйгээр шийдвэрлэж мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих зарчмыг зөрчсөн процессын алдаа гаргасан байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Уул уурхайн яамнаас *******т *******ээс 4 хүн ирж ажилласан. ******* аймгийн ******* суманд нэг сарын хугацаанд ажиллахаар томилолтоор ирсэн. Намайг үндэслэлгүйгээр гүтгэж байна. Би санаатайгаар ажлаа тасалж явахгүй, төрийн албанд 10 жил ажиллаж байна. Хариуцагч тал албан үүргээ хариуцлагагүй гүйцэтгэсэн гэдэг. ******* бодит үнэнээс зайлсхийж шүүх хуралдааныг хойшлуулдаг. Шүүхийн журмаар ажлын компьютерт үзлэг хийлгэж 86 хувь, 85 хувьтай дүүргэж байсан гэдгийг тогтоосон. Бодит байдлыг тогтоосон атал хариуцагч нэхэмжлэгчийг ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай бөгөөд гүтгэх, шүүхийн шийдвэрийг үгүйсгэх шинжтэй байна. Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай ******* дугаар тушаал байдаг. Үүнтэй холбоотойгоор *******ын ажиллаж буй ажлын орон тоо хасагдсан гэж тайлбарладаг. Гэтэл өдийг хүртэл *******ын ажиллаж байсан албан тушаал нэршлээрээ яг хэвээр байгаа бөгөөд оронд нь томилогдсон хүн энэ албан тушаал дээр ажиллаж байгаа. Хариуцагч тал *******ыг ажил тасалсан гэж тайлбарладаг. Гэтэл ******* нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын Засаг дарга гэх мэт хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан бөгөөд архи, тамхи хэрэглэдэггүй. Гэтэл нэг даргын тушаалаар ажлаасаа халагдсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажил олгогчийн 2024 оны ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь гүйцэтгэлийн тайлангаар 2023 оны хагас жилд 50 хувь, 2024 оны хагас жилд 58,82 хувиар үнэлэгдсэн зөрчил гаргасан гэж үзсэн тул хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэнэ.
Харин шүүх нэхэмжлэгчийн гаргасан ажил ологчийн 2024 оны ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй тухай зөв дүгнэсэн ч уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон нэхэмжлэгч Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8-д заасан журмын дагуу шүүхэд гомдлоо гаргасан байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөлд шүүхэд шууд хандах эрхтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь буруу болсныг тус тус залруулж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.
4.Ажил олгогчийн 2024.11.01-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4., Хөдөлмөрийн гэрээний 4.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.6, 3.7, 4.2.4, 4.4.6-д заасныг, Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын даргын 2024.10.23-ны өдрийн саналыг тус тус удирдлага болгож, ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай хийж гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь чанартай биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь нэгжийн гүйцэтгэлийн үнэлгээгээр тогтоогдсон гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Хариуцагч байгууллагын ******* дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас чөлөөлж байгааг заасан ба хариуцагч 2025.01.24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн тайлан 2023 оны хагас жилд 50 хувь, 2024 оны хагас жилд 58,82 хувиар үнэлэгдсэн тул ажлаас чөлөөлсөн гэж ******* дугаартай тушаалын татгалзлын үндэслэлийг тодорхойлсон. Мөн хариуцагч тал 2025.12.15-ны өдрийн шүүх хуралдаанд ...90-с дээш оноотой бол хангалттай, 80-90 оноотой бол хэвийн, 70 оноотой бол хангалтгүй гэж үздэг тухай тайлбарласан байна.
Анхан шатны шүүх 2025.09.30-ны өдөр хариуцагч байгууллагын цахим хаягт үзлэг хийж нэхэмжлэгчийн 2023, 2024 оны ажлыг дүгнэсэн гүйцэтгэлийн акт, үнэлгээний хуудсыг тус тус үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар авчээ. Тус баримтад дурдсанаар нэхэмжлэгчийн ажлын байр болох ******* Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын *******ийн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл нь 2023 оны хагас жилээр 50 хувь, жилээр 90 хувь, 2024 оны хагас жилээр 58,82 хувь, жилээр 85,29 хувиар тус тус дүгнэгджээ.
5.Нэхэмжлэгчийн хагас жилийн ажлын үзүүлэлт 2023, 2024 онд 50 хувьтай үнэлэгдсэн нь жилийн үзүүлэлтээр 2023 онд 90 хувь, 2024 онд 85,29 хувьтай үнэлэгдсэнээс үл шалтгаалан хагас жилийн үзүүлэлтийг сонгон ноцтой зөрчил-д тооцсон үндэслэлээ хариуцагч шүүхэд тайлбарлаж чадаагүй байна.
Хариуцагч 2024.11.01-ний өдрийн ******* дугаартай тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг үнэлсэн 2023, 2024 оны хагас жилийн дүнд үндэслэгдсэн гэж тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон, түүнчлэн нэхэмжлэгчийн ажлын үзүүлэлт 2023 оны хагас жилээр 50 хувьтай үнэлэгдсэн ч бүтэн жилээр 90 хувьтай, мөн 2024 оны хагас жилээр 58.82 хувьтай, бүтэн жилээр 85.29 хувьтай үнэлэгдсэн байхад зөвхөн хагас жилийн ажлын үзүүлэлтийг сонгон нэхэмжлэгчийн ажлын үр дүнг хангалтгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хэрхэн хамаарч байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нотлоогүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.6-д ажилтныг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцон ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхойлсон ч энд дурдсан үндэслэлүүд хариуцагчийн ******* дугаартай тушаалын үндэслэл болгоогүй байна.
Энэ тохиолдолд ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхгүй бөгөөд ажилтан ******* нь өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг хэдэн удаа зөрчиж, хангалтгүй биелүүлсэн болох, байгууллагын удирдлагаас өгсөн ямар хугацаатай ямар үүрэг даалгаврыг ямар шалгуур нөхцлийг хангалгүй чанаргүй биелүүлсэн талаарх үйл баримтууд тогтоогдоогүйг анхан шатны шүүх зөв тогтоож, хариуцагч ******* 2024.11.01-ний өдрийн ******* дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй гэж дүгнэн нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
6.Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт журмын 1.6, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг бүтэн авсан сүүлийн 3 сарын цалингаас тооцон тогтоож, хариуцагчаас 33,684,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн байна.
7.Хариуцагч тал давж заалдах гомдолдоо, гүйцэтгэлийн тайлангаар 2023 оны хагас жилээр 50 хувь, 2023 оны жилийн эцсийн байдлаар 83 хувь, 2024 оны хагас жилээр 58.82 хувийн үнэлгээ авч байсан, албан тушаалын тодорхойлолтод заасан 4 зорилт 12 арга хэмжээг хангалттай хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй гэсэн агуулгаар гаргасан гомдол нь дээрх байдлаар үгүйсгэгдсэн тул энэ тухай гомдол үндэслэлгүй. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6, 3.7, 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6 дахь заалтууд нь ажил олгогчийн шийдвэр гаргах эрх хэмжээг тодорхойлжээ. Эдгээр хэм хэмжээ нь ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тогтоосон, баримталсан зохицуулалт биш тул уг заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэхгүй юм.
Нэхэмжлэгч нь Шинэ хоршоо хөдөлгөөнийг сурталчлах ажлаар 2024 оны 5, 6 саруудад ажилласан гэх боловч ажил олгогчийн албан томилолтгүй, мэдэгдэлгүй 2 сар ажил тасалсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.1, 5.6.5, 11.2, 11.2.2-д тус тус заасныг зөрчсөн гэх, мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025.10.10-ны өдрийн Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай А/178 дугаар тушаалаар *******-ын бүтэц орон тоог шинэчлэн баталснаар нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй. Учир нь ажил олгогчийн ******* дугаартай тушаал энэ үндэслэлээр гараагүй тул энэ тухай гомдол зохигчийн хоорондын маргаанд хамаарахгүй.
Хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******, ******* нар оролцсон бөгөөд хариуцагчийн 2025.11.13-ны өдрийн ******* дугаартай итгэмжлэлээр *******г шинээр томилж, *******, ******* нарт олгосон итгэмжлэлийг хүчингүй болгожээ. Шүүх 2025.12.15-ны өдрийн шүүх хуралдааны товыг *******д мэдэгдэж, *******, ******* нарт мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2-т нийцсэн байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай гомдлыг хангахгүй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/11612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...158.2.2... гэснийг 158.1.1 гэж өөрчилж, ******* тоот тушаал хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЭНЭБИШ