Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1604

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        10        23                                      2019/ШЦТ/1604

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б холбогдох эрүүгийн 1906 04179 2228 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо   тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ч.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай Ферми гэх газарт иргэн Т.Доёийдоржийг жижиг биетэй туранхай ямаа зарах гэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогчоор Т.Доёийдоржийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Н.Батбаатарын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №8639 дугаартай дүгнэлт /хх-23/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Ч.Б мэдүүлэг /хх-30/, яллагдагч Ч.Б хүсэлт /хх-85/, ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай Ферми гэх газарт иргэн Т.Доёийдоржийг жижиг биетэй туранхай ямаа зарах гэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Доёийдоржийн өгсөн: “....2019 оны 7 дугаар сарын 14-ний өдэр гэртээ байж байхад ямаа авахаар хүмүүс манай гэрт ирсэн. Манай аав надад хэлэхдээ наад хүмүүстэй нэг ямаа бариад өгчих гэж хэлэхээр нь би нэг ямаа барьж өгтөл тэр ямааг жижиг ямаа байна гээд голоод байсан. Тэгээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл нэг залуу нь миний нух руу цохисон. Тэгээд л бужигнаад байсан. Тэгж байгаад тэр залуу нь л гараараа цохисон өөр хүн цохиогүй..., Одоо миний биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал байхгүй.”/хх-8-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батбаатарын өгсөн: “....Төмөрбаатарын хүү Доёийдорж нь ямаа барьж өгөхөөр нь би өөр ямаа байна уу гэхэд Доёийдорж та яахаараа хүний өгсөн ямааг голдог юм гээд надтай маргалдаад намайг ална, тална гээд дайраад байсан. Тэгтэл надтай хамт явж байсан хамаатны Ч.Б  гэдэг залуу хажуу талаас тэр залууд чи яасан сонин юм бэ чамаас ямааг чинь зүгээр авах гэж байгаа биш мөнгөөр нь авах гэж байгаа хүн чинь гайгүй ямаа авмаар байна шдээ гэж хэлээд намайг өмөөрөөд Доёийдоржийн хацар хувьд нь гараараа нэг алгадахад Доёийдорж газарт унаад босч ирээд Ч.Б  Доёийдорж нар магалдаж байгаад салцгаасан. ”/хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №8639 дугаартай дүгнэлт

  1. Т.Доёийдоржийн биед духны баруун, зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хээрг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.  /хх-23/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.Б өгсөн: “Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Т.Доёийдоржийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Б хүсэлт /хх-85/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-38/ зэрэг

болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай Ферми гэх газарт иргэн Т.Доёийдоржийг жижиг биетэй туранхай ямаа зарах гэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ч.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ч.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ч.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Ч.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох

ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС