Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00524

 

 

 

 

 

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00049 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* НҮТББ-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* НҮТББ-ын Үүсгэн байгуулагчдын болон Удирдах зөвлөлийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн тогтоолууд, энэхүү тогтоолоор сонгогдсон Удирдах зөвлөлийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн, 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 01 дугаар, 2022 оны 03 сарын 21-ний өдрийн, 2022 оны 04 сарын 05-ны өдрийн, 2023 оны 10 сарын 16-ны өдрийн *******, *******дугаар, 2023 оны 11 сарын 08-ны өдрийн *******дугаар тогтоолууд хууль бус болохыг тогтоолгож, тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******той тэмцэх үндсэн зорилготой Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг ******* нэрээр 2007.04.10-ны өдөр *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын хамт үүсгэн байгуулж, 2007.05.10-ны өдөр хуулийн этгээдийн гэрчилгээ авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед би хурлын шийдвэрээр уг байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад 2010 онд гүйцэтгэх захирлын ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Харин үүсгэн байгуулагчаар үлдэж, допингийн эсрэг сургалт сурталчилгаа, олон нийтэд таниулах ажлыг өдийг хүртэл хийж, уг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн нэг гэж бодож явсан.

Гэтэл 2017.02.01-ний өдөр ******* НҮТББ-ын үүсгэн байгуулагчийн хурлаар миний болон *******ын гарын үсгийг хуурамчаар үйлдэж биднийг үүсгэн байгуулагчаас хассан байсан. Түүнчлэн би удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож байгаагүй, оролцох эрхгүй атал мөн өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолд намайг оролцсон болгож гарын үсгийг маань хуурамчаар зурсан байдаг. Улмаар энэхүү хуурамч бичиг баримтаа улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Би дээрх хууль бус үйлдэл, миний гарын үсгийг хуурамчаар зурсныг 2023 онд Авлигатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023.11.17-ны өдрийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч *******гийн 2023.12.01-ний өдрийн ******* тоот шинжээчийн дүгнэлтээр миний болон үүсэн байгуулагч ******* нарын гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон. Авлигатай тэмцэх газраас хуурамч гарын үсэгтэй холбоотой зөрчлийг арилгуулахаар 2023.12.05-ны өдөр УБЕГ-т хандан хяналт шалгалт хийлгэхээр албан бичиг хүргүүлсэн ч тухайн хуурамч гарын үсэг зурсан тогтоол хүчин төгөлдөр байсаар байна.

Дээрх тогтоолууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан сайн дураар эвлэлдэн нэгдэх эрх, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн бус байгууллага байгуулах иргэний эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2007 онд үүсгэн байгуулагдаж Монгол Улсын нэгдэн орсон *******хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын дагуу ******* дүрмийг Монгол Улсад хэрэгжүүлдэг НҮТББ юм. Тус байгууллага нь конвенцын зохицуулалтын хүрээнд допингийн эсрэг тэмцэх дэлхийн байгууллагын албан ёсны гарын үсэг зурагч тал мөн. Нэхэмжлэлд дурдсан хэрэг нь 2024.02 сараас эхлэн 2025.04 сарын хооронд Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар хариуцагч ******* НҮТББ-д холбогдох үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 22-ны үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *******, *******тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт цугласан нотлох баримтуудыг үнэн зөв, бүрэн, бодитойгоор, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр өрөөсгөл дүгнэлт гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1.Шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарласан тухайд: Шийдвэрт "Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийг шалгах явцад ******* миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгох, шаардах эрхийн үндэслэл болно гэж тайлбарласан ч энэ нь тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад хийсэн ажиллагаагаар тогтоогдсон үйл баримт юм. Нэхэмжлэгч нь тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчийн хувьд энэ иргэний хэрэгт шаардах эрхийг бий болгох, шаардах эрхийг сэргээх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй юм гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Би хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад үүсгэн байгуулагчаас намайг хууль бусаар чөлөөлсөн, удирдах зөвлөлийн гишүүн биш байхад байсан мэтээр чөлөөлсөн агуулгатай маргаан бүхий тогтоол шийдвэр гаргасан нь буруу, тогтоолууд нь хууль, дүрэм зөрчиж гарсан байна, тогтоол дээр зурагдсан миний гарын үсэг хуурамч болох нь гарын үсгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж хуурамч гарын үсэгнээс гадна өөр 8 үндэслэл байна гэж үндэслэлээ тайлбарласан. Гэтэл шүүх зөвхөн гарын үсэг хуурамч гэдэг нь шаардах эрхийн үндэслэлийг тодруулсан мэтээр дүгнэж бусад үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэхэд хүргэж байна.

Мөн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан ч аль хугацаанаас тоолж миний нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар мэдэх ёстой байсан үеэс буюу маргаан бүхий шийдвэр гарсан 2017 оноос тоолсон бол 8 жил, эсвэл хууль бус шийдвэрийг мэдсэн 2023 оноос тоолсон бол 2 жил өнгөрч байна. Аль ч тохиолдолд гомдол гаргасан хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны шаардлагыг хангаж байгаа. Түүнчлэн би анхнаасаа удирдах зөвлөлийн гишүүн байгаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэсэн шаардлагад нийцэхгүй. Тэгээд ч би удирдах зөвлөлөөс намайг хууль бусаар чөлөөлчихлөө гэж маргаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэрэгсэхгүй болгосон заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Шүүх нэхэмжлэлд дурдсан үндэслэл, тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг үнэлээгүй: Би хариуцагчийн 2017.02.01-ний өдрийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, удирдах зөвлөлийн хурлын тогтоолууд нь тухайн үед хүчинтэй байсан хуулийн этгээдийн дүрэмд нийцээгүй, хууль бус байсан талаар 9 үндэслэлээр маргасан. Шүүх хуралдааны үед хариуцагч тал миний гаргасан нэг ч үндэслэлийг няцааж, сөрөг нотлох баримт гаргаагүй. 2017.02.01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурал, удирдах зөвлөлийн хурал нь бодитоор хуралдсан, үүсгэн байгуулагчдыг чөлөөлөх , солих нь хууль ёсны байсан, хурлын тогтоолууд нь хуулийн этгээдийн дүрэмд нийцэж гарсан, нэгэнт үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг 2 дахь удаагаа үүсгэн байгуулах тухай шийдвэр нь зөв байсан, тогтоолд зурагдсан миний гарын үсэг хуурамч болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт буруу, удирдах зөвлөлийн гишүүд дүрэм батлах эрхтэй байсан зэргээр миний гаргасан үндэслэлийг няцаах нэг ч нотлох баримт гаргаж маргаагүй. Зөвхөн улсын бүртгэлийн байцаагчийн гаргасан дүгнэлтийн эсрэг гаргасан гомдлыг нь захиргааны шүүх шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгт ирүүлсэн байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хариуцагч нь миний гаргасан бүх үндэслэлийг зөвшөөрсөн гэж бодсон. Гэтэл шүүх эдгээр баримт, нөхцөл байдлыг үнэлэлгүй шийдсэнд гомдолтой байна.

3.Шүүх Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх үүсгэн байгуулагчийн болон удирдах зөвлөлийн хурлын тогтоолын агуулгыг илт хольж, гол шаардлага болох үүсгэн байгуулагчийн хурлын тухай огт үнэлээгүй нь шийдвэртээ "******* ТББ-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар үүсгэн байгуулагчийг өөрчилж бүртгүүлсэн нь дээрх бүртгэлийг хүчингүй болгосон гэх үндэслэлгүй бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна гэж удирдах зөвлөлийн хурлаар үүсгэн байгуулагчийг чөлөөлсөн нь зөв гэсэн агуулгаар дүгнэсэнд гомдолтой байна.

Би *******, *******, *******, *******, *******, ******* нарын хамт 2007 онд энэ төрийн бус байгууллагыг ******* нэртэй байгуулсан баримт хэрэгт авагдсаныг шүүхийн шийдвэртээ дурдсан байдаг. Миний маргаж буй гол үндэслэл нь хариуцагчийн 2017.02.01-ний үүсгэн байгуулагчийн тогтоолоор анхны үүсгэн байгуулагчийг үндэслэлгүйгээр хасч, шинээр *******, ******* нарыг үүсгэн байгуулагчаар баталсан нь миний эвлэлдэн нэгдэх эрхэнд халдсаныг тогтоолгож, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байхад шүүх Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэж зааснаар бид улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч байсан нь хэрэгт авагдсан. Харин төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчийг халах, солих чөлөөлөх хуулийн үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэрт Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд удирдах зөвлөлийн эрх хэмжээг заасан боловч үүсгэн байгуулагчийг чөлөөлөх гэсэн эрх хэмжээ заагдаагүй. Энэ заалт 2017.02.01-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралд хамаарах боловч үүсгэн байгуулагчийн хуралд хамаагүй. Харин би удирдах зөвлөлийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүн байгаагүй байхад байсан мэтээр миний гарын үсгийг зурж тогтоол гарган улсын бүртгэлд бүртгүүлсэн нь буруу гэж нэхэмжлэл гаргасан. Мөн энэ удирдах зөвлөлийн тогтоолд намайг үүсгэн байгуулагчаас хассан тухай байхгүй. Харин үүсгэн байгуулагчаас хассан тухай нь үүсгэн байгуулагчийн хурлын тогтоолд байгаа. Шүүх энэ маргааны гол үндэслэл болсон тогтоолыг үнэлэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд: Шүүхийн шийдвэрт ******* нь төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож ажиллаж байгаагүй тохиолдолд түүнийг чөлөөлсөн тухай тогтоол гарсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь би Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн нь хууль бус байсан гэж биш, Намайг удирдах зөвлөлийн гишүүн биш байхад гишүүн байсан мэтээр чөлөөлөх хуурамч шийдвэр гарган, уг шийдвэрт миний гарын үсгийг зурсан нь хуурамч болох нь тогтоогдсон, уг удирдах зөвлөлийн хурал бодитоор болоогүй, намайг үүсгэн байгуулагчаас хууль бусаар чөлөөлж, ******* удирдах зөвлөлийн дарга болсон, шийдвэр нь дүрэм зөрчиж гарсан зэрэг үндэслэлээр маргасан.

Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хууль бус гэж үзсэн үндэслэлээ тодорхой тайлбарласан. Тодруулбал хуулийн этгээдийн 2017 онд хүчин төгөлдөр байсан дүрмийн 3.3-т заасныг зөрчиж анхны үүсгэн байгуулагч байгаагүй ******* намайг үүсгэн байгуулагчаас чөлөөлж дүрмийн 4.1,4.2 дахь заалтыг зөрчин өөрийгөө удирдах зөвлөлийн дарга болгосон, удирдах зөвлөлийн хурлын тогтоол нь дүрмийн 3.4, 3.5, 3.6 заалтыг зөрчиж гарсан тухай баримт хэрэгт авагдсан. Удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг үнэлэхээс өмнө үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол хууль ёсны эсэхийг үнэлэх ёстой байсан. Учир нь дүрмийн 3.3-т Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчдаас бүрдэнэ гэж байдаг ба ******* нь анхны үүсгэн байгуулагч байгаагүй тул үүсгэн байгуулагчийн хурлын тогтоолыг хууль бус гэж үзвэл удирдах зөвлөлийн хурлын тогтоол мөн үндэслэлгүй. Шүүх эдгээр үндэслэлүүдтэй холбоотой хэрэгт цугласан үйл баримтыг бүрэн, бодитоор үнэлээгүй харин ч хүний гарын үсгийг хуурамчаар зурах нь зөв, удирдах зөвлөлд байгаагүй хүнийг хассан нь зөв буюу хуурамч тогтоол гаргах нь зөв, үүгээр нэхэмжлэгчийн эрх хөндөгдөхгүй гэж ойлгогдох хууль бус шийдвэр гаргахыг дэмжсэн дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

5.Төрийн бус байгууллагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Мөн шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч ******* 2010 оноос хойш байгууллагын үйл ажиллагаанд оролцоогүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь би намайг үүсгэн байгуулагчаас хууль бусаар чөлөөлсөн гэж маргасан. Шүүх шийдвэртээ биднийг иргэний хувьд үүсгэн байгуулсан гэдгийг дурдсан байна. Төрийн бус байгууллагын тухай хуулиар үүсгэн байгуулагч нь төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд сонгогдох, гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэх эрхтэйгээс гадна, үйл ажиллагаанд заавал оролцох үүрэг хүлээхгүй.

Гэвч би гүйцэтгэх захирлын албаа өгсөн ч үүсгэн байгуулагчийн хувьд олон улсын байгууллагад сонгогдох, допингийн эсрэг үйл ажиллагааны сургалт хийх, допингийн эсрэг үндэсний дүрэм батлах ажлын хэсгийн зөвлөхөөр ажиллах, биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгад допингийн эсрэг бүлгийг оруулах ажлын хэсгийн зөвлөхөөр ажиллах зэргээр хуулийн этгээдийн өдөр тутмын биш ч гэсэн допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцсоор байсан. Би энэ хуулийн этгээдийг иргэнийхээ хувьд үүсгэн байгуулалцсан тул гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөнө гэдэг нь үүсгэн байгуулагчаас чөлөөлөгдсөн гэсэн үг биш юм. Намайг гүйцэтгэх захирлын ажлаа өгсний дараа үүсгэн байгуулагчаас эргүүлэн татсан талаар ямар нэг хуулийн этгээдийн шийдвэр байхгүй. Харин би 2017 онд намайг үүсгэн байгуулагчаас чөлөөлсөн байж гэдгийг 2023 онд мэдсэн цагаасаа л эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд гомдлыг хангаж, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээгээр зохицуулагдсан харилцааны хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ба энэ хүрээнд Засгийн газартай гэрээ байгуулан төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Нэхэмжлэгчийн дурдсанчлан ******* *******-д нэг улсаас нэг байгууллага бүртгэдэг. Дэлхийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь манай байгууллага юм. Төрийн бус байгууллагын тухай хуулиас гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэдэг гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг дурдсан. Уг маргаан эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр хянан шийдвэрлэгдсэн. Эрүү болон захиргааны хэргийн 3 шатны шүүхээр уг маргааныг шийдвэрлэсэн ба иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна. Нэхэмжлэгч бүх шатны хуулийн байгууллагуудад хандаж, цаашдын үйл ажиллагааг удаашруулах зорилготой зүйл хийсэн. Захиргааны хэрийн шүүхэд сонсох ажиллагаа явагдаж байхад, нэхэмжлэгч өөрийн ажиллах шалтгааныг 3 үндэслэлээр тайлбарласан. Би 50 нас хүрсэн тул ажиллана, ******* гэх ажиллаж байгаа цагт үхэн үхтлээ энэ байгууллагад байна, энэ байгууллагаас явтлаа та нартай маргана гэх хувийн шинжтэй зүйл ярьдаг. Олон улсын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага учраас хувийн ашиг сонирхлыг тусад нь авч үзэх ёстой. Үүний цаана 2017 онд гарсан тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулга дурдагдаж байгаа. Тухайн хугацаанаас хойш Монгол Улсад болсон олон улсын болон дотоодын тэмцээн, Монгол Улсын тамирчид оролцсон бүх л тэмцээний допингийн шинжилгээний хариу эргэлзээтэй болох эрсдэлтэй.

Удирдах зөвлөлийг шинээр байгуулахаар болж *******ыг урьсан ч хуралд ирээгүй ба нөхцөл байдал өөр болсон учраас оролцохгүй, би Ерөнхийлөгч болно гэж амбиц гаргасан. Эдгээр нь нэг хүний хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй нь хэргийн баримтаар тогтоогддог. *******ыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж маргасан. Шүүхээр хэн нэгнийг гэм буруутайд тооцоогүй тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үздэггүйтэй адил гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан даруй тухайн гарын үсэг хуурамч болж хувирахгүй. Гарын үсэг зурж баталгаажуулан бүртгэлийн газар хүргэж өгдөг хүн нь нэхэмжлэгч байсан. Үүнээс улбаатай гарын үсгийг хэн зурсан эсэх асуудал үүснэ. ******* тухайн гарын үсгийг өөрөө үйлдсэн байх боломжтой. Үүнийг миний таамгаар дүгнэх боломжгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр үндэслэл бүхий дүгнэх ёстой. Өмнө нь дурдсанчлан, уг маргаан буруу шийдвэрлэгдсэн тохиолдолд үр дагавар нь үнэлж баршгүй зүйл үүсгэх эрсдэлтэй.

Төрийн бус байгууллага үйл ажиллагаандаа байхгүй зүйлийг дүрэмдээ тусгаж, үүсгэн байгуулагчийг хассан гэх агуулга дурдагдсан. Миний ойлгож буйгаар хориглоогүй бол зөвшөөрсөн гэх зарчим иргэний эрх зүйд үйлчилдэг. Төрийн бус байгууллага болон Удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хуулиар зөвшөөрсөн бусад эрх үүргийг хэрэгжүүлнэ гэх заалт тусгагдсан байдаг. Дүрэм, журамд заагаагүй байсан ч хуулиар хориглоогүй тохиолдолд бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Тус үндэслэлийн дагуу шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* НҮТББ-д холбогдуулан тус байгууллагын үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн тогтоолууд, энэхүү тогтоолоор шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн, 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 01 дугаар, 2022 оны 03 сарын 21-ний өдрийн, 2022 оны 04 сарын 05-ны өдрийн, 2023 оны 10 сарын 16-ны өдрийн *******, *******дугаар, 2023 оны 11 сарын 08-ны өдрийн *******дугаар тогтоолууд хууль бус болохыг тогтоолгож, тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэ асуудлаар нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2024-2025 онд гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Нэхэмжлэгч ******* нь *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын хамт ******* НҮТББ-ийг 2007 онд үүсгэн байгуулж, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар удирдах зөвлөлийн гишүүнээр, харин ******* тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллахаар үүсгэн байгуулагчид шийдвэрлэжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007.05.10-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ТББ-ыг улсын бүртгэлд бүртгэж ******* дугаартай гэрчилгээ олгожээ. ******* 2010 онд гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

4.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 11.7-д дүрэмд заасан бусад бүрэн эрх-ийг хэрэгжүүлэхээр заажээ. Хариуцагч ******* НҮТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байх бөгөөд 2007 онд баталсан дүрмийн 3.2-т төвийн эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байхаар бүрэн эрхийг тусгаж, дүрмийн 3.2.а-д дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, в-д удирдах зөвлөлийг сонгох, томилох гэж зааснаас гадна 8.1-д зааснаар удирдах зөвлөл нь байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг олонхын саналаар шийдвэрлэхээр заасан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд нийцсэн байна.

Иймд хариуцагч байгууллагын эрх барих дээд байгууллага болох удирдах зөвлөлийн 2017.02.01-ний өдрийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээс *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарыг чөлөөлж, *******, *******, *******, *******, ******* нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1.7, хариуцагч байгууллагын /2007 оны/ дүрмийн 3.2.в-д нийцсэн, энэ тогтоол хууль, дүрмийг зөрчөөгүй байна.

Мөн хариуцагч байгууллагын /2007 оны/ дүрмийн 3.3-т удирдах зөвлөл нь тус төвийг үүсгэн байгуулагч 9 гишүүнээс бүрдэнэ гэж тусгасан ч хариуцагч байгууллага нь удирдах зөвлөлийн 7 гишүүнтэй байхаар шийдвэрлэснийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул үүсгэн байгуулагч буюу нэхэмжлэгч ******* удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоогүй байна. Энэ агуулгаар дээрх тогтоолд *******ыг удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн тухай дурдсан нь ач холбогдолгүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм.

 

5.Үүсгэн байгуулагчдын 2017.02.01-ний өдрийн тогтоолоор ******* ТББ-ын үүсгэн байгуулагчаас *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарыг чөлөөлж, үүсгэн байгуулагчаар *******, ******* нарыг томилжээ.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1, 6 дугаар зүйлд зааснаар иргэд эвлэлдэж төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан бол төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан шийдвэр гаргаж, дүрмийг нь баталснаар үүсгэн байгуулагчийн хувиар шийдвэр гаргах эрх дуусгавар болох агуулга, үр дагавартай. Харин тухайн төрийн бус байгууллагын дүрмээр үүсгэн байгуулагч нь тодорхой шийдвэр гаргах эрхтэй байж болох ч мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд нийцсэн байх учиртай. Хариуцагч байгууллагын дүрэмд /2007 оны/ үүсгэн байгуулагч нь төвийн үйл ажиллагаанд саналын эрхтэй оролцох, удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх эрхтэй байхаар тусгаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага тул үүсгэн байгуулагчид нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын нэгэн адил бүх гишүүдийн хурлын эрх хэмжээг ч хэрэгжүүлэхгүй юм.

Хариуцагч ******* НҮТББ-ыг анх үүсгэн байгуулсан *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын хувьд үүсгэн байгуулагчийн хувиар хариуцагч байгууллагын удирдах дээд байгууллага үүсгэн байгуулагч мэтээр аливаа шийдвэрийг гаргах, үйл ажиллагаанд нь тодорхой эрх мэдлийг хэрэгжүүлэн оролцох хууль зүйн үндэслэлгүй.

Үүсгэн байгуулагчдын 2017.02.01-ний өдрийн тогтоолоор ******* ТББ-ын үүсгэн байгуулагчаас *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарыг чөлөөлсөн, тэдний оронд үүсгэн байгуулагчаар *******, ******* нарыг томилсон нь хариуцагч байгууллагын дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх эрх зүйн үр дагаваргүй байна.

 

6.Нэхэмжлэгч ******* хариуцагч байгууллагын үүсгэн байгуулагчаас гарах хүсэл зоригоо илэрхийлээгүй, гарын үсгийг хуурамчаар зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд ийнхүү хассан тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр хууль бус, түүний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн буюу ******* НҮТББ-ын удирдах зөвлөлд сонгогдох, бусад байдлаар хариуцагч байгууллагын хэрэгжүүлдэг үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж байгаа тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Тухайлбал, хариуцагч байгууллагын удирдах зөвлөлийн 2020.04.02-ны өдрийн шийдвэрээр *******, *******, ******* нарыг, 2022.03.21-ний өдрийн шийдвэрээр *******ыг, 2023.10.16-ны өдрийн шийдвэрээр *******, *******, ******* нарыг, 2023.11.08-ны өдрийн шийдвэрээр *******, ******* нарыг тус тус удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр сонгожээ. Эдгээр удирдах зөвлөлийн гишүүд нь хариуцагч байгууллагыг үүсгэн байгуулаагүй, урьд нь удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана гэж заасан ба 10.7-д удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа-г төрийн бус байгууллага дүрэмдээ тодорхой заах бөгөөд энэхүү дүрмийн дагуу удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох ажиллагаа нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу тухайн байгууллагын удирдах зөвлөлийн бүрэн эрх юм.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын үүсгэн байгуулагчаас хасагдсан нь тодорхой үр дагаврыг үүсгэсэн буюу түүний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн тухай давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7.Хариуцагч ******* НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурлын 2017.02.01-ний өдрийн шийдвэрээр *******, *******, *******, *******, ******* нар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь хууль, дүрэмд нийцсэн тухай энэ магадлалын 4-т дүгнэсэн. Иймээс хууль ёсоор сонгогдсон удирдах зөвлөл өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрээ гаргасныг хуульд нийцээгүй гэж дүгнэхгүй.

Хариуцагч байгууллагын Удирдах зөвлөлийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн, 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 01 дугаар, 2022 оны 03 сарын 21-ний өдрийн, 2022 оны 04 сарын 05-ны өдрийн, 2023 оны 10 сарын 16-ны өдрийн *******, *******дугаар, 2023 оны 11 сарын 08-ны өдрийн *******дугаар тогтоолууд нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурлын бүрэн эрх, энэ магадлалын 4-т дүгнэсэн болон хариуцагч байгууллагын шинэчилсэн /2023.11.08-ны өдрийн/ дүрмийн 4.15-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан гэж дүгнэнэ.

 

8.Мөн хариуцагч байгууллагын үүсгэн байгуулагчдын 2019.10.22-ны өдрийн шийдвэрээр буюу *******, ******* нар нь тус байгууллагын оноосон нэрийг ******* гэж өөрчлөх, дүрмийг шинээр баталсан агуулгатай шийдвэр гаргасан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 5, 11 дүгээр зүйлийн 1.1, 1.7-д тус тус нийцээгүй байна. Уг шийдвэрийг гаргахад удирдах зөвлөлийн бусад гишүүн болох *******, *******, ******* нар оролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Гэвч удирдах зөвлөлийн 2023.11.08-ны өдрийн *******дугаартай шийдвэрээр ******* НҮТББ-ын дүрмийг шинэчлэн баталж, уг дүрэм улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Иймд үүсгэн байгуулагчдын 2019.10.22-ны өдрийн шийдвэр хууль зүйн хувьд ач холбогдолгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай дурджээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эвлэлдэн нэгдэх эрхийг хариуцагч байгууллага зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж чадаагүй нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэхийг гомдолдоо дурдаж, энэ байдлыг шүүх үнэлээгүй гэжээ. Хариуцагч 2025.05.27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлээс татгалзсан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэхгүй. Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг бодитой тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ. Иймээс хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн тодорхой хүсэл зоригийг илэрхийлснээс бусад тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэхгүй тул энэ тухай гомдлыг хүлээн авахгүй.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ