| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0081/Э |
| Дугаар | 0089 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 0089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ш-д холбогдох эрүүгийн 1925000300059 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Н.Ш
Шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 07 дугаар сард Орхон аймаг Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Хүрэнбулагийн рашааны зүүн хойд талын уулын жалганд болон биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ш-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Н.Ш нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2018 оны 07-р сард Улаанбаатар хотоос наашаа ирэхдээ тэр ургамлыг түүсэн. Тухайн үед үнэр ихтэй байсан учраас ууланд нуусан. 2018 оны 12-р сард авчирч ирээд татсан. Тэгээд байж байтал цагдаагийн ажилтанд баригдсан.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Н.Ш-нийн биед болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-н 5-7-р хуудас/
2.2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Н.Ш-ний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглахад Н.Ш нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тусгасан тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 8-9-р хуудас/
3. Н.Ш мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байлах “Тэс петролиум” ШТС-ын хажууд байрлах төмөр гүүрний хажуугийн жалганд ирээд эндээс мансууруулах төрлийн ургамал түүсэн гэж заав. Уг газар цастай байсан ба цасыг малтаж үзэхэд ургамлын үндэс мэт зүйл байв. Түүсэн ургамлаа Баян-Өндөр сумын Баянбулаг багийн зүүн үзүүрт байрлах Хүрэнбулагийн рашааны дээд жалганд хадгалсан гэсний дагуу тус газар очиход Н.Ш нь ертөнцийн зүгээр зүүн хойно байх төмөр хашаагаар хаасан араараа модтой уулын дор байгаа жалга руу заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 10-13-р хуудас/
4.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14-р хуудас/
5.Гэрч Б.Н-ын ...“Тухайн өдөр би Н.Ш ах руу залгаад бид 2 уулзсан. Түүнийг өвстэй явж байсан талаар би мэдээгүй. Цагдаагийн газар очиход цүнхнээс нь гарч ирсэн. Н.Ш ах өвсөө Улаантолгой гэдэг газраас түүсэн гэж хэлж байсан. Н.Ш ахтай мансууруулах төрлийн ургамал түүж, хэрэглэж байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/
6.Гэрч М.Г-нийн ...“2018 оны 12 дугаар сарын 27-ны өдийн 13 цагийн үед 4-20 дугаар байранд үүрэг гүйцэтгэж байхад тухайн байрны 8 дугаар давхарт өмнө нь гэмт хэрэгт холбогдож Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан Н нь Н.Ш гэх залуутай цуг сэжиг бүхий зогсож байхаар нь Цагдаагийн байгууллага дээр авчирч шалгасан. Ш-нийн цүнхнээс цагаан өнгийн гялгар ууттай мансууруулах төрлийн олс мэт ургамал илэрсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
7.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 408 дугаартай дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн “Н, Н.Ш” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Н. Ш гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannobinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 24-25-р хуудас/ |
8. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 409 дугаартай дүгнэлтийн “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н.Ш-ээс хураан авсан өвс" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрч байна /хх-ийн 28-292-р хуудас/ гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгч нь Орхон аймаг, Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан өвс гэх нэршил бүхий мансууруулах бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн гэдгээ анхаанаасаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн хувьд шүүгдэгч өөрөө миний бие нэг л удаа хэрэглэсэн цуаашдаа хэрэглэхгүй байж чадна гэж амлаж байгаа. Мөн өөрийн биеийн байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулахдаа харж үзнэ үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Н.Ш нь 2018 оноос уушигны өвчнөөр өвчилсөн байгаа. Энэ талаар нотлох баримтыг авах гэж Бүсийн оношлогооны төвд санал гаргасан боловч ажилтан ажлаа өгч өөр шинэ ажилтан томилогдоогүй учраас энэ баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж хариу өгсөн учраас нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Сүрьеэ өвчний шинж тэмдэг өөрийнх нь биеийг хараад илэрхий харагддаг. Энэ өвчний хувьд хорих ял оногдуулж болохгүй өвчний заалтанд бас ордог байна. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, нийгмийн хор аюул, шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй байдаг. Улсын яллагчаас санал болгосон зүйлчлэлээс хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 07 дугаар сард Орхон аймаг Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамал бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг Хүрэнбулагийн рашааны зүүн хойд талын уулын жалганд болон биедээ хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Ш-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ш-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролгүй байх тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 590 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь шүүхээс тогтоосон хязгаарлалтын зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 590 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС