| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/04059/И |
| Дугаар | 210/МА2026/00525 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00525
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10605 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,637,898.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр хариуцагч *******ХХК-аас 15,012,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэж, шийдвэрийг албадан гүйцэтгэж, төлбөрийг дуусгасан. *******ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй ба шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулсан тул хэтрүүлсэн хугацааны хүүг Монголбанкны бодлогын хүүгээр тооцон төлж, энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас өмгөөлөгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.
Монгол банкнаас бодлогын хүүг 2024.05.14-ний өдөр 11,00 хувь, 2024.09.13-ны өдөр 10 хувь, 2024.12.13-ны өдөр 10 хувь, 2025.01.14-ний өдөр 10 хувь, 2025.03.07-ны өдөр 12 хувиар тус тус тогтоосон байна. ******* ХХК-ийн 2025.06.18-ны өдрийн ******* дугаартай үнэлгээгээр хариуцагчаас надад төлөх өмгөөллийн хөлсний хүү 6,268,498.20 төгрөгийг төлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд гарсан зардалд 369,400 төгрөгийг зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага 6,637,898.20 төгрөгийг хариуцагч *******ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар *******ХХК-аас 15 сая төгрөг гаргуулснаар төлбөр төлөгдөж дууссан. Нэхэмжлэлд дурдсан 5 сая төгрөгийг ямар хугацаанаас тооцсон нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэхүү 5 сая төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй үлдсэн төлбөр эсхүл 2021.06.24-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2021.11.15-ны өдөр төлөх ёстой гэх 10 сая төгрөгийн алданги эсэх нь тодорхойгүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь мөн адил ойлгомжгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар хариуцагч *******ХХК-аас 6,637,898.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 136,106.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч *******ХХК-аас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 15,012,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 233,012 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж уг төлбөрийг *******ХХК-аас гаргуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. *******ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний хүүг Монголбанкны бодлогын хүүгээр тооцон төлүүлэхээр шаардсан.
******* ХХК-ийн 2024.06.04-ний өдрийн ******* дугаартай үнэлгээ, мөн 2025.06.18-ны өдрийн ******* дугаартай үнэлгээгээр хариуцагчаас өмгөөллийн хөлсөнд надад 2021.11.15-ны өдөр төлөх 10,000,000 төгрөгийн, 2022.02.23-ны өдөр төлөх 5,000,000 төгрөгийн алдангид нийт 6,268,498.20 төгрөгийн хүү төлөх ёстой. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан. Мөн хариуцагч нь нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэгчийн зарцуулсан нотариатын үйлчилгээний зардал 43,000 төгрөг, шуудан илгээмжийн зардал 26,400 төгрөг, мөнгөн төлбөрийн үнэлгээний ажлын төлбөр 300,000 төгрөг, нийт 369,400 төгрөгийг хариуцан төлөх ёстой.
Нэхэмжлэгч ******* би анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн, хангалттай тайлбарласан. Шүүх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг илт буруу тайлбарлан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрт тусгагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т заасан заалтууд нь миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш.
Мөн шүүх "Нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2021.04.08-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хүүний төлбөр төлөх талаар тохиролцоогүй гэж маш буруу тайлбар, дүгнэлтийг хийсэн байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасан хүү, хохирлыг шаардах эрх нь *******ХХК, өмгөөлөгч *******ын хооронд 2021.04.08-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр баталгаажихгүй, бие даасан шаардах эрхэд хамаарна. Иргэний хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын банкны гүйлгээний баримтуудын хуулбар, хариуцагчийн гаргасан тайлбар зэргээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр нийт 15,395,512 төгрөгийг *******ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан гаргуулсан. Уг ажиллагаагаар хариуцагч *******ХХК-ийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасан хүү, хохирлыг төлөхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ХХК-аас 6,637,898.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2021.04.08-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан ба 2021.06.24-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. 2021.10.22-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.12.09-ний өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичигтэй холбоотой асуудлыг 2024.01.17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгдсөнөөр уг маргаан дууссан. Нэхэмжлэгч хугацаанд нь үүрэг гүйцэтгээгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй ба энэ тохиолдолд Монгол банкны бодлогын хүүгээр тооцох зохицуулалт байхгүй. Хариуцагч нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчид 50,000,000 гаруй төгрөг өгсөн. Мөн үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 15,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч юу шаардаж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Уг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хүү, алданги шаардах үндэслэлгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас хэтрүүлсэн хугацааны хүү 6,637,898 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид төлөх төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлснөөр төлбөрийн үүрэг дууссан гэж тайлбарлан маргажээ.
4.Талууд 2021.04.08-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөн оны 06.24-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хууль зүйн үйлчилгээний хөлсийг 30,000,000 төгрөг, үүнээс 10,000,000 төгрөгийг 2021.06.30-ны өдөрт багтаан төлөхөөр заажээ. Гэвч *******ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч хууль зүйн үйлчилгээний хөлсийг шаардаж шүүхэд хандсанаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.11-ний өдрийн ******* дугаар шийдвэр гарч, *******ХХК-аас хууль зүйн үйлчилгээний хөлс 10,000,000 төгрөг, алданги 5,012,500 төгрөгийг гаргуулан *******т олгож шийдвэрлэжээ. Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны журмаар *******ХХК-аас 2024.09.12-ны өдөр 10,963,060 төгрөгийг, 2024.10.14-ний өдөр 1,743,357 төгрөгийг, 2025.05.15-ны өдөр 2,250,100 төгрөгийг, 2025.05.15-ны өдөр 200,000 төгрөгийг, 2025.05.15-ны өдөр 238,995 төгрөгийг тус тус гаргуулан нийт 15,395,512 төгрөгийг *******т олгожээ. Төлбөр төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.
5.Нэхэмжлэгч ******* нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хууль зүйн үйлчилгээний хөлс 15,012,500 төгрөг төлөгдсөнөөс үл шалтгаалан талуудын 2021 онд байгуулсан гэрээний дагуу уг төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2021.11.15-ны өдрийн дотор, 5,000,000 төгрөгийг 2022.02.23-ны өдрийн дотор тус тус төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагч *******ХХК-аас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар 6,268,498 төгрөг, уг ажиллагааны улмаас гарсан зардал 369,400 төгрөгийг гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай байна. Аливаа этгээдийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэснээр тэдгээрийн хооронд үүссэн маргаан дуусгавар болж, гагцхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсдэг.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.11-ний өдрийн ******* дугаар шийдвэр гарснаар *******, *******ХХК-ийн хооронд 2021.04.08-ны өдөр байгуулагдсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилд холбогдуулан учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрх дуусгавар болсон.
7.Харин мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан үндэслэлээр хариуцагч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой, ийнхүү хэтрүүлсэн хугацааны хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзлээ. Энэ зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой гэрээний бус үүргийн харилцаанд хэрэглэгдэнэ.
Энэ тохиолдолд талуудын хооронд дээрх шүүхийн шийдвэрт зааснаас өөр мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн үүргийн харилцаа бий болоогүй байх тул нэхэмжлэгч ******* нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн гэрээний харилцааны хүрээнд хариуцагчаас мөнгө төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр хүү шаардах эрхгүй юм.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв. Харин шүүх нэхэмжлэгчид учирсан хохирол баримтаар нотлогдсон байх, нэхэмжлэгч хохирлоо нотлоогүй гэсэн дүгнэлт нь нэхэмжлэгчийн шаардлагын эрх зүйн үндэслэлд хамаарахгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан тохиолдолд хохирлыг нотлохыг шаарддаггүй тул дүгнэлтийг залруулна.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,156.38 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЭНЭБИШ