Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 0096

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О  

Улсын яллагч Б.Ж     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б  

Шүүгдэгч Б.Зр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-т холбогдох эрүүгийн 1925000630054 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.З

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнж 12-14 тоотод оршин суух Д.М-лын байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн бүс, мөнгөн аяга зэргийг хулгайлж 780 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.З-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.З нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Бусдын дэ зүйлийг хулгайлах гэмт хэрэг хийсэн нь миний буруу” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч О.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- ийн 4-6-р хуудас/

 

2. Мөнгөн бүс, мөнгөн аягыг хураан авч хохирогч Д.М-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 8-11-р хуудас/

 

3. Хохирогч Д.М-лын ...“Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг баруун дэнжийн 12-14 тоотод оршин суудаг. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагаас 22 цагийн хооронд манай гэр эзэнгүй байсан хугацаанд байшингийн вакум цонхыг түлхэж хулгайч орж миний мөнгөн бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

 

4. Иргэний нэхэмжлэгч О.Э-ын ...“2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20-21 цагийн хооронд намайг Уурхайчин багийн 3-22 дугаар байранд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт байж байхад гаднаас З гэсэн иргэний бичиг баримтын лавлагаа барьчихсан эрэгтэй хүн ганцаараа орж ирээд мөнгөн аяга, мөнгөн бүсийг 150 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Надад хэлэхдээ хөдөөнөөс орж ирсэн юм, машин эвдэрчихсэн, мөнгөний хэрэг байна гэж байгаад барьцаанд тавьсан. Тэр залуугийн нүүр нь нилээн халтар болчихсон байсан ба машин нь эвдэрчихсэн байна даа гэж бодсон. Тэрнээс биш хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

5.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/02-05 дугаартай дүгнэлтийн мөнгөн аяга, мөнгөн бүс нийт 780 000 төгрөг /хх-ийн 23-26-р хуудас/ гэсэн үнэлгээ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн  хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна гэж үзэж байгаа. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг биет болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Мөн үйлдэлийн хувьд 1 удаагийн үйлдэлтэй, хохирлын хувьд төлөгдсөн байгаа. Хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчид нэг удаа итгэл үзүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн хэрэглэж ял оногдуулж өгнө үү” гэв. 

 

            Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч О.Э нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.З нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 12-14 тоотод оршин суух Д.М-лын байшингийн цонхоор орж мөнгөн бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 780000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.З-рын үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 52 хоног цагдан хоригдсоныг эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б.З-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-рыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ын цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС