Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 108

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Эт холбогдох 1930000000146 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар баг “Аман ус” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Ж.Э.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Хайлаастын 20-202 тоотод иргэн Ж.Ныг ташиж унагасны улмаас Ж.Н нь гартаа барьж байсан хутгандаа хатгагдаж, эрүүл мэндэд нь “баруун гуяны хэсгийн хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Н нь “ танай аав миний хадам ээжийг алсан “ гээд миний эцэг, эхийг доромжлоод байсан. Би эхлээд 2-3 удаа алгадсан. Гэтэл Ж.Н нь хутга бариад намайг ална гээд босоод ирсэн. Би айсандаа баруун хөлөөрөө хавсрахад баруун тал руугаа ойчоод өгсөн. Баруун гартаа хутгатай байсан. Би хөлийнх нь шагайн хэсэг рүү хавсарсан юм. Тэгээд унахдаа хутгандаа хатгагдсан.  Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Манай хүргэн гээд манайхнаар ирдэг байсан. Хохирогчтой эвлэрсэн.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Яллагдагч Ж.Эын:  Би Дарьганга суманд амьдардаг бөгөөд найз Батхүрэлийн хамт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчим аймагт ирсэн юм. Би 2 жилийн өмнөөс Шинэцэцэг гэдэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон бөгөөд маргааш нь би Батхүрэлтэй хамт Улаанбаатар хот руу явж өөрөө амьдрах гэр худалдаж авах байсан юм. Батхүрэл бид хоёр аймаг дээр ирээд хамт худаг руу ус авахаар явж байгаад худаг дээр Ж.Н гэдэг залуутай тааралдсан бөгөөд тэндээ нэг шил архи хувааж ууцгаасан. Гэхдээ би архинаас 2 хундага л архи уусан. Дараа нь Батхүрэл Ж.Наар хонь янзлуулна гээд гэр рүүгээ дагуулж явсан. Тэгээд хонь янзалж байхдаа Батхүрэл нэг шил архи задалж бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд хоол цай, идэж уугаад байж байтал Ж.Н нь “танай муу аав чинь, манай хадам ээжийг алсан” гэж согтуурхаад надтай маргалдаж байгаад намайг 1-2 удаа алгадсан. Гэтэл Ж.Н нь хутга барьж босч ирээд над руу дайрахаар нь баруун хөл рүү хөлөөрөө таштал Ж.Н нь газар ойчихдоо гартаа барьж байсан хутган дээрээ ойчсон юм шиг байгаа юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

 

- Хохирогч Ж.Нын “...2019 оны 05 дугаар сарын  30-ны өдрийн 17 цагийн орчим Дэнжийн байранд байдаг худаг дээр явж байгаад Батхүрэл болон Эрдэнэбаяр хоёртой тааралдаж, худаг дээр 1 шил архи уусан. Гэтэл Х.Батхүрэл надыг хонь янзлуулмаар байна гэхээр нь би хонийг нь махалж өгсөн. Хонь махалж байхдаа мөн нэг шил архи аваад өг гэхээр нь гэр рүү нь очиж хонийг нь махалж өгсөн. Хонь махалж байхдаа мөн нэг шил архи бид гурав хувааж ууцгаасан. Орой 21 цагийн орчим Ж.Этай маргалдаж муудсан. Муудсан шалтгаан нь гэвэл би Эрдэнэбаярын аав, манай хадам ээжтэй хамтран амьдарч байгаад элэгний хорт хавдар өвчний улмаас нас барьсан юм. Үүнийг би танай аав үхүүлсэн гэж хэлж маргалдаж муудаж Ж.Эын хацар руу хоёр удаа алгадаж мах огтолж идэж байсан хутгатайгаа босоод Ж.Э руу очтол Ж.Э нь надаас айгаад намайг ташиж газар унагасан. Би газар унахдаа гартаа барьж байсан хутган дээрээ баруун хөлний бүдүүн гуяны гадна дунд хэсгээр хутгаар хатгаж гэмтэл учруулсан. Маргалдаж байгаад Ж.Эыг “чи юу гээд байгаа юм бэ” гээд бостол намайг ташиж унагасан. Миний зүгээс гаргах санал, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо учраа олсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

-Гэрч Х.Батхүрэлийн “...Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчим Дарьганга сумаас мал ачиж найз Эрдэнэбаяр гэдэг залуутай хамт ирж Дэнжийн байранд байдаг худаг дээр очоод ус аваад буцаад гэр рүүгээ явах гэж байтал Ж.Н гэдэг залуутай тааралдаж дэлгүүрээс нэг шил архи авч манай гэрт бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд би Ж.Наар хонь янзлуулсан. Энэ хооронд Эрдэнэбаяр дахиад нэг шил архи авчирч мөн бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд архи ууж байтал Ж.Н нь архиндаа согтож Эрдэнэбаяр руу дайрч “танай муу аав, манай хадам ээжийг алсан” гэж хэрүүл маргаан үүсгэж Эрдэнэбаярыг алгадаад байсан. Би голоор нь орж болиулж салгаж байтал Ж.Н нь гэнэт хутга аваад босч ирээд Эрдэнэбаяр руу дайртал Эрдэнэбаяр нь барьж аваад газар унагасан. Чухам ямар байдлаар газар унагасан талаар би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би Ж.Ныг газар ойчсон байхаар нь цээжин дээр нь дарж чи манайд агсан согтуу тавьлаа гэж хэлээд, яв гээд явуулсан. Ж.Н газар ойчоод хөл эвгүй болчихлоо гэж байсан. Харин манайхаас гараад явсны дараа Ж.Н нь утсаар ярихдаа “та муу хоёр намайг хутгалчихлаа” гэж байсан. Ж.Ныг хутга аваад босоход Эрдэнэбаяр нь газар унагасан. Унахдаа өөрийгөө хутгалсан байх. Харин Эрдэнэбаяр нь Ж.Наас барьж байсан хутгийг нь булааж аваад хөл рүү нь хутгалсан зүйл огт байхгүй. Энэ талаар манай гэрт байсан Сараа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хүн мэдэж байгаа. Тухайн үед ямар хутга байсан талаар би хараагүй. Харин сүүлд нь харахад шар бариултай, бариул хэсгийг нь хар олсоор ороосон хутга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

- Гэрч Ц.Саранчимэгийн:  2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Х.Батхүрэл найз Ж.Э гэдэг залуугийн хамт Дарьганга сумаас ирсэн. Ирээд худаг руу усанд яваад ирэхдээ Ж.Н гэдэг залуутай хамт ирж нэг хонь махалж янзалж байхдаа нэг шил архи хувааж ууцгаасан. Орой хоол идэж байтал Ж.Н нь Ж.Этай маргалдаж муудаад байсан. Тухайн үед Ж.Н нь согтуу байсан бөгөөд хойд ширээн доор байсан хар иш бариултай хутга аваад босч байсан. Нэг мэдсэн чинь Ж.Н нь газар ойчсон хажууд нь хутга нь байсан. Ж.Нын баруун хөлийн бүдүүн гуяны гадна хэсгээс цус гарч байсан. Яаж байгаад Ж.Ныг газар унасан талаар би мэдэхгүй байна. Ногоондуу тамирын өмдтэй сууж байсан, өмдөө дээшээ шуусан сууж байсан. Хар өнгийн олсоор бариул хэсгийг ороосон. Яг үндсэн бариул хэсэг нь шар өнгөтэй хутга байсан байх ” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаартай дүгнэлтэнд: Ж.Нын биед баруун гуяны хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 17/,

 

- Яаралтай тусламжийн хуудас №3513 /хх-16/

 

-  Ж.Эын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/

 

- Ж.Эын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/

 

-  Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 сарын 29-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-34-36/

 

- Хохирогч Ж.Нт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 38/.

 

- Яллагдагч Ж.Эт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 39/.

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай санал /хх-43/,

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.06.13.

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019.06.13-ны өдрийн 10/83 тоот албан бичиг зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Хайлаастын 20-202 тоот дахь иргэн Х.Батхүрэлийн гэрт хохирогч Ж.Ныг хөлрүү нь ташиж унагасны улмаас, тэрээр гартаа барьж байсан хутгандаа хатгагдаж эрүүл мэндэд нь “ баруун гуяны хэсгийн хатгагдсан шарх ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Н, гэрч Х.Батхүрэл, Ц.Саранчимэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, энэ хэргийн хохирогч Ж.Н нь архи ууж согтуурсан үедээ хувийн асуудлаас Ж.Этай маргаан үүсгэн, улмаар хутга барьж түүн рүү очих үед Ж.Э хөлрүү нь ташиж өшиглөх явцад Ж.Н унахдаа барьж байсан хутгандаа хатгагдсан үйл баримт тогтоогдох ба энэ нь уг хэрэг гарах үед байсан гэрч Х.Батхүрэлийн “ Ж.Н нь архиндаа согтож Эрдэнэбаяр руу дайрч “танай муу аав, манай хадам ээжийг алсан” гэж хэрүүл маргаан үүсгэж Эрдэнэбаярыг алгадаад байсан. Ж.Н нь гэнэт хутга аваад босч ирээд Эрдэнэбаяр руу дайртал Эрдэнэбаяр нь барьж аваад газар унагасан. Ж.Н газар ойчоод хөл эвгүй болчихлоо гэж байсан. Харин манайхаас гараад явсны дараа Ж.Н нь утсаар ярихдаа “та муу хоёр намайг хутгалчихлаа” гэж байсан. Ж.Ныг хутга аваад босоход Эрдэнэбаяр нь газар унагасан. Унахдаа өөрийгөө хутгалсан байх” гэх, 

гэрч Ц.Саранчимэгийн“Орой хоол идэж байтал Ж.Н нь Ж.Этай маргалдаж муудаад байсан. Ж.Н нь согтуу байсан. Хойд ширээн доор байсан хар иш бариултай хутга аваад босч байсан. Нэг мэдсэн чинь Ж.Н нь газар ойчсон хажууд нь хутга нь байсан. Ж.Нын баруун хөлийн бүдүүн гуяны гадна хэсгээс цус гарч байсан ” гэх, 

хохирогч Ж.Нын “Орой 21 цагийн орчим Ж.Этай маргалдаж муудсан. Муудсан шалтгаан нь гэвэл би Эрдэнэбаярын аав, манай хадам ээжтэй хамтран амьдарч байгаад элэгний хорт хавдар өвчний улмаас нас барьсан юм. Үүнийг би танай аав үхүүлсэн гэж хэлж маргалдаж муудаж Ж.Эын хацар руу хоёр удаа алгадаж, мах огтолж идэж байсан хутгатайгаа босоод Ж.Э руу очтол Ж.Э нь надаас айгаад намайг ташиж газар унагасан. Би газар унахдаа гартаа барьж байсан хутган дээрээ баруун хөлний бүдүүн гуяны гадна дунд хэсгээр хутгаар хатгаж гэмтэл учруулсан” гэх,

шүүгдэгч Ж.Эын “Хоол цай, идэж уугаад байж байтал Ж.Н нь “танай муу аав чинь, манай хадам ээжийг алсан” гэж согтуурхаад надтай маргалдаж байгаад намайг 1-2 удаа алгадсан. Ж.Н нь хутга барьж босож ирээд над руу дайрахаар нь баруун хөл рүү хөлөөрөө таштал Ж.Н нь газар ойчихдоо гартаа барьж байсан хутган дээрээ ойчсон юм шиг байгаа юм “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.

Ж.Э нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг өшиглөсний улмаас Ж.Н нь барьж байсан хутгандаа хатгагдаж эрүүл мэндэд хохирол учирчээ. 

Шүүгдэгч Ж.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Ж.Эын үйлдлийн улмаас хохирогч Ж.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, “ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо учраа ололцсон”  гэдгээ хэрэгт мэдүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ /хх- 38/.

 

Шүүгдэгч Ж.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.            

 

Ж.Эын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тухайлбал, шүүгдэгч Ж.Эын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд Ж.Эт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх тус аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019.06.13-ны өдрийн 10/83 тоот “ тус багийн иргэн Ж.Эрдэнбаяр нь ам бүл 1, тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн мал, гэр оронгүй, амьдралын баталгаажих түвшин доогуур нь үнэн болно” гэх албан бичиг болон түүний өмгөөлөгчийн “ Миний үйлчлүүлэгч нь ам бүл ганцаараа, эрхэлсэн тодорхой ажилгүй ба улсын яллагчийн санал болгосон торгох ялыг хэсэгчлэн төлөх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү “ гэх хүсэлтийг үндэслэн түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хугацаа тогтоож, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо. 

Шүүгдэгч Ж.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ж.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүхийн шатанд ялтан Ж.Эт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ж.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцон таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Э оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Ялтан Ж.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН