| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0161/Э |
| Дугаар | 0264 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 0264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Хохирогч Р
Шүүгдэгч Ц.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П-д холбогдох эрүүгийн 1925000240068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.П
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 12 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун төвийн бааранд үйлчлүүлж байхдаа Б.Рыг түлхэж унаган нүүрэн дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид хүнд гэмтэл учруулснаа хүлээж байгаа. Цаашид эмчилгээний төлбөрийг боломж бололцоогоороо өгье гэж ярьж тохирсон. Би өөрийн болгоомжгүйгээсээ хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед би нэг их согтуу байгаагүй, хажуунаас хүн бариад авахаар сандарсандаа түлхчихсэн юм. Би 1990 онд аваарт орж тэрнээс хойш унаж татдаг болсон. Би одоо тархи сэтгэцээрээ 70%-тай группэд байсан. Одоо хохирогчид 200.000 төгрөг өгсөн байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Р-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр шинэ жилийн арга хэмжээ болж архидсан. Би тэнд очоод юу болсноо мэдэхгүй байгаа. Намайг 1 залуу 1 хүүхэн гэрт хүргэж өгсөн байсан. Би тархиндаа гэмтэл авч хагалгаанд орсноос хойш бие муу болсон. Ц.Пгийн гэмтлийн улмаас хохирол 3 сая төгрөг болсон. Одоо 200.000 төгрөг өгсөн байгаа. Уг нь бид хоёрт хохирол барагдуулах талаар ярилцаж тохирсон зүйл байдаг. Гэвч 200.000 төгрөг өгөөд, өөр хохирол өгөөгүй. 2 хоногийн өмнө утсаар ярихад надад өгөх мөнгө байхгүй, ялаа эдэлнэ гэж хэлсэн. Цаашдаа рашаан сувилалд яв гэж хэлсэн. Саяхан эмнэлэгт хэвтээд гарсан. Одоо мэдрэлийн эмчийн хяналтанд байгаа. Байгаа баримтаа гаргаж өгсөн. 3 сая төгрөгийн баримт байхгүй. Ер нь бол хохиролын баримтууд гэрт байгаа. Энд авч ирээгүй. 1978 онд дуудлагын эмчээр явж байгаад осолд орж байсан. Энэ хагалгаа бол хоёр дахь нь юм. Эмнэлэгт байхад Ц.П ирж уулзаж байсан. Гэрт хоёр удаа ах, дүү нартайгаа ирж байсан гэсэн мэдүүлэг,
-Гэрч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...19 цагийн үед Цагаанчулуут багийн 2 иргэн мауай нөхөр Б.Рыг согтчихоор нь авчирлаа гээд оруулж ирсэн. Б.Р шөнө толгой өвдөөд байна гээд бөөлжөөд байсан. Маргааш нь ерөөсөө босч чадахгүй толгой өвдөөд байна гээд байсан. Тэгэхээр нь би архи уугаад архиндаа хордсон юм байх л гэж бодсон. Гэтэл өмнөх орой нь манай нөхрийг хүргэж ирсэн Одончимэг гэх эмэгтэй 2018 оны 12 сарын 23-ны өдөр надад танай нөхрийг Ц.П түлхэж унагаачихаад нүүрэн дээр нь дэвссэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 ху/,
-Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Оргилуун бааранд ортол манай багийн ахмадууд байсан. Бид нар залуучуудаараа нэг ширээнд суугаад пиво уугаад бүжиглэсэн. Бүжиглэж байтал шалан дээр унах чимээ гарахаар нь эргээд хартал манай багийн Б.Р нь шалан дээр унасан байхаар нь гүйгээд очтол Ц.П нь Б.Р ахын нүүрэн дээр нэг удаа дэвссэн. Би боль гээд салгатал манай найз Отгонбаяр, Ц.Пгийн эхнэр 2 ирээд Ц.Пг салгаад аваад явсан. Улмаар Б.Р ахыг өргөж гаргаад шатан дээр хэсэг суулгасан чинь ухаан орохгүй байсан ба 10 минутын дараа ухаан орохоор нь би нөхрийн хамт такси бариад 5-13-т хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 181 ху/,
-Гэрч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би эхнэр Гонгорням, Отгонбаяр нарын хамт Оргилуун бааранд ортол манай багийн хөгшчүүд нөгөө талын ширээн дээр суучихсан байсан. Бид нар ахмадуудын ширээнээс 2 ширээний зайтай хойд талын буланд суусан. Манай эхнэр ирээд Б.Р гуай уначихлаа гэхээр нь очтол шалан дээр унасан хэвтэж байсан. Би очоод үзтэл ухаан алдсан бололтой байсан. Тэгэхээр нь коридорын шалан дээр хэсэг суулгатал ухаан орсон ба эхнэр Одончимэг бид 2 гэрт нь оруулж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 ху/,
-Гэрч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Арга хэмжээ дууссаны дараа манай багийн ахмадууд Цагаанчулуут багт байдаг Оргилуун нэртэй бааранд орохоор болж уг бааранд 10-уулаа 2 шил архи авч уунгаа бүжиглэж байтал Б.Р гэх манай багийн ахмад настан согтчихоод хүн болгон руу гараараа чичлээд байсан. Улмаар манай нөхөр Ц.П рүү дөхөөд очтол манай нөхөр Ц.П түлхээд унагаачихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 ху/,
-Гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Багийнхаа ахмад настан Бүрнээ гэх эгчтэй хамт Оргилуун бааранд орсон ба нөхрөө хүрээд ир гээд дуудсан чинь манай нөхөр Нанжид мөн байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээн дээрээс ирсэн, бага зэрэг согтуу байсан. Удалгүй манай багийн ахмадууд араас орж ирээд ширээ нийлүүлээд сууцгаасан. Тухайн үед манай багийн ахмадууд бүгд л согтуу байсан. Энэ үед Б.Р гуай нилээд согтуу ширээ хэсээд хүмүүстэй маргалдах гээд хүмүүсийг өдөөд байсан. Мөн манай ширээн дээр ирэхээр нь би яв гээд явуулчихсан. Гэтэл нөгөө талын ширээн дээр очоод манай багийн иргэн Пүрэвсүрэнг бүжиглэж байхад нь хажууд нь оччихсон харагдсан. Гэтэл Ц.П, Б.Рыг түлхэж унагасан. Ямар шалтгаанаар түлхэж унагаасныг мэдэхгүй. Түлхэж унагаасных нь дараа цохиж зодсоныг нь хараагүй. Манай нөхөр согтуу байсан болохоор би тухайн үед нөхрөө аваад гарчихсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р ху/,
- Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...”Манай бааранд Цагаанчулуут багийн 20-30 хүн орж ирээд 2-3 цаг орчим бүжиглэж байгаад ихэнх хүмүүс нь гараад явсны дараа үлдсэн хүмүүс нь ширээгээ нийлүүлээд суусан. Энэ үед би хүүхдээ хөхүүлэх гээд гарч яваад эргээд ирсэн чинь нэг эгч миний хажууд ирээд манай хажуугийн ширээний хүмүүс хоорондоо муудалцаад нэгийгээ цохиж зодоод гэхээр нь очиж юу болсон талаар асуухад зүгээрээ гэрт нь хүргээд өгсөн гэж хэлсэн. Шинэ жилийн бар болж байсантай холбогдуулж баарны дотор хэсгийг саагаар чимсэн байсан. Хэрэг гарсан газрын хяналтын камерыг саагаар хаачихсан байсан. Тухайн үеийн бичлэг харагдахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 ху/,
- Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Болортуяаг гарсан хойгуур би үүдний хажуу талын ширээнд сууж байтал цаад талынх нь буланд хэсэг ахмадууд, тэд нарийн хажуу талд хэсэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс сууж байсан. Удалгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэг хөгшнийг сугадаад гарсан. Миний урд талд хэсэг залуучууд бүжиглээд цаад талд байсан ахмадууд нь харагдаагүй. Би тухайн үед согтчихоор нь аваад гарч байна гэж бодсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 185 ху/,
-Шинжээч эмч Ч.Б-н мөрөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гавлын зүүн талын дух, зулай ясны хугарал нь хуучин гэмтлүүд байсан ба гавлын ясанд хагалгаанд орж байсан цооронхой байсан байна. Шинэ гэмтэл нь баруун талын дагз, чамархай, зулай ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт цус хуралт, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь шинэ гэмтлүүд байна. Хагалгааг хийхдээ хуучин хагалгаа хийж байсан цооронхойгоор хийсэн байна. Мөн хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 63 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Р-н биед гавлын хүнхрээ ясны хугарал /баруун талын дагз, чамархай, зулай яс дайрсан шугаман хугарал/, тархины эдийн цусархаг няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт цус хуралт, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал үүсчээ.
2. Гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтлүүд ба 2018.12.23-ны өдөр үүссэн байх боломжтой.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Гавлын зүүн дух, зулай яс дайрсан шугаман хугарал, зүүн дух, чамархай ясанд хагалгааны дараах дефект /цоорхой/, хамрын таславчын муруйлт нь хуучин гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24 ху/,
- Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлт шинжээчийн дүгнэлтэнд:
1. Магадпуулагч Ц.П нь F 07,8 тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт. Тархины гэмтлийн шалтгаант уналт таталт өвчтэй. 1990 онд авто осолд орж тархины гэмтэл авч ийм өвчтэй болсон.
2. Дээрхи өвчний учир ХЧТА 70%-тай сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг, эмчилгээ хийлгэж байсан. Уналтын эсрэг эм уудаг.
3. Сэтгэцийн хувьд дээрх өвчтэй. Одоогоор албадан эмчилгээ шаардлагагүй.
4. Ц.П нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт /хх-ийн 34 ху/,
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 937 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ц.П нь тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Ц.П нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Ц.П нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. Ц.П нь хэрэг үйлдэх үедээ тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
5. Ц.П-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин өвчин хөдөлж сэдэрсэн тохиолдолд СЭМҮТ-д иргэний журмаар хэвтэн эмчлэгдэж болно. Дээрх эмгэг нь эмийн эмчилгээнд засрал сайжралын байдалд орох боломжтой.
7. Ц.П-гийн дээрх эмгэг нь зан төрхийн өөрчлөлт илрэх боломжтой эмгэг болно.
8. Ц.П-гийн сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой. Харин дээрх эмгэг нь засрал сайжралын байдалтай үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай юм.
9.Ц.П-д гаргасан шүүх сэтгэц эмгэг судпалын 05 дугаартай дүгнэлтийн 1, 2, 3-р дүгнэлт үндэслэлтэй байна. 4-р дүгнэлтийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 228- 231 ху/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийысэн тэмдэглэл /хх 04 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05, 153 ху/
-Өвчний түүх, эмчлүүлэгчийн карт /хх-ийн 48-75, 101-148 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 ху/
-Хохирлын баримт /хх-ийн 154-164 ху/
-Яллагдагч Ц.Пг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 167-170, 187 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун төвийн бааранд үйлчлүүлж байхдаа Б.Рыг түлхэж унаган нүүрэн дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн “...Мөрдөн байцаалтын ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хүнд гэмтэл учруулснаа хүлээж байгаа. Цаашид эмчилгээний төлбөрийг боломж бололцоогоороо өгье гэж ярьж тохирсон. Би өөрийн болгоомжгүйгээсээ хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед би нэг их согтуу байгаагүй, хажуунаас хүн бариад авахаар сандарсандаа түлхчихсэн. ...хохирогчид 200.000 төгрөг өгсөн” гэсэн, хохирогч Б.Рын “...Тэр өдөр шинэ жилийн арга хэмжээ болж архидсан. Би тэнд очоод юу болсноо мэдэхгүй байгаа. Намайг 1 залуу 1 хүүхэн гэрт хүргэж өгсөн байсан. Би тархиндаа гэмтэл авч хагалгаанд орсноос хойш бие муу болсон. Ц.Пгийн гэмтлийн улмаас хохирол 3 сая төгрөг болсон. Одоо 200.000 төгрөг өгсөн байгаа. Уг нь бид хоёрт хохирол барагдуулах талаар ярилцаж тохирсон зүйл байдаг. Гэвч 200.000 төгрөг өгөөд, өөр хохирол өгөөгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Хишгээ /хх-ийн 10-12 ху/, гэрч Б.Одончимэг /хх-ийн 13, 181 ху/, гэрч А.Оюунхүүг /хх-ийн 15 ху/, Ж.Энхтуяа /хх-ийн 14 ху/, Р.Наранцэцэг /хх-ийн 17-18 ху/, Н.Болортуяа /хх-ийн 21 ху/, С.Сарантуяа /хх-ийн 185 ху/, шинжээч эмч Ч.Буянзаяа /хх-ийн 27-28 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед гавлын хүнхрээ ясны хугарал /баруун талын дагз, чамархай, зулай яс дайрсан шугаман хугарал/, тархины эдийн цусархаг няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт цус хуралт, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал үүссэнийг тогтоосон шинжээчийн 63 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 ху/, Шинжээч эмч Ч.Буянзаяагийн дүгнэлт /хх-ийн 27-28-р ху/, Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-р ху/, шүүгдэгч Ц.Пг мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 937 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 228-231 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.П нь ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэнийг хавтаст хэргийн 154-164 дугаарт авагдсан хохирлын баримтуудыг шинжлэн судлаад 342.850 төгрөгний баримтаас толгойн СТ 150.000 төгрөг, эм тарианы зардал 47.750 төгрөг, нийт 197.750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй, харин 70.700 төгрөг, 13.600 төгрөг, 60.800 төгрөгний баримтууд нь юуг худалдаж авсан нь тодорхойгүй байх тул энэ удаад хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 200.000 төгрөг төлсөн байх тул энэ удаад хохирол төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-гийн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн гэм хорын хохирол 3.000.000 төгрөгнөөс 2.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА