Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 2303005160441 |
Дугаар | 2024/ХШТ/80 |
Огноо | 2024-06-05 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ХШТ/80
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, хохирогч Н.Т, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 332 дугаар магадлалтай, О.Г-т холбогдох 2303005160441 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...”-д ахлах тогооч ажилтай, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн .... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, О.Г
Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их тэнгэрийн амны баруун замд Субару Форестор загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.9-д “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Хонда Сиби Ар-929 загварын ... улсын дугаартай мотоциклийг мөргөж, жолооч Н.Т-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ээс 5,303,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Т-д олгож, хохирогч Н.Т-ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Т энэ эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй хохирол, хор уршгаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч О.Г-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
1.Давж заалдах шатны шүүх гомдол хэлэлцэх шүүх хуралдаан буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дахь шүүх хуралдааны товыг хохирогч талын өмгөөлөгч надад огт мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн зөрчил болсон гэж үзнэ. Хэдийгээр өмгөөлөгчид тов мэдэгдээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээргүй боловч талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр мэтгэлцэх суурь зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2.Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Т-ий сэтгэцэд учирсан хохирлыг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна гэх баримтад үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн буюу 16,500,000 төгрөг тооцон гаргуулсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмжөөс өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь хамтарсан сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” журам батлагдан, өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно. Уг журмаар “... хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүх уг журмын эсрэг дүгнэлтийг хийж заавал тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн этгээд тогтоох шаардлагатай гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал тухайн гэмт хэргийн тухайд заавал шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй буюу тушаалын хавсралт 2-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоож шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил үзэж, энэ тухай мөрдөгч С.Дэмбэрэл 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Т-д зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт танилцуулж, хүлээн зөвшөөрсөн гарын үсгийг зуруулан баталгаажуулснаар сэтгэл санааны хохирол шаардах эрх хууль ёсны дагуу үүссэн байхад шүүх дээрх нотлох баримт болон журмыг илтэд үгүйсгэн зөрчиж, заавал шинжээч томилох мэтээр дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан аргачлалын 3.6-д зааснаар тухайлсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх тул тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр тусгаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн дээрх тайлбар зөвлөмжөөс өөрөөр тайлбарлаж сэтгэцэд учирсан хор уршигт хангасан 16,500,000 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хохирогч Н.Т нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн осолд орсноор Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмнэлгээс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарсан буюу 1 сар 20 хоног өвдөлт, зовуурь, шаналалтай өнгөрүүлсэн. Улмаар эмнэлгээс гарсан хэдий ч 2 суга таяг тулаастай зовуурьтай боолт болон гадуур эмчилгээ хийлгэсээр 3 сар орчим болсон, хохирогч нийгмийн харилцаанд орж чадахгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх түүнийг дээрх хугацааны өвдөлт, зовуурь, шаналал мэдрээгүй, улмаар сэтгэцийн эмгэг учрах ёстой байсан мэтээр хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийн үйл баримтад хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суух, хөдөлмөр эрхлэх дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих хүрээ хязгаарыг тогтоож өгсөн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг өөрчилсөн нь хууль тогтоомжид нийцээгүй гэж гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, санал нэгдэж байна.
Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуульд заасан 84 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах талаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Эрүүл мэндийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яамнаас сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах журам батлах талаар тус тус хуульчилсан. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1-р хавсралтаар холбогдох журмыг, 2-р хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан. Журмын 2.1, 2.2, 2.3, 2.4-т тус тус зааснаар 5 төрлийн гэмт хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, түүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, мөрдөгч батлагдсан маягтын дагуу хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хохирогчид танилцуулж хүлээн зөвшөөрсөн эсэхийг баталгаажуулахаар, харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан бусад гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор журамласан байна.
Хууль, журмын зохицуулалтуудаас үзэхэд, тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд заасан 6 төрлийн гэмт хэргүүд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан 84 гэмт хэрэг дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүлгээрээ болон зүйлчлэлээрээ бүгд багтсан ба тухайн 6 төрлийн гэмт хэрэгт хүснэгтийн дагуу зэрэглэл тогтоосонтой хохирогч танилцаад хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд, мөн хохирогч хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэхээс хамааран үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжээч томилж шинжилгээг хийлгэнэ, харин бусад 78 хэрэгт хүснэгт ашиглагдахгүй буюу шууд шинжээч томилж, шинжилгээг хийлгэхээр зохицуулагдсан байх тул давж заалдах шатны шүүхээс тус хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шинжилгээг заавал хийх ёстой байсан гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хүснэгтээр тогтоосноо батлагдсан маягтаар танилцуулахдаа хүснэгтийн дагуу 5 дугаар зэрэглэлд хамаарч байхад 4 дүгээр зэрэглэл гэж танилцуулсан алдаа гаргасан байна.
Энэ байдлыг прокурор болон анхан шатны шүүх анзаарч зөвтгөөгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан жишиг аргачлалын дагуу тогтоохдоо буруу тогтоосон зэрэглэл харгалзан тооцсоноос шалтгаалж, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нөхөн төлбөрийн хэмжээ багаар тогтоогдсон байна.
Хяналтын шатны шүүхээс тухайн нөхөн төлбөрийг хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зөвтгөж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж байгаа тул хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хохирогчийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их тэнгэрийн амны баруун замд Субару Форестор загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.9-д “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Хонда Сиби Ар-929 загварын ... улсын дугаартай мотоциклийг мөргөж, жолооч Н.Т-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.Харин гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан журмыг зөрчсөн, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/ А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэжээ.
Дээрхээс үзэхэд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг шинжилгээний байгууллагаар хийлгэхээр журамласнаас гадна шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн Тавдугаар зэрэглэлд хамаарч байна.
4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоохдоо шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хүснэгтийн Дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоож хохирогчийн эрхийг зөрчигдөхөд хүргэжээ.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг нь хүснэгтийн аль зэрэглэлд багтсанаас хамаарч Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хувиар өсгөн нэмэгдүүлэх замаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор зохицуулсан бөгөөд энэ хэргийн хувьд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох эрхгүй этгээд, буруу дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Давж заалдах шатны шүүх нь шинжилгээний байгууллага сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоогоогүй гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор зохицуулсан Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэж тусгай мэдлэг бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргах ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5.Хоёр шатны шүүхээс шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан дээрх алдаа зөрчлийг анхааралгүй орхигдуулсан бөгөөд хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогчийн өмгөөлөгчийн “... магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх ...” гэсэн агуулга бүхий гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 332 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ