Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0365

 

 

 

 

 

 

Г.М-ын гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.М-ын гомдолтой, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаартай шийдвэрээр: “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-ы 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий Г.М-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Г.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэ хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан зөрчлийн тэмдэглэл үйлдээгүй байна” гэсэн байна. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болохыг шүүхээс тогтоосон. Энэ нөхцөл байдал  нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно. Гэтэл улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Г.М-аас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-д холбогдуулан гаргасан “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхоны 115 дугаар байрны 2 давхрын 05 тоот айл террасын хэсэгт давхарлаж нэмэлт ачаалал өгсөн асуудлыг шалгаад Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.  

Мөн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай албан даалгавраар[2] “Дээрх зөрчлийг арилгаж, хэвийн байдалд оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгаж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгджээ”.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно”, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг” ойлгохоор тус тус заасан.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д “Сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх үүрэгтэй” бөгөөд барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх үйл ажиллагаа явуулах тохиолдолд эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрлийг авах үүрэгтэй байна [3].    

Хэрэгт авагдсан баримт болох шүүхээс хийсэн үзлэг[4], зөрчлийн хэргийн материал, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс үзвэл гомдол гаргагч Г.М өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал” хотхоны 115 дугаар байрны 5 тоот орон сууцны гаднах задгай талбайн зориулалттай террас хэсэгт өргөтгөл хийсэн байна.     

Ийнхүү гаднах задгай талбайн зориулалттай террасын хэсэгт хана нурааж, өргөтгөл хийсэн нь орон сууцны байшингийн анхны төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, ингэж өөрчлөхдөө зохих зөвшөөрлийг аваагүй нь шинжээчийн дүгнэлт[5], барилгын өргөтгөлийг хийж байгаа “Бадмаараг төсөл” ХХК-ийн тодорхойлолт[6], гомдол гаргагчийн мэдүүлэг[7], террас өргөтгөх тухай хөршийн зөвшөөрөл[8] зэргээс нотлогдож байх тул Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан 0066806 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй болжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ... засвар үйлчилгээ хийх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох ... зэрэг арга хэмжээ авч болно”, 5-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9.8-д “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох ... иргэнд ... шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан.  

Эндээс үзвэл гомдол гаргагч Г.М нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж зөрчил гаргасан, уг зөрчилд торгууль оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй байх тул энэхүү зөрчлийг арилгах арга хэмжээ авахаар хариуцагч албан даалгавар бичсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.  

Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан зөрчлийн тэмдэглэл байхгүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно” гэж гомдол гаргаж байх боловч нэгэнт гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож байх тул зөрчлийн тэмдэглэл байхгүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн буруутай үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” 113.1-д “Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна” , 112 дугаар зүйлийн 112.4.3-д “Хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Г.М-ын гаргасан гомдлоор үүссэн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт таван хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч шүүхийн шийдвэрт 14 хоног гэж бичсэн, үүний дагуу давж заалдах гомдол гаргаж ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Г.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[3] Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйл

[4] Хавтаст хэргийн 67-71 хуудас

[5] Хавтаст хэргийн 39-41 хуудас

[6] Хавтаст хэргийн 82 хуудас

[7] Зөрчлийн хэргийн 45-46 хуудас

[8] Зөрчлийн хэргийн 47 хуудас