Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 28

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

 заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч Ж.Баттогтох

 Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч-В.*******

Нарийн бичгийн дарга: Э.******* 

            Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн 235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Зэвсэгт хүчний ******* дугаар ангид 2013.03.20-нд кассын нярваар энгийнээр орж ажилласан. 2014 оны 11-р сард ээлжийн амралтаа эдэлж байгаад ажилдаа орох үед миний ажлыг өөрчилж хүнс, хувцасны няравын ажилд томилсон байсан. Уг ажлыг гүйцэтгэж байхад 2016.01.05-ны өдрийн ангийн захирагчийн Б/03 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Халахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 заалтыг үндэслэсэн. Үндэслэлгүйгээр ажлаас халсан учир гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах үндэслэлтэй гэж үзэж танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд хүнс, хувцасны нярваар тэнцэхгүй гэж тогтоогоогүй байхад халсан учраас гэнэт халагдсаны тэтгэмжийн хугацааг нэмэгдүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. /ажлаас халсан талаарх гомдлын хугацаа хэтэрсэн тул тэтгэмжийг нэхэмжилж байна/

Тэтгэмжийг 3 сараар тооцож үндсэн болон ур чадварын хөлснөөс тооцов. Зэвсэгт хүчний ******* дугаар ангиас дундаж тэтгэмж болох 1.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* анх Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/03 тоот тушаалын дагуу ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн талаар шүүх ажиллагаа хийгдэж байх явцад Зэвсэгт хүчний ******* дугаар ангиас нотлох баримт гаргаж өгсөн. Энэ нотлох баримт нь Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн захирагчийн 2016 оны 01-р сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаал байгаа. Тухайн шүүхэд гаргаж өгсөн ангийн захирагчийн тушаал нь анх Д.*******т гаргаж өгсөн тушуулууд хоорондоо зөрсөн. Нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн даргын тушаалыг Д.*******т гардуулж өгөөгүй. Д.*******ийн хувьд дээрх тушаалтай 2016 оны 04-р сарын 04-ний өдөр буюу Зэвсэгт хүчний ******* дугаар ангиас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсний дагуу танилцаж, гардаж авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж, ниймгийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхээр нэмж гаргасан. Д.*******ийг ажлаас халсан ангийн захирагчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар бол цомхтголоор ажлаа чөлөөлөх заалт байгаа. Харин мөн хуулийн 40.1.5 дахь заалт нь ямар нэгэн эд хөрөнгө дутаасан, байгууллагын итгэлийг алдсан гэсэн үндэслэл байгаа. Д.*******ийн тухайд байгууллагын эд хөрөнгө дутааж, байгууллагын итгэл алдсан зэргийг тогтоосон баримт огт байхгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.200.000 төгрөг болж байгаа. Миний тухайд Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн захирагчийн гаргасан тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь тухайн байгууллага хүмүүсийг ажлаас чөлөөлөхдөө олон хүнийг нэгэн зэрэг ажлаас чөлөөлсөн байгаа. Ингэж нэгэн зэрэг хүмүүсийг ажлаас халахдаа хэнийг нь ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхой бус байна. Д.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч ямар эд хөрөнгийг дутаасан талаар тодорхойгүй байна. Хэрвээ эд хөрөнгө дутаасан бол дотооддоо шалгаж тогтоох бус хөндлөнгийн байгууллагаар шалгуулж тогтоосон байх ёстой. Энэ талаар ямар ч баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ангийн хүнс, хувцасны нярваар ажиллаж байсан Д.******* нь кассын нярваар ажиллаж байх хугацаандаа захирагчийн зөвшөөрөлгүй удаа дараа мөнгө гарган ажлын байрны тодорхойлолт, кассын журмыг зөрчсөн зэрэг буруутай үйлдэл нь байгууллагыг хохироож, ангийн удирдлагын итгэлийг алдсан тул, албан тушаалыг нь өөрчилж хүнс, хувцасны нярваар сэлгэн ажиллуулсан. Д.******* нь шинээр томилогдсон ажилдаа дахин хариуцлагагүй хандаж, цэргийн дүрэмт хувцас бусад эд хэрэглэлийг дутаасан зэрэг нь цаашид итгэх боломжгүй гэж үзээд захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан болно. Д.******* нь дээрх заалтаар ажлаас халагдсан тул тэтгэмж олгох боломжгүй юм. Д.******* нь тушаалын хуулбарыг авахдаа бусадтай хуйвалдаж ажлаас халагдсан хуулийн заалтыг өөрчлөн гаргуулж мөн хууль зөрчсөн байгаа тул энэ асуудалтай холбоотой хүмүүсийг тогтоож арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Мөн Д.******* нь ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй акт нотломжид гарын үсэг зураагүй хаяж явсан, дутаасан зүйлээ төлөөгүй байгаа зэрэг нь тэтгэмж олгохгүй байх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.            

Анхан шатны шүүх:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн Зэвсэгт хүчний ******* дугаар ангид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гаргуулах, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, зохих санд нь шилжүүлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.01-ны өдрийн 235 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.*******ийн нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний *******-р ангид холбогдох Иргэний хэргийг шүүгч шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг илт гуйвуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлгүй болсон гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гэв.

  ҮНДЭСЛЭХ нь

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Зэвсэгт хүчний *******-р ангид холбогдуулан тус ангийн хүнс, хувцасны няравын ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр халагдсан тул ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ Д.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн тул ажлаас халагдсаны тэтгэмж өгөх боломжгүй гэж тайлбарлан ажлаас халсан тушаалыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад Д.*******ийг Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн хүнс, хувцасны няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, зохих санд нь шилжүүлэхийг хүсч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбарыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх Д.******* нь дээрх нэхэмжлэлийг гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч нь Д.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тушаалыг Д.*******т хэдийд, ямар байдлаар танилцуулсан нь тодорхойгүй, танилцуулсан баримтхэрэгт авагдаагүй байна.

Шүүх шийдвэртээ дээрх тушаалыг гармагц Д.*******т 2016 оны 01 дүгээр сарын 06-нд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн тушаал, шийдвэрт танилцуулсан бүртгэл №1274 гэсэн, мөн ангийн Соёл хүмүүжлийн ажлын бүртгэл гэсэн бүртгэлүүдээр тогтоогдож байна гэж дүгнэсэн байгаа боловч хэргийн 53, 55, 56-р хуудсанд авагдсан бүртгэлүүдээс харахад хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал-ыг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ахлагч Л.******* нийт бие бүрэлдэхүүнд танилцуулсан талаарх бүртгэл байна.

Анхан шатны шүүх ажил олгогч нь Д.*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн тухайгаа танилцуулсан баримт хэрэгт байхгүй байхад Д.******* нь эрх зөрчигдсөнөө 2016 оны 01 дүгээр сарын 06-нд мэдэх ёстой гэж нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийж, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас халагдсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан эсэхэд нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж, хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзвэл сэргээх үндэслэл байгаа эсэхийг тодруулсаны эцэст шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нөгөө талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн он сар өдөр зөрүүтэй байгаа нь шүүх хуралдааныг хэдний өдөр хийсэн нь ойлгомжгүй шүүх хуралдааныг тасралтгүй явуулах иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим хэрэгжсэн эсэхэд эргэлзээ төрөхөөр байна.

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн 235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмтэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР