Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 135

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Чт холбогдох 1930000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, 1979 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Ц” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж.Ч. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газраас иргэн С.Аийн 3 тооны үхрийг портер маркийн 69-26 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өглөө Мөнххаан сумын “Цагаан-Усны хоолой” гэх газраас 3 тооны бярууг Мөнххаан суманд Чавганаа гэх хүнд аваачиж өгсөн. Би 2019 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод явж байхдаа Мөнххаан сумын иргэн Чавганаа гэх хүнээс 500.000 төгрөг авсан. Чавганаа чи мөнгөнийхөө оронд бяруу өгөөрэй гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, учлаарай дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Алтаннавчийн 3 тооны бярууг буцааж өгсөн “ гэв. 

 

 Хохирогч С.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газар өөрийн малыг маллаж амьдардаг юм. Манайх 42 тооны үхэртэй юм. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үхрээ тоолж үзэхэд манай үхрээс ухаа халзан, ухаа бяруу, хар халзан бяруу, баруун чих ухам чих доороосоо ганзага имтэй 3 тооны охин бяруу алга байсан. Тэгээд би ойролцоох айлуудаараа орж хулгайд алдсан 3 тооны үхрээ сураглаж хайгаад олдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би нэг бяруугаа 300,000 төгрөгөөр үнэлнэ. Тэгэхээр 3 бяруу 900,000 төгрөг болж байна. Надад гаргах гомдол санал байхгүй. Би 3 тооны үхрээ буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-6/, 

 

- Шүүгдэгч Ж.Ч мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: “ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газар эхнэр хүүхдийн хамт өөрийн малыг маллаж амьдардаг юм. 2019 оны 06 дугаар сарын 13-ны шөнө манай гэрийн гадаа өөр айлын 40-50 гаруй үхэр ирж хоносон байсан юм. Тэгэхээр би маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 05 цагийн орчим улаан халзан, хар халзан, улаан зүсмийн 3 тооны бяруу барьж аваад өөрийн 69-26 УНС улсын дугаартай, хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ганцаараа ачиж Мөнххаан сумын төвд 3 тооны үхрийг авч ирж Чавганаа гэх хүний дүүгийн гэрт нь авч ирж өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-10/, 

 

- 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/24 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол /хх-3-4/,

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай тодорхойлолт /хх-18,

 

- Ж.Чын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/

 

- Ж.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/

 

- 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг /хх-23/

 

- Хас үнэлгээ ХХК-ний үнэлгээний тайлан /хх-24-26/

 

- Чимээ жүд ХХК-ний эзэмшлийн 0293331 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-8/

 

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-28-29/ зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газраас иргэн С.Аийн 3 тооны үхрийг портер маркийн 69-26 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Чын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/24 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг, Хас үнэлгээ ХХК-ний үнэлгээний тайлан, Чимээ жүд ХХК-ний эзэмшлийн 0293331 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Ч нь дээрх 3 үхрийг  бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор, нууцаар, хууль бусаар авсан тул түүнийг мал хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ж.Чт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Ж.Чын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Ж.Чыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Чт ял шийтгэл оногдуулахад  хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Ч нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Чын гэмт хэрэг үйлдэхэд 69-26 УНС улсын дугаартай портер маркийн машин нь “Чимээ жүд” ХХК-ний эзэмшлийн машин болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул уг машины үнэ болох 1,500,000 төгрөгийг Ж.Чаас гаргуулан улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

  Иймд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/24 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 69-26 УНС улсын дугаартай портер маркийн машиныг  эзэмшигч “Чимээ жүд” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ж.Чыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Чт мэдэгдсүгэй.

 

4. Ж.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичгийн баримт үгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Чимээ жүд ХХК-ний эзэмшлийн 69-26 УНС улсын дугаартай портер маркийн машины үнэ болох 1,500,000 төгрөгийг ялтан Ж.Чаас гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

6. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/24 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 69-26 УНС улсын дугаартай портер маркийн эзэмшигч Чимээ жүд ХХК-д  буцаан олгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР