Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 136

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох 1930002570157 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй  Б.Н

 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б. Найдансүрэн нь 2018 оны 07 сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Ц.Бийн 1 тооны адууг мориор хөөж барин хулгайлж, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрөө гэмшиж байна. Хулгай хийсэн нь миний буруу” гэв. 

 

- Б.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Хундар гэх газарт нутаглаж мал малладаг малчин хүн юм. 2018 оны наадмын өмнө 07 дугаар сарын 01, 02- ны орчим манайд Баянхонгор аймгаас Батгарьд гэдэг хүн надаас адууны авлагатай учир би маргааш очно гэж надад хэлсэн. Тэгээд би адуугаа хайгаад олоогүй учир сандрахдаа манай худаг дээр ирсэн байсан Батхүрэл гэдэг айлын адуунаас хар хязаалан зүсмийн үрээг бариад гаднаа уяж байгаад Батгарьдыг ирэхээр нь өгөөд явуулсан. Би хар зүсмийн хязаалан үрээг худагт байхад нь оосорлож бариад хөтлөөд гэрийнхээ гадаа аваачаад уясан юм. Хар хязаалан үрээг барьж өгөхдөө би Батхүрэл ахад хэлээгүй авсан. Батгарьдад би хэлэхдээ миний адуу гэж хэлээд өгөөд явуулсан. Би Батгарьдаас мөнгө зээлээд оронд нь засаатай үрээ өгнө гэж тохирсон байсан юм. Тэгээд сүүлд нь Батхүрэл ахыг хар үрээгээ эрээд явж байхаар нь би айхдаа хүнд өгөөд явуулсан гэдгээ хэлчихсэн юм. Тэгээд би хар үрээний оронд нь унагалах гүү 250.000 төгрөгтэй өгсөн. Одоо нэг даага өгнө гэж тохирсон байгаа. Би өөрийнхөө хээр зүсмийн “Хул” тамгатай шүдлэн насны үрээг унаж явсан юм. Тэгээд худаг дээрээс хар үрээг оосорлож бугуйлдаж барьж аваад хээр үрээгээ унаад хөтлөөд гэрийхнээ гадаа авчирж уясан юм. Надад хар хязаалан үрээг эзэнд нь хэлэлгүйгээр захиран зарцуулах эрх байхгүй. Би хар хязаалан үрээг бариад хүнд өгч явуулчихаад хулгай хийчихлээ дээ гэж бодсон. Малын хулгай хийсэн нь миний буруу. Би Батхүрэл гэдэг хүнтэй наймаа хийх талаар ярьж байсан болохоос яг наймаа хийгээгүй. Би Батхүрэл ахаас хар хязаалан үрээг чинь худалдаж авъя гэж хэлэхэд тэрээр надад зарахгүй гэж хэлж байсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-18-19/

 

- Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газарт мал маллаж амьдардаг малчин айл юм. 2018 оны 06 дугаар сарын 28-ны орчимд гаднаа унаж байгаад адуунд нь тавьсан байсан хар зүсмийн хязаалан насны үрээгээ алдаад олохгүй эрж сураглаж яваад сураг гарахгүй байсан. Тэгээд ойр орчимдоо хүнээс сураглаад бүр огт сураг нь гарахгүй байсан. 2018 оны 08 дугаар сарын эхээр “Нүүрстэй” гэх газарт алдсан үрээгээ эрж сураглаж яваад Найдан гэдэг залуутай бэлчээр дээр нь таарч уулзаад үрээгээ асуухад тэрээр миний үрээг хүнд өгсөн талаараа надад хэлсэн. Яагаад надад хэлээгүй авсан юм бэ гэж асуухад тэрээр би тантай наймаа хийгээд тохирч болох байх гэж бодоод авчихсан юм гэж хэлсэн. Миний хар хязаалан үрээг манай адуунаас надад хэлээгүй авсан. Миний алдсан үрээг Найдан гэдэг залуу захиран зарцуулах эрх байхгүй. Би хар хязаалан үрээгээ 2017 онд шүдлэн үрээ Эрдэнэцагаан сумын иргэн шар Эрдэнэ гэдэг хүнээс 700.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Азарга тавина гээд авч байсан үрээ учраас бусдад зарна гэсэн бодол байгаагүй. Би Найдан гэдэг залуугаас үрээнийхээ оронд байдсан гүү авсан. Эрэл сурал хийж явсан гээд бензиний мөнгө авсан. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ....” гэх мэдүүлэг /хх-7-10/

 

- 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/20 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол /хх-4/,

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай тодорхойлолт /хх-26/,

 

- Б.Нгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/

 

- Б.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/

 

- 2019 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн Сүхбаатар сумын малын үнэлгээ /хх-6/

 

- 2019 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээ /хх-15/

 

- Б.Нгийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын материалын хуулбар /хх-27-31/

 

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-34-35/ зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Ц.Бийн 1 тооны адууг мориор хөөж барин хулгайлж, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/20 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар сумын малын үнэлгээ, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н нь дээрх 1 адууг бусдын өмчлөл, эзэмшилийнх гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор, нууцаар, хууль бусаар авсан байх тул түүнийг мал хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Нд холбогдох хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Нг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Нд ял шийтгэл оногдуулахад бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Бтэй  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 400,000 төгрөгийн үнэлгээтэй, хул тамгатай хээр зүсмийн шүдлэн насны адууг хурааж  улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэв. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.Нг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нд мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

 

5. Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичгийн баримт үгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.Нгийн эзэмшлийн 400,00 төгрөгөөр үнэлэгдсэн хул тамгатай хээр зүсмийн шүдлэн насны адууг улсын орлогод оруулсугай. 

 

7. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/20 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР