| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0143/э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 140
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Бд холбогдох 1930002280161 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 13 дугаар дэлгүүрийн 4 замын уулзвар дээр Ниссан примера маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “ Жолооч дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос явган зорчигч Н.Бын хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дүүгийнхээ хичээлийн хувцсыг авах гээд Хайлааст руу явсан. Ирэх замдаа “Заяа” гэх дэлгүүрийн тэнд замын цагдаатай таарсан. Тэгээд замын цагдаа жолооны үнэмлэхээ шалгуул гээд регистрийн дугаараа өгсөн боловч мэдээлэл гарч ирээгүй. Замын цагдаа мэдээлэл гарч ирэхгүй болохоор нь цагдаагийн газар руу дагуулж явна гээд явж байтал зүүн гар талаас гэнэт согтуу хүн гарч ирсэн. Тоормозоо дарж амжилгүй тухайн хүнийг дайрсан. Машинаасаа бууж очтол баруун хөл болохгүй байна гээд босч чадахгүй байхаар нь тэр хүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Хохирогч хот руу явж хагалгаанд орно гэхээр нь эмчилгээний зардал 250.000 төгрөг болон эм авч өгсөн.” гэв.
Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өглөө би гэрээсээ ажилдаа 09 цаг өнгөрөөгөөд гарсан. Хувиараа айлын хашаанд мод тарих нүх ухаж байсан юм. Тэгээд орой 19 цагийн үед ажлын хөлс 10,000 төгрөг аваад Завъяа дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад найз Дүүрэнгийнд очиж уусан. Тэднийх Баруун-Урт сумын 9-р багт байдаг, хашааны хяга, тоотыг сайн мэдэхгүй байна. Дүүрэнгийнд хоол идчихээд 1 шил архиа хоёулаа хувааж уусан. Тэднийхээс 20 цаг 30 минутын орчим гараад ганцаараа 13-р дэлгүүрийн баруун талд байх Баатарзоригынх руу явсан. Би 13-р дэлгүүр рүү очдог засмал зам дагаад 4 зам руу алхаж орсон. Баруун хойд талын замын боржураас дотогш 50 см-ын зайтай явж байтал намайг машин мөргөсөн. Тэр машин хаанаас ирснийг мэдэхгүй. Тэгсэн жолооч, жирэмсэн эмэгтэй, 2 цагдаа зогсож байсан. Намайг шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгсэн эмнэлэг хагалгаа хийхгүй гээд шууд Улаанбаатар хот явсан. Намайг цагаан өнгийн жижиг машин мөргөсөн. Марк, дугаарыг нь мэдэхгүй. Машин яг миний араас мөргөсөн. Би 4 замын баруун хойд талын боржурын наад талд унасан. Машины хамар голлоод намайг мөргөсөн. Машин сигналдаагүй, гэрэл туссан. Би эргэж хараагүй. Би жаахан манарсан явж байсан. Согтуу байсан болохоор замын дотор талд явсан байх. Би угаасаа замын дотор талаар явдаг. Хэнэггүйтэж явснаас болсон. Би машин дайрна гэж бодоогүй. Тэр үед машины жолооч залуу, жирэмсэн эмэгтэй, 2 цагдаа байсан. Өөр хүн байгаагүй. Намайг мөргөсөн машины ард нэг машин байсан. Тэр цагдаа нарын машин байсан. Миний баруун хөл шилбээрээ бяцарч хугарсан. Т.Б намайг Улаанбаатар хотод явахад 200,000 төгрөг бэлэн өгсөн. Эм авч өгсөн. Тэр нь 100,000 төгрөг болсон байх. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гаргах санал, гомдол байхгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
Гэрч Г.Бат-Амгаланг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны орой 21.00 цагийн үед Баруун-Урт сум 9-р баг Хайлаастын засварын газрын 4 зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Nissan primera маркийн автомашины жолооч Т.Бат-Эрдэнийг бэлэн бус торгуулийн багажаар шалгахад ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй болохоор нь нэгдсэн сангаас мэдээллийг шалгуулахаар цагдаагийн газар руу уг машины арын суудалд олон нийтийн цагдаа Н.Данзансүрэнг суулгаад араасаа дагуулаад явсан. Намайг 13-р дэлгүүрийн баруун талд байдаг Дүүрэнбадрах дэлгүүрийн орчим явж байхад олон нийтийн цагдаа Н.Данзансүрэн над руу утсаар залгаад нөгөө машин чинь 13-р дэлгүүрийн 4 зам дээр хүн шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаад очтол мөргүүлсэн хүн газар сууж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч У.Данзансүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны орой 21.00 цагийн үед Баруун-Урт сум 9-р баг Хайлаастын засварын газрын 4 зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Nissan primera маркийн автомашины жолооч Т.Бат-Эрдэнийг бэлэн бус торгуулийн багажаар шалгахад ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй болохоор нь нэгдсэн сангаас мэдээллийг шалгуулахаар цагдаагийн газар руу уг машины арын суудалд суугаад, урд дэд ахлагч Г.Бат-Амгалан эргүүлийн машиныг жолоодоод урд явж байсан. Тэгтэл 13-р дэлгүүрийн 4 замын уулзвар руу ертөнцийн зүгээр зүүн талаас нь орж баруун чиглэлтэй явж байтал гэнэт урд талаас хойшоо чиглэлтэй хүн гарч ирсэн. Машинаа зогсоож амжихгүй мөргөсөн. Машинаас буугаад харахад явган зорчигч өөрөө босож ирснээ хөл эвгүй болчихлоо гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 267 дугаартай: “1.Н.Бын биед баруун хөлийн шаант ясны ташуу мушгирсан хугарал, тахилзуур ясны бяцарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 68 дугаартай: “1. Н.Баас авсан цусанд 1.2 промилли этилийн спирт илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 30/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 69 дугаартай: “1. Т.Бэс авсан цусанд этилийн спирт илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34/
Техникийн шинжээчийн: 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Nissan primera маркийн 57-56 СҮЭ улсын дугаартай мотоциклын жолооч Т.Б /ЖВ96070112/ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд явган зорчигч Н.Б /ЛЮ62103116/ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар “ Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашаа, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. 2 дахь асуултаар хариулагдсан байна. 4. Дүгнэлт гаргах явцад өөр зүйл илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 38/,
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3498 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 6058 дугаартай өвчний түүх /хх-ийн 19-25/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 52/
Т.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/
57-56 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилээний хуулбар /хх-56/
Хохирлын баримтууд /дүн – 295,784 төгрөг/ /хх-ийн 57/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 13 дугаар дэлгүүрийн 4 замын уулзвар дээр ниссан примера маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “ Жолооч дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос явган зорчигч Н.Бын хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Б, гэрч Н.Бямбасүрэн, Г.Бат-Амгалан, У.Данзансүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 627, 68, 69 дугаартай дүгнэлтүүд, техникийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Т.Бат-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Бд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардалыг нь төлсөн, хохирогч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө бүрэн хянах чадваргүй байх үедээ автомашины замаар зорчиж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтын зөрчсөн буюу хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн хувийн байдал, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсан нөхцөл байдал, хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Т.Бд ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Бт эмчилгээний зардалд 300,000 төгрөг өгсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Лэглүүдхүгдүүд овогт Төмөрбаатарын Бат-Эрдэнийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Бд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Т.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Бт 300 000 төгрөг төлсөн, хохирогч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР