| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07631/И |
| Дугаар | 210/МА2026/00617 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00617
******* ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00075 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* -т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би 2019 оноос Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ******* -т мэдээлэл технологийн мэргэжилтнээр, 2024 оны 09 дүгээр сараас тус байгууллагын харьяа ******* инженерээр ажиллаж ирсэн. Ээлжийн амралттай байх хугацаанд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга ******* намайг байгууллагаараа Архангай аймаг руу явах амралт зугаалгад ажлын автомашиныг жолоодож явахыг санал болгосон ба 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарч тэр өдрөө Өвөрхангай аймагт очсон. Энэ үед ямар нэгэн архи дарс амсаагүй, хариуцлагатайгаар хүргэж өгсөн.
1.2. Маргааш нь би машин бариагүй ба Өвөрхангай аймгийн Орхоны хүрхрээ явах замд ажлын хамт олонтойгоо 2 пиво ууж явахад ******* дарга нийт ажилчид руу архи пиво уухгүй бол үхлээ юу гэж загнахад нь би үхлээ гэж хэлсний төлөө намайг маргааш нь ажил дээр очоод хална гэж сүрдүүлсэн. Би ******* ын биед хүрэх, хараалын үг хэлэх, айлгах зүйл огт болоогүй бөгөөд машиндаа орж суусан. Энэ үйл явдал болоод өнгөрсний дараа 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр миний халагдах тушаалыг гаргаж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж өгсөн.
1.3. Тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3, хөдөлмөрийн гэрээний 8.3.8 гэсэн үндэслэлгүй заалтаар гарсан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн байгууллагын өмч хөрөнгө сүйтгэсэн, зориулалтын бусаар ашигласан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх болон сахилгын шийтгэл нэг ч удаа хүлээж байгаагүй.
1.4. Би халагдах тушаалаа аваад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд хандах шаардлагагүй гэж үзээд шууд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ******* -ын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/164 дугаартай тушаал нь хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй тушаал юм.
******* нь Сэлбэ дулааны станцын технологи удирдлагын системийн программист инженерээр ажиллаж байхдаа камерын бичлэг хадгалдаг хард дискийг санаатайгаар устгаж, байгууллагаас орох, гарах хөдөлгөөнийг хянах боломжгүй болгосон нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн шалгалтын явцад илэрсэн. Камерын хяналт хийх боломжгүй болсон учир тухайн зөрчлийг яаралтай арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Өгсөн үүрэг даалгаврыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь баримтаар нотлогдоно.
2.2. Тухайн хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд тооцож, байгууллагын дотоод журмын 12.2.3-т заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд дурдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож хариуцлага тооцсон нь үндэслэлтэй.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. Гэтэл ******* нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлээгүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.
2.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг талууд хүлээх бөгөөд нэхэмжлэгч ******* ын гаргаж өгсөн материал нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасныг тус тус зөрчсөн.
2.5. 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн хяналт шалгалтын үеэр гарсан зөрчлүүдийг танилцуулаад, тухайн үед нь үүрэг даалгавар өгч байсан. Сэлбэ дулааны станцын даргын танилцуулсан бичигт дурдсанаар ******* т зөрчлийг мэдэгдсэн гэж байгаа. Мөн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хяналт шалгалтын үеэр та байхгүй байсан, миний нэрийг доор нь нэмж бичсэн гэдэг асуудлыг тавьж байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс асуухад, өөрөө байсан гэдэг нь тэмдэглэлд тусгагдсан гэж хэлдэг. Мөн хариуцагчаа буруу тодорхойлсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ыг хариуцагч ******* -ын Сэлбэ дулааны станцын технологи удирдлагын системийн программистын ажилд эгүүлэн тогтоож, ******* ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,295,659 төгрөгийг хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ******* -аас гаргуулан нэхэмжлэгч ******* т олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ******* -аас 281,881 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээх бөгөөд хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульд заасан тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний үед илэрхийлсэн бөгөөд шүүхээс нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгөх, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх боломжийг нэхэмжлэгч ******* т олгож шүүх хуралдааныг хойшлуулсан.
Гэвч шүүх хуралдааныг хойшлуулсан энэ хугацаанд нэхэмжлэгч ******* нэмэлт нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн өмнө нь өгсөн баримтыг хуулийн шаардлага хангуулж өгөөгүй.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3 дахь хэсэгт ******* нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/Ш32025/4615 дугаар захирамжаар түүний нэхэмжлэлийг шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, улмаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 192/Ш32025/31584 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр татгалзаж, дахин 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн гэсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь дахин нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, хариуцагчийг буруу тодорхойлсон, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд дахин өгснийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.
4.3. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг 60 хоногт шийдвэрлэх хуулийн заалттай боловч шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахад хугацаа алдсан, нэхэмжлэгч, хариуцагчаас шалтгаалж шүүх хурал хойшилсон асуудал байхгүй боловч шүүгч хэргийн материалтай танилцаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдалд шүүх хуралдааныг зарлаж, талуудын мэтгэлцээний үед хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй гэдгийг ойлгож шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дараагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэмэлт нотлох баримт гаргаж өгөөгүй өмнөх процесс алдаа засагдаагүй байхад илт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэн.
4.4. ******* т 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 125 өдрийн цалин олговорт 12,295,659 төгрөг хариуцагчаас гаргуулах шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч ******* нь дулааны улиралд сул зогсолтын 60 хувиар буюу нэг сарын гарт олгогдох 1,067,380 төгрөгийн цалингаар 06 дугаар сарын 01 өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажилладаг. Энэ тухай талууд мэтгэлцээний үед дурдсан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ буруу тооцоолсон.
4.5. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч хугацаа хоцорсон гэж тайлбарлаж байна. Би 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үед наадам болох гэж байсан тул хойшилж 2025 оын 07 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн агуулгатай мэдэгдэл өгсөн. Ингээд 2025 рэы 07 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2025 оны 08 дугаар сарын эхээр иргэний хэрэг үүсгэсэн.
5.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хуулбар үнэн гэх баримтыг Иргэний хэргийн шүүх хуралдаан хойшилсны дараа нэмэлтээр гаргаж өгсөн.
5.3. Хариуцагч сул зогсолтын талаар тайлбар гаргаж байна. Манай байгууллага 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд сул зогсолттой байдаг. 06 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт нь бодогдсоны дараа сул зогсолтыг бодох ёстой. Өөрөөр хэлбэл, миний бие ойролцоогоор 30 хоног амарлаа гэж бодоход 30 хоног амарсны дараа сул зогсолт бодогдох ёстой.
5.4. Хэрэгт холбогдох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу өгсөн гэж бодож байна. Миний бие Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Орон нутгийн өмчит ААТҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох материалуудын хуулбар үнэн гэсэн тамгатай баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* нь ******* -тай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлбэ дулааны станцын Технологи удирдлагын системийн программист инженерийн ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан;
3.2. ******* -ын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/164 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3, Хөдөлмөрийн гэрээний 8.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн Сэлбэ дулааны станцын технологи удирдлагын системийн программист инженер ******* ыг үүрэгт ажлаас нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан;
3.3. ******* ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүлээж аваад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4615 дугаар захирамжаар түүний нэхэмжлэлийг шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, улмаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/31584 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэл заан хүлээн авахаас татгалзсан, дахин 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн;
4. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигч маргаангүй боловч ******* хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, ******* ыг үүрэгт ажлаас нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ******* -ын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/164 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх боломжтой гэх үндэслэлээр ******* ыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь хуулийн агуулгад нийцээгүй байна.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасан онцгой тохиолдлоос бусад тохиолдолд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн маргаантай харилцаанд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан шүүхэд шууд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхэд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал байгаа эсэх нь ач холбогдолтой бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал гэдэгт ийм байгууллага байгуулагдаагүй, эсвэл байгаа боловч тухайн байгууллагад хандах боломжгүй болсон ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил, саад болсон үйл баримт тогтоогдсон хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт нь ажилтанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх эсхүл шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тал дээр сонголт олгосон зохицуулалт биш юм.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авах үед энэ журмыг хэрэгжүүлсэн эсэхийг зайлшгүй шалгах үүрэгтэй.
Харин шүүх, нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа уг журмыг хэрэглээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үүсгэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.
5.3. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүлээж аваад 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг Нийслэлийн УБЗАА харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ******* -ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга ******* гэж бичсэн байх боловч ******* -тай үүссэн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан тул анхан шатны шүүх ******* -т холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасанд нийцсэн.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч байгууллага, албан тушаалтан гэсэн хэсэгт хариуцагч байгууллагын захиргаа удирдлагын хэлтсийн даргын нэрийг бичсэн нь хариуцагчаар албан тушаалтныг тодорхойлсон гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэлийн шаардлага болон агуулгаас хариуцагчаар ажил олгогч байгууллагыг тодорхойлсон нь тодорхой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, хариуцагчийг буруу тодорхойлсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/164 дугаартай ******* ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3, Хөдөлмөрийн гэрээний 8.3.8 дахь заалтуудыг баримталсан байх боловч ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ямар ноцтой зөрчлийг хэзээ гаргасан талаар тодорхой заагаагүй байна.
7.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээний 8.3.8-д өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүй биелүүлэхгүй байх-ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заажээ.
7.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч нь камерын бичлэг хадгалдаг хард дискийг санаатайгаар устгаж байгууллагаас орох гарах хөдөлгөөнийг хянах боломжгүй болгосон нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шалгалтаар илэрсэн, уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн боловч биелүүлээгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн, шүүх хуралдаанд мөн уг тайлбараа дэмжсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.
7.3. Анхан шатны шүүх ******* нь камерын бичлэг хадгалдаг хард дискийг санаатайгаар устгаж байгууллагаас орох гарах хөдөлгөөнийг хянах боломжгүй болгосон болон удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
7.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээх ба хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Сэлбэ дулааны станцын хяналтын камерыг шүүсэн тухай тэмдэглэл гэх гараар бичсэн баримтын агуулгаас ******* нь камерын бичлэг хадгалдаг хард дискийг санаатайгаар устгасан, түүнтэй холбоотойгоор ажил олгогчийн зүгээс зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба ... дотоод хяналтын ажилтан ******* ийн Сэлбэ дулааны станцын камерын хяналтын системд үзлэг шалгалт хийсэн тэмдэглэл гэх гараар бичсэн баримт, Сэлбэ дулаан станцын дарга ******* ын Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга ******* т гаргасан хүсэлт гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтууд байна.
7.5. Анхан шатны шүүх хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ийн тэмдэглэл, ******* ын хүсэлт зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр зөвхөн дээр дурдсан 2 нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэн гараагүй, хариуцагчийн татгалзал хэргийн бусад баримтаар үгүйсгэгдсэн тул нотлох баримтын шаардлага хангахгүй баримттай холбоотой хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн ******* нь нэхэмжлэгч ******* ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэн, ******* ыг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тооцохдоо сул зогсолтын хугацааны олговрыг буруу тооцож гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч ******* нь дулааны улиралд сул зогсолттой, 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гарт олгогдох цалингийн 60 хувиар цалинждаг, энэ тухай талууд мэтгэлцээний үед дурдсан боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй гэх үндэслэлийг заасан.
8.2. Нэхэмжлэгч нь дулааны улиралд сул зогсолттой байдаг ба цалингийн 60 хувиар олговор авдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байгаа байдал болон ажлын байрны онцлогтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
8.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг тооцоолохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор сүүлийн 3 сарын хугацаанд олгогдсон цалингийн нийлбэрээс нэг сард олгогдох дундаж цалинг 1,934,517 төгрөг, нэг хоногийн цалинг 98,365.27 төгрөг гэж тооцоолсон нь тооцооллын хувьд зөв байна.
8.4. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг сул зогсолтын 60 хувиар тооцоход нэг сард олгогдох дундаж цалин /1,934,517*60%/ 1,160,710 төгрөг, нэг хоногт олгогдох дундаж цалин /1,160,710/21/ 55,271 төгрөг болно.
2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажлын 5 хоногийг нэг хоногт олгогдох сул зогсолтын үеийн дундаж цалин 55,271 төгрөгөөр үржүүлэн тооцоход 276,359 төгрөг, 2025 оны 07, 08 дугаар сарыг нэг сард олгогдох сул зогсолтын үеийн дундаж цалин 1,160,710 төгрөгөөр үржүүлэн тооцоход 2,321,420 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажлын 81 хоногийг нэг хоногт олгогдох ердийн дундаж цалин 98,365.27 төгрөгөөр үржүүлэн тооцоход 7,967,586 төгрөг, нийт 10,565,365 төгрөг болж байна.
8.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,565,365 төгрөгийг хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ******* -аас гаргуулан нэхэмжлэгч ******* т олгосон өөрчлөлтийг оруулах ба үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.
9. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00075 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 12,295,659 төгрөгийг ... гэснийг ... 10,565,365 төгрөгийг ... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 281,881 төгрөг ... гэснийг ... 183,996 төгрөг ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,681 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР