Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 141

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул, 

Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, 

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Гад холбогдох эрүүгийн 1930000000179 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 3-6 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг Б гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Г. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газар хохирогч С.Н рүү аяга шидэж эрүүл мэндэд зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Би өглөө эрт босоод хониндоо явж ирчихээд эхнэртээ чи цайгаа ямар удаан чанадаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу аяга чулуудсан. Тэгэхээр нь би гараад явсан. Эхнэр гарч ирээд над руу дахиад аяга чулуудсан. Тэгээд би аягаыг аваад  өөр рүү шидсэн чинь түүний юм угааж байсан ванн дээр унаад эхнэрийн зүүн гарын шууны хэсэгт зүсэгдсэн .  Бид 2 урьд өмнө муудаж зодолдож байгаагүй тэр өглөө манай эхнэр их ууртай байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. 

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газар Энх-Амгалан гэх хүний малыг маллаж амьдардаг юм. Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө манай эхнэр уурлаад байсан. Тэгэхээр нь би чи гэрийнхээ юм хумыг хийлдээ гэхэд манай эхнэр С. Наранцэцэг нь чадахгүй өөр хүнээ авч ирээд хийлгэхгүй юу  гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр гэрийн баруун талд юм угааж байсан. Тэгээд манай эхнэр зуухны баруун хойно байсан аягыг надруу шидсэн тэгэхээр нь би гэрээс гараад явсан.  Тэгээд би гэрийн гадаа малын эзэн Энх-Амгалан гэх хүнтэй юм яриад сууж байхад манай эхнэр С.Н  гэрээсээ аяга барьж гарч ирээд дахин надруу  шидчихээд гэрлүү ороод явсан. Тэгэхээр нь би газар унасан аягаа аваад гэрлүү ороод эхнэрлүү аягаа ав гээд шидхэд миний шидсэн аяга хувцас угааж байсан ванинд нь онож хагараад эхнэрийн зүүн гарын шуу хэсгийг зүсчихсэн. Тэгээд манай малын эзэн Энх-Амгалан гэх хүн манай эхнэрийг аваад Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан. Өөр ямар нэг зүйл болоогүй. “  гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ 

 

Хохирогч С.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “..... Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газар нөхөр Б. Ганбат болон 2 хүүхдийн хамт хүний мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед босож цайгаа чанаж байхад манай нөхөр Б. Ганбат нь чи ямар удаан цайгаа чанаж юугаа хийгээд байгаа юм хурдан чаналдаа гэж миний зүүн гуяны хэсэгт 2-3 удаа өшиглөсөн тэгэхээр нь би айгаад орон доогуур хоёр хүүхдээ аваад орсон юм. Тэгээд би 10 цагийн үед гэрийнхээ баруун талд юм угааж байхад манай нөхөр Б. Ганбат цай ууж байсан аягаа надруу шидсэн тэгтэл тухайн аяга миний зүүн гарын шуу хэсэгт оносон тэгээд гарнаас цус гарахаар нь би Амгаа  гэх хүнээр Мөнххаан сумын нэгдсэн эмнэлэгт хүргүүлж 8 оёдол тавиулж боолгосон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гомдолтой байна”  гэх мэдүүлэг /хх-ний 3-4 дугаар хуудас/ 

 

Хохирогч С.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ Мөнххаан сумын  2-р багийн иргэн С.Н миний бие  Буд овогтой Ганбатад  холбогдох  эрүүгийн хэргийн хохирогч юм. Миний бие Б.Гтай сайн удраар эвлэрч  цаашид нэхэмжлэх зүйлгүй  санал бодолгүй болохоо  үүгээр илэрхийлж байна....Миний хувьд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй  холбоотой надаас зардал гараагүй бөгөөд биеийн байдал хэвийн эдгэрсэн. Б.Г нь  өөрийнхөө хийсэн  үйлдэлд  надаас уучлалт гуйж ахин ийм асуудал  үүсгэхгүй гэдгээ  албан ёсоор илэрхийлсэн  тул хэргийг шийдвэрлэхдээ хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ. 

 

Гэрч Л.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн “ Манай хонь, ямаа нийт 600 гаран малыг Б. Ганбат малладаг юм. Би 2019 оны 07 сарын 09-ний өглөө очсон юм. Тэгэхэд эхнэр С. Наранцэцэг нь нилээн ууртай гэртээ сууж байсан. Тэгтэл эхнэр нь уурлаад Б. Ганбат руу уурлаад цайны аяга шидэж байсан. Би тухайн үед яагаад аяга чулуудсаныг нь ойлгоогүй. Тэгээд Б. Ганбат гараад гадаа сууж байсан. Тэгтэл эхнэр нь гэрээсээ аяга барьж гарч ирээд Б. Ганбат руу ахиад шидсэн. Тэгээд Б. Ганбат хоёр гадаа сууж байгаад ямар учраас хоорондоо муудсаныг нь асуухаар гэрлүү нь орсон.  Б. Ганбат эхнэр рүүгээ аягаа ав гээд шидсэн. Тухайн үед эхнэр Наранцэцэг нь хувцас угаагаад сууж байсан. Тэгтэл нөхөр Б. Ганбатынх нь шидсэн аяга нь хувцас угааж байсан ванинд нь онож хагараад эхнэрийнх нь гарыг зүсчихсэн. Тэгэхээр нь би та хоёр ингэж муудаж болохгүй гээд эхнэр Наранцэцэгийг нь хоёр хүүхдийнх нь хамт сумын төврүү авч ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед намайг очиход Б. Ганбатын эхнэр С.Н нь нилээн ууртай гэртээ сууж байсан. Тэр 2 ямар асуудлаар муудсаныг нь мэдэхгүй байна. “  гэх мэдүүлэг /хх-ний 7-8 дугаар хуудас/ 

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаартай: С.Нийн биед зүүн гарын шуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 11 / 

 

Мөнххаан сумын их эмчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эмнэлэгийн тодорхойлолт /хх-10х/

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 75 дугаартай тодорхойлолт /хх-ийн 24 

 

Шүүгдэгч Б.Гын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39/ 

 

Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 40/ 

 

Шүүгдэгч Б.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-30-34/

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-22-23/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газар хохирогч С.Н рүү аяга шидэж эрүүл мэндэд зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Н, гэрч Л.Энх-Амгалан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Гад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч С.Н рүү аяга шидэж эрүүл мэндэд зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан байна. 

 

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Хохирогч С.Н нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гыг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гын орлого олох боломжийг харгалзан уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Ялтан Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Гад мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Гад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Ялтан Б.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР