| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/05038/И |
| Дугаар | 210/МА2026/00487 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00487
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11322 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
35,658,703.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 89,047,110 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******" ХХК нь *******, ******* нартай 2024 оны 01 сарын 31-ний өдөр дугаар DF51742 тоот Зээлийн гэрээг байгуулж, 245,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээл олгосон.
1.2. Мөн тус өдөр DF51742 тоот Барьцааны гэрээг байгуулж, 2022 оны 05 сарын 24-ний өдөр орж ирсэн, 2021 онд үйлдвэрлэгдсэн, Toyota-Land cruiser маркийн, ******* арлын дугаартай, хар өнгийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээлийн төлөлт болох 245,000,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссаны дараа төлөх, гэрээний хугацаанд хүүг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. *******, ******* нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгээ хугацаандаа төлөөгүй.
1.3. Зээлдэгч нар нь 2024 оны 01 сарын 31-ний өдрөөс 2024 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл нийт 184 хоногийн хугацаанд үндсэн зээлээс 1,196 төгрөг, хүүд 42,980,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 411,184 төгрөг, нийт 47,092,600 төгрөгийг төлсөн.
1.4. Зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байсан тул хаягийн дагуу очиж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч үр дүн гараагүй бөгөөд барьцаа хөрөнгийг хамгаалалтдаа авч байршуулан хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүй тул барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангах эрхийг олгож байгаа талаар 2024 оны 11 сарын 13-ны өдөр 24/1164 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Зээлдэгч нар нь барьцаа хөрөнгийг худалдахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. 2025 оны 02 сарын 26-ны өдөр барьцааны зүйлийг *******д 270,000,000 төгрөгөөр худалдсан.
1.5. Автомашиныг худалдан борлуулахад манай байгууллагаас гарсан зардал болох автомашины дулаан зогсоолын төлбөр 300,000 төгрөгийг *******гийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд 2025 оны 02 сарын 20-ны өдөр шилжүүлсэн, тухайн автомашиныг худалдах үед гарсан байсан торгууль, албан татвар, төлбөрт нийт 356,861.25 төгрөг, Сити кар ваш сервист автомашиныг угаалгасан төлбөрт 81,600 төгрөг, нийт 738,461.25 төгрөг буюу нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан зардлыг автомашиныг худалдсан төлбөрөөс төлсөн. Иймд дээрх зардлыг хасаж үлдэгдэл нийт 269,261,538.75 төгрөгийг зээлдэгч нарын төлөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон.
1.6. Ингээд барьцааны автомашины үлдэгдэл төлбөр болох 199,261,538.75 төгрөг 2025 оны 03 сарын 10-ны өдөр төлөгдсөн. Зээлдэгч нар 2025 оны 03 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 174,988,804 төгрөг, зээлийн хүүд 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,823,028 төгрөг төлөхөөр байсан тул автомашины борлуулсан төлбөрөөс үндсэн зээлээс 139,783,290.75 төгрөгийг, зээлийн хүүд 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,823,028 төгрөгийг тус тус суутгаж тооцсон.
1.7. Зээлийн хүү нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар 2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35,215,513.25 төгрөг, зээлийн хүү 369,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,865 төгрөг, нийт 35,658,703.25 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. *******, ******* нар ******* ХХК-тай 2024 оны 01 сарын 31-ний өдрийн DF51742 дугаар зээлийн гэрээг байгуулан 245,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 2,9 хувийн хүүтэй зээлсэн.
2.2. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2024 оны 01 сарын 31-ний өдрийн DF51742 дугаар Барьцааны гэрээг байгуулж, ******* улсын дугаартай Toyota-Land cruiser маркийн тээврийн хэрэгслийг 365,000,000 төгрөгөөр үнэлэн зээлдүүлэгчид нэрийг нь шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлж авсан тул бидний хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн харилцаа үүссэн.
2.3. Зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2 удаа нийт 5 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2024 оны 09 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Тухайн хугацаанд бид нийт 47,092,600 төгрөгийг төлсөн. 2024 оны 11 сарын 25-ны өдөр ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар машиныг биет байдлаар хурааж авсан. Автомашиныг хураах үед буюу 2024 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 244,998,804 төгрөг, зээлийн хүү 26,862,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,064,466 төгрөг, нийт 275,925,890 төгрөг байсан.
2.4. Банк бус санхүүгийн байгууллага нь 0190 УНӨ улсын дугаартай Toyota-Land cruiser маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр үнэлэн гэрээ байгуулсан тул энэ үнээс зээлийн төлбөр 275,925,890 төгрөгийг хасаж, үлдэгдэл 89,047,110 төгрөгийг буцаан олгох ёстой. 2024 оны 01 сарын 31-ний өдөр автомашиныг өндрөөр үнэлэн барьцаа хөрөнгөөр авчхаад 2024 оны 10 сарын 11-ний өдрөөс үнийг нь байж боломгүй унагаж хямдруулсан, өөрөөр хэлбэл 09 сарын хугацаанд 365,000,000 төгрөгөөс 270,000,000 төгрөг болгосон. Бид машинаа зарах шийдвэр гаргаж 320,000,000 төгрөгөөр зарах гэсэн боловч зохион байгуулалттайгаар хааж боож маш их хугацаа алдсан.
2.5. Гэтэл энэ хугацааны хүү, алдангийг надаар төлүүлэх нь байж боломжгүй юм. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн ******* ХХК-д өр төлбөр төлөхгүй, харин хохирлоо нэхэмжлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчээс 89,047,110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
3.1. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч нарын хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэж байсан боловч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд уулзалт хийж барьцаа хөрөнгө болох автомашиныг худалдан борлуулж зээлээс төлүүлэх арга хэмжээг авахаар харилцан тохиролцсон тул автомашиныг хураан авах бус зайсанд байрлалтай автозогсоолд байршуулж, автомашиныг худалдан борлуулахаар 2 талаас зар өгч, сонирхсон бүхий л хүмүүст зээлдэгч болон зээлдүүлэгч нар нээлттэйгээр үзүүлсэн.
3.2. Гэвч зээлдэгч ******* маш өндөр үнээр худалдан борлуулах санал тавьж худалдан авагч нарын авах сэдлийг бууруулж, худалдан борлуулах тал дээр саад хийж байсан тул дахин уулзалт хийж автомашины үнийн судалгааг хийж хамгийн хурдан бэлэн мөнгөөр борлуулах үнийг судлаад 240,000,000 төгрөг гэдгийг 2 талаас хүлээн зөвшөөрсөн.
3.3. 2024 оны 12 сарын 31-ний өдөр болоход автомашиныг борлуулаагүй, мөн зээлдэгч зээлийн гэрээг сунгах хүсэлтийг өгөөгүй тул 2025 оны 02 сарын 27-ны өдөр автомашиныг 270,000,000 төгрөгөөр худалдсан. 2024 оны 02 сарын 27-ны өдөр зээлийн үлдэгдэл 244,998,804 төгрөг, хүүгийн төлбөр 48,819,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,455,958 төгрөг, нийт 302,274,654 төгрөг байсан. 2025 оны 02 сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 70,000,000 төгрөгийг худалдан авагч талаас шилжүүлсэн тус төлбөрийг үндсэн зээлийн төлбөр 244.998.804 төгрөгөөс хасаж үлдэгдэл 174,998,804 төгрөг болсон.
3.4. Байгууллагын зүгээс эхлээд авлага, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл төлүүлэх дарааллын дагуу төлөх байснаас харилцагчийг аль болох бага төлбөр төлүүлэх зорилгоор шууд үндсэн зээлээс төлөлт хийж зээлийн дүнг багасах боломжийг олгосон. 2025 оны 03 сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 35,125,513.25 төгрөг байгаа гэх мэдээллийг ******* ХХК-ийн зүгээс зээлдэгчид өгч, ирж уулзан үлдэгдэл төлбөрийг өөрийн боломжоор хуваарь гарган cap бүр бага багаар төлөх боломжийг олгож гэрээ хийх саналыг илэрхийлсэн боловч татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 35,658,703.25 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******" ХХК-аас барьцааны зүйл болох автомашины зөрүү төлбөрт 37,391,946 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,655,164 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,245 төгрөг, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,321 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 344,909 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн автомашины үнэлгээний тайлан нь маргаан бүхий ******* улсын бүртгэлийн дугаартай автомашин дээр үнэлгээ бодитоор хийгдээгүй болно.
5.2. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн төлөв, байдалд гэх баримтад Хүсэлтийн дагуу хөрөнгийн бодит байдалтай танилцсан гэх худал мэдээллийг тусгаж өгсөн. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2 дахь хэсэгт эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тухай шаардлагыг хангасан байх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн болно.
5.3. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
5.4. Учир нь 2025 оны 02 сарын 26-ны өдөр маргаан бүхий машиныг худалдан борлуулсан болно. Гэтэл шинжээчийн дүгнэлт гаргахдаа 2024 оны 11 сарын байдлаар үнэлгээ хийсэн нь бодит байдалд огт нийцэхгүй болно. Маргаан бүхий объектыг худалдан борлуулахаас 3-4 сарын өмнөх байдлаар автомашиныг үнэлж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй худал дүгнэлт гарсан болно.
5.5. Хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ шүүхийн маргаанд ашиглах гэж байгаа талаар дурдаж өгөөгүйн улмаас бодит бус үнэлгээ хийгдсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасныг тус тус зөрчсөн. Мөн хэрэгт хөрөнгийн үнэлгээ гаргасан эрх бүхий этгээдтэй холбогдох гэрчилгээ авагдаагүй. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчигдсөн гэж үзэж байна.
5.6. Түүнчлэн Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь 2015 оны 07 сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байхад уг заалтыг баримталж шийдвэр гаргаж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн байх, хуульд үндэслэгдсэн байх гэсэн зарчмыг тус тус зөрчсөн байна.
5.7. Зээлдэгч нь гэрээний үүргээ 2024 оны 02 сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчиж улмаар зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан учир удаа дараа хүсэлт өгч хойшлуулж сунгаж байсан. Улмаар 2024 оны 11 сарын 31-ний өдөр барьцаа хөрөнгийг худалдахад татгалзах зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн.
5.8. Уг илэрхийллийн дагуу талууд автомашиныг худалдан борлуулахаар 2 талаас нээлттэйгээр зар өгч автомашин худалдан авахаар сонирхсон бүхий л хүмүүст зээлдэгч зээлдүүлэгч 2 талаас нээлттэйгээр үзүүлж /2-3 сар/ нэлээд удаан хугацаанд зарж борлуулах гээд чадаагүй. Учир нь зээлдэгч Пүрэвбаяр 320,000,000 төгрөгөөс гэсэн маш өндөр үнээр зарах санал тавьж уг үнээр аль аль тал худалдан борлуулах гээд чадаагүй болно.
5.9. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу буюу зээлдэгч тал нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний санал гаргаж 240,000,000 төгрөгт бэлнээр ченжид өгч борлуулахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлт гаргасны дагуу талууд 2025 оны 01 сарын 09-ний өдөр уулзалт хийж 2025 оны 01 сарын 17-ны өдөр хүртэл олгосон хугацаанд ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол өргөдлийн дагуу шийднэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалтын үндэслэж талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
5.10. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 12 сарын 06-ны өдрийн хүчин төгөлдөр гэрээний дагуу маргаан бүхий барьцаанд байгаа автомашиныг худалдан борлуулсан үйлдэл нь хууль зөрчөөгүй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж талууд худалдах үнэ дээрээ тохиролцож хүчин төгөлдөр гэрээ байгуулсан учир хууль зөрчөөгүй болно. Иймд дээрх шүүхийн шийдвэрт заасан автомашины худалдан борлуулсан мөнгийг хасаж тооцоход зөрүү 37,391,946 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна гэж заасан нь үндэслэлгүй байна.
5.11. Үндсэн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль бус болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар 2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35,215,513.25 төгрөг, зээлийн хүү 369,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,865 төгрөг, нийт 35,658,703.25 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан уу эсвэл барьцааны гэрээ байгуулагдсан уу гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь барьцааны гэрээ гэх боловч тус гэрээг байгуулсан өдөр нэхэмжлэгч ******* ХХК нь автомашины өмчлөх эрхийг шилжүүлж авсан байдаг.
6.2. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж буй мэтээр барьцааны гэрээ байгуулдаг хэдий ч өмчлөх эрхийг шилжүүлж авдаг үйл баримттай адил барьцааны гэрээгээр халхавчлан фидуцийн гэрээ байгуулах болсон. Давж заалдах шатны шүүх фидуцийн гэрээний дагуу зохицуулагдах харилцаа юу эсвэл барьцааны гэрээний харилцаа юу гэдгийг дүгнэх шаардлагатай.
6.3. Хариуцагч анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээн нь фидуцийн гэрээ гэж үнэлгээ тооцон зөрүү мөнгийг нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзээд нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч энэ шийдвэрт гомдол гаргаагүй. Автомашинд үнэлгээ хийсэн нь шинжээчийн дүгнэлт биш үнэлгээний тайлан юм. Нэхэмжлэгч тухайн үнэлгээнд маргаж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээний тайлантай танилцсан хэдий ч энэ талаар огт маргаагүй, маргах эрхээ хэрэгжүүлээгүй.
6.4. Нэхэмжлэгч талын гомдолд дурдсанаар хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох зүйл заалтын зөрчсөн гэх боловч тус үнэлгээний тайлан нь шинжээчийн дүгнэлт биш учир дээрх хуулийг хэрэглэхгүй. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийг үндэслэн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй хэмээн маргаж байгаа нь учир дутагдалтай. Иймд гомдлын нэгдүгээр үндэслэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй.
6.5. Хүчингүй болсон хуулийн заалт буюу Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь заалтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон гэж маргаж байна. Хариуцагч үүнтэй маргахгүй байгаа хэдий ч дээрх хүчингүй болсон хуулийн заалт нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд тусгагдсан байдаг. Хүчингүй болсон гэх Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь заалт нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана гэж заасан.
6.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэж Иргэний хуулийн 163 дахь зүйлийн 163.2 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. Тус хуулийн заалт хүчин төгөлдөр бус болсон хэдий ч Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагч нь эрхээ хэрэгжүүлэх тохиолдолд өмчлөгчид мэдэгдэл бичгээр эсвэл цахим хэлбэрээр өгнө, мэдэгдэлдээ дараах зүйлсийг тусгана гэж нарийвчлан зохицуулсан.
6.7. Үүнээс гадна Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш 14 хоног байна гэж заасан.
6.8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 162.3 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хуулийн заалтыг иш татсан хэдий ч шинээр батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт уг харилцааг зохицуулсан заалтууд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээнд өөрчлөлт орохоос, шийдэлд нөлөөлөхгүй техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна.
6.9. Нэхэмжлэгч тайлбарлахдаа хариуцагч барьцаа хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн хүсэлтээ өгсөн. Тухайн үд цагаан сар болох гэж байсан учир тохирсон үнээс илүү үнээр буюу 270,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь хариуцагчид ашигтай үйл явдал болсон мэтээр тайлбарладаг. Гэвч талуудын байгуулсан барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т барьцаалагч нь шилжүүлэн авсан барьцаа хөрөнгийг гэрээнд заасан үнээр бусдад худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан.
6.10. Мөн тус гэрээг өөрчилсөн, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бөгөөд хүчин төгөлдөр гэрээ юм. Дээрх гэрээнд хариуцагчийн Ланд 300 маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг тус үнээр худалдан борлуулах ёстой байсан. Гэрээнд заасан 365,000,000 төгрөгийн үнэлгээг ямар шалтгаанаар бууруулж автомашиныг 240,000,000 төгрөгөөр худалдан борлуулсныг нэхэмжлэгчээс тодруулахад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж тайлбарладаг.
6.11. Гэвч уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Гэтэл 365,000,000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг худалдан борлуулалгүй 240,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бичгээр тохиролцсон баримт байдаггүй.
6.12. Нэхэмжлэгч ******* нь автомашиныг 240,000,000 төгрөгөөр зарж болно гэх агуулгатай хүсэлт өгснөөс биш гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар нэхэмжлэгч талтай тохиролцсон зүйлгүй. Иймд гэрээг талуудын байгуулсан гэрээний зүйл заалтын дагуу тайлбарлана. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч нь хүсэл зоригоо илэрхийлсний дагуу гэрээ байгуулагдсан хэмээн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
6.13. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т барьцаа хөрөнгө худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай барьцаалуулагчид урьдчилан мэдэгдэнэ хэмээн заасан байдаг боловч нэхэмжлэгч 270,000,000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг худалдсан гэх баримт үзүүлдэг хэдий ч энэ талаар хариуцагчид хууль болон гэрээнд заасны дагуу урьдчилан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй.
6.14. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль болон талуудын байгуулсан гэрээний дагуу барьцаа хөрөнгийг борлуулаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Ланд 300 маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр *******аас худалдан авсан нь талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ болон автомашины үнэд 365,000,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогддог.
6.15. Мөн 365,000,000 төгрөгийн автомашины үнэлгээ 1 жилийн дотор 270,000,000 төгрөг болж буурах боломжгүй. Нэхэмжлэгч талаас тус автомашиныг 240,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж хэдий ч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддоггүй.
Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,658,703.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, 89,047,110 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХХК болон *******, ******* нарын хооронд 2024 оны 01 сарын 31-ний өдөр DF51742 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь 245,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлж, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, *******, ******* нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон;/хх-17-19 /
3.2. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 01 сарын 31-ний өдөр DF51742 дугаар Барьцааны гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Toyota-Land cruiser маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн; /хх-19/
3.3. Талууд 2024 оны 08 сарын 02-ны өдөр DF51742-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж, гэрээгээр 2024 оны 01 сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгасан./хх-36/
3.4. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 47,092,600 төгрөг төлсөн, 2023 оны 08 сарын 02-ны өдрөөс хойш үүргийн зөрчил гаргаж зээлийн төлөлт хийгээгүй байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлж, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн алтаа талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан 2024 оны 01 сарын 31-ний өдөр DF51742 дугаар Барьцааны гэрээ гэх нэртэй гэрээг Иргэний хуулийн156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж буруу дүгнэснийг залруулна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт үүргийн хэлцлийн агуулга, талуудын хийж байгаа бодит үйлдлийг дүгнэхэд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний тохиролцоо үүсжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь 2024 оны 01 сарын 31-ний өдөр ******* улсын дугаартай, Toyota-Land cruiser маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бодит үйлдэл нь фидуцийн гэрээний хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгатай байна.
Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.4-т заасныг баримталсан алдаа гаргасныг залруулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг оруулна.
5. Анхан шатны шүүх *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 35,658,703.25 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******" ХХК-аас барьцааны зүйл болох автомашины зөрүү төлбөрт 37,391,946 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.
5.1. Нэхэмжлэгч нь ... зээлийн гэрээний үүргийг 2025 оны 02 сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 244,998,804 төгрөг, зээлийн хүү 48,819,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,455,958 төгрөг гэж тодорхойлон барьцааны зүйл болох автомашин борлуулсны урьдчилгаа төлбөр 70,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасаж тооцсон, автомашины үлдэгдэл төлбөр 2025 оны 03 сарын 10-ны өдөр төлөгдсөн өдрөөр зээлийн гэрээний үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 174,988,804 төгрөг, зээлийн хүү 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,823,028 төгрөг гэж тодорхойлон үндсэн зээлээс 139,783,290.75 төгрөг, зээлийн хүүд 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,823,028 төгрөгийг суутгаж тооцсон, мөн автомашины дулаан зогсоолын төлбөр 300,000 төгрөг, автомашиныг худалдах үед гарсан байсан торгууль, албан татвар, төлбөрт 356,861.25 төгрөг, автомашиныг угаалгасан төлбөрт 81,600 төгрөг, нийт 738,461.25 төгрөгийн зардлыг тус байгууллагаас гарсан зардалд тооцож автомашин борлуулсан мөнгөнөөс хасаж тооцоход 2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35,215,513.25 төгрөг, зээлийн хүү 369,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,865 төгрөг, нийт 35,658,703.25 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 35,658,703.25 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.
5.2. Нэхэмжлэгч байгууллагаас фидуцийн гэрээний зүйлийг 2024 оны 11 сарын 25-ны өдөр хураан авсан үйл баримтад талууд маргаагүй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад ... автомашиныг 240,000,000 төгрөгөөр ченжид өгч борлуулахыг зөвшөөрч байна гэж бичиг үйлдэж өгснийг үндэслэн ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал ******* нь 2025 оны 02 сарын 26-ны өдөр нотариатын бүртгэлийн 0353 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг *******тай байгуулж, барьцаа хөрөнгө болох ******* улсын бүртгэлийн дугаартай Toyota-Land cruiser маркийн автомашиныг 270,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, улмаар тухайн автомашиныг *******гийн нэр дээр шилжүүлжээ.
Талууд барьцааны зүйл 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* арлын дугаартай Toyota-Land cruiser маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр үнэлсэн, улмаар хариуцагч нь ******* ХХК-аар хийлгэсэн үнэлгээний тайланд ... ******* улсын бүртгэлийн дугаартай, 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* арлын дугаартай Toyota-Land cruiser маркийн автомашины үнэлгээг хийлгэсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн ба үнэлгээнд 2024 оны 11 сарын байдлаар уг автомашин 339,666,600 төгрөгийн үнэлгээтэй гэж гаргажээ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Уг зохицуулалтаар үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нь фидуцийн үндсэн шинж байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлдэг эрх зүйн харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг шинжээр ялгаатай байдаг бөгөөд үүний тулд анхнаасаа үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир эрх зүйн хувьд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.
Энэ маргааны тохиолдолд талууд автомашины үнэ 365,000,000 төгрөг учраас энэ хэмжээнд гэрээний үүргийг хангахаар анхнаасаа фидуцийн гэрээ байгуулсан, мөн нэхэмжлэгч хураан авах үеийн зах зээлийн үнэлгээ нь 339,666,600 төгрөг байсан ба нэхэмжлэгч ******* ХХК нь өмчлөх эрхийг бүртгүүлж, фидуцийн зүйлийг 2024 оны 11 сарын 25-ны өдөр эзэмшилдээ авах үед зээлдэгчийн үүргийн хэмжээ 275,925,890 төгрөг байсан баримтаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болжээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч ******* ХХК нь тусгай зөвшөөрлийг үндэслэн зээлийн үйл ажиллагааг дагнан явуулдаг, мэргэшсэн аж ахуйн эрхлэгч ба фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь бодитойгоор өмчлөлдөө шилжүүлж авч, бусдад худалдсанаар фидуцийн үүрэг болон зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно.
5.3. Анхан шатын шүүх сөрөг нэхэмжлэлээс фидуцийн зүйлийн үнэлгээгээр тооцож, зөрүү төлбөрт 37,391,946 төгрөгийг гаруулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцжээ.
6. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрээс сөрөг нэхэмжлэл 51,655,164 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11322 шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 157 дугаар зүйлийн 157.5.4 ... гэснийг ... 235 дугаар зүйлийн 235.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
С.ЭНХБАЯР