Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00486

 

*******, ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 110,024,122 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 11 сарын 04-ний өдөр 208 дугаар Түрээсийн гэрээ байгуулан, гэрээний дагуу өөрийн ******* ХХК-ийн нэр дээр зээлийн барьцаанд байдаг цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн ******* ХК-аас Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэлт хийж хамтарч ажиллаж байсан.

1.2. 2023 оны 12 сарын 21-ний өдөр ******* сумын Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээврийн авто замын 64 дэх километрт ******* нь өөрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад ******* ХХК-ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан ******* нь жолоо барьж явахдаа зүүрмэглэж урсгал сөрөн манай машины өөдөөс ирэхэд миний бие замаас гарах арга хэмжээ авсан боловч манай машины чиргүүлийг шүргэж улмаар замын хажуу тал руу тээврийн хэрэгсэл унагаж зам тээврийн осол гарсан бөгөөд зам тээврийн осол гаргасан ******* ХХК-ийн жолооч ******* анхны тусламж үзүүлэлгүйгээр ослын газраас зугтааж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.5, 11.3, 13.1-д заасныг тус тус зөрчиж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж гэмт буруутай болохыг тогтоож 2023 оны 12 сарын 25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 0130649 дугаартай Шийтгэлийн хуудас-аар тухайн зөрчилд нь шийтгэл ногдуулсан.

1.3. Энэхүү зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 64,645,000 төгрөгийн хохирол учруулсан болохыг 2023 оны 12 сарын 25-ны өдөр ******* ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон. Мөн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн шатахууны төлбөрт нийт 366 литр түлшийг тухайн өдрийн ханшаар 1 литрийн 4,630 төгрөгөөр бодож нийт 1,694,580 төгрөг, ковш хөлсөлсөн төлбөр 1,500,000 төгрөг, ачиж явсан нүүрсний хорогдол 5,274,926 төгрөг, 2023 оны 12 сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 сарын 13-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслээ журмын хашаанаас авч чадаагүй журмын хашааны төлбөрт 1 өдрийн 22,000 төгрөгөөр тооцож нийт төлбөрт 1,804,000 төгрөг, тээврийн хэрэгслийн жолооч *******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож 1,682,586 төгрөгөөр эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн, 2023 оны 12 сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан шатахууны төлбөр 173,030 төгрөг, 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл журмын хашаанаас автомашинаа авч чадалгүй, ямар нэгэн тээвэрт ороогүй ажилдаа явж чадаагүй тул энэ хугацаанд олох байсан орлогод дунджаар 1 сарын орлого 10,000,000 төгрөгөөр тооцож 3 сарын хохиролд 30,000,000 төгрөг, нийт 110,024,122 төгрөгийн хохирол учирсан.

1.4. Зам тээврийн осол гарсан гэдгийг ******* ХХК зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн байдаг бөгөөд энэ нь зөрчлийн хэрэгт тухайн үед ирүүлсэн баримтаар болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамгатай, манайх осол гаргасан талаар мэдэж байгаа учраас ямар нэгэн гомдол санал байхгүй, манай тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргаж өгнө үү гэсэн нотлох баримт хэргийн материалд авагдсан байгаа. Энэ нь ******* ХХК жолооч *******ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан гэдгийг мэдэж байсан болохыг нотолж байна. Тиймээс иргэн *******д учирсан хохирлыг ******* ХХК бүрэн хариуцах нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.

1.5. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дугаар зүйлийн 499.1-д заасныг үндэслэн ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******ын гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд нийт 110,024,122 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

2.1. ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл нь ******* ХХК-ийн нэр дээр 2021 оноос хойш зээлийн барьцаанд байгаа бөгөөд өмнөх зээлдэгч ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагын зүгээс уг тээврийн хэрэгслийг хураан авч, иргэн *******тэй 2022 оны 04 сарын 28-ны өдөр ЗГ0500220306 тоот, 2022 оны 04 сарын 20-ны өдөр ЗГ0500220300 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, зээлийг төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцон гэрээ байгуулан худалдан борлуулсан.

2.2. ******* нь тээврийн хэрэгслийг худалдан авсан үеэс эхлэн өөрийн эзэмшил ашиглалтад байлган орлого олдог байсан. 2023 оны 12 сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа зам тээврийн осолд орсон бөгөөд тэрээр осолд орсон хэдий ч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан боловч шүүхийн маргаантай байгаа учраас өнөөдрийн байдлаар ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй, уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь манай байгууллага байна.

2.3. Фидуцийн гэрээ болон зээлийн гэрээгээр ******* ХХК-аас худалдаж авч тээврийн хэрэгслийг ашиглаж, үр шимийг нь хүртэж, учирсан хохирлыг нь бүрэн хариуцаж байсан хүн ******* байгаа учраас хохирлын төлбөрийг нэхэмжлэгч ******* хариуцагчаас гаргуулж авах нь үндэслэлтэй байна гэж үзэж тухайн осол гаргасан үед өмчлөгч байсан гэдэг утгаар манай байгууллага нэхэмжлэгчээр орж ирсэн.

2.4. Нэхэмжлэгч ******* ХХК нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр болох автомашины хохирол болох 64,645,000 төгрөг, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Манай байгууллагын хувьд тухайн тээврийн хэрэгсэл ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан этгээд нь ******* байсан гэдгийг баталж байгаа бөгөөд хохирлын төлбөрийг нэхэмжлэгч *******д олгоход ******* ХХК татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

3.1. ******* ХХК нь *******тай 2023 оны 09 сарын 15-ны өдөр компанийн хөрөнгө болох Beiben North Benz маркийн ******* арлын дугаартай ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* ХХК-ийн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт боомтын цагаан хад руу нүүрс тээвэрлэх болон холбогдох бусад ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 6 сарын хугацаатай хөлсөөр ажиллах 23/12 дугаартай гэрээг байгуулан ажиллаж байсан.

3.2. ******* нь тухайн үед компанийн үндсэн ажилтан байгаагүй бөгөөд 2023 оны 12 сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргасан байна. Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Компанийн эд хөрөнгө болох Beiben North Benz маркийн /Арлын дугаар *******/ ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажиллагчийн эзэмшилд шилжүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг ажиллуулагч хариуцахгүй, 5 дугаар зүйлийн 5.11-д Ажиллагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн бусдад учирсан хохирол, хор уршгийг өөрөө бүрэн хариуцна гэж заасан.

3.3. Зам тээврийн ослын тухайд нэхэмжлэлд ******* нь жолоо барьж явахдаа зүүрмэглэж урсгал сөрөн манай машины өөдөөс ирэхэд ******* нь замаас гарч арга хэмжээ авсан боловч манай машины чиргүүлийг шүргэж улмаар замын хажуу тал руу унагаж тээврийн осол гарсан гэсэн байна. *******ын бидэнд хэлснээр нойрмоглосон зүйл байхгүй, тухайн тээврийн хэрэгслийг шүргээгүй тул хөдөлгөөнөө үргэлжлүүлэн цааш явсан гэсэн.

3.4. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 16600 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед уг машин урд талаасаа мөргөлдөж кабин ханзарч хэв байдлаа алдсан гэсэн байна. Мөн 16600 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланг холбогдогч *******ад танилцуулаагүй, нэхэмжлэгчийн мэдүүлснээр автомашины чиргүүлийг шүргэсэн байхад яагаад автомашин урдаасаа мөргөлдсөн байдалтай үнэлгээ гаргуулаад байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.

3.5. Уг хэрэг нь хоёр нэхэмжлэгчтэй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн оролцогч орж болно. Гэхдээ нэхэмжлэгч ******* ХХК, иргэн ******* нарыг төлөөлж байгаа төлөөлөгч нь нэхэмжлэгч нар нэгдмэл санаа зорилготой эсэхийг мэдэгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа байдлаас харахад нэхэмжлэгч нар нэгдмэл санаа зорилго агуулагдахгүй байна гэж үзэж байна.

3.6. Учир нь Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулж авахад уг тээврийн хэрэгсэл *******гийн нэр дээр байгаагүй гэдэг нь гараад ирсэн. Тэгэхээр фидуцийн буюу барьцааны гэрээгээр тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа хүн нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн хохирлыг нэхэмжлэх эрхтэй эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч талаас тээврийн хэрэгслийн үнэлгээний төлбөр болох 64,645,000 төгрөгийг ******* ХХК нэхэмжилж байгаа гэж хэлж байна. Нэхэмжлэгч нарын хувьд жинхэнэ нэхэмжлэгч хэн нь болох талаар нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

3.7. Мөн тээвэр хийсэн бол 1 сарын 10,000,000 төгрөг, 3 сарын олох ёстой байсан орлого 30,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг нотолж байгаа баримт хэрэгт байхгүй байна. Нүүрсний хорогдол гэж 5,274,926 төгрөг нэхэмжилж байгаа ч нүүрсний хорогдол байсан эсэх тодорхойгүй. Тухайн үед очоод 40 тонн ачаанаас хэдийг нь ашиглах боломжтой байсан, хорогдол тооцох гэж байгаа бол акт бичигдэх ёстой. Энэ талаар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч тал энэ талаар нотлох үүрэгтэй, нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Талуудаас гаргасан нотлох баримт нь дутуу юм шиг санагдаж байна. Зөрчил гаргасан жолооч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулчхаад өөрөө байхгүй байна. Хариуцагч талаас осол гаргасан жолоочоо оролцуулах ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Хохирол учруулсан байгаа болохоор хариуцлага хүлээх ёстой байх. Нэг талаар хариуцагч тал гэм буруутай гэж үзэж байна. Бодит хохирол учруулсан, 3 cap ажил төрлийг алдагдуулсан учраас хохирол барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 72,012,586 /далан хоёр сая арван хоёр мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,011,536 /гучин найман сая арван нэгэн мянга таван зуун гучин зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч ******* ХХК тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас мөнгө шаардахгүй гэснийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 518,013 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгосон 869.000 төгрөгөөс 64.000 төгрөгийн эмчийн үзлэгт төлсөн төлбөрийн баримт хэрэгт авагдсан байтал уг төлбөрийг гаргуулаагүй мөн 2023 оны 12 дугаар 26-ны өдрөөс 28-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явсан шатахууны төлбөр 173,030 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

6.2. Эрдэнэт хотод амьдардаг хүн Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхэд Эрдэнэт хотоос-Улаанбаатар чиглэлд өөрийн автомашинаар зорчсон нөхцөлд шатахууны зардал гаргах нь бодит зардал бөгөөд уг осолд ороогүй байсан бол нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй байсан.

6.3. Өөрөөр хэлбэр 2023 оны 12 сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хот руу явахад болон буцахад өөрийн автомашинд хийсэн шатахууны төлбөр 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 03:49 цагийн Дархан ШТС-З-ийн 42,000 төгрөгийг төлбөрийн баримт, 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 18:47 цагийн 53,000 төгрөгийн Сод Монгол групп ХХК-ийн төлбөрийн баримт, 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 22:54 цагт 40,000 төгрөгийг Дархан хотын ШТС төлбөрийн баримт, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00:48 цагийн Эрдэнэт ШТС-ийн 37,030 төгрөгийн баримт, Орхон аймаг постын төлбөр 1,000 төгрөгийг тус тус нийт 173,030 төгрөгт шатахууны төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан.

6.4. Гэтэл шүүхээс эмчилгээний зардалд 813,586 төгрөгийг гаргуулан, ямар үндэслэлээр үлдсэн эмчилгээний төлбөр 869,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь эмчилгээний төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба тухайн эмчилгээний төлбөрийн баримтын зарим нь осолтой шалтгаант холбоотой, зарим нь холбоогүй гэж үзэх боломжгүй юм.

6.5. Мөн уг зам тээврийн ослын улмаас Улаанбаатар хотод ирж Шүүх эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэсэн байтал шүүхээс уг эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал болох шатахууны баримтыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлээ дурдахгүйгээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.

6.6. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 02.36 цагт ******* ХК-аар өөрийн ******* улсын дугаартай авто Sinotruck Howo маркийн авто машин, ******* чиргүүлээр нэг чингэлэг цэвэр жин 70,050 кг нүүрс ачиж гарсан болох нь пүүний баримтаар нотлогддог бөгөөд Фүжибит ХХК-аар 2023 оны 12 сарын 23-ны өдрийн 08:27 цагт ачиж ирсэн нүүрсийг хэмжүүлэхэд цэвэр жин 56,850 кг байсан бөгөөд анх уурхайгаас ачиж гарсан нүүрснээс 13,200 кг нүүрс дутсан байгаа нь пүүний бичгээр нотлогдож байхад шүүхээс энэхүү баримтыг үнэлээгүй бөгөөд уг ослын улмаас *******гийн унаж явсан тээврийн хэрэгсэл унаж ачиж явсан нүүрс асгарсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зургаар авагдсан байхад шүүхээс энэхүү баримтыг үнэлэхгүйгээр нүүрсний хорогдол нь осолтой шалтгаант холбоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

6.7. Нүүрсний хорогдлоос шалтгаалж ******* ХХК-аас хэвийнээс хэтэрсэн хоргодлын төлбөрт 5,274,926 төгрөгийг нэхэмжлэгчийн тээврийн тооцооноос суутган авч үлдсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч мөн адил энэхүү нотлох баримтыг шүүхээс үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

6.8. Мөн *******гийн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орсны улмаас эвдэрч өөрөө явах боломжгүй болсон тул осол гарсан газраас тээврийн хэрэгслийг журмын хашаанд зөөж аваачихын тулд 13-06 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр осолд орсон тээврийн хэрэгслийн зүтгүүрийг, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр чиргүүлийг тус тус чирүүлж 63 дахь км-ээс 2 км чирүүлж журмын хашаанд хүргүүлсэн бөгөөд дээрх машинд ******* ХХК-ийн хамтарч ажилладаг Грийн жоб ШТС-аас 1л түлшийг 4630 төгрөгөөр тооцож 1,694,580 төгрөгийн шатахуун хийж өгсөн.

6.9. Уг тооцоог өөрийн ******* ХХК-аас авах тооцооноос хасуулсан гэтэл зам тээврийн осолд орсноос болж тээврийн хэрэгслийг толгой, чиргүүлээр салгаж тус бүрд автомашинд чирүүлж журмын хашаанд хүргүүлсэн шатахууны төлбөр нь осолтой шалтгаант холбоогүй гэж хариуцагчаас гаргуулаагүйгээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 24/302 дугаартай албан бичиг жолоочийн ШТС-аас шатахуун авсан тухай баримтаар нотлогдож, бодит нөхцөл байдалд чирүүлэхээс өөр аргагүй болсон нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зураг зэргээр тогтоогдож байхад уг ослоос шалтгаалж нэхэмжлэгчид учирсан бодит хохирлуудыг гаргуулаагүй нь үндэслэлгүй байна.

6.10. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 208 дугаартай Түрээсийн гэрээ, 2023 оны 11 сарын 04-ний өдрийн 22/208 дугаартай Түрээсийн гэрээ-г тус тус байгуулан дээрх гэрээний дагуу ******* сум, ******* ХК-ийн гэрээт компанийн нүүрсийг тээвэрлэх ажлыг өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай Sintruck Howo маркийн автомашин, ******* улсын дугаартай чиргүүлээр тээвэрлэлт хийж орлого олдог байсан.

6.11. Тодруулбал нэхэмжлэгч нь тээвэр хийж cap бүр 10,000,000 гаруй төгрөгийн орлого олж зээл төлдөг байсан бөгөөд энэ нь дансны хуулга болон олсон орлогод төлж байсан татварын баримтууд, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдох бөгөөд ослын улмаас 3 cap гаруй хугацаанд өөрийн тээврийн хэрэгслээр тээвэр хийж орлого олох боломжгүй болсон нь зам тээврийн ослоос үүссэн буюу хохирол хор уршгийн хооронд шууд шалтгаанд холбоотой бодит хохирол юм. Гэтэл шүүхээс олох байсан орлоготой холбоотой нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр 3 сарын хугацаанд олох байсан орлого 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

6.12. Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхгүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг хуулиар тогтоосон бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болохыг эрх бүхий албан тушаалтан тогтоосон бөгөөд шүүхээс мөн буруутай гэж үзэж хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа үндэслэлгүйгээр олох байсан орлогыг шалтгаант холбоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

6.13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, эмчилгээний төлбөрт 64,000 төгрөг, ачиж явсан нүүрсний хорогдолд 5,274,926 төгрөг, шатахууны төлбөр 173,030 төгрөг, автомашин, чиргүүл чирүүлсэн 2 тээврийн хэрэгсэлд 366 л шатахуун хийсний төлбөрт 1,694,580 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 37,206,536 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 110,024,122 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* нь 2023 оны 12 сарын 21-ний өдөр ******* сум Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээврийн автозамын 64 дэх километрт ******* ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *******гийн жолоодож явсан ******* улсын дугаартай Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан;

 

3.2. 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 0130649 дугаар шийтгэлийн хуудсаар *******ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан;

 

3.3. ******* ХХК-ийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн ******* улсын дугаартай Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгсэлд 64,645,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон;

3.4. Мөн нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2022 оны 04 сарын 27-ны өдөр ЗГ0500220306 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 32,000,000 төгрөгийг бэлэн бусаар, сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин лизингээр авахаар харилцан тохиролцсон;

 

3.5. ******* улсын дугаартай Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгсэл болон ******* улсын дугаартай чиргүүлийн өмчлөгчөөр ******* ХХК бүртгэгдсэн;

 

3.6. Мөн нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2022 оны 11 сарын 04-ний өдөр 208 дугаар Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* улсын дугаартай Sinotruck Howo маркийн зүтгүүр, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай чиргүүлийг 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн зүйлээр тээвэрлэлт хийсэн тухай бүрд тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон түрээсийн төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гэм хорын хохиролд 72,012,586 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

5. ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 09 сарын 15-ны өдөр 23/12 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компанийн хөрөнгө болох Beiben North Benz маркийн ******* арлын дугаартай ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-ийн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт боомтын Цагаан хад руу нүүрс тээвэрлэх болон холбогдох бусад ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан баримт нь хэрэгт хамааралтай, гэм буруутай үйлдэлд шууд шалтгаант холбоотой байхад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.

 

6.1. Хэргийн баримтаар зам тээврийн ослын улмаас тээвэрлэж явсан нүүрс асгарч, улмаар түүнийг буцаан тээвэрлэхэд уурхайн ачилт 70,05 тонн, буулгасан жин 56,85 тонн, ачилт, буулгалтын зөрүү 13,2 тонн, үүний үнийн дүн 5,274,926 төгрөг болсон талаар баримт гаргасныг хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй байхад уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу болжээ.

Хариуцагч байгууллагын жолоочийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн тээвэрлэж явсан нүүрс асгарч, улмаар буцаан ачиж тээвэрлэхэд гарсан хорогдол нь шууд шалтгаант холбоотой байх тул нотлогдож байгаа хэмжээгээр буюу 5,274,926 төгрөгийг гэм хорын хохиролд хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй.

 

6.2. Нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан ******* мед эмнэлгийн 64,000 төгрөгийн баримтыг хохиролд оруулан тооцоогүй анхан шатны шүүхийн алдааг залруулна.

 

6.3. Анхан шатны шүүх 2023 оны 12 сарын 21-ний өдрийн ослын улмаас нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж, олох ёстой байсан түрээсийн орлогын хэмжээгээр хохирол учирсан шалтгаант холбоотой байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасанд нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь осол гарах өдрийг хүртэл ******* ХХК-тай 2022 оны 11 сарын 04-ний өдөр 208 дугаар Түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан сүүлийн нэг жилийн орлого 75,836,362 төгрөгөөс нэг сарын орлогыг тооцоход 6,319,696 төгрөг /75,836,362/12=6,319,696 /-ийн орлогыг нэг сард олдог байжээ. Нэг сарын орлогыг нэхэмжлэгчийн шаардаж байгаа 3 сараар тооцоход нийт 18,959,088 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн ... нэг сарын 10,000,000 төгрөгийн орлого олдог ... гэсэн давж заалдах гомдол нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нотлогдож байгаа хэмжээгээр олох ёстой байсан орлого 18,959,088 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлт оруулна.

 

6.4. Давж заалдах гомдолд дурдсан шатахууны төлбөр нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, түүнийг харгалзан үзсэн нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, 66.8 дахь хэсэгт нийцжээ.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын найруулга тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөн найруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11398 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 72,012,586 ... гэснийг ... 96,310,600 ... гэж, ... 38,011,536 ... гэснийг ... 13,713,522 ... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталсугай гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... 518,013 ... гэснийг ... 639,503 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,982 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР