Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 142

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул, 

Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, 

Шүүгдэгч З.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Уд холбогдох эрүүгийн 1930000000175 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг Буурал цагаан гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй З.У. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч З.У нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Рашаантын .... тоотод хохирогч Д.Бийн толгойн тус газар гутлаар цохиж эрүүл мэндэд толгойн үстэй хэсгийн урагдсан шарх бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Д.Б архи уучихаад намайг доромжлоод байсан. Тэгээд би Д.Бийн өмсөж байсан хромон гутлаар нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч З.У мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт байх Д.Бийн гэрт очиж Д.Бийн хүүхэд Б.Дыг авч хөдөө явах гэж байсан юм. Тэгээд Д.Бийн хүүхэд Б.Д нь би ээжээс асуугаад ирье гэж хэлээд гэрлүүгээ ороход Д.Б гэрээсээ гарч ирээд би чамайг ална чи эцэг, ах хоёрыгоо алсан биз дээ би чамайг гутлаа өмсөж гарч ирээд ална гэхээр нь би араас нь дагаж ороод Д.Бийн гутлыг булааж аваад Д.Бийн толгой хэсэгт 1 удаа  хромон гутлаар цохисон тэгээд би Д.Бийн гэрээс гарч явсан. Өөр ямар нэг зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

 

Хохирогч  Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мөнххаан сумын төвд байх Пүрэвжав гэх айлд архи ууж байгаад орой гэртээ очсон. Би тухайн үед их согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Манай хүргэн З. Уртнасан манай гэрт ирж манай хүү Б.Дыг авч явахаар ирсэн гэсэн. Тэгээд манай хүү Б. Дугарлхам хөдөө явахгүй гэж З. Уртнасанд хэлсэн тэгтэл З.У манай гэрийн гадаа мотоциклио хаазлуулаад байхаар би гэрээс гарч З.Уд наад хүүхэд чинь явахгүй гээд байгаа юм бишүү  гэж хэлсэн гэсэн. Тэгээд намайг гэртээ байхад манай хүргэн З.У нь манай гэрт орж ирээд миний өмсөж байсан хар өнгийн хромон гутлаар намайг цохисон гэсээн тэгээд манай эхнэр У. Уранчимэг нь сумын эмнэлэг дуудсан байсан. Тэгээд би нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр толгойгоо боолгосон байсан. Намайг манай хүргэн З. Уртнасан зодсон болохоор би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай хүргэн З. Уртнасан бид хоёрын дунд ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. Би хүргэн З. Уртнасанд зодуулсны улмаас миний толгой орой хэсэгт 3 оёдол тавиулсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-4-5х/,

         

Хохирогч Д.Б  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ Долцонсүрэн овогтой Батхуяг миний бие  Зэсэндорж  овогтой Уртнасанд  холбогдох  эрүүгийн хэргийн хохирогч юм. Миний бие З.Утай сайн дураар эвлэрч  цаашид нэхэмжлэх зүйлгүй  санал бодолгүй болохоо  үүгээр илэрхийлж байна....Миний хувьд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй  холбоотой надаас зардал гараагүй бөгөөд биеийн байдал хэвийн эдгэрсэн. З.У нь   өөрийнхөө хийсэн  үйлдэлд  надаас уучлал гуйсан  тул хэргийг шийдвэрлэхдээ хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ. 

 

Гэрч У.Уранчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр З. Уртнасан манай хүү Б.Дыг хөдөө гэр рүүгээ авч явахаар ирсэн юм. Тэгээд манай хүү явахгүй гээд байсан юм. Манай нөхөр Д.Б  тухайн үед гэртээ согтуу сууж байсан. Тэгээд манай нөхөр гадаа гарч гадаа байсан З.Утай маргалдаж байгаад  гэр рүүгээ орж гутлаа өмсөх гээд сууж байтал гаднаас З.У орж ирээд манай нөхрийн гараас гутлыг нь булааж аваад манай нөхөр Д.Бийн толгой руу хар өнгийн хромон гутлаар нь З. Уртнасан нэг удаа цохиход манай нөхрийн толгойноос цус гарч гэрээр дүүрэн цус гарахаар би З.Уд наад хүнийхээ цус нөжийг нь цэвэрлэж өг гэхэд З. Уртнасан чадахгүй, гээд намайг хэл амаар доромжилчихоод хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд манай нөхрийн толгойны цус нь тогтохгүй болохоор нь би сумын эмнэлэг рүү ярьж дуудлага өгч сумын эмнэлэг ирж манай нөхрийг аваад эмнэлэг рүү явсан...”  гэсэн мэдүүлэг /хх-7х/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 359 дугаартай: Д.Бийн биед толгойн үстэй хэсгийн урагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 10 / 

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-21-22х/, 

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26 дугаартай тодорхойлолт /хх- 23/ 

 

Шүүгдэгч З.Угийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, 

Шүүгдэгч З.Угийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 32/ 

 

Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал  /хх-ийн 33/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч З.У нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Рашаантын 15-17 тоотод хохирогч Д.Бийн толгойн тус газар хромон гутлаар цохиж эрүүл мэндэд толгойн үстэй хэсгийн урагдсан шарх бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч З.Угийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Б, гэрч У.Уранчимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч З.Уд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч З.У нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа согтуугаар хохирогч Д.Бийн толгойн тус газар хромон гутлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан байна. 

 

Шүүгдэгч З.Угийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул З.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч З.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч З.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүүн хөлийн хар өнгийн 1 ширхэг хромон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Бт буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч З.У нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч З.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Уг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан З.Угийн орлого олох боломжийг харгалзан уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Ялтан З.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан З.Уд мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч З.Уд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүүн хөлийн хар өнгийн 1 ширхэг хромон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Бт буцаан олгосугай.

 

7. Ялтан З.У нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР