Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00532

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09878 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ид холбогдох,

Хүүхдийн сургалтын төлбөрт 30,889,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******той 2007 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 оны 04 сарын 10-ны өдөр охин ******* төрсөн бөгөөд охиныг 2 нас хүрч байхад ******* бид 2 хамтран амьдрахаа больж тусдаа амьдарч эхэлсэн. 2013 оны 05 сарын 09-ний өдөр *******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр охин *******ийг төрсөн эцэг *******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

1.2. Охин ******* 2015 оны 09 сард ******* сургуульд 1-р ангид элсэн орж суралцсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл амжилттай суралцаж байна. Охин *******ийн сургуулийн төлбөрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн шүүх хурлаар ... сургуулийн төлбөрийг тухайн жил бүр нь нэхэмжилж байхаар...талууд харилцан зөвшилцөж, тус шүүхийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02777 дугаар захирамжаар ******* нь охин *******ийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургуулийн төлбөрийн тодорхой хувь болох 1,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрч, төлбөрийг төлсөн.

1.3. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02804 дугаар шийдвэрээр *******оос 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 42 дугаартай магадлалаар *******оос 4,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд охин *******ийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургуулийн төлбөрийн 50 хувь болох 4,250,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр *******оос гаргуулсан.

1.4. Одоо охин *******ийн 2018-2019 он, 2019-2020 он, 2020-2021 он, 2021-2022 он, 2022-2023 он, 2023-2024 он, 2024-2025 онуудын хичээлийн жилийн сургуулийн төлбөрт 37,900,000 төгрөгийг төлсөн. Сургуулийн төлбөрийн 50 хувь болох 18,950,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

1.5. Мөн охин *******ийн нүдний эмчилгээний төлбөрт 1,178,850 төгрөг, шүдний эмчилгээний төлбөрт 574,000 төгрөг, охины Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбоо-ны гишүүн тамирчин ба спортын дэд мастер цолтой болтлоо тэмцээнд оролцсон баримтуудыг үндэслэн 19,865,200 төгрөг, бусад сургалтын төлбөртэй холбоотой баримтуудыг үндэслэн 2,261,000 төгрөгийн 50 хувь болох 11,939,525 төгрөгийг гаргуулахаар хариуцагч *******оос нийт 30,889,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 сарын 09-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр хариуцагч *******ийг 2009 оны 04 сарын 10-ны өдөр төрсөн *******ийн биологийн эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Хариуцагч *******ийн хувьд нэхэмжлэгч *******тэй гэр бүл болж хамтран амьдарч, хамтын амьдралтай байсан зүйл огт байхгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нэг удаагийн нөхцөл байдлын улмаас охин ******* нь төрсөн. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той хүүхдийг төлбөртэй сургуульд суралцуулахдаа харилцан зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хэрхэн хуваарилахаар тохиролцсон зүйл байхгүй, хамтран тэгш эрхтэй шийдвэр гаргаж байгаагүй зөвхөн өөрийн нэг талын хүсэлтээр төлбөртэй сургуульд суралцуулж сургалтын төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3. Хариуцагчийн хоёр хүүхэд улсын сургуульд суралцдаг, банкны урт хугацааны зээлтэй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй тул төлбөртэй сургуулийн сургалтын төлбөрийг төлөх боломжгүй. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 20,702,850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,186,975 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 261,464 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах бүртээ хариуцагч *******той хамтран амьдарч байсан мэтээр илт үндэслэлгүй, бодит үнэнтэй огт нийцэхгүй тайлбарыг гаргадаг болно.

4.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй хамтран амьдарч огт байгаагүй, 2011 онд утсаар нэг удаа ярьж байснаас хойш өөр харилцаа холбоогүй, уулзаж харилцаж байсан зүйлгүй бөгөөд охин *******ийг 4 настай байхад нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хариуцагч ******* нь банкны урт хугацааны зээлтэй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй тул төлбөртэй сургуулийн сургалтын төлбөрийг төлөх боломжгүйн улмаас хариуцагчийн хоёр хүүхэд улсын сургуульд суралцдаг нэгэн болно.

4.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, зөв дадал хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар зохицуулсан нь хүүхдээ сургалтын төлбөргүй болон төлбөртэй сургуульд суралцуулах нь эцэг эхийн шийдвэр боловч төлбөртэй сургуульд суралцуулж сургалтын төлбөр төлөх үүргийг хамтран хариуцахаар бол зөвхөн нэг талын хүсэл зоригоор бус, харин төлбөрийг хамтран хариуцах үүрэг бүхий нөгөө этгээдийн санхүүгийн чадвар бусад байдлыг харгалзан тохиролцож улмаар хамтран шийдвэр гаргах замаар тэгш эрхтэйгээр оролцсоноор эцэг эх тал хүлээх адил үүрэг үүсдэг болно.

4.4. Нэхэмжлэгч ******* нь охин *******ийг төлбөртэй сургуульд зөвхөн өөрийн нэг талын хүсэлтээр суралцуулахдаа хариуцагч *******той зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хэрхэн хуваарилахаар харилцан тохиролцож байгаагүй, хамтран тэгш эрхтэй шийдвэр гаргах боломж олгоогүй, хариуцагч талд мэдэгдэж байгаагүй атал анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн үндэслэлээр ерөнхий боловсролын сургуулийн төлбөрт 18,950,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.5. Нэхэмжлэгч нь охин *******ийг дан ганц өөрийн хүсэл зоригоор төлбөртэй сургуульд суралцуулсан нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд нэмэлт зардал гаргах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй болно. Хэрэгт авагдсан баримтаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, цаашид гарах зайлшгүй зардал гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь тэжээн тэтгүүлэгч хүүхдийг төлбөртэй сургуульд суралцуулахдаа хариуцагч *******той харилцан зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хуваарилахаар харилцан тохиролцсон талаар авагдаагүй нэхэмжлэгч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцахаар тохиролцсон гэх нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй болно.

4.6. Нэхэмжлэгч ******* нотлох баримтаар гаргасан Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн 2025 оны 10 сарын 24-ний өдрийн 02/511 тоот ... Тус сургуулийн 11-2 ангийн сурагч *******ийн 2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилүүдийн сургалтын төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудсыг тухайн онуудад *******ийн аав болох *******ийн ******* тоот хаягаар ..., удаа дараа Монгол шуудангаар дамжуулан явуулж байсан нь үнэн болно.

4.7. Сургалтын төлбөрийг 2023 оны 09 сарын 20-ны өдөр бүрэн төлсөн ба тухайн үед явуулж байсан мэдэгдэх хуудаснууд үүрэг биелэгдсэн учир сургуулийн архиваас устгагдсан болно ... гэх тодорхойлолт нь 2023 оны 11 сарын 23-ны өдрийн А/91 тоот Архивын Ерөнхий газрын даргын Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт батлах тухай тушаал болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан баримт бичгийн хадгалалтын хугацаатай нийцэхгүй, шүүн таслах ажиллагаанд нөлөөлж болохуйц ихээхэн эргэлзээ бүхий баримтыг гаргасан гэж үзэж байна.

4.8. Өөрөөр хэлбэл эдгээр журам, хуулийн дагуу санхүүгийн баримт болох төлбөрийн нэхэмжлэлийг устгасан байх боломжгүй бөгөөд санхүүгийн нэхэмжлэл, төлбөрийн баримтууд 50 жилийн хугацаанд тухайн байгууллагын архивд хадгалагддагаас гадна 2025 оны 11 сарын 06-ны өдрийн 18/578 тоот Монгол шуудан ХК-ийн тодорхойлолтоор 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 сарын 01-ний өдрийн хооронд хариуцагчид шуудан илгээмжийн бүртгэл байхгүй болохыг тодорхойлсон.

4.9. Хариуцагч ******* нь охин *******тэй биечлэн огт уулзаж байгаагүй, ******* сургуулийн эрх бүхий этгээд нартай огт холбогдож байгаагүй атал сургуулийн зүгээс хариуцагчийн гар утас, оршин суудаггүй хаягаар төлбөрийн нэхэмжлэл илгээж байсан байх боломжгүй болно.

4.10. *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2025 оны 11 сарын 12-ны өдөр хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 16.00 цагт товлосон ба хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг товлосон өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 15.00 цагт *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ид холбогдох шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцох тул уг шүүх хуралдаан үргэлжилсэн тохиолдолд *******ийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд амжиж оролцох боломжгүй талаар мэдэгдэж байсан боловч шүүх хүлээн аваагүй болно.

4.11. Анхан шатны шүүх *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн зохигч нартай тэгш бус байдлаар хандсан, мэтгэлцэх зарчмыг хангаагүйд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ******* эцэг хүн, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байх ёстой. Эцэг хүн үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлж, сурч боловсрох, эрүүл мэндэд нь анхаарал хандуулах үүрэгтэй. Гэтэл ямар ч нотлох баримтгүй ажилгүй гээд үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлж, сурч боловсрох, эрүүл мэндэд нь анхаарал хандуулахгүй байж болохгүй.

5.2. Эцэг хүн ажилгүй, орлогогүй байлаа гээд үр хүүхдээ сургах, анхаарал хандуулах үүргээсээ чөлөөлөгдөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэвээр үлдээж өгнө үү.

5.3. 2016 оны шүүх хуралдаан болон 2018 оны Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн *******ийн өөрийнх нь зурвас байдаг. Энэ сургууль шалгуураар тэнцдэг бөгөөд бүжгийн тусгай зорилтот сургууль юм. Би *******той хүүхэд энэ сургуульд тэнцсэн байна, явуулах уу, төлбөр /төлбөр нь тухайн үед 4,200,000 төгрөг байсан/-ийг яаж төлөх вэ гэж зурвасаар харилцаж асуусан байдаг.

5.4. Гэтэл ******* энэ жил хямрал гээд санхүүгийн боломж муу байна. Чи тэтгэмжээ цуцлуулчихаа тэгвэл би яаж ийгээд тал хагасыг нь сургуулиа төгстөл нь төлөөд явж чадна. Би чамд боломжоо л хэллээ боломж гарвал төлөөд явна гэж бодож байгаа гэж зурвас бичсэн байдаг.

5.5. Бид энэ асуудлыг ярилцаж байж хүүхдээ энэ сургуульд оруулсан. Энэ мөнгийг хүүхдийн ирээдүйд зарцуулж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь 18,950,000 төгрөг, нүдний эмчилгээний төлбөрийн 50 хувь 589,425 төгрөг, шүдний эмчилгээний төлбөрийн 50 хувь 287,000 төгрөг, тэмцээний зардлын 50 хувь 9,932,600 төгрөг, бусад сургалттай холбоотой зардлын 50 хувь 1,130,500 төгрөг, нийт 30,889,525 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. *******, ******* нарын дундаас 2009 оны 04 сарын 10-ны өдөр охин ******* төрсөн;

 

3.2. Охин *******ийн ******* ерөнхий боловсролын сургуулийн төлбөрт 2018-2019 оны хичээлийн жилд 4-1 ангид 4,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 21-ний өдөр, 2019-2020 оны хичээлийн жилд 5-1 ангид 4,500,000 төгрөг, 2019 оны 08 сарын 30-ны өдөр, 2020-2021 оны хичээлийн жилд 6-4 ангид 4,600,000 төгрөг, 2021-2022 оны хичээлийн жилд 7-4 ангид 5,200,000 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилд 8-4 ангид 5,200,000 төгрөг, 2023-2024 оны хичээлийн жилд 9-4 ангид 5,800,000 төгрөг, 2024-2025 оны хичээлийн жилд 10-2 ангид 6,100,000 төгрөг, 2025 оны 03 сарын 28-ны өдөр нийт 8,100,000 төгрөг, нийт 37,900,000 төгрөгийг төлсөн;

 

3.3. Охин *******ийн нүдний эмчилгээний төлбөрт 1,178,850 төгрөг, шүдний эмчилгээний төлбөрт 574,000 төгрөг тус тус төлсөн;

 

3.4. Охин *******ийн тэмцээний зардалд 19,865,200 төгрөг, бусад сургалттай холбоотой зардалд 2,261,000 төгрөг тус тус төлжээ.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зохицуулсан байна.

 

4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02777 дугаар шийдвэрээр ... охин *******ийн ******* ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн төлбөрийн зарим хэсэг болох 1,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр зохигчид эвлэрсэн тохиролцоог баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02804 дугаар шийдвэрээр охин *******ийн ******* ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалаар ... *******оос 4,250,000 төгрөг гаргуулах-аар өөрчлөлт оруулж, улмаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/00620 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин тогтоохгүй.

 

4.2. Хэргийн үйл баримтаар охин ******* нь ******* ерөнхий боловсролын сургуулиас өндөр төлбөртэй бусад сургуульд шилжин суралцаагүй, хариуцагчтай зөвшилцөн оруулсан сургуульд үргэлжлүүлэн суралцаж байх тул анхан шатны шүүх хариуцагч *******оос охин *******ийн 2018-2025 онуудын хичээлийн жилийн сургуулийн төлбөр 37,900,000 төгрөгийн 50 хувь болох 18,950,000 төгрөгийг нэмэлт зардалд тооцуулж гаргасан нь үндэслэлтэй болжээ.

 

4.3. Нэхэмжлэгч нь ... охин *******ийн нүдний эмчилгээний төлбөрт 1,178,850 төгрөгийн 50 хувь болох 589,425 төгрөгийг, шүдний эмчилгээний төлбөрт 574,000 төгрөгийн 50 хувь болох 287,000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилсэн гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох субьектив эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны шийдвэрлэх үүрэгтэй.

 

Гэтэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж, охин *******ийн нүдний эмчилгээний төлбөрт 1,178,850 төгрөг, шүдний эмчилгээний төлбөрт 574,000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

5. Анхан шатны шүүх охин *******ийн тэмцээний зардалд 19,865,200 төгрөг, бусад сургалттай холбоотой зардалд 2,261,000 төгрөгийн тал хувийг гаргуулах шаардлага нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт зардалд хамаарахгүй гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь уг шийдлийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан талаар үйл баримтыг нотлоогүй гэж дүгнэсэн зөв. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материал танилцуулсан баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул уг баримтыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь эрх зүйн бүрэн чадамжтай, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ... ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй ... гэсэн гомдол нь түүний төрсөн охин *******ийн нэмэлт зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09878 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 20,702,850 гэснийг ... 19,826,425 ... гэж, ... 10,186,975 гэснийг ... 11,063,100 ... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 261,464 ... гэснийг ... 257,082 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР