Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00531

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/10891 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК, ******* нарын хооронд 2019 оны 08 сарын 05-ны өдөр 190802 дугаар Барьцаат зээлийн гэрээ болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, ******* нь уг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд дээрх маргаан бүхий Toyota маркийн Prius 20 загварын ******* арлын дугаар, ******* улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, уг автомашины өмчлөх эрхийг 2019 оны 08 сарын 05-ны өдөр ******* ХХК-д шилжүүлсэн.

1.2. Нэхэмжлэгчээс *******д холбогдуулан Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул манай компанийн зүгээс уг зээлийн гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг шаардсан байдаг боловч анхан шатны шүүхээс, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн дээрх Toyota маркийн Prius 20 загварын автомашин, түүний өмчлөх эрхийг 2019 оны 08 сарын 19-ний өдөр *******д шилжүүлсэн буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авсан ба бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан байна.

1.4. Нэхэмжлэгч нь ******* гэх хүнийг танихгүй, түүнтэй дээрх маргаан бүхий автомашиныг худалдах талаар ямарваа нэгэн хэлцэл хийж байгаагүй бөгөөд тухайн үед уг автомашины оронд өөр автомашин барьцаалуулъя гэсэн *******ий хүсэлтээр автомашиныг *******д 2019 оны 08 сарын 19-ний өдөр шилжүүлсэн байдаг.

1.5. Нэгэнт, анхан шатны шүүхээс ... ******* ХХК фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авсан ба бусдад худалдан борлуулсан ... гэж дүгнэсэн учир *******тэй байгуулсан дээрх гэрээгээр маргаан бүхий автомашиныг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн төлбөрийг *******аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,000,000 төгрөгийг *******аас гаргуулж, ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* намайг ******* ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн нэхэмжлэлийг ор үндэслэлгүй буюу ******* ХХК болон ******* нарын хоорондын дунд маргаанд хамаарахгүй болно.

2.2. Хариуцагч нь хадам ээжийн картыг авч хэрэглэдэг байсан ба яг 2019 оны 08 сарын 19-ний өдөр ******* гэдэг хүний ******* тоот данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хадам ээжийн дансны хуулгыг шалгахад гарч ирсэн.

2.3. Нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тээврийн хэрэгслийг маркийг Prius-20 марк гэж шаардаж байсан. Гэтэл өнөөдөр Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл гэж зөрүүтэй ярьж байна. Би хавдрын хагалгаанд орсон учраас зарим зүйлээ мартсан зүйл байж болно.

2.4. ******* ББСБ ХХК нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэдгийг мэдсээр байж гүтгэж өөрсдөө үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодолтой байгаа байх. 2019 онд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байсан бол намайг яагаад хайгаагүй юм. Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч ******* нь 2020 онд буюу Ковидын цар тахал гарсан үед 8911 дугаарын утаснаас залгаад таны данснаас зарлага гарсан эсэхээ шалгаад өгөөч гээд хэд хэдэн удаа залгасан. Тэгээд би нэхэмжлэгч компанид туслах гээд шүүхэд хүртэл гэрчээр оролцсон.

2.5. Машины эзэмшигч нэхэмжлэгч компанид 5,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан бол надад барьцаанд тавьсан мөнгөөр зарах албагүй. Хоёр хүн хоорондоо тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн байх. Олон жилийн хугацаа өнгөрсөн байхад намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд нэхэмжилж байгаа нь утгагүй санагдаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.2.3-т тус тус заасныг баримтлан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд автомашин худалдах, худалдан авах тухай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн баримт байхгүй байхад шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, худалдан авагч гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.

4.2. Хариуцагч нь автомашины үнийг нэхэмжлэгчид төлсөн баримт гаргаагүй, худалдан авах гэрээ байгуулаагүй, мөнгөө хэнд, ямар үндэслэлээр шилжүүлснээ тодорхой нотолж чадаагүй атлаа зөвхөн гуравдагч этгээдийн данс руу шилжүүлсэн гэх тайлбарт тулгуурлан өмчлөх эрх олж авсан гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрх хууль ёсны хэлцлээр үүсдэг бөгөөд энэхүү хэрэгт хууль ёсны хэлцэл тогтоогдоогүй.

4.3. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй байхад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй нь тодорхой байсаар байхад шүүх уг заалтыг хэрэглэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.

4.4. Фидуцийн гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгө нь зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн өмч хэвээр хадгалагдах зохицуулалттай байхад ******* гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд маргаан бүхий автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдсэн болохыг шүүх хангалттай дүгнээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь тухайн автомашины хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд хариуцагч нь уг эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

4.5. Хариуцагч нь автомашиныг эзэмшиж, улмаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн боловч нэхэмжлэгчид төлбөр төлөөгүй, хууль ёсны хэлцэл байгуулаагүй нөхцөлд нэхэмжлэгч автомашины үнэлгээ болох 5,000,000 төгрөгийг буцаан шаардах хууль ёсны эрхтэй юм. Иймд хариуцагчийн үйлдэл нь Иргэний хуулийн 192 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн байдлын шинжийг бүрэн агуулж байна.

4.6. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх үүргийг хариуцагч биелүүлээгүй байхад шүүх түүний тайлбарыг хангалттай нотолгоо гэж үнэлсэн нь процессын хувьд ноцтой зөрчил болсон. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бодитой үнэлээгүй, хууль зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн.

4.7. Иймд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/10891 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Автомашиныг худалдаж авсан. 2019 онд болсон зүйлийг сайн санахгүй байна. Нэхэмжлэгч байгууллага миний нэр дээр албан тоот гаргаж өгсөн атлаа худалдах, худалдан авах гэрээ байхгүй гэж тайлбарладаг.

5.2. *******ий банк бус санхүүгийн байгууллагад тавьсан автомашиныг би худалдаж авсан. Би энэ хоёрыг сайн танихгүй, тухайн үед аль нэгэнд нь автомашины мөнгийг өгсөн. Тухайн үед нөхөр бид хоёрын дансанд мөнгө байхгүй байсан учраас хадам ээжийн данснаас 7,000,000 төгрөгийг нэг хүний данс руу шилжүүлсэн байдаг. Мөнгө шилжүүлсэн хүнийг олох боломжгүй.

5.3. 2019 оны 08 сарын 19-ний өдөр автомашиныг надад шилжүүлж өгсөн. Би компаниас хулгай хийгээгүй, хүний автомашиныг хулгай хийх боломжгүй тэгэхээр аль нэгтэй нь тохиролцож автомашиныг авсан. Автомашиныг шилжүүлж авснаас хойш 2020 онд ******* өмгөөлөгч над руу ярьж таны нэр дээр ийм автомашин шилжиж ирээд та буцаагаад зарсан байна. Та надад дансны хуулга байвал гаргаж өгөөч гэж хэлж байсан ба над руу хэд хэдэн удаа залгасан.

5.4. Хэрэв би хулгай хийсэн бол 2019 он буюу Ковид-19 цар тахал гарсан үе байсан учраас намайг гэртээ байх үед ******* өмгөөлөгч, эсхүл *******, нэхэмжлэгч байгууллагын аль нэг нь намайг цагдаа шүүхэд өгөх байсан. Тэгэхээр давж заалдах гомдол үндэслэлгүй, би өгөх ёстой мөнгөө өгөөд автомашиныг худалдаж авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь маргааны зүйл болсон автомашиныг 7,000,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... ******* ХХК, ******* нарын хооронд 2019 оны 08 сарын 05-ны өдөр 190802 дугаар Барьцаат зээлийн гэрээ болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж маргаан бүхий Toyota маркийн Prius 20 загварын ******* арлын, ******* улсын дугаартай автомашиныг ******* ХХК-д шилжүүлсэн. Хариуцагч нь уг автомашиныг худалдан авсан атлаа мөнгөн төлбөрийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар *******аас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ******* гэх хүний данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэн маргаан бүхий автомашиныг худалдан авсан гэж тус тус тайлбарлажээ.

 

3.2. Хэрэгт цугларсан баримтаар 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 190821 дугаар албан бичгээр нэхэмжлэгч ******* ХХК нь ... тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай /*******/ Toyota Prius маркийн автомашиныг *******ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн агуулгатай албан бичгийг гаргасан байна.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор 2019 оны 08 сарын 19-ний өдрийн Хаан банкаар өөрийн хадам эх гэх *******гийн ******* тоот данс-аас ******* тоот данс руу 7,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон автомашины үнийг аваагүй гэж дээрх баримтыг үгүйсгэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх хариуцагч талын тайлбарт дурдагдсан данс эзэмшигч болон *******аас уг автомашины үнийг өөрийн өмчлөлдөө авсан талаар үйл баримтыг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч болон фидуцийн гэрээний тал *******ий дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд уг үйл баримтыг тогтоох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/10891 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР