Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 153

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Нт холбогдох 1930003030193  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 4, эцэг, эх,  дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Овоот гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, М.Н.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Овоот гэх газар хохирогч О.Быг зодож, эрүүл мэндэд нь “ баруун шанаа, хацар нүдний дээд доод зовхины цус хуралт, цээжинд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр найз Баярцогттой нэг шил архи хувааж уугаад бид хоёр маргалдсан. Би О.Быг хоёр удаа л цохисон.  Баярцогтод биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг мал борлуулаад төлнө...гэв.

 

- М.Нын яллагдагчаар өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би сумын төвд гэрийнхээ гадаа Баярцогт болон Хатнаа нартай таарсан. Хатнаа бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад Дагшин булгын эрэг дээр уугаад байж байтал Баярцогт Ганзориг хоёр ирээд бид нар тэр архиа хувааж уусан. Гэтэл Ганзориг нь та гурав байж бай би сум руу орчихоод ирье гээд явсан. Удалгүй би согтсон бөгөөд Ганзоригийг явахаас өмнө би Баярцогтыг энд авч ирлээ, наадах чинь үгэнд дуртай, бид нарыг архи ууж байгааг хүмүүст ярьчихна гэхэд Баярцогт уурлаад би хүнд ярина гэж байхгүй, хэн тэгээд байна гэхээр нь миний уур хөдлөөд гараараа баруун чих болон баруун нүд рүү нь 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө 2-3 удаа цээж болон баруун мөр рүү нь өшиглөхөд Баярцогт зөрүүлээд миний баруун хацар руу 1 удаа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. О.Быг зодож гэмтэл учруулсан нь миний буруу. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би Баярцогтын эмчилгээний зардалд 56,000 төгрөг төлсөн, одоо хохирлын талаар маргаан байхгүй... гэх мэдүүлэг /хх-23х/

 

- Хохирогч О.Бын: 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед би өөрийн найз Хатнаа гэх залуутай сумын төв дээр байж байтал манай сумын залуу болох Хамар /нэрийг нь мэдэхгүй/ ирээд Хатнаа дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад бид гурав сумын урд байх Дагшингийн энгэрт очиж тэр архиа хувааж уусан. Тэгээд байж байтал Хамар нь чи намайг архичин гэж хүмүүст ярьсан байна гэхээр нь би хүний муу үздэг хүн биш хэн тэгж хэлсэн юм тэр хүнтэй чинь сур руу орж уулзъя гэж хэлтэл босч ирээд гараараа миний баруун чих рүү нэг удаа цохисон дараа нь мөн гараараа баруун нүд рүү 2-3 удаа, хөлөөрөө 2-3 удаа цээж болон баруун мөр рүү өшиглөсөн. Би зөрүүлээд Хамарын баруун хацар руу гараараа нэг удаа цохисон. Өөрөө гар хүрээгүй. Хамар нь Хатнаа бид хоёртой тааралдахаасаа өмнө архи уучихсан халамцуу байсан. Миний баруун нүд хөхөрсөн, цээж хөндүүр байна. Би тухайн үед дусал хийлгэсний 8,000 төгрөг, аймаг руу эмчилгээнд явахад гасан зардлыг М.Наас гаргуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-5-7х/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 381 дугаартай дүгнэлтэнд: О.Бын биед баруун шанаа, хацар нүдний дээд доод зовхины цус хуралт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3. Учирсан  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд , хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-13х/

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Х.Оюундэлгэрийн тодорхойлолт /хх-11х/

 

- М.Нын оршин суугаа газрын тодорхойлолт /хх- 24/

 

-  М.Нын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-26/

 

- М.Нын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/

 

- М.Нын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-33/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай санал /хх-34/,

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.08.22-ны өдрийн 10/319 тоот албан бичиг,

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.08.22. зэрэг баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төв 4 дүгээр багийн нутаг Овоот гэх газарт согтуурсан үедээ үл ялих зүйлээр хохирогч О.Бтой маргаан үүсгэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь  “ баруун шанаа, хацар нүдний дээд доод зовхины цус хуралт, цээжинд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Нын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч О.Бын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Х.Оюундэлгэрийн тодорхойлолт, О.Бын гэрэл зураг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

        Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, М.Н нь “ өөрийг нь архи уусан гэж бусдад хэлж хүний мууд дурлалаа“ гэх шалтгаанаар О.Бтой маргаан үүсгэн, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, цээжинд нь хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох ба энэ нь хохирогч О.Бын “ Хамар чи намайг архичин гэж хүмүүст ярьсан байна гэхээр нь би хүний муу үздэг хүн биш хэн тэгж хэлсэн юм тэр хүнтэй чинь сум руу орж уулзъя гэж хэлтэл босч ирээд гараараа миний баруун чих рүү нэг удаа цохисон дараа нь мөн гараараа баруун нүд рүү 2-3 удаа, хөлөөрөө 2-3 удаа цээж болон баруун мөр рүү өшиглөсөн. Би зөрүүлээд Хамрын баруун хацар руу гараараа нэг удаа цохисон. Миний баруун нүд хөхөрсөн, цээж хөндүүр байна “ гэх,

шүүгдэгч М.Нын “ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр найз Баярцогттой нэг шил архи хувааж уугаад бид хоёр маргалдсан. Би О.Быг хоёр удаа л цохисон.  Баярцогтод биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ” гэх,

шинжээчийн 381 дугаартай “О.Бын биед баруун шанаа, хацар нүдний дээд доод зовхины цус хуралт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3. Учирсан  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна “ гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна..

Шүүгдэгч М.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

М.Н нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бод хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч М.Н нь хохирогчийн нэхэмжилсэн тарианы үнэ болон аймаг руу эмчилгээнд явсан зардалд 56,000 төгрөг нөхөн төлсөн байна. 

 

Шүүгдэгч М.Нын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний болон замын зардал зэргийг нөхөн төлж учруулсан хохирлыг барагдуулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

М.Нын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч М.Нын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд М.Нт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх тус аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.08.22-ны өдрийн 10/319 “ Мөнхөө овогтой Наранбаатар нь ам бүл 4, аав ээж, дүү нарын хамт амьдардаг. Аав Н.Мөнгөө, ээж Ц.Эрдэнэтуяа нар тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй, амьдралын түвшин доогуур, орлого багатай, хүнсний талонд хамрагддаг өрх юм ” гэх тодоройлолт болон түүний өмгөөлөгчийн “М.Н нь бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй. Дорнод аймаг цэргийн алба хаасан. Энэ хугацаандаа зөвхөн өөрийн нэрээ л бичиж сурсан. Би өмгөөлөгчийн зүгээс аавтай нь холбоо барьсан. Аав нь зорилтод бүлгийн өрх байна лээ. Өөрөө 4 тооны үхэртэй. Өөр ямар нэгэн орлого байхгүй. М.Н нь айлын мал хөлсөөр хардаг. Тиймээс улсын яллагчийн санал болгосон торгуулын ялыг цалин дээрээсээ хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү “ гэх хүсэлтийг үндэслэн түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хугацаа тогтоож, хэсэгчлэн төлүүлэхээр тогтооно.

       

Шүүгдэгч М.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Нт оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцон таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ялтан Б.Наранбаатарт шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Н оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Ялтан М.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч О.Бод 56,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН