Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00616

 

 

******* ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01755 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* од холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 5,162,082 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* од холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 5,162,082 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох эрхгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргасан этгээд буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Баянгол дүүргийн Засаг дарга, 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, *******, ******* дүгээр байрны сууц өмчлөгчдийн хурлын материалыг хянан үзээд ******* г бүртгэж, 175 дугаартай гэрчилгээг олгосон байх бөгөөд хариуцагч ******* нь ******* дүгээр байрны ******* тоот орон сууцны өмчлөгч болох нь талуудын тайлбар, Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

4.1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч ******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч ******* оос шаардах эрхтэй.

4.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... ******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох эрхгүй, эрхгүй этгээдийн тогтоосон төлбөрийн хэмжээнд үндэслэн нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хариуцагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй буюу энэ нь хуулийн дагуу үүсэж буй үүрэг юм.

4.3. Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 13 дугаар зүйлийн 13.2.1-13.2.4-т заасан сууц өмчлөгчийн үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

4.4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэхдээ 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 5,162,082 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойших хугацааны төлбөр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор багтахаар байна.

4.5. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн авлагын дэлгэрэнгүй тайланд тусгасан хэмжээгээр 2022 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 26 сарын төлбөрийг 1 сарын 45,640 төгрөгөөр тооцоход 1,186,640 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 3 сарын төлбөрийг 1 сарын 59,640 төгрөгөөр тооцоход 178,920 төгрөг, нийт 1,365,560 төгрөг болж байна.

Иймд хариуцагч ******* оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 1,365,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 3,796,522 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т нийцэх тул энэ талаарх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

4.6. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 26 сарын төлбөрийг 1 сарын 45,640 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 3 сарын төлбөрийг 1 сарын 59,640 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь ******* ны Удирдах зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоол болон 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/01 дугаар тогтоолоор баталсан төлбөрийн хэмжээнд багтаж байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, хариуцагч ******* нь татгалзалдаа дурдаж буй асуудлын талаар нэхэмжлэгч ******* нд саналаа гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү магадлал саад болохгүй.

 

5. Хариуцагч талын гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрхтэй холбоотой татгалзлын талаар анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан итгэмжлэлд үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгааг мөн дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01755 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* оос 1,365,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 3,796,522 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* оос 36,799 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* нд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,544 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Б.УУГАНБАЯР