Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 157

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Бт холбогдох 1930002790192  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн багийн харьяат, 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 22-2201 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жилийн хорих, Сүхбаатар аймаг дах сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Г.Б.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 4-20 тоотод хохирогч С.Бийг зодож, эрүүл мэндэд нь  “ зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1, 2-р шүдний хөдлөл, хүзүүний баруун зүүн талд зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн танилцуулсан яллах дүгнэлт дээр дурдсан бүхэн үнэн. С.Бийг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.Хохирогч надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Архи ууснаас болж ийм хэрэг хийсэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Би хөдөө мал малладаг. Торгуулын ялыг 3 сарын хугацаандаа багтаан төлнө...гэв.

 

- Г.Бын яллагдагчаар өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 18-аас 19-ний үед хөдөөнөөс аймгийн төвд орж ирээд Баяраа гэх танилтайгаа тааралдаж нэг шил архи хувааж уугаад танил Мөнгөншагайн гэрээр Баяраагийн хамт ортол миний зүс таних Болд-Эрдэнэ байж байсан. Бид 4 нэг шил архи хувааж уусан бөгөөд ууж байхдаа Болд-Эрдэнэтэй маргалдаж муудсан. Гэтэл надтай цуг явж байсан Баяраа намайг явъя гээд гэрээс гараад машиндаа суутал Болд-Эрдэнэ араас гарч ирээд намайг татаж чангаагаад байхаар нь эргэж хараад Болд-Эрдэнийн нүүр рүү нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-24-25х/

 

- Хохирогч С.Бийн: 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Наранбаатар найзынхаа гэр рүү хамт очиж Ерөөл нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд дараа нь Төмөртэйн 4-20 тоотод байх Мөнгөншагайн гэр рүү ганцаараа 1 шил архитай орсон. Тухайн үед гэрт нь Мөнгөншагай, эхнэр хүүхдүүд нь, Баасанжав, Баяраа архи уугаад сууж байхаар нь хамт ууцгаасан. Сүүлийн архийг ууж байхад Баасанжав нь ямар ч шалтгаангүйгээр намайг гуйлгачин, банди гээд доромжлоод намайг хамт гаръя гээд байхаар нь хамт гарсан. Бид хоёрын араас Баяр гарч ирсэн. Гэтэл Баасанжав нь машинд суу гээд өөрөө жолооч талдаа суусан бөгөөд би жолоочийн хажууд суусан. Гэнэт Баасанжав гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохиж зодохоор нь би машинаас буусан. Дээд 2 шүд хөдөлсөн, зүүн нүд хөхөрч няцарсан, дээд уруул дотор талдаа бага зэрэг язарсан. Баасанжавт зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй...гэх мэдүүлэг /хх-7-8х/

 

- Гэрч Д.Нийн: 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутын үед манай нөхөр С.Бэ хүнтэй уулзана гэж гэрээсээ гараад шөнийн 00 цагийн үед бусдад зодуулсан бөөн цус нөж болсон гэртээ ирсэн. Тэрээр Уулбаян сумын хүнд зодуулсан гэж хэлсэн. Би тэр хүнийг нь сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-9х/

 

- Гэрч Б.Мн: 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал Банжига /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ танил залуу Эрдэнэбаяр найзтайгаа хамт нэр шил архитай халамцуу орж ирсэн. Тэгээд авирсан архийг нь уугаад талдаа орж байтал Болд-Эрдэнэ ах халамцуухан нэг шил архитай орж ирсэн. Бид 4 2 шил архиа хувааж ууцгаасан. Архиа ууж дуусаад нөгөө 3 явлаа гээд гэрээс гарсан. Удалгүй Банжига, Болд-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаж байсан бөгөөд Болд-Эрдэнэ ах манай руу буцаж орж ирээд ширээн дээр байсан сэрээ аваад гарахаар нь манай эхнэр Аасүрэн Болд-Эрдэнэ ахаас сэрээг нь булааж авсан. Болд-Эрдэнэ ах буцаж орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байсан. Болд-Эрдэнэ ах Банжига гэх залуутай хоорондоо маргалдаж муудсан байсан... гэх мэдүүлэг /хх-12х/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 341 дугаартай дүгнэлтэнд: 1. С.Бийн биед “ зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1, 2-р шүдний хөдлөл, хүзүүний баруун зүүн талд зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3. Учирсан  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд , хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-15х

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 9/390 дугаартай тодорхойлолт /хх- 26/

 

-  Г.Бын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27/

 

- Г.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/

 

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-31-39х/

 

- Хохирогч С.Бийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-50х/

 

- Шүүгдэгч Г.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-51х/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай санал /хх-52х/ зэрэг баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 4-20 тоотод согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Бийг зодож, эрүүл мэндэд нь  “ зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1, 2-р шүдний хөдлөл, хүзүүний баруун зүүн талд зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт”  бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Бэ, гэрч Б.М, Д.Н нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 341 дугаартай дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

  Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Г.Б нь архи ууж согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр С.Бийг “ гуйлгачин, банди “ хэмээн хэл амаар доромжилж, маргаан үүсгэн, зодолдож нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох ба энэ нь хохирогч С.Бийн “Төмөртэйн 4-20 тоотод байх Мөнгөншагайн гэр рүү ганцаараа 1 шил архитай орсон. Гэрт нь Мөнгөншагай, эхнэр хүүхдүүд, Баасанжав, Баяраа архи уугаад сууж байхаар нь хамт ууцгаасан. Сүүлийн архийг ууж байхад Баасанжав нь ямар ч шалтгаангүйгээр намайг гуйлгачин, банди гээд доромжлоод намайг хамт гаръя гээд байхаар нь хамт гарсан. Баасанжав нь машинд суу гээд өөрөө жолооч талдаа суусан бөгөөд би жолоочийн хажууд суусан. Гэнэт Баасанжав гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохиж зодохоор нь би машинаас буусан. Дээд 2 шүд хөдөлсөн, зүүн нүд хөхөрч няцарсан, дээд уруул дотор талдаа бага зэрэг язарсан” гэх,

Г.Бын “хөдөөнөөс ирээд Баяраа гэх танилтайгаа тааралдаж нэг шил архи хувааж уугаад Мөнгөншагайн гэрээр хамт ортол миний зүс таних Болд-Эрдэнэ байж байсан. Бид 4 нэг шил архи хувааж уусан бөгөөд ууж байхдаа Болд-Эрдэнэтэй маргалдаж муудсан. Гэтэл надтай цуг явж байсан Баяраа намайг явъя гээд гэрээс гараад машиндаа суутал Болд-Эрдэнэ араас гарч ирээд намайг татаж чангаагаад байхаар нь эргэж хараад Болд-Эрдэнийн нүүр рүү нэг удаа цохисон... гэх,

гэрч Д.Нийн “манай нөхөр С.Бэ 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 00 цагийн үед бусдад зодуулсан бөөн цус нөж болсон гэртээ ирсэн. Тэрээр Уулбаян сумын хүнд зодуулсан гэж хэлсэн...гэх,

гэрч Б.Мн “ 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал Банжига /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ танил залуу Эрдэнэбаяр найзтайгаа хамт нэр шил архитай халамцуу орж ирсэн. Тэгээд авирсан архийг нь уугаад талдаа орж байтал Болд-Эрдэнэ ах халамцуухан нэг шил архитай орж ирсэн. Бид 4 2 шил архиа хувааж ууцгаасан. Архиа ууж дуусаад нөгөө 3 явлаа гээд гэрээс гарсан. Удалгүй Банжига, Болд-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаж байсан бөгөөд Болд-Эрдэнэ ах манай руу буцаж орж ирээд ширээн дээр байсан сэрээ аваад гарахаар нь манай эхнэр Аасүрэн Болд-Эрдэнэ ахаас сэрээг нь булааж авсан. Болд-Эрдэнэ ах буцаж орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байсан. Болд-Эрдэнэ ах Банжига гэх залуутай хоорондоо маргалдаж муудсан байсан...гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 341 дугаартай “ С.Бийн биед  зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1, 2-р шүдний хөдлөл, хүзүүний баруун зүүн талд зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Учирсан  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна...гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна..

Шүүгдэгч Г.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Г.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйгүй гэжээ. 

 

Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.            

 

Г.Бын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч Г.Бын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд Г.Бт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       

Шүүгдэгч Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд ялтан Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Ялтан Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Бэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН