Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 475

 

 

Г.Баярмагнайд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор Т.Отгонтөгс,

Шүүгдэгч Г.Баярмагнайгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул  даргалж, шүүгч Б.Батаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот эсэргүүцлээр, Г.Баярмагнайд холбогдох 201726010394 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Гомбодоржийн Баярмагнай, 1964 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар гудамжны 94 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧА64031778/,

 

Г.Баярмагнай нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17-283Б тоотод дүү Г.Бодьгэрэлтэй хамт архи ууж байгаад “архи уулаа” гэж хоорондоо маргалдан зодолдож, Г.Бодьгэрэлийн хэвлийн тус газар хутгаар хатгаж, биед нь “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Баярмагнайд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон мөрдөн байцаалтад цугларсан бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад Г.Баярмагнайд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн байцаалтыг бүрэн биш, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч бүртгэл үйлдсэн байна. /хх-3/ Мөн гомдол, мэдээллийг хуульд зааснаар буюу 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 9 хоногийн хугацаатай буюу мөн оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан байх боловч 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл гомдол, мэдээллийг шалгах хугацаа дууссанаас хойш 1 хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт танилцуулж эрүүгийн хэргийн дугаар авсан байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн.

2. Гомдол, мэдээллийн дагуу албан хаагч хэргийн газар очсон талаар илтгэх хуудас үйлдсэн байх боловч тус хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах холбогдох ажиллагаа хийгээгүй. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж байх тул хэргийн газрын үзлэгийг нөхөн хийж, гэмт хэрэг гарсан орчныг гэрэл зургаар бэхжүүлэх, шаардлагатай бол хуульд заасны дагуу туршилт, эсхүл мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийж гэмт хэрэг гарсан байдлыг дахин тодруулах арга хэмжээг авах.

3. Хэргийн газраас хураан авсан гэх /хх-5/ хутгыг хуульд заасан журмын дагуу хураан авч тэмдэглэл үйлдээгүй буюу үндэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулаагүй. Хойшлуулшгүй тохиолдлоор хураан авсан бол хэрхэн яаж прокурорт мэдэгдсэн талаар баримтгүй.

4. Хохирогчоор тогтоох тогтоол /хх-1-12/ хууль ёсны байх шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл хохирогч Г.Баярмагнай, Г.Бодьгэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоож, тэмдэглэл үйлдсэн.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2410, 2435 дугаартай дүгнэлтүүдийг хохирогч нарт хаана, хэзээ, хэрхэн танилцуулсан талаар тэмдэглэл байхгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэлд дүгнэлтийг танилцуулсан болон дуусгасан талаар баримтгүй, сар өдөргүй, танилцуулсан тэмдэглэл засвартай байгаа нь танилцуулсан гэхэд эргэлзээ бүхий болсон. Уг зөрчил нь оролцогчдын эрхийг хязгаарласан гэж үзнэ. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1208, 2082 дугаартай дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлд заасны дагуу танилцуулаагүй буюу тэмдэглэл үйлдээгүй.

6. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тухай тэмдэглэл /хх-72-73/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлд заасныг хангаагүй, мөрдөн байцаагч гарын үсэг зураагүй.

7. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг 2017 оны 4 дүгээр 12-ны өдөр үйлдсэн байх боловч байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж тогтоолыг танилцуулаагүй, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг эдлүүлэлгүй 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт “хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлана”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасны дагуу гомдол гаргаж болно”, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, түүнчлэн уг ажиллагааны улмаас эрх, ашиг, сонирхол нь зөрчигдсөн бол иргэн, хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд эдгээр заалтыг зөрчиж, хохирогч, яллагдагч нарт тогтоолыг танилцуулаагүй, хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байна.

8. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Баярмагнайг цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсаар “Сэлбэ-10”-т шалгуулахаар хүлээлгэж өгсөн гэх тул түүний хувийн байдлыг тогтоож, хэрхэн яаж шалгагдсаныг тогтоож хэрэгт хавсаргах.

9 Яаралтай түргэн тусламжийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн гэх хохирогч Г.Бодьгэрэлийн ярианы бичлэг, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын төвөөс бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргах нь ач холбогдолтой гэж үзэв. Иймд шалгаж тогтоовол зохих асудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар буцааж, хэргийг прокурорт очтол Г.Баярмагнайд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичиж байна.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт гомдол мэдээллийг 5 хоногт багтаан хянах, 171.2 дахь хэсэгт ...шаардлагатай бол энэхүү хугацааг 14 хүртэл хоногоор сунгахаар заасан ба гомдлыг нийт шалгах хоног нь 19 хоног байхаар заасан байна. Дээрх гомдол, мэдээллийг мөрдөн байцаагч 14 хоногийн хугацаанд шалган эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй. Шүүхээс нэг хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт танилцуулж эрүүгийн хэргийн дугаар авсан байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173 дугаар зүйлийн 173.3 дахь хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулж, эрүүгийн хэргийн дугаар авахаар хуульчилсан ба хуулийн энэ хугацаанд прокурорт танилцагдаж эрүүгийн хэргийн дугаар олгогдсон байна.

2. Хохирогч Г.Бодьгэрэлийн “...2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 19 цагийн орчим гэртээ ирэхэд ах Г.Баярмагнай ганцаараа архи уусан халамцуу сууж байсан. Би 2 шил Ерөөл архи, 1 пиво авчирсан байснаа ах Г.Баярмагнайтай хуваагаад ууж байсан чинь ах намайг “архи уулаа” гэж загнаад бид хоёр маргалдаж байгаад түүний зүүн шанаа руу нэг удаа цохисон чинь ах хутга аваад миний хэвлийн доод хэсэгт хутгалсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-13/, Г.Баярмагнайгийн “...Би дүү Г.Бодьгэрэлтэй хамт айлын байшин түрээслэж амьдардаг. 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал Г.Бодьгэрэл архи авчираад хувааж уусан. Би дүүгээ “архи уулаа” гээд загнахад миний шанаа руу цохиод орны урд тал руу унагаачихаад дээрээс дараад босгохгүй зууралдаад байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Би хоол хийж байсан болохоор гарт хутга байсан, зууралдаж байгаад боссон чинь Г.Бодьгэрэл “гэдэс рүү хатгачихлаа” гэсэн. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн...” /хх-41/ гэж тус тус мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Бодьгэрэл, Г.Баярмагнай нар “архи уулаа” гэж хоорондоо маргалдсан, дүү Г.Бодьгэрэл нь ах Г.Баярмагнайг зүүн шанаан тус газар нь цохиод улмаар заамдаж авч газар давхаралдаж унах үед баруун гартаа хутгатай байсан ах Г.Баярмагнай нь босох үедээ дүү Г.Бодьгэрэлийн зүүн талд биш баруун талд хутгалсан байсныг хэн аль нь тодорхой мэдүүлж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэм буруугийн талаар маргаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд ч энэ талаар тусгагдсан байна. Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийх, гэмт хэрэг гарсан орчныг гэрэл зургаар бэхжүүлэх, шаардлагатай бол хуульд заасны дагуу туршилт, эсхүл мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нөхөн хийж гэмт хэрэг гарсан байдлыг дахин тодруулах арга хэмжээ авснаар тухайн гэмт хэрэгт ямар ач холбогдолтой болох талаар шүүхийн тогтоолд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй ба хэргийн оролцогчид хэн аль нь гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлсэн, ямар нэгэн гомдол санал гаргаагүй, гэм буруугийн талаар маргаагүй тул дээрх ажиллагааг одоо нөхөн гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж байна.

3. Хэргийн газраас хураан авсан хутгыг мөрдөн байцаагч үнэлж, эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдсэн ба уг тогтоолыг прокурор батлах болон хойшлуулшгүй тохиолдлоор хураан авсан эд мөрийн баримтыг прокурорт мэдэгдэж баримт үйлдэхээр хуульд заагаагүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эд мөрийн баримтад үзлэг хийж, уг эд мөрийн баримт болох хутгыг талуудад үзүүлж, шүүгдэгч энэ манай хутга мөн, манайд өөр хутга байхгүй, 1 заазуур л байгаа гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд хэргийн газрын нөхөн үзлэг хийж, хуульд заасны дагуу дахин хутгыг хурааж авах нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн ажиллагаа болохоор байна.

4. Хохирогч Г.Баярмагнай, Г.Бодьгэрэл нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хохирогчоор тогтоож, мөн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйл гэж бичсэн нь мөрдөн байцаагч тогтоол үйлдэхдээ гаргасан бичиг техникийн зөрчил байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Учир нь хэргийн оролцогч нарт /хх-18-19/ учирсан гэмтлийн талаар мөрдөн байцаагч танилцуулж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг үргэлжлэн явуулснаар дээрх зөрчил засагдсан байна.

5. Мөрдөн байцаагч Т.Адарсүрэн нь шинжээчийн дүгнэлтийг таилцуулсан тэмдэглэл /хх-18-19/ үйлдэж, яллагдагч Г.Баярмагнай, хохирогч Г.Бодьгэрэл нарт дүгнэлтийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. Иймд оролцогчдын эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй ба хуульд хуульд мөрдөн байцаагчаас тогтоосон хугацаанд гэсэн заалт байгаа ба энэ дагуу мөрдөн байцаагч шинжээчийн дүгнэлтийг танилцуулжээ. Харин 1208, 2082 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт танилцуулаагүй гэсэн заалтын тухайд хутган дээр гарын мөр, цус илрээгүй учраас энэ дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтаар хураасан хутгыг шинжлэн судлаад харин дээрх хоёр дүгнэлтийг нотлох баримтын эх сурвалжаас хасч шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

6. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллагдагч Г.Баярмагнайд хэргийн материал танилцуулж, мөрдөн байцаагч гарын үсэг зурсан байна. Харин Г.Бодьгэрэлд хэргийн материал танилцуулж, мөрдөн байцаагч гарын үсэг зураагүй боловч хэргийг мөрдөн байцаагч нь өөрөө гарын үсэг зурж прокурорт шилжүүлж ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна. Хэргийн оролцогч нараас хэргийн материалтай танилцуулсан талаар ямар нэгэн гомдол санал прокурорын хяналтын шатанд ч, шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гараагүй болно.

7. Прокурорын хяналтын шатанд /хх-69-70/ яллагдагч Г.Баярмагнай нь дүү Г.Бодьгэрэлд гомдол саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан, дүү Г.Бодьгэрэл нь ах Г.Баярмагнайд гомдол саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг хянаад, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас гаргасан хүсэлтийг хангаж, Г.Бодьгэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ тухай хэргийн оролцогч нарт утсаар мэдэгдсэн ба хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн учраас хэргийг шуурхай шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Нэгэнт хэргийн оролцогч нар хэн аль нь гомдол саналгүй болж эвлэрсэн байхад тэдний хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж дүгнэлт хийснийг хүлээн авах боломжгүй байна.

8. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд гэрч Г.Ням-Өлзий нь Г.Баярмагнайгийн хувийн байдлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Цагдаагийн жижүүрийн Сэлбэ-10-аас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж шалгагдсан болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байгаа тул шүүхийн тогтоолд дурдсан заалт үндэслэлгүй байна.

9. Г.Баярмагнай нь дүү Г.Бодьгэрэлийг хутгаар хатгаж, биед нь хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байдаг ба Г.Бодьгэрэлийн ярианы бичлэгийг бэхжүүлэн авч хэрэгт хавсаргах ажиллагаа хийх нь хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болохыг шүүх тогтоолдоо дурдаагүй ба, энэ заалт нь ойлгомжгүй байна. Иймд Г.Баярмагнайд холбогдох хэргйиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Г.Баярмагнайгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Г.Баярмагнайд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт “хэргийн газарт үзлэг хийх, зураглал үйлдэх, дууны болон дүрс бичлэг хийх” үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүлээхээр хуульчилсан ба хохирогч Г.Бодьгэрэл “...Г.Баярмагнай ах хутга аваад миний хэвлийн доод хэсэгт хутгалсан...” /хх-13/ гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...Г.Баярмагнай ахыг заамдаад шидээд хутгатайгаа унасан байхад нь би мэдэхгүй дээр нь унаад хутгалуулсан...”, мөн Г.Баярмагнай “...би орон дээрээс унахдаа хутгаа бариад унасан. Гэтэл Г.Бодьгэрэл миний дээрээс дарсан. Тэгээд босох үед түүнийг хутгалсан байсан...” гэж зөрүүтэй мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байхад гэмт хэрэг гарсан байдлыг дахин тодруулах ажиллагаа хийлгүй орхигдуулсан.

Г.Баярмагнайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа Г.Баярмагнай, Г.Бодьгэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоож тэмдэглэл үйлдсэн нь тогтоол хууль ёсны байх шаардлага хангаагүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2410, 2435, 1208, 2082 дугаар шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулсан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан хэдий ч хохирогч нарт хэзээ, хэрхэн танилцуулсан нь ойлгомжгүй, засвартай байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчдын дүгнэлт, тайлбарыг татгалзах, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхийг хүсэх эрхийг хангасан эсэх нь тодорхойгүй.

Мөн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, мөрдөн байцаагч гарын үсэг зураагүй.

Түүнчлэн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн байх боловч байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчидод тогтоолыг танилцуулж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг эдлүүлэлгүй 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн зэрэг ажиллагаа дутуу хийгдсэн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолын 2, 4, 5, 6, 7 дахь заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 171 дүгээр зүйлд гомдол мэдээллийг шалгах хугацаа нийт 19 хоног байхаар заасан бөгөөд уг гомдол, мэдээллийг 14 хоногийн хугацаанд шалган эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч тэмдэглэл үйлдээгүй боловч хураан авсан хутганы ерөнхий байдлыг зураглал үйлдэн тэмдэглэлдээ тусгаж, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-9/ үйлдсэн ба шүүгдэгч Г.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт “манай хутга мөн” гэж мэдүүлсэн байхад эд мөрийн баримтаар нөхөн хураан авах шаардлагагүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Г.Баярмагнайгийн хувийн байдлын талаар дүү Г.Ням-Өлзий /хх-14/, охин Б.Эрдэнэцацрал /хх-15/ нараас гэрчээр мэдүүлэг авсан, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хэрэгт хангалттай авагдсан бөгөөд гомдол, мэдээллийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа хийж шалгасан болох нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Баярмагнай “...Г.Бодьгэрэл бид хоёр хоорондоо маргалдаад, намайг цохиод зууралдаж байгаад хутгалсан. Уг гэмтлийг би хутгаар хатгаж учруулсан...” гэж мэдүүлсэн байхад яаралтай түргэн тусламжийн байгууллагад дуудлага өгсөн ярианы бичлэгийг хэрэгт хавсаргах шаардлагагүй тул прокурор Т.Отгонтөгсийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот эсэргүүцлийн 1, 3, 8, 9 дэх заалтуудыг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 3, 8, 9 дэх заалтуудыг хэрэгсэхгүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот эсэргүүцлийн 2, 4, 5, 6, 7 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Г.Баярмагнайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.      

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

                             ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                  Н.БАТСАЙХАН