Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ХШТ/83

 

                                                Ц.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч А.Анхбаяр, хохирогч Ц.Д, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1009 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар магадлалтай, Ц.Х-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ *** ” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ял шийтгэлгүй Б овогт Ц-ын Х.

Ц.Х нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутагт хохирогч Ц.Д-д “00-00 УБС улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 8,050,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1009 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Х үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Х-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 262 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Х гаргасан гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд дурдсан гэм буруу дээр маргаан байхгүй бөгөөд хохирогч Ц.Д-д хохирол төлбөрөө бүрэн барагдуулна.

Анхан шатны шүүхээс надад Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаанд гадагш гарахгүй байх ял оногдуулсан. Миний бие одоогоор Баянгол дүүргийн *** дугаар хороо “ ***  байр **-** тоотод бага насны 3 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг ганц бие өрх толгойлсон эх бөгөөд өөрийн өмчлөлийн амьдрах үл хөдлөх эд хөрөнгө байхгүй болно.

Мөн миний бие Хан-Уул дүүргийн *** дүгээр хороонд байрлах " *** ” ХХК-д ажилладаг ба 3 хүүхэд Хан-Уул дүүргийн *** дугаар хороонд байрлах “ *** ” ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял намайг 3 хүүхдээ тэжээн тэтгэх, хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Иймд миний хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Ц.Х-ийн зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хохирогч Ц.Д-тэй холбоо барих боломжгүй нөхцөл байдалтай байж байгаад уулзаад 5 дахь өдөр гэхэд хохирол, төлбөрийн асуудлыг нөхөн шийдүүлж барагдуулъя гэсэн нөхцөлтэй байгаа. Хоёр шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний хувьд гомдол гаргасан зүйл байхгүй. Гол нь шүүгдэгч Ц.Х хохирол төлбөрөө барагдуулъя гэсэн нөхцөлтэй байна. Ар гэрийн байдлын улмаас хохирол төлбөрийг шууд гаргуулах боломжгүй байсан. Гэхдээ одоо боломжтой болсон учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Х хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Гомдлоо дэмжиж байна. Хохирогчийн хохирлыг 5 дахь өдөр төлж барагдуулна гэв.

Хохирогч Ц.Д хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Гомдолтой холбогдуулан хэлэх санал байхгүй гэв.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Х-ийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд иргэн Ц.Д-ын 00-00 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдана гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлцлийг далимдуулан бодит байдлыг нуух замаар нийтдээ 8,050,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад түүнд эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байсан байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байсан. Давж заалдах шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих, эсхүл бүсчлэлийг өөрчилж өгөх тухай гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Баянгол дүүрэгт хөдөлмөр эрхэлдэг талаар  баримтыг авчирсан хэдий ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын эх хувийг авах шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн. Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, шүүгдэгчийн гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл нь шүүгдэгч нь өнөөдөр хүртэл хохирогчийн хохирлыг төлөөгүй байхад торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэв.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д нэг бүрчлэн тодорхой заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолбол зохих талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тусгахаар мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан ба эдгээр заалт нь уг хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэнтэй салшгүй холбоотой юм.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хэргийн 85-87 дахь тал), яллах дүгнэлт (хэргийн 102-104 дэх тал)-д Ц.Х-г “2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300,000, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг буюу нийт 8,050,000 төгрөгийг залилан авсан” гэж тус тус дурдсан бөгөөд эдгээрийг нэмж тооцоход 6,600,000 төгрөг болж байх ба тогтоол, яллах дүгнэлтэд тусгаснаас 1,450,000 төгрөгийн зөрүүтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх уг алдааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвтгүүлэхийн оронд дээрх тогтоол, яллах дүгнэлтэд тусгагдаагүй “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4,000,000, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 450,000, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан” гэсэн үйл баримтыг (шийтгэх тогтоол, хэргийн 158 дахь тал) шинээр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг ийнхүү тогтоосон нь “гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа..., гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ”-г шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”-аар шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь дээр дурдсан алдаа, түүнээс улбаалсан хуулийн зөрчлийг илрүүлэн, зөвтгөх арга хэмжээ авахын оронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх Ц.Х-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан мөртлөө тэрбээр гэмт хэргийн хор уршгийг арилгуулах талаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгож ял шийтгэх талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 9 дүгээр заалтанд тусгасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 7.2, 7.3 дугаар зүйлүүдийн заалтыг агуулгаас нь буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн хохирогч Ц.Д-ын гаргасан мэдээллийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж (хэргийн 1 дэх тал) мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд Ц.Х-г 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоос мөнгө авсан гэх баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд түүнийг дээрх цаг хугацаанд хохирогчоос 2,000,000 төгрөг авсан гэж тусгасныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шийтгэх тогтоол, магадлалыг дээр дурдсан хууль зөрчсөн үндэслэлээр тус тус хүчингүй болгосон тул шүүгдэгчийн гаргасан гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1009 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                        Ч.ХОСБАЯР