Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2017/0560/З |
Дугаар | 683 |
Огноо | 2017-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 683
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
“Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эын гаргасан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн Б. Б миний бие нь барилга угсралтын “Б ” ХХК- ийн захирлаар ажилладаг бөгөөд 2013 онд ''С” бүрэн дунд сургуультай тус сургуулийн өргөтгөлийн барилга барих барилга угсралтын гэрээг хийж, барилга угсралтын ажил, заслын ажлыг хийж гүйцэтгэж байтал 2013 оны 10-р сарын 24-ны өдөр барилга угсрадтын гэрээг “С” сургуулийн захирал Д. З цуцалсан.
Ийм учраас манай компанийн зүгээс 2013 оны 10-р сарьш 25-ны өдөр 13/125 тоот албан бичгээр Ажил гүйцэтгэх гэрээний 10.3 дугаар заалтын дагуу ажлаа хүлээж авахыг “С” сургуулийн захирал Д.Зд мэдэгдсэн боловч ажлаа хүлээж авалгүй, гэрээгээ цуцаллаа гэдгийг утсаар хэлж, энэ өдрөөс манай ажилчдыг барилгын талбайд оруулаагүй хөөсөн билээ.
Манай “Б ” ХХК нь “С” сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын гэрээний нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн учраас Барилгын тухай хуулинд зааснаар ерөнхий гүйцэтгэгчээр ажиллан, Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. Гэтэл “С” сургуулийн захирал Д.З нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын улсын комисст ажилласан гишүүдтэй хуйвалдан 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтанд өгсөн байдаг. Үүнийг бид 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С” сургуулийн зүгээс гаргаж өгсөн баримтуудаас мэдсэн.
Үүнээс хойш Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот Төлөвлөлт
Ерөнхий Төлөвлөгөөний газарт тус бүрт нь 4 удаа “Улсын Комисст ажилласан
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас томилогдсон улсын комиссын гишүүд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.16, 37.1.19, 48 дугаар зүйлийн 48.5.1, 48.5.2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх заалт, Засгийн газрын 151 дүгээр тогтоолын “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.13.3, 4.13.4, 4.13.5, 4.13.6, 4.13.7, 4.13.8 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн тул шалгаж хариуцлага тооцно уу” гэсэн албан бичгүүдийг өгсөн боловч тус байгууллагуудаас улсын комисст ажилласан ажилчдаа хууль зөрчөөгүй хэмээн хариу мэдэгдэж байсан.
Манай хийж гүйцэтгэсэн ажилд улсын комиссыг ажиллуулахдаа өргөтгөлийн барилгьн 80 гаруй хувийг барьж гүйцэтгэсэн, манай компанийг оролцуулаагүйгээр комиссыг ажиллуулсан, барилгын ил, далд ажлын акт болон барилгын ажлын тэмдэглэл зэрэг барилгын эх баримтууд байхгүй байхад комисс барилгыг хүлээж авсан болох нь Архивын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгнэлтээр нотлогддог.
Барилгын ажльн тэмдэглэл, барилгын ил, далд ажлын актуудын хуулбарыг манай компаниас “С” сургуульд хүлээлгэж өгөөгүй байтал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс манай компанийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гаргаж өгсөн хуулбар баримтыг шүүгчийн туслах Н. Ундармаатай хуйвалдан авсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***тоот албан бичгээр батлагддаг.
Мөн “Б ” ХХК-ийг “С” сургуулийн өргөтгөлийн барилгьн ерөнхий гүйцэтгэгч байсныг баталсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ***тоот албан бичигт байдаг.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын комиссьн акттай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч манай компанийг “нэхэмжлэгч бус” гэж үзсэн юм.
Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд Монгол Улсын хуулиудыг зөрчсөн ажилчдаа шалгаж, арга хэмжээ авалгүй хамгаалж байсан тул 2017 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад цуглаан хүсэлт гаргасан бодовч татгалзсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс иргэн Б.Б миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
2017 оны 06 дугаар сарьн 19, 20, 28-ны өдөр цуглаан хийсэн боловч, Нийслэлийн Засаг дарга С.Б хууль зөрчсөн төрийн албан хаагчдын талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул үзэл бодлоо илэрхийлэх дээд хэлбэрийг сонгох болсон.
2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Э, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Ө.Э, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Л нарт өлсгөлөн зарлах мэдэгдэл хүргүүлсэн.
Тэгээд 12:00 цагт МН-25 хэвлэл мэдээллийн төвд өлсгөлөн зарлаж байгаа тухай хэвлэлийн бага хурал хийгээд, 14:00 цагаас эхлэн хэлмэгдэгсдийн хөшөөний баруун хойд талд өлсгөлөн, суулт хийж майхан барьсан.
Гэвч үндэсний түүхийн музейн ажилтан, албан хаагчид Нийслэлийн Засаг даргын ****дугаартай захирамжийг баримтлан майхныг хүчээр буулган, зүүн урд тал руу шилжүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Л нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999оны А/26.10 тоот тушаалын “Өлсгөлөн зарласан тохиолдолд тухайн дэвсгэр нутгийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар өлсгөлөн зарлагчийн эрүүл мэндэд үзлэг хийж хяналт тавих” зааврыг баримтлалгүй, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар **** тоот албан бичиг өгсөн.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****дугаар албан бичгээр: “ Иргэн Б.Б таны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зохион байгуулахаар гаргасан мэдэгдэлтэй танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****дугаар захирамжаар Монголын үндэсний түүхийн музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадаад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор Хэлмэгдэгсдийн хөшөө орчимд жагсаал, цуглаан, суулт зохион байгуулахыг хориглосон тул мэдэгдлийг хүлээн авч бүртгэх боломжгүй байна.” гэсэн хариуг өгсөн.
Иймд Монгол улсын иргэн Б.Б миний “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт, “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан эрхээ эдэлж чадахгүй, эрх минь зөрчигдөж байгаа тул Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж. Эын 2017.07.04-ний ****дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лагийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны **** дугаар албан бичиг, Монголын үндэсний түүхийн музейн дарга а Д.Сүхбаатарын Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****дугаар захирамжийг баримталсан нь хууль бус болохыг тогтоож, Иргэн Б.Б миний Монгол улсын Үндсэн хуулийн дугаар зүйлийн 16.16 дах заалт, Жагсаал цуглаан хийх журмын тухай 4 дүгээр 4.1 дэх хэсэгт заасан Монгол улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь хангахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Иргэн Б.Б миний нэхэмжлэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар Нийслэлийн Засаг дарга С.Быг нэмж татаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын гаргасан 2016 оны ****тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суугч Б.Б миний бие нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Б.Б миний бие нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч бөгөөд хариуцагчаар Эрүүл мэндийн яамыг нэмж татаж байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын баталсан 2010 оны 233 дугаар тушаалаар “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хууль бус актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Б ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, өлсгөлөн зарлах мэдэгдлийг бүртгэж аваагүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлах тухай мэдэгдэл гаргасан. Мэдэгдлийг хүлээж аваад бүртгэх эсэхийг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 3.-д "Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу зохицуулсан байдаг.
Гэтэл иргэн Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өлсгөлөн зарлах мэдэгдлээ өгмөгцөө буюу мөн өдрийн 15:00 цагаас эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд майхан барьж, өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Энэхүү үйлдэл нь жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасныг зөрчсөн үйлдэл болсон. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга Төмөрбаатар өлсгөлөн зарлаж буй газарт очиж иргэн Б.Б тэй уулзаж өлсгөлөнгөө зогсоохыг шаардсан боловч хүлээж авалгүй өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байсан. Энэ талаар бичлэг хийсэн баримт иргэн Б.Б ийн өөрийн фэйсбүүк хуудаст хадгалагдсан байгаа болно.
Иргэн Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 30 минутын үед өлсгөлөнгөө өөрийн хүсэлтээр зогсоож байгаагаа мөн өөрийн фэйсбүүк хуудастаа бичлэг хийн үлдээсэн байдаг.
Улмаар Б.Б ийн мэдэгдлийг хүлээн авч судлан үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны ****дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул бүртгэхээс татгалзсан шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3/1168 тоот албан бичгээр өгсөн боловч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15:00-21:30 цагийн хооронд өлсгөлөнгөө зохион байгуулж, улмаар зогсоосон байдаг.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд өлсгөлөнг зохион байгуулах үед Эрүүл мэндийн сайдын 2010 оны “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” 233 дугаар тушаалаар зохицуулсан журмын дагуу зохион байгуулах учиртай. Гэтэл иргэн Б.Б нь дээрх өлсгөлөнгөө ямар нэгэн хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахгүйгээр эхлүүлж мөн зогсоосон байна.
Иймд иргэн Б.Б Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 13/1168 тоот бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд уг шийдвэрээс шалтгаалахгүйгээр өлсгөлөнгөө зохион байгуулж, дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б миний бие 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлах болсон гол шаардлага нь Нийслэлийн Засаг дарга Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дах заалтыг хэрэгжүүлэхдээ Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан хаагчид Монгол Улсын хууль дүрмүүдийг удаа дараа зөрчиж байхад арга хэмжээ авахгүй байгаа нь огцруулах үндэслэл болж байна гэсэн шаардлагаа тавьсан.
Өлсгөлөн зарлахаасаа өмнө 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өглөө Чингэлтэй дүүргийн Засаг даргад мэдэгдэл, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төвийн даргад мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлэх болсон шалтгаан нь 1999 оны Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд хоёрын хамтарсан. Тушаалаар өлсгөлөнгийн харилцааг зохицуулж байгаа. Түүнээс Монгол Улсын хуульд өлсгөлөн зохицуулсан заалт байхгүй учраас мэдэгдэл өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өглөө мэдэгдэл өгөөд тухайн өдрийнхөө 14 цагаас 23 цаг хүртэл өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлаж байх явцад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журмын тасгийн дарга н.Төмөрбаатар болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэв журмын мөрдөн байцаагч ирж өлсгөлөнгөө зогсоох талаар надад хүсэлт тавьсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дугаар үе шат явж байсан учраас хэв журам алдагдуулж магадгүй гэх үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой 23 цагт өлсгөлөнгөө зогсоосон. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас над руу ярьж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичгийг надад өгсөн. Тус албан бичигт Нийслэлийн Засаг даргын ****дугаар захирамжийг баримталж өлсгөлөн жагсаал цуглаан хийхийг хориглосон тул мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх боломжгүй байна гэх хууль бус захиргааны акт ирсэн гэж миний зүгээс үзэж байгаа.
Мөн Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн учраас ****дугаар захирамжийг захиргааны хэм хэмжээний акт гэж үздэг. Мөн хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон асуудал үүссэн тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ****дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Иргэн Б.Б ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр миний бие шүүх хурлын явцад хариу тайлбар гаргах болно” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн эзгүй байх үед хүсэлтээ ширээн дээр үлдээгээд явсан байсан. Тухайн хүсэлтийг олж аваад удирдлагуудад танилцуулж холбогдох мэргэжилтэнд цохож тухайн иргэний хүсэлтийг судалж үзэхэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Хэлмэгдэгсдийн хөшөөний орчин нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****захирамжаар уг газарт жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Уг захирамжийг үндэслэж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ****тоот албан бичгээр өлсгөлөнг бүртгэж авах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн.
Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.Б ийн ярьж байгаа С сургуультай холбоотой асуудлаар Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч бус гэж буцаасан байдаг. Энэ иргэний асуудлыг холбогдох хуулийн байгууллагуудад уламжлах юм бол Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга зам нь чөлөөтэй байгаа. Б.Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар олон удаа хандаж байсан. 2017 оны 06 дугаар сард шүүх Б.Б ийн талд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр жагсаал, цуглаан хийсэн. С сургуультай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад зохих журмын дагуу хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****дугаар захирамж “Монголын Үндэсний түүхийн музейн үзвэрийг хамгаалах, гадаад дотоодын иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тух, үйлчлүүлэх нөхцөл байдал, байгууллагын аюулгүй байдлын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Хэлмэгдэгсдийн хөшөөний орчимд жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт зохион байгуулахыг хориглосон” байдаг учраас мэдэгдлийг бүртгэх боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд “Жагсаал, цуглаан болон өлсгөлөн” гэж тодорхой бичсэн байгаа. Нийслэлийн Засаг дарга ****дугаар захирамжийг анх гаргах болсон үндэслэл нь Уг байгууламж нь түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах жагсаалтад бүртгэгдсэн. Гэтэл 2015 оноос хойш тус байгууламжийн ойр орчимд жагсаал, цуглаан болон суулт хийх нь их болсонтой холбоотойгоор уг байгууллагаас хүсэлт ирсний дагуу хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ****захирамжийг батлан гаргахдаа Нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасныг үндэслэн гаргасан. Б.Б нь өөр газар өлсгөлөн зарлах боломжтой.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Б ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Монголын Үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадаад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2016 оны ****тоот захирамжийг батлан гаргасан бөгөөд тус газар нь түүх соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон газар юм.
Нийслэлийн Засаг дарга тус захирамжийг батлан гаргахдаа хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд буюу Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д зааснаар “соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах” гэж заасан бөгөөд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус захирамжийг батлан гаргасан.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 197 дугаар тогтоолд зааснаар тус музейн соёлын өвийг хадгалж буй барилга байгууламж тул Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус захирамжийг батлан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны ****дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж өөрчилснийг шууд хурлаараа хариу тайлбарыг гаргаж үргэлжлүүлэхийг зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай гол маргаан бол ****дугаар захирамж юм. Түүхийн музейн урд талын зогсоол дээр жилийн жилд өлсгөлөн, жагсаал цуглаан болдог байсан. Үүний дагуу музейн удирдлагаас манай байгууллагад гаднаас маш олон зочид төлөөлөгчид ирдэг. Тэгэхэд тухайн орчин үзэмжгүй харагдаж байна тийм учраас өлсгөлөн, жагсаал хийхийг зогсоох хүсэлт ирсэн. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор зөвхөн тогтоолд дурдагдсан газарт өлсгөлөн, жагсаал цуглаан хийнэ бусад газруудад хийж болохгүй гэж заасан. Тухайн газар нь түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай гэсэн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоол байгаа. Энэ тогтоолын дагуу Нийслэл, дүүргийн Засаг дарга нар энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллах хүрээнд Нийслэлийн Засаг дарга ****дугаар захирамжийг гаргасан. Түүнээс биш иргэн Б.Б өөр газар өлсгөлөн зарлаад явах бүрэн боломжтой. Нийслэлийн Засаг дарга өөр ногдсон эрхийнхээ хүрээнд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасныг баримтлан тухайн дүүргийн өв соёлын зүйлийг хамгаалж ажиллана гэсэн хуулийн заалтын дагуу энэ захирамжийг гаргасан. Мөн энэ хэм хэмжээний акт биш яагаад гэвэл Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор заасан тодорхой нэг харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Энэ захирамжаар зөвхөн дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосон. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйл дээр Жагсаал цуглаан болон өлсгөлөн гэж бичсэн байгаа. Иймд иргэн Б.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Б.Б нь “Чингэлтэй дүүргийн Засаг Ж.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дахь заалт, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Монгол улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх дээд хэлбэр өлсгөлөн зарлах мэдэгдлийг хүлээж аваагүй нь хууль бус болохыг тогтоолгох...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба “Нийслэлийн Засаг даргын гаргасан 2016 оны ****тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба улмаар “... Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
Мөн “... Эрүүл мэндийн сайдын баталсан 2010 оны 233 дугаар тушаалаар “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хууль бус актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хуралдааны явцад шүүх хүлээн авахаас татгалзсан болно.
/Тайлбар: тус нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад шүүх хүлээн авахаас татгалзсан ба уг татгалзсан шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргахгүй гэсэн тул уг захирамжийг бичгээр гаргах шаардлагагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шийдвэрийн тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж үзэв./
Иймд шүүх нэхэмжлэгчийн эцсийн байдлаар өөрчилсөн “... Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авах тухай” дугаар 197 тоот тогтоолоор “Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө”-г хамгаалалтад авч, хариуцан хамгаалах байгууллагаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрыг тогтоосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” дугаар ****тоот захирамжийн 1 дэх заалтаар “Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө” орчимд жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгосон ба 2 дахь заалтаар ... хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон соёлын үл хөдлөх дурсгалын орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д жагсаал, цуглаан хийхийг хориглох газруудыг нэрлэн зааж хуульчилсан ба уг хориглосон газруудад хөшөө дурсгал буюу “Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө” хамаарахгүй байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Соёлын өвд хохирол учруулж болзошгүй хориглох үйл ажиллагааг нэрлэн зааж хуульчилсан ба уг хориглох үйл ажиллагаанд жагсаал, цуглаан хийх, өлсгөлөн зарлах асуудал хамаарахгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хурал, Засаг даргаас хурал, жагсаал, цуглаан, санал асуулга явуулах талаар гаргасан шийдвэр зөвхөн хууль тогтоомжид нийцсэн байвал зохино.” гэж заасан байна.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд Засаг даргаас жагсаал, цуглаан явуулах талаар гаргасан шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байхыг тусгайлан зохицуулсан байх ба Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэрлэж заасан хориглосон зохицуулалтуудад жагсаал, цуглаан хийх, өлсгөлөн зарлах асуудал хамаарахгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны дугаар ****тоот захирамжаар “Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө” орчимд болон түүх, соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон соёлын үл хөдлөх дурсгалын орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг үүрэг болгосон нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар ****тоот захирамж нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болон Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан хязгаарлалтаас илүү хязгаарлалтыг нэхэмжлэгчид бий болгосон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь .... үйл ажиллагаандаа .... эрх чөлөө, ... хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасан.
Хуулийг дээдэлсэн эрх зүйт төрийн үед иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим үйлчлэх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д эрх чөлөөний зарчмыг хуульчилсан байна.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар ****тоот захирамжаар “Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө” орчимд болон түүх, соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон соёлын үл хөдлөх дурсгалын орчимд жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг үүрэг болгосон нь эрх чөлөөний болон хууль дээдлэх зарчимд нийцэхгүй, хуульд заасан хязгаарлалтаас илүү хязгаарлалтыг нэхэмжлэгчид бий болгосон байна гэж шүүх дүгнэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” дугаар ****тоот захирамжийг гаргахдаа Соёлын өвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасныг буюу “соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах” гэсэн Засаг даргын бүрэн эрхийн талаарх заалтыг үндэслэсэн байна.
Соёлын өвийн тухай хуулийн дээрх заалтад соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож гэж эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн тохиолдолд тухайн үйл ажиллагааг таслан зогсоох агуулгаар хууль тогтоогч тодорхой хуульчилсан, мөн соёлын өвийг хамгаалахтай холбоотойгоор хуулиар хориглосон үйл ажиллагаанд жагсаал, цуглаан хийх, өлсгөлөн зарлах асуудал хамаарахгүй юм.
Дээрхээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар ****тоот захирамжийг гаргахдаа хэрэглэх ёсгүй буюу үндэслэх ёсгүй, тухайн тохиолдолд хамааралгүй хуулийн заалтыг үндэслэсэн нь буруу байна.
Иймд шүүх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” дугаар ****тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичигт “... Нийслэлийн Засаг даргын 2016 оны ****дугаар захирамжаар Монголын үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадаад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор Хэлмэгдэгсдийн хөшөө орчимд жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт зохион байгуулахыг хориглосон тул мэдэгдэлийг хүлээн авч бүртгэх боломжгүй байна” гэж заасан байна.
Шүүх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” дугаар ****тоот захирамжийг эрх чөлөөний болон хууль дээдлэх зарчимд нийцэхгүй, хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн тул уг захирамжид үндэслэж гарсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг мөн хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг албан бичгийг мөн шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр 15-ны өдрийн ****тоот захирамжид жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгох гэж хуульд заагаагүй үг хэрэглэсэн байх бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтэд зөвшөөрөл олгохоор зохицуулаагүй, харин жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх талаар зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн сүбьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ****тоот захирамж нь нэхэмжлэгчийн өлсгөлөн зарласан асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгчрүү шууд чиглэсэн, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон нэхэмжлэгчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал, цуглаан хийх үндсэн эрхийг буюу нэхэмжлэгчийн сүбьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны актын шинжийг бүрэн агуулсан захиргааны актууд болох нь тогтоогдож байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүх Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ****тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” ****тоот захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ