Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0366

 

Д.Д-ий нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн шүүхэд гаргасан “Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/50, А/51 дугаартай тогтоолууд болон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/11, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 тоот шийдвэрийг нэхэмжлэгч Д.Д, өмгөөлөгч Д.Д бид үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх хэргийн үнэн бодит байдал, хууль хэрэглээн дээр зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д-ээс Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/50, А/51 дугаартай тогтоолууд болон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/11, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны актууд болох Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар тогтоолоор[1] “Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 76.4 хувийн саналаар Д.Д-г сумын Засаг даргаас огцруулах”, А/51 дугаартай тогтоолоор[2] “Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 52.9 хувийн саналаар Д.Эрдэнэ-Очирыг сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх”-ээр  тус тус шийдвэрлэсэн байна.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1-д “Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар”, г-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг огцруулах тухайн саналыг гаргахад хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зуран Хурлын даргад өргөн мэдүүлж, уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэснээр аймгийн Засаг даргад уламжлах онцгой эрхтэй байхаар зохицуулжээ.   

Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хурлын даргад “Засаг даргыг огцруулах” хүсэлт гаргаж, нийт 7 төлөөлөгч гарын үсэг зуржээ[3].    

 Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 21 төлөөлөгчтэй[4] байх бөгөөд хуульд зааснаар Засаг даргыг огцруулах тухай саналд гуравны нэгээс дээш төлөөлөгчид гарын үсэг зурсан байна.  

Энэхүү саналын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/03 дугаартай тогтоолоор[5] “Сумын Засаг даргыг огцруулах тухай болон сумын Засаг даргыг нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжит бус хуралдааныг товложээ.

Уг ээлжит бус хуралдааны урилгыг[6] 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тараасан байх бөгөөд хуралдаанд 18 төлөөлөгч оролцож, нийт оролцох төлөөлөгчийн 85,7 хувийн ирцтэй[7] Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанаар сумын Засаг даргыг огцруулахаар санал хураахад 13 төлөөлөгч буюу ирсэн төлөөлөгчдийн 76.4% дэмжсэн санал өгчээ[8].

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан.

Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас “Засаг даргыг томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлах” гэж зааснаар[9] 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд тухайн хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 52.9% буюу 9 хүний саналаар Д.Эрдэнэ-Очирыг нэр дэвшүүлэхээр болсон байна.

Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасны дагуу тус сумын Засаг даргыг огцруулах санал болон мөн сумын Засаг даргыг томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/50, А/51 дүгээр тогтоолууд хуулийн дагуу гарсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “... сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасан бөгөөд дээрх маргаан бүхий тогтоолуудыг үндэслэн сумын Засаг даргад Д.Эрдэнэ-Очирыг томилсон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/14 дүгээр захирамж хуульд нийцжээ.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжилсан саналын дагуу аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 8 хуудас

[2] Хавтаст хэргийн 9 хуудас

[3] Хавтаст хэргийн 42-43 хуудас

[4] Хавтаст хэргийн 40 хуудас

[5] Хавтаст хэргийн 37-38 хуудас

[6] Хавтаст хэргийн 39 хуудас

[7] Хавтаст хэргийн 40 хуудас

[8] Хавтаст хэргийн 51 хуудас

[9] Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын г-д