Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 29

 

Л.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч Ж.Баттогтох

 Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч-Б.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Д.*******аа

Нарийн бичгийн дарга: Э.******* 

          Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 254 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.******* нь Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтаны ажил гүйцэтгэдэг байж байгаад 2016 оны 03-р сарын 23-ны өдрийн хууль бус тушаалаар үүрэгт ажлаасаа халагдлаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байгаагүй, ажлын байрны зорилго, зорилтоо хангалттай биелүүлж ирсэн байхад ажлаас халж байгаад гомдолтой байна. Мөн намайг 20 хувиар цалингийн арга хэмжээ авсан тушаалын хуулбарыг сая авлаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө хариуцагчаар гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах, Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******аа шүүхэд гаргасан тайлбартаа:Л.******* нь ажлын өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа ууж байгаа үйл явцыг доорх нотлох баримтуудаар гэрчилж байна. 2015 оны 10-р сарын 05-нд Д.*******, М.*******, Д.******* нар архи ууж ажил тасалсан учир миний бие эхний удаад 10 сарын 06-ны 10 цаг 30 минутад өөрсдөд нь амаар сануулга өгсөн. 2015.10.16-нд Улиастайд анги удирдсан багш нар, нийгмийн ажилтны семинарт багш нарын хамт Их-Уул сумын машинд сууж Улиастай орох замдаа мөн л согтуу явсан. Улиастайд 10 сарын 17-ны өдрийн сургалтандаа архи уугаад суугаагүй 2015.10.17-ны орой 1910 цагийн үед Боловсрол соёлын газрын мэргэжилтэн ******* багш над руу нийгмийн ажилтнаа сургалтад нь суулгаач ээ гэж утсаар хэлж шаардсан. 2015.10.18-ны өглөө 08 цагаас хойш багш нар луугаа утасдаж байж сургалтанд суулгасан.2015.11.24-нд ******* ******* ******* нар ажлын өдөр ажлын цагаар Баярсайхан жолоочийн пургонд архи ууж байхад эмнэлгийн арын хашаанаас би өөрөө очиж авчирсан.

2015.10.30-нд аймгийн хэмжээний Нийгмийн ажилтны илтгэлийн уралдаанд оролцоогүй, 2015.10.30-нд Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд оролцоогүй. Энэ үйл явцуудаас *******, Л.******* нарт сахилгын шийтгэл ногдуулсан.

2015.12.26-нд М.*******, Л.******* нар багшийн хөгжлийн танхимд ажлын байран дээр архи ууж байгаад Л.******* нь найз *******ийнхөө толгойг сандлаар хага цохиж эмнэлэг дээр 3 оёдол тавиулсан.

2015.12.26-нд галч Батсүх нь хичээлийн А байрыг М.*******, Л.******* нарт онгойлгож өгсөн гэж хүлээсэн, дараа нь галч Батсүх ажлаа хүлээж аваад хүн байгааг мэдээгүй байсан хэсэг хугацааны дараа ороход ******* ******* нар архи уусан байсан гэж хэлсэн.

2015.12.27-ны 10 цагт албан бус боловсролын арга зүйч Н. , би өөрөө ирэхэд компьютерийн ширээг эвдэлсэн кока кола ундааны уусан сав, архитай стакан, архины шил зэрэг нь ширээн дээр байсан, мөн компьютерийн ширээ, шал нилээд цус болсон байсан.

2015.12.28-нд ******* нь ажилдаа ирээгүй ажлаа тасалсан.

2015.12.29-нд шинэ жилийн үйл ажиллагаанд оролцож байгаа гээд мөн ажилдаа ирээгүй.

Миний бие 2015.12.30-ны өглөө *******ыг дуудаж уулзахад би сургуулийн байрыг галч Батсүхээр онгойлгуулж орсон, тэнд ороод 1 шил архи, ундаа уугаад дараа нь юу болсныг санахгүй байна, ******* багшийн толгойг сандлаар цохиж хагалснаа мэдээгүй байж байгаад маргааш нь мэдсэн гэж хэлсэн.

2015.12.30-нд сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлд сумын тэргүүний хүүхдийн тодорхойлолтыг авч ирж өгсөнгүй гэж над руу Засаг дарга ярьсан энэ үед ******* нь бас л архи уугаад тэргүүний хүүхдийн материалыг өгөөгүй байсан. Дээрх ёс зүйгүй, ажил тасалж, архи ууж байгаа үйлдлүүдийг сумын Засаг дарга мэдэж байсан ба энэ хүн дээр арга хэмжээ авч мэдэгд гэсэн. Түүний энэ ёс зүйгүй үйлдлүүд дээр нь 12-р сарын 30-нд 3 сарын хугацаатай цалингийн арга хэмжээг 20%-иар бууруулж сахилгын шийтгэл ноогдуулсан.

Л.******* нь хэлсэн амандаа хүрч үүрэг даалгавар биелүүлдэггүй Засаг даргын тамгын газраас жил бүр авдаг тайланг өгдөггүй, Зөв монгол хүүхэд, Алхам алхмаар, Хүүхдэд ээлтэй сургууль гэх мэт хөтөлбөрүүдийн тайланг нэг ч удаа өгөөгүй.

2016.01.11-нд Л.*******, М.******* нар нь ажлын байран дээр архи уусан. Албан бус боловсролын арга зүйч Н. энэ үеэр захирлын ажлыг орлож байсан. 2016.01.08-нд Их-уул сумд сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөнд багш нар, нийгмийн ажилтан, сургалтын менежер нар явсан боловч 1-р сарын 8,9-нд Их-уул сумд Л.******* нь архи уугаад семинартаа мөн л 1 өдөр суугаагүй.

2016.01.26-нд бүрэн дунд сургуулийн хамт олны хурлаар Л.*******ын хариуцлагагүй, хүүхдийн хүмүүжилтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлдэггүй, ажлын цагаар архи уудаг ажил тасалдаг, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг нь хэлэлцэн цаашид ажилдаа сэтгэлээрээ хандаж ажиллахыг захиж хэлж анхааруулга өгч итгэл хүлээлгэн үргэлжлүүлэн ажиллуулсан. Гэтэл Л.******* нь 2016.03.01-ний өдрийн 14 цагаас хойш ажил дээрээ ирэлгүй 5 хоног 3 сарын 1,2,3,4,7 өдрүүдэд ажлаа тасалж архи уугаад ирээгүй 2016.03.08-ны орой архины хордлогонд ороод эмч дуудаж үзүүлээд 2016.03.09-ний өдрөөс 03-р сарын 11-ний өдөр хүртэл акт эгч Л. нь авч ирж өгсөн.

Л.*******ыг байхгүй байх энэ хугацаанд сурагчид ямар ч учир шалтгаангүй уналт их байсан. Энэ үеэр аймгийн хэмжээнд манай сургууль яригдаж байсан. Боловсрол соёлын газраас нийгмийн ажилтантай ярих гэсэн боловч архи уугаад ажилдаа ирээгүй 3 хоног ажлаа тасалсан гэж мэдэгдсэн.

2016.03.11-ний өдөр өөрт нь би чамайг 3 сарын 14-ний өдрөөс ажлаас чинь чөлөөлөх болоод байна. Манай сургуулийн хүүхдийн хүмүүжилтэй холбоотой ажлууд явагдалгүй ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан учир 2016.03.23-нд ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан.

Бүрэн дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг компаниас 2013.10.24-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2014.04.04-ны өдөр 04/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нийт 23,342,948 төгрөгний жакет, юбка өмд пиджак зангиа авсан боловч одоогийн байдлаар 17,071,158 төгрөг төлөгдөөгүй байна. 6,271,790 төгрөг одоогийн байдлаар шилжүүлсэн байна. Сурагчдын ноосон майк авсан 1,571,410 төгрөгний үлдэгдэлтэй байгаа боловч одоо хир нь өгөхгүй утсаа ч авахгүй байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь ажилдаа эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаалуудыг хүчингүйд тооцуулах тухай юм. Ажлаас халсан Б/03 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тушаалын үндэслэх хэсэгт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалт, мөн хуулийн 135.1.5 дахь заалтууд, мөн Бага дунд боловсролын тухай хуулийн заалт, хөдөлмөрийн гэрээний зарим заалт, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйн дүрэм зэргийг тушаалынхаа үндэслэх хэсэг болгон заасан байсан. Багшийн ёс зүйн дүрмийг тушаалын үндэслэх хэсэг болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь энэ дүрмийг нь багш, туслах багш нар дагаж мөрдөхөөр заасан байгаа учраас энэ дүрэм нь *******ад хамааралгүй гэж үзэж байна. Тушаалын үндэслэх хэсэг нь аль хууль, дүрмийн аль заалтыг үндэслээд байгаа нь тодорхойгүй. Ерөнхийлөн заасан байсан. Тухайн тушаал дээр ******* нь ажлын байран дээр удаа дараа архи ууж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасан байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Тушаалын үндэслэх хэсэг болон агуулга нь зөрүүтэй асуудал үүсээд байна. Учир нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар нь тушаалын үндэслэх хэсэгтэй зөрж байна. Тушаалын үндэслэх хэсэг нь ерөнхий бичигдсэн. Хувцасны төлбөр тооцоо дутаасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч тушаал дээр тийм асуудал байхгүй. Тушаалын агуулга хэсэгт ажлын байран дээр архи уусан учраас ажлаас чөлөөлсөн гэж ойлгогдохоор байгаа. Энэ зөрчил нь оны өмнө 2015 оны 04 сараас хойш 10, 11 саруудад үйлдэгдсэн гэж байгаа боловч сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг авсан гэж байгаа. Ажлын байран дээр архи уусан нь хангалттай нотлогдоогүй. Ажлын байран дээр архи ууж байхыг харсан хүн байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан байгаа тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас нотлох баримтаар үнэлж үзэх боломжгүй. Хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн *******ын өөрийнх нь би архи уусан гэж бичиж өгсөн гэх дэвтрийн хуудасны хуулбар нь нотариатаар батлуулаагүй байгаа учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмыг нотариатаар батлуулж ирүүлээгүй учраас энэ нь шүүхийн үндэслэл хэсэгт дурдах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулнагэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан байна гэж үзэж байна. Ажил олгогч нь тухайн зөрчлүүдийг мэдэж байгаа хирнээ арга хэмжээ авалгүй байж байгаад хугацаа өнгөрсний дараа арга хэмжээ авсан. Шилдэг хүүхдийн материалыг над руу явуул. Наад ажилтандаа арга хэмжээ ав гэж хэлсэн гэж тайлбар хэлж байна. Гэтэл тухайн үед арга хэмжээ аваагүй. Сахилгын арга хэмжээ авсан асуудал нь дээрх зөрчилд биш харин зөвхөн архи уусан асуудал дээр сахилгын арга хэмжээ авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2, 131.3 дахь заалтуудыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Мөн ажил олгогч нь архи уусан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн хирнээ шүүх хуралдаан гаргасан тайлбартаа үндэслэлгүйгээр ажил тасалсан учраас ажлаас чөлөөлсөн гэж ярьж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын дэвтэр дээр ******* нь 2016 оны 03 сарын 23-ны өдрөөс хойш ажилгүй байгаа. Энэ хугацаанаас хойш өнөөдрийн шүүх хуралдаанд болох хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ хугацааны цалин нь 2.430.052 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 сарын 31-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд нь төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******аа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Би ******* сумын сургуулийн нийгмийн ажилтан байсан Л.*******ыг удаа дараа гаргасан сахилгын арга хэмжээнүүдэд шат дараатай арга хэмжээ авсан. ******* нь үндсэндээ захирлын нэг тал болж сургуулийн хүүхдүүдийн хүмүүжлийг анхаарч ажиллах ёстой хүн байгаа юм. Би энэ хүнийг засч залруулж авах гэж их хичээсэн. Хамт олны хурлаар оруулж үзсэн. Дуртай үедээ ажлаа хийдэг, дургүй үедээ архиа уугаад явчихдаг асуудал удаа дараа гаргасан учраас арга хэмжээ авсан. Би энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулахаасаа өмнө өөртэй нь уулзаж, өөрт нь хэлж ярьж байсан боловч энэ хүн тухайн асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хүний архины асуудал үндсэндээ 2 жил дараалан яригдаж байгаа юм. 2014 оны 04 сараас ямар ч шалтгаангүйгээр 3 сар ажлаа хаяж явсан. Аймгийн Боловсрол соёлын газар болон засаг даргад хүргүүлэх тайлан мэдээ огт хүргэгдээгүй. Нийгмийн ажилтан сургууль дээр хүмүүжлийн ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл энэ ажил огт хийгдээгүй. Би байгууллагын хамт олонтойгоо ярилцаж байгаад 1 удаа харж үзээд энэ хүнийг ажилд нь аваад хэлж яриад залруулаад үзье гэсэн. Гэтэл ******* орж ирээд мөн л архиа уугаад яваад өгсөн. Тэгээд би дахиж дуудаад чи одоо архиа боль, хамт олны итгэлийг хүлээгээд ажиллах ёстой шүү гэж хэлээд өнгөрөөсөн юм. Үүний дараа анги удирдсан багш нар болон нийгмийн ажилтнуудын сургалт болсон энэ үед замын турш архи уугаад сургалтандаа суугаагүй. Боловсрол соёлын газраас ******* багш над руу яриад чи энэ хүнээ сургалтандаа суулгаач гэж ярьсан. Тэгээд би багш нар луу хэлж буудлаас авч очиж сургалтад суулгасан. Ажлын өдөр ажлын цагаар Ногоон алтны хашаанд архи ууж байхад нь би очиж байсан. Эдгээр архи ууж байгаа зургийг нь авч баталгаажуулаад авсан боловч утас эвдэрсэн учраас гаргаж өгөх боломжгүй болсон юм. Аймгийн хэмжээний итгэлийн уралдаан болон ажлын тайлан зэргийг сургуулийн ажлын үнэлгээнд авч үнэлдэг юм. Өнгөрсөн жилийн манай сургуулийн үнэлгээгээр нийгмийн ажилтны ажлын үнэлгээ огт байхгүй байсан. Аймагт болон сумын засаг даргын тамгын газарт өгөх ёстой байсан тайлан мэдээ өгөөгүй гэдгийг нотлохоор сумын Засаг даргын орлогчоос тодорхойлолт аваад ирсэн. 2015 оны 12 сарын 25-ны өдөр сургуулийн шинэ жилийг тэмдэглэсэн. 26-ны өдөр амралтын өдөр байсан учраас бид амарсан. Гэтэл ******* нь биеийн тамирын багш *******тэй галчаар сургууль онгойлгуулж ороод багшийн хөгжлийн танхимд архи ууж улмаар хоорондоо маргалдан ******* нь *******ийн толгойг сандлаар цохиж эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан асуудал үүсгэсэн. Бид хүүхдүүддээ хүмүүжилтэй бай гэж шаардлага тавих эрхгүй. Учир нь багш, нийгмийн ажилтан хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Гэтэл энэ хүн хүүхдүүдийн хүмүүжлийн талаар ямар ч ажил хийгээгүй. Маш олон алдаа дутагдал гаргаж байсан учраас би ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм. Манай сумын хүүхдүүд сургууль дээр нэг хэсэг ухаан алдаж унасан. Тэр үед нийгмийн ажилтан хажууд нь хамт байх ёстой юм байна лээ. Гэтэл энэ үеэр ******* мөн л архиа уугаад алга болчихсон байсан. Тэгээд нэлээд олон хүүхэд ухаан алдаж унасан учраас эмнэлгийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулсан. Харин азаар сургуулиас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан. Эцэг эхийн зүгээс мөн гомдол гарсан. Хүүхдүүдийн сэтгэхүйг хөгжүүлэх талаар ямар нэгэн ажил огт хийгдэхгүй байна гэсэн гомдол гарсан. Мөн сумын шилдэг сурагч шалгаруулах арга хэмжээ болдог. Нийгмийн ажилтан тухайн хүүхдийн материалыг Засаг даргад хүргэж өгөх ёстой байдаг. Гэтэл шилдэг хүүхэд шалгаруулах хугацаа тулчихсан байхад танай сургуулиас материалаа ирүүлээгүй байна гэж засаг дарга над руу ярьсан. Тэгэхээр нь би нийгмийн ажилтан руу ярих гэтэл нийгмийн ажилтан архи уугаад алга болчихсон. Тэгээд нийгмийн ажилтантай холбоо барьж чадахгүй байсан учраас анги удирдсан багш руу ярьж байж шилдэг хүүхдийн материалыг хүргүүлж байсан. Цаг хугацаатай ажлыг хүртэл цалгардуулаад архи уугаад алга болчихдог. Бүх сургуулиудад зохион байгуулалттайгаар дүрэмт хувцас тараасан. Дүрэмт хувцсыг 2013 оны 10 сарын 24 ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 23.342.948 төгрөгийн үнэ бүхий юбка, өмд, занги авсан. Энэ дүрэмт хувцас нийлүүлсэн компани манай сургууль руу ээлжгүй бичиг тоож явуулж мөнгөө өг гэдэг асуудал тавиад байгаа. 23.342.948 мөнгөнөөс 6.271.790 төгрөгийн бэлэн мөнгө нь шилжигдсэн. Үлдэгдэл 17.071.158 төгрөг нь шилжигдээгүй. Энэ гэрээг нь ******* хийсэн, хувцаснууд нь ******* дээр ирсэн байгаа. Энэ мөнгийг нь хийж шилжүүлэх талаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл шилжүүлсэн асуудал байхгүй. Анги удирдсан багш нараас энэ талаар асуухаар зарим нь бэлнээр Санжжамцад өгчихсөн. Тухайн бэлэн мөнгө өгсөн талаарх баримт нь *******ад байгаа. Багш нар хэдэн төгрөг бэлнээр өгснөө ч мэдэхээ больчихсон байгаа юм байна лээ. Сая хавтаст хэрэгтэй танилцаж байхад шүүх дээр согтуу ирсэн асуудал гаргасан харагдаж байна. Ямар ч үйл ажиллагаанд тийм л байдлаар ханддаг хүн байгаа юм.

Анхан шатны шүүх:  Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 128  дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Л.*******ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгуулж зохих санд шилжүүлэхийг даалгуулах, ******* сумын бүрэн дунд сургуулийн захиралын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болох, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Л.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуульд холбогдох урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх Завхан аймгийн ******* сумийн бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн Б\33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэрэгт Л.*******аас олгогдсон шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн дагуу шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Л.Санаажамцын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 254 дугаартай шийдвэрийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .... Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн Б\33 дугаар тушаалаар авагдсан зөрчлүүд байх бөгөөд 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш яг ямар зөрчлийг хэдэн сарын хэдний өдөр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Учир нь: Л.*******ын зөрчил гэх 2015 оны 11 сараас өмнөх үйлдэлд 2015 оны 11 срын 25-ны өдрийн Б\29 тушаалаар, үүнээс хойшхи 2015 оны 12 сарын 26-нд Ажлын байранд архи уусан гэх, 2015 оны 12 сарын 30-нд шилдэг хүүхдийн материал өгөөгүй гэх бүх үйлдэл, эс үйлдэхүйг ажил олгогч олж мэдэж 2015 оны 12 дугаар сарын 30-нд арга хэмжээ авсныг хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өөрийнх нь тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ийнхүү 2015 оны 12 сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулснаас хойш Л.Санаажамц нь ажлын байран дээр архи уусан зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар дээрх тайлбарыг баталж мэдүүлсэн гэрч Н.ын Л.******* ер нь дуртай үедээ ажлаа тасалдаг шүү дээ Ажлаа тасалж сүүлдээ эмчилгээнд явсан бие нь өвдсөн болоод л дуусдаг юм. Гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Гэж хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн гол нотлох баримт болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Учир нь Н.Мөнжаргал гэрчийн мэдүүлэгт Л.******* нь 2015 оны 12 сарын 30-аас хүйш хаана (ажлийн байран дээр эсэх) хэдийд (ажлын цагаар эсэх )хэнтэй( хамт ажиллагсадтайгаа эсэх) хэчнээн удаа (дахин давтан эсэх) архи уусан гэдгийг нотолж чадаагүй

Үндэслэх хэсэгт: Гэрч Н. нь Л.*******ыг ажил тасалдаг талаар мэдүүлдэг.

Мөн *******ын согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг хэдийд( хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр) ажил олгогч мэдсэн нь тодорхойгүй байна Ажил олгогч нь зөрчлийг илрүүлж мэдсэн хугацааг Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээр мэдсэн гэж үзэхээр бол үүнээс хойш 1 сарын дотор буюу 2016 оны 02 сарын 26-ны дотор архи уусан хэрэглэсэн асуудалд нь сахилгын шийтгэл ногдуулах боломжтой энэ хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан Ажил олгогч нь сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар мэдсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэрэгт ач холбогдол бүхий 2016 оны 03 сарын 23-ний өдрийн тушаалын агуулгад Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажлын байран дээр ажлын цагаар удаа дараа архи ууж сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зорилго, зорилтоо удаа дараа ноцтой зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул гэж тусгасан бөгөөд ажил тасалсан гэх эс үйлдэхүйг тушаалд тухайлан заагаагүй хариуцагчийн тайлбараар Л.*******ын ажлаас халах болсон шалтгааныг 2016 оны 03 сард ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа нь гаргасан тушаалын агуулга, шүүхэд өгсөн тайлбар 2 зөрж байна. Ажил тасалсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасныг хариуцагч биелүүлээгүй

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: 2015 оны 12 сарын 30-ны өдрийн Б\33 тоот тушаалд гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь ажил олгогч гаргасан тушаалаа хэдийд танилцуулсан эсэх нь тодорхойгүй, танилцуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй нэхэмжлэгчийн тайлбараар манай сургууль цалингаа сарын сүүлээр 25-даар тавьдаг тэгэхэд мэдсэн гэдэг нь 2016 оны 01 сарын 25-нд эсвэл түүнээс хойш мэдсэн, мэдэх боломжтой байна тиймээс 2016 оны 04 сарын 25-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 254 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлын агуулга нь сахилгын зөрчлийг давтан гаргасан ноцтой зөрчил гаргасан гэсэн 2 зүйл тайлбарлаад байгаа юм. *******ыг ажлаас халахаар гаргасан тушаалын агуулга нь ажлын байранд архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн гэсэн зүйл байдаг. Гэтэл энэ нь өмнө нь хариуцлага тооцож арга хэмжээ авагдсан асуудал байдаг. Сүүлийн зөрчлийг хэзээ гаргасан, түүнийг нь хэзээ мэдсэн гэдэг нь тодорхойгүй юм.

Тус сургуулийн хамт олны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд *******ын архи уусан асудал яригдаж хэлэлцээд *******ад нэг удаа боломж олгохоор тогтсон байдаг. Хамт олны тэр хурлаас хойш буюу зөрчлийг илрүүлсэнээс хойш нэг сарын дотор хариуцлагын арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл 2 сарын дараа сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах журмыг зөрчсөн байгаа юм. Ажил олгогч нэг зөрчилд хоёр сахилгын шийтгэл оногдуулсан байгаа нь үндэслэлгүй юм. Сургуулийн дүрэмт хувцасны тооцоотой гэсэн асуудал дээр анхан шатны шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэсэн.

Мөн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажил тасалсан гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Энэ тайлбар нь ажлаас халсан тушаалын агуулгатай нийцэхгүй байгаа юм. Иймээс сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хурлын тэмдэглэл дээр *******ын архи уусан асуудлыг хэлэлцсэн байгаа юм. Тэр хурлаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан байгаа юм. Иймээс Хөдөлмөрийн хуулийн шаардлага хангаагүй, нэг зөрчилд 2 сахилгын шийтгэл авах ёсгүй гэсэн хуулийн зохицуулалттай. 2016 03,01-7 хүртэл ажил тасалсан гэж байгаа боловч нотлох баримт байхгүй байгаа юм.

Сургуулийн эд хөрөнгийн тооцоотой гэсэн зүйл яригддаг. Сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр халах боломжгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан юм гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цогцолмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг заасан байдаг. Тухайлбал ажлын цагаар архи уух, ажлын хариуцлага алдах зэргийг заасан байдаг. Л.******* нь ажлын байранд архи уусан, ажлаа шалтгаангүйгээр 2 удаа тасалсан ноцтой зөрчил гаргасан. Иймээс ноцтой зөрчил гаргасанд нь холбогдуулж сахилгын шийтгэл оногдуулсан. Дараа нь ажлын хариуцлага алдаж ажлыг цалгардуулсан. Миний зүгээс ажил тасалсан хугацааг нь нотолж нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргаж өгөх гэсэн боловч ******* өөрөө авсан байсан учраас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч чадаагүй юм. Хамгийн сүүлд 3 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэл ажлын 5 хоног ажил тасалсан. *******ыг ажил тасалсан энэ үеэр хүүхдүүд хэд хэдээрээ унах асуудал үүсч байсан. Тухайн үед эмч болон сургуулийн нийгмийн ажилтан байх ёстой байтал нийгмийн ажилтан байхгүй хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж үлдсэн.

Нийгмийн ажилтан гэдэг нь тухайн сургуулийн багш, ажилтан, сурагчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ажилтан байдаг. Гэтэл *******ын хариуцлагагүй үйлдэл хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлсэн. Иймээс энэ талаар хамт олондоо санал оруулж 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр багш нарын хурал хийж *******ын санал бодлыг сонссон. Хурал дээр ******* дахин зөрчил гаргахгүй, зөрчил гаргаад халагдвал гомдолгүй гэсэн амлалт өгсөн. Үүнийг хамт олноороо харгалзан үзэж нэг удаа *******ад боломж олгоё гэдэг шийдвэрт хүрсэн.

******* 2015 оны 04 дүгээр сараас хойш ажлаа хаяад явсан байхад нь би нэг удаа боломж олгоод ажиллуулж байсан. Гэтэл ******* хамт олны итгэлийг дааж засраагүй юм. Иймээс ажлын хариуцлага, дотоод дүрэм журмынхаа хэрэгжилт хамгийн гол нь хүүхдийн хүмүүжлийн асуудал чухал учраас *******ыг удаа дараа өршөөж боломж олгоод байх нөхцөлгүй болсон. Сахилгын шийтгэл оногдуудлахдаа зөрчил гаргасан тухай бүр ногдуулж байсан. Нийгмийн ажилтны ажил нь аймгийн боловсролын системийн хэмжээнд үнэлэгддэг ажил учраас нийгмийн ажилтны ажил муу байх нь сургуулийн үнэлгээнд мөн нөлөөлдөг.

Мөн 12 дугаар сарын 25-нд сургуулийн шинэ жилийн үйл ажиллагааг тэмдэглээд 26-нд нь амралтын өдөөр амарч байх ёстой байтал ажлын байран дээр ирж архи ууж зодоон хийсэн байсан. Нэг дэх өдөр буюу ажлын өдрөөр тэр байдлыг нь өөрсдөд нь үзүүлэх гэтэл ажлаа таслаад ирээгүй. Нийгмийн ажилтан нь тухайн сургуулийн нүүр царай байдаг учраас нийгмийн ажилтан нь ажлаа таслаад яваад байхаар сургуулийн ажилд сөрөг нөлөөлнө гэж үзсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, уг үнэлгээнд тулгуурлаж эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцаанаас үүссэн маргаантай хэргийг зөв шийдвэрлэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тухайн харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсний гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.******* нь Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирал Д.*******аа эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч маргаж буй үндэслэлээ Л.******* нь Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтанаар ажиллаж байхдаа ажлын байран дээр ажлын цагаар удаа дараа архи ууж, сахилгын зөрчил давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зорилго зорилтоо удаа дараа ноцтой зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг сургуулийн захиралын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Л.******* нь 2015 оны 11-р сарын 25-ны өдөр ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж, ар гэр, болон хамтран ажилладаг хүмүүст ёс зүйгүй хандсан, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын байранд архи ууж танхайрсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 30-нд архи ууж ажлын байранд байхгүй байснаас шилдэг хүүхдийн материалыг өгөөгүй зэрэг зөрчил гаргаж, удаа дараа сахилгын шийтгэл авсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Үүнээс гадна Л.******* нь ажлын байранд архи уусан зөрчлийг байнга гаргаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зорилго зорилтоо умартан удаа дараа зөрчил гаргаж, албан үүрэгээ биелүүлдэггүй байсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Н. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Л.*******ын гаргасан дээрх зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээний 2-р зүйлийн 2 дахь хэсгийн ё-ийн 1.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байжээ.

Энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтанд үндэслэн дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 254 дугааршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР