Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00563

 

 

******* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2026/00054 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох,

 

******* ХХК болон иргэн ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, иргэн ******* , иргэн ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, ******* дугаар байр, ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* гийн нэр дээр шилжүүлэхийг ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгуулах, ******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , Баянзүрх хорооллын А блокийн ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65,71 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 111,707,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

1.2. Гүйцэтгэгч компани дээрх орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон байх үүргийг хүлээсэн боловч орон сууцыг өөр этгээдэд худалдахаар гэрээ байгуулсан, улмаар орон сууцны өмчлөгчөөр ******* гэх иргэн бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна.

1.3. Би орон сууцтай болох зорилгоор ******* ХХК-д орон сууцны үнэд 88,225,509 төгрөг төлсөн. Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан орон сууцыг өөр этгээдэд шилжүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй.

1.4. Би үлдэгдэл төлбөрөө төлөөгүй шалтгаан нь барилгын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөхгүй удсанаас болсон бөгөөд хэрэв гүйцэтгэгч компани миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг гүйцээн төлөхөд бэлэн байна. Барилгын үнэ өссөнтэй холбоотойгоор тухайн орон сууцыг өөр этгээдэд өндөр үнээр зарж борлуулан ашиг олох зорилгыг агуулсан гэж үзэж байна.

1.5. Иймд намайг Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , Баянзүрх хорооллын А блокийн ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65,71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгаж өгнө үү.

1.6. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээний 4.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.01 хувиар тооцсон алданги болох 55,853,500 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.

1.7. Орон сууцны өмчлөгчөөр ******* гэх иргэн бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авахдаа ******* ХХК болон иргэн ******* ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г, иргэн ******* болон иргэн ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1981 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г, ******* ХХК болон иргэн ******* ийн хооронд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г тус тус байгуулсан байх ба дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь ******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот Бараа материал, худалдах, худалдан авах гэрээ-г, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* -НГ тоот Бараа материал худалдах, худалдан авах нэмэлт гэрээ-г тус тус байгуулсны үндсэн дээр тухайн компанид шаардлага бүхий барилгын бараа материал нийлүүлж түүний төлбөрт үнийн дүнд тохирсон байрнуудыг ашиглалтад орох үед хүлээн авахаар харилцан тохиролцсон.

2.2. Тухайн бараа материалын төлбөрт олгогдож буй байрнуудыг захиалгаар орон сууц захиалах гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдэд борлуулах боломжтой талаар ******* ХХК-ийн борлуулалтын захирал тайлбарласан тул худалдан борлуулж, борлуулалтын хувь гэх төлбөрийг ******* ХХК нь авсан юм. Тус худалдан борлуулсан байрнуудаас иргэн ******* нь А блокийн ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцыг захиалгаар орон сууц худалдан авах гэрээний дагуу авч 88,225,509.04 төгрөгийг төлсөн нь үнэн.

2.3. Бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу бид гэрээнд заасан бараа материалын зохих хэсгийг урьдчилан нийлүүлж, хамтран ажиллаж байсан боловч цар тахал буюу ковид-19 вирусын улмаас бараа материалыг хилээр нэвтрүүлэх боломжгүй болж гэрээнд заасан хугацаанд бараа материалыг нийлүүлж чадаагүй, мөн ******* ХХК-ийн зүгээс гэрээнд заасан тээврийн зардлын төлбөрийг бүрэн төлөөгүй нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн.

2.4. Манай компанийн зүгээс асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж, захиалгаар орон сууц худалдан авсан иргэдийн эрх ашгийн төлөө хэд хэдэн уян хатан саналыг тавьсан боловч өнгөрсөн хугацаанд тус компанийн удирдлага, бүтцэд удаа дараа өөрчлөлт орж харилцахад улам төвөгтэй байдлыг үүсгэсэн. Улмаар ******* ХХК нь нэг талын санаачилгаар эрх зүйн үндэслэлгүйгээр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж буйгаа мэдэгдэн гэрээний дагуу олгосон орон сууцнуудыг бусад этгээдэд давхар худалдан борлуулсан нь манай компанийг маш их алдагдалд оруулаад зогсохгүй, захиалгаар худалдан авсан иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

2.5. Бартераар авсан байрыг захиалгын гэрээний үндсэн дээр худалдан борлуулахад ******* ХХК-ийн зүгээс одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа ******* , тухайн үед ******* ХХК-ийн захирал байсан ******* нар эрх олгож зөвшөөрсөн, ******* захирлын хувьд энэ байрнуудыг худалдан борлуулах үед хамт байсан. ******* нь тухайн үед өөрийгөө ******* ХХК-ийн борлуулалтын захирал гэж хэлээд хүмүүсийг зуучилж олж ирсэн, ******* г ******* авч ирсэн.

2.6. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа маргаан дээр бид нарын зөвшөөрөл олгоогүй байрыг ******* ХХК худалдан борлуулсан гэдэг зүйлийг ******* ХХК яриад байгаа юм. Бид энэ байрнуудыг худалдан борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлд дурдсан орон сууцны тэргүүн захиалагч нь ******* байсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэгч ******* гийн алданги нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй, учир нь бид нарын хоорондын тооцоо дууссан гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. ******* нь ******* ХХК-тай 2024 онд 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот орон сууц захиалгын гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээг тухайн компанийн ерөнхий захирал гэх ******* болон захиалагч иргэн ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний төлбөр тооцоог ******* ХХК хүлээж авсан байна. Тус гэрээний дагуу ******* нь орон сууц хүлээлгэж өгөх үүргийг ******* ХХК-аас шаардах ёстой байтал энэ үүргийг ******* ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

3.2. ******* ХХК, ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-тай ******* тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ-г, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нэмэлт гэрээ-г тус тус байгуулж, төслийн А блокийн барилгын материал нийлүүлэх, гэрээний төлбөрт орон сууцыг тооцуулан авахаар харилцан тохиролцсон.

3.3. Гэрээнд заасны дагуу ******* ХХК бараа материалыг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийлүүлэх ёстой байсан ч нийлүүлээгүй, гэрээний дагуу нийтдээ 131 ширхэг гадна хаалга нийлүүлсэн боловч анх захиалсан хаалгатай нийцээгүй, өөр материалтай хаалга ирсэн тул бид бараа материалыг хүлээж авахгүй гэсэн боловч ******* ХХК үлдээгээд явсан.

3.4. Талууд хамтарсан ажлын хэсэг гаргаад үзлэг хийж, тухайн нийлүүлсэн барааны чанар хийц, суурилуулсан байгаа байрлал зэрэг зүйлийг нарийн дүгнэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Талуудын хооронд хэн хэнээсээ авах зүйл байхгүй гэдгийг тооцоо нийлж баталгаажуулсан. Улмаар ******* ХХК 2022 оны 05 дугаар сарын 16-ны 22/02506 тоот албан бичгээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан.

3.5. Гэрээний дагуу бартерт өгөх ёстой байсан орон сууцыг ******* т худалдсан. ******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр захиалагчийн эрхээ гуравдагч этгээд болох ******* д шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ийн тайлбарын агуулга:

4.1. Би энэ орон сууцыг гадаадад ажиллаж байгаад эхээрээ дамжуулж худалдаж авсан. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний эх ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* тай 65,71 м.кв 3 өрөө орон сууцны 1 м.кв нь 2,100,000 төгрөг, нийт 137,991,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан.

4.2. Улмаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , Баянзүрх хорооллын А блок ******* давхар ******* тоот орон сууцыг миний бие өөрийн эх ******* ээс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэр шилжүүлж авсан. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авсан тул уг орон сууц нь миний үл хөдлөх хөрөнгө мөн болно. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* гийн хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, ******* дугаар байр, ******* дүгээр давхрын 0******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* гийн нэр дээр шилжүүлэхийг ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгах, ******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,434,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь 13, 16 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд найман жилийн турш барилгын дотоод засал, чимэглэлийн ажил хийж байж цуглуулсан өөрийн мөнгийг маргаан бүхий орон сууцанд төлсөн, тухайн мөнгийг бүрдүүлэхийн тулд өөрийн хамаатан ******* гаас 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17,000,000 төгрөг, мөн ******* банк ХК-аас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус зээлж урьдчилгааг төлж барагдуулсан. Тэрээр бусдаас орон сууцанд зориулан зээлсэн мөнгийг төлж барагдуулахын тулд ханиад хүрснээ ч тоолгүй ажил хийсээр уушгины хатгалгаа тусч сүрьеэ болтол хүндрүүлэн Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 2023 оны 11 дүгээр сарын 10-наас 2024 оны 02 дугаар сарын 05-ныг хүртэл хэвтэж эмчлүүлсэн зэрэг нөхцөл байдал, баримтуудыг үнэлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.

6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т ******* ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч ******* ХХК нь алдангид 55,853,500 төгрөг гаргуулах шаардлагаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

6.3. Анхан шатны шүүх орон сууцыг ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт бартераар авахаар тохирсон талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн боловч энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан хэдий ч уг орон сууцны ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажил гүйцэтгэгч ******* ХХК, ******* ХХК нарын аль нэгтэй орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж энэ алдаатай дүгнэлтээ шийдвэрийн нэг үндэслэл болгосон нь шударга ёсонд нийцээгүй гэж үзнэ.

6.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т ******* ХХК-ийн охин компани нь ******* ХХК учраас ******* ХХК нь ******* ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрт маргаан бүхий ******* тоот орон сууцыг өгөхөөр тохирч гэрээ байгуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хирнээ 4.4-т нэхэмжлэгч ******* ХХК-тай гэрээ байгуулснаас бараг бүтэн жилийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна гэж үзэж ******* ХХК-ийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ дүгнэсэн актыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.

6.5. Түүнчлэн, шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8-д ******* нь ******* ХХК, ******* ХХК-тай маргаан бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулаагүй, улмаар уг компаниудад төлбөрийг төлсөн болох нь тогтоогдоогүй тул ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг тус тус хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

6.6. Шийдвэрийн 4.10-т Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ийн өмчлөл, эзэмшлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь дээрх заалтад хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу түрүүлж гэрээ байгуулсан этгээд нь ******* мөн бөгөөд давуу эрхтэй этгээд нь ч ******* байна.

6.7. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хамтран хариуцагчаар татах тухай нэхэмжлэл, хүсэлтийг Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн боловч шүүх миний хамтран хариуцагч татах тухай хүсэлт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 17-нд хэлэлцэн захирамж гаргаж, харин Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэж захирамж гаргасан. Энэ хооронд хариуцагч ******* ХХК нь амжуулж 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ******* д гаргаж өгсөн байдаг. Ингэснээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломж бүрдсэн, өөрөөр хэлбэл зориудаар хугацаа хожиж, гэрчилгээ гаргах хугацаа, боломж олгосон гэж үзэж байна.

6.8. Шийдвэрийн 4.12-т ******* болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний ажил гүйцэтгэгчийг ******* ХХК-ийг гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний 4.2-т зааснаар алданги шаардах эрхгүй байна гэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байгаа болно.

6.9. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ******* ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. ******* ын захиалж гэрээ байгуулсан орон сууц нь нэмэлт гэрээнд заасан орон сууц юм. Тэрээр ... яг үнэндээ ******* ХХК-ийн өөрсдийнх нь борлуулагч нартай холбогдоод очсон. Тэдэнд гэрээг чинь үзье гэж хэл ам болж байгаад бичиг хийлгэж авсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн урьд байрлах 5 давхар байр мөн үү гэхэд гэрч мөн тэр 5 давхар байр. ******* ХХК-ийн байр гэж байгаагүй гэж мэдүүлсэн нь анх гэрээ байгуулахдаа ******* ХХК-ийн борлуулагч нараар дамжуулан ******* ХХК-ийн байранд очиж маргаан бүхий орон сууцны гэрээг байгуулсан гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үнэн бодитой болохыг нотолсон мэдүүлэг өгснийг харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, энэ талаар шийдвэрт огт дурдаагүй.

6.10. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07 тоот албан бичигт ******* ХХК нь манай компанитай бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* хороолол төслийн А блок-д заслын ажлын бараа материал нийлүүлэн ******* хороолол А блокны ******* давхар, ******* тоот, 35.45 м.кв орон сууцыг авч байгаа болно гэсэн захирлын гарын үсэгтэй албан тоот нь мөн ******* гийн нэхэмжилж байгаа маргаан бүхий орон сууцыг ******* ХХК худалдан борлуулахыг ******* ХХК-аас зөвшөөрсөн гэдгийг нотолно. Энэхүү нотлох баримтаас гадна хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* нь манай компани ******* ХХК руу ******* гийн захиалсан орон сууц борлуулсны шимтгэлийг шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд ******* ийн эзэмшлийн данснаас Blue ocean anchor гэсэн утгатайгаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,385,273 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн баримт мөн давхар нотолно.

6.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, иргэн ******* , иргэн ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, ******* дугаар байр, ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* гийн нэр дээр шилжүүлэхийг ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгуулах, ******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь алданги гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч бусад шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан бол хариуцагч ******* ХХК, ******* ХХК нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* -НГ дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь 551,530,957 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг ******* ХХК-д нийлүүлэх, ******* ХХК нь ******* ХХК-д төлбөрийг орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцсон;

3.2. ******* болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, А блокийн ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцыг ******* ХХК нь 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэх, ******* нь орон сууцны үнэ 111,707,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон;

3.3. ******* нь Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу 88,342,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн;

3.4. ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж ******* ХХК нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, А блокийн ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 137,991,000 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон;

3.5. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1981 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, ******* нь ******* д ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний захиалагчийн эрхийг шилжүүлсэн;

3.6. ******* ХХК болон ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээ ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, А блокийн ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, орон сууцны үнэ 137,991,000 төгрөг ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу төлөгдсөн талаар тусгасан;

3.7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн БА-123/2024 дугаартай дүгнэлтээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* ХХК-ийн захиалгатай, зоорьтой 3 агуулахтай, ******* давхар, 1 блок, үйлчилгээтэй 150 айлын орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулсан, уг барилгын гүйцэтгэгчээр ******* ХХК ажилласан;

3.8. ******* маргаан бүхий орон сууцыг Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж өмчилсөн, ******* д 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон;

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг бүрэн тодорхойлж чадаагүй, мөн нэхэмжлэгчийн хариуцагч ******* ХХК-аас алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл болон гэрээний дагуу төлсөн төлбөр болон учирсан хохирлоо нэхэмжлэгч зөвхөн хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэх эрхтэй талаар дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

4.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ нь тухайн орон сууцны зориулалттай барилгын захиалагч ******* ХХК, гүйцэтгэгч ******* ХХК нарын зөвшөөрөлтэйгөөр байгуулагдсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

4.1.1. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн ... Бартераар авсан байрыг захиалгын гэрээний үндсэн дээр худалдан борлуулахад ******* ХХК-ийн зүгээс одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа ******* , тухайн үед ******* ХХК-ийн захирал байсан ******* нар эрх олгож зөвшөөрсөн, ******* захирлын хувьд энэ байрнуудыг худалдан борлуулах үед хамт байсан. ******* нь тухайн үед өөрийгөө ******* ХХК-ийн борлуулалтын захирал гэж хэлээд хүмүүсийг зуучилж олж ирсэн, ******* г ******* авч ирсэн ... гэх тайлбар;

4.1.2. Шүүх хуралдаанд гэрч ******* ын ... Хамгийн анх холбогдсон хүмүүс ******* ХХК-ийн борлуулалтын албаны дарга ******* гэж хүн байсан ..., ... та бартерын компанидаа мөнгөө өгнө, бартерын компанитай гэрээ байгуулна гэсэн. Би танай 2 компанийг хоорондоо холбоотой гэдгийг яаж мэдэх юм бэ гэхэд ******* гэж эмэгтэй ******* ХХК, ******* ХХК хоорондоо бараа нийлүүлэх гэрээтэй байгаа нь үнэн болно, гэрээ байгуулж байгаа хүмүүст ийм тоот өрөө байрыг ******* ХХК-д өгсөн нь үнэн болно гэсэн тодорхойлолт үйлдэж өгсөн ... гэх мэдүүлэг;

4.1.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт буюу ******* ы Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн ******* ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг гэх биеийн байцаалт, ... ******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулаад байр авах үед тус байрыг зарж өгч байсан, тухайн үед би 2-3 ширхэг байрыг зарж байсан санагдаж байна, гэрээг нь би боловсруулж өгөөд ******* ХХК-р бэлтгээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулж байрыг зарж, зуучлалын хөлсийг ******* -аас зарсан байрны 2.2 хувиар ******* ХХК-ийн дансаар хүлээн авсан ... гэх бичгийн баримт;

4.1.4. ******* ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөн банкан дахь ******* тоот дансанд 2,385,273 төгрөгийг blue ocean anchor гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн баримт;

4.2. ******* ХХК болон ******* ХХК нар нь ******* ХХК-тай байгуулсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, Бараа материал худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ-ний зүйл болох ******* дүгээр давхрын ******* тоот 65.71 м.кв талбайтай орон сууцыг тухайн гэрээний хэрэгжилтээс үл хамааран ******* д худалдан борлуулах эрхийг болон орон сууцны төлбөрийг ******* гаас шаардан авах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ ******* ХХК-д шилжүүлсэн гэж үзэх ба энэхүү шилжүүлсэн эрх болон зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд Орон сууц захиалгын гэрээ нэртэй боловч орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

******* ХХК нь ******* тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ болон орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2 дахь заалт буюу Гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтад оруулах хугацааг 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.01 хувиар тооцон алданги Захиалагч талд төлнө гэснийг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

4.4. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу гэрээний үнийн дүн болох 111,707,000 төгрөгөөс гэрээнд заасан хувь хэмжээ болох 0.01 хувиар тооцоход 1 хоногт ногдох алдангийн хэмжээ нь 11,170.7 төгрөг байна.

Гэрээний 1.3-т Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2021 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна гэсэн заасан байх тул мөн гэрээний 4.2-т заасан 90 хоногийн хугацааг нэмж тооцон 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх нийт 1362 хоногт алданги тооцоход /1362*11,170.7/ нийт алдангийн хэмжээ нь 15,214,493.4 төгрөг болж байна.

4.5 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч ******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ******* болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний ажил гүйцэтгэгчийг ******* ХХК гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний 4.2-т зааснаар алданги шаардах эрхгүй гэсэн алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шүүхээс дээр дурдсан байдлаар залруулж, хариуцагч ******* ХХК-аас алдангид 15,214,493.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэгчийн уг шаардлагын үлдэх хэсэг буюу 40,639,006.6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

4.6. Мөн анхан шатны шүүх ******* ХХК болон ******* ХХК нар нь ******* д орон сууцыг худалдан борлуулах эрхийг болон орон сууцны төлбөрийг ******* гаас шаардан авах эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу төлсөн төлбөр болон учирсан хохирлоо зөвхөн хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэх эрхтэй талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь буруу болсон тул анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг залруулж, нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас гэрээний дагуу төлсөн төлбөр болон учирсан хохирлоо нэхэмжлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон ******* ийн өмчлөлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ, иргэн ******* , иргэн ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, ******* дугаар байр, ******* дүгээр давхрын ******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг ******* гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

5.1. ******* ХХК, ******* ХХК болон ******* ХХК нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* болон гуравдагч этгээд ******* нарт давхардуулан худалдсан байх ба ******* нь маргаан бүхий орон сууцыг худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өөрийн мэдэлд авсан байдал нь хэргийн баримтаар тогтоогдсон.

5.2. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн бодитоор эзэмшиж буй ******* ийн өмчлөх эрхийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийн дүн болох 111,707,000 төгрөгөөс 88,342,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн, гэрээний үнийн дүнгээс 23,365,000 төгрөгийг төлөөгүй шалтгаанаа гэрээний хэрэгжилтэд эргэлзээ төрсөнтэй холбон тайлбарлаж байгааг буруутгах үндэслэл байхгүй, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хугацаа хэтрэхэд хүрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2026/00054 дугаар шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас алдангид 15,214,493.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,639,006.6 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч ******* гийн хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, ******* , ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо , ******* хороолол, ******* дугаар байр, ******* дүгээр давхрын 0******* тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* гийн нэр дээр шилжүүлэхийг ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,434,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 234,022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,434,502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Б.УУГАНБАЯР