| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/08126/И |
| Дугаар | 210/МА2026/00555 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00555
******* ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10431 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 99,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* , ******* нар нь харилцан тохиролцож 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ******* нь зээлдэгчийн хүсэлтийн дагуу эхний 1 сарын хүү 10,000,000 төгрөгийг суутган 90,000,000 төгрөгийг зээлдэгчийн данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаж 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1 сараар сунгаж өгөхийг хүсч 10,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээг 1 сараар сунгасан.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож зээлдэгч өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /******* / ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 44.75 м.кв талбайтай 2 өрөө Ү-******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалахаар тохиролцож ******* тоот барьцааны гэрээг байгуулсан.
1.3. Зээлийн гэрээний хугацаа дуусаж, сар гаруй хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь зээлийн гэрээний өр төлбөрийг огт төлөөгүй, үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцоход өдөрт ногдох алданги 500,000 төгрөг, нийт 58 хоног хэтрүүлсэн хугацааны алданги 29,000,000 төгрөг, нийт 129,000,000 төгрөг болсон.
1.4. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 25-нд зээлийн хүүг төлөх ёстой байсан боловч төлөөгүй явж байгаад нийт 15,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-нд төлж, 2025 оны 06 дугаар сарын 15-нд 11,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс дахиад холбогдоход утсаа авахгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал 30,000,000 төгрөг төлснийг хасаад, одоо хариуцагч ******* аас 99,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. ******* ХХК нь барилгын угсралтын үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Барилгын үйл ажиллагаанд тогтмол бэлэн мөнгө шаардлагатай байдаг. 2025 оны 02 дугаар сарын сүүлээр үл хөдлөх эд хөрөнгийн зууч хийдэг ******* тай ажил хэргийн шугамаар уулзаж байхад бусдад тогтмол мөнгө зээлдэг хүн байгаа талаар мэдсэн. Ингээд ******* аар дамжуулан ******* тай уулзаж, мөнгө зээлэхээр тохиролцсон.
2.2. ******* тай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ хийж, 100,000,000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсон боловч 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар уг үндсэн зээлийн төлбөрөөс 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
2.3. Монгол улсад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдсан. Уг хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан этгээд мөнгөн хөрөнгийг хүүтэйгээр бусдад зээлдүүлж, алданги тооцож авах боломжтой. Гэтэл ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, сургалтад суугаагүй атлаа зээлийн гэрээ байгуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцэлд хамаарна. Энэ нөхцөлд нэхэмжлэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй. Тиймээс 30,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аас зээлийн гэрээний үүрэгт 64,815,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,185,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 873,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аас 482,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* , ******* тай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусах ба эхний 1 сарын хүүг хасаж шилжүүлэх саналыг хариуцагч ******* гаргасан учир 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан 1 сарын хүүг суутган шилжүүлсэн.
4.2. Түүнчлэн, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөгийг хүү гэх утгатай шилжүүлж, 1,000,000 төгрөгийн хүү дутуу шилжүүлснийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1 сарын хүү 10,000,000 төгрөгийн хамт хүү 11,000,000 төгрөг, үндсэн зээл 100,000,000 төгрөг, нийт 111,000,000 төгрөг шилжүүлэх байсан боловч өгөлгүй явсаар 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү 11,000,000 төгрөгийг өгөөд дахин 1 сараар сунгаж өгөөч 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үлдсэн сарын хүүг тооцон зээлийг хаана гэсэн боловч тус өдөр мөн адил хүү гэх утгатайгаар 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш дахин зээлийн гэрээг сунгах боломжгүй үндсэн зээлээ төл гэдэг шаардлагыг тавьсан боловч утсаа авахгүй алга болсон учир арга буюу шүүхэд хандсан.
4.3. Улмаар шүүхэд хандахдаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн хүү төлөгдсөн учир түүнээс хойш хүү шаардаагүй. Үндсэн зээл 100,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 58 хоногоор тооцож 29,000,000 төгрөг, нийт 129,000,000 төгрөг нэхэмжилсэн.
4.4. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй хүүг дүгнэж, төлөгдсөн хүүг үндсэн зээлээс хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч талаас гэрээний хугацаанд төлсөн төлбөрүүдийг хүүд шилжүүлсэн үйл баримттай маргадаггүй.
4.5. Хариуцагч зээлийн хүүг хэт өндөр гэж маргасан боловч хүүг бууруулах, төлсөн хүүг үндсэн зээлээс хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гараагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, давж заалдах гомдолд бичгээр тайлбар гаргаагүй байна.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгч Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан журмын дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй атлаа зээлийн гэрээ байгуулсан тул талуудын хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* болон ******* нарын хооронд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, ******* аас ******* т 100,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийг буцаан төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон;
3.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар ******* ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохиролцон, гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй;
3.3. Зээлийн гэрээний дагуу ******* аас ******* т дансаар 90,000,000 төгрөгийг зээл олгов гэх утгатайгаар 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн;
3.4. ******* нь ******* т 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 9,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн ******* гийн данснаас 30,000,000 төгрөгийг ******* *******, ******* гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж, нийт 60,000,000 төгрөгийг буцаан төлсөн.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.
5. Зохигчдын хооронд 100,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул бодитоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 90,000,000 төгрөгийн хэмжээнд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагч ******* нь ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүү тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.
6.1. Анхан шатны шүүх хариуцагч ******* аас ******* т буцаан төлсөн 60,000,000 төгрөгийн 19,000,000 төгрөг буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр төлөгдсөн 9,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр төлөгдсөн 10,000,000 төгрөг нь зээлийн хүү гэсэн гүйлгээний утгатай төлөгдсөн байхад уг үнийн дүнг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тухай Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт нийцээгүй байна.
6.2. Хариуцагч нь зээлийн гэрээгээр 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 90,000,000 төгрөгт сарын 10 хувийн хүү тооцож, эргэн төлөлтийг хугацааны эцэст бүхэлд нь төлөхөөр тохиролцсон байх ба талуудын тохиролцооны дагуу тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү 27,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
6.3. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд үндэслэн 1 сарын 10 хувиар тогтоосон зээлийн хүүг 1 сарын 5 хувь болгож багасгасан нь хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр хүүг багасгаж болох тухай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч зээлийн хүүг хэт өндөр гэж маргасан боловч хүүг бууруулах, төлсөн хүүг үндсэн зээлээс хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлийг давж заалдах гомдолд дурдсан байх боловч шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасгахад хариуцагч заавал сөрөг нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
6.4. Анхан шатны шүүхийн багасгасан хүү болох 1 сарын 5 хувийн хүүгээр тооцоход хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгчид үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү 13,500,000 төгрөг, нийт 103,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ч хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 19,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцон нэхэмжлэгчид төлсөн тул уг мөнгөн хөрөнгийг зээлийн хүүд тооцох ба ийнхүү тооцоход зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг нь 90,000,000 төгрөг болж байна.
6.5. Уг 90,000,000 төгрөгөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлөгдсөн 11,000,000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ нь 79,000,000 төгрөг болж байх ба уг үнийн дүнгээс гэрээнд заасан 0.5 хувийн хэмжээгээр алданги тооцоход хоног тутам тооцогдох алдангийн хэмжээ нь 395,000 төгрөг болно. Хоногт тооцогдох алданги 395,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 58 хоногт тооцоход нийт төлөх алдангийн хэмжээ нь 22,910,000 төгрөг болж байна.
6.6. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 79,000,000 төгрөг, алданги 22,910,000 төгрөг, нийт 101,910,000 төгрөг шаардахаас хариуцагчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэмж төлсөн 30,000,000 төгрөгийг хасч, үлдэх 71,910,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, илүү шаардсан 27,090,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
7. Анхан шатын шүүх нэхэмжлэгчийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10431 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
... 232 дугаар зүйлийн 232.6 ... гэсний дараа ... 175 дугаар зүйлийн 175.1 ... гэж нэмж, ... 64,815,000 /жаран дөрвөн сая найман зуун арван таван мянган/ төгрөг ... гэснийг ... 71,910,000 төгрөг... гэж, ... 34,185,000 /гучин дөрвөн сая нэг зуун наян таван мянган/ төгрөг ... гэснийг ... 27,090,000 төгрөг ... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 482,025 төгрөг ... гэснийг ... 517,500 төгрөг ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР