| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/05788/И |
| Дугаар | 210/МА2026/00554 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00554
******* ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* д холбогдох,
Гэм хорын хохиролд 1,838,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө ******* гийн өмчлөлийн орон сууцны халаалтын шугам задарч ус алдсаны улмаас ******* ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгөд учирсан хохиролд 1,838,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн өмчлөлийн орон сууцны халаалтын шугам задарч ус алдсан үйл баримтад маргахгүй боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн орон сууцны харалдаа доор байрладаггүй, зүүн хойд талд байрлалтай орон сууцнаас ус алдахад доод давхрын баруун урд тал байрлах үл хөдлөх эд хөрөнгөд хохирол учрах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 64.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* , ******* нар бүртгэлтэй;
3.2. Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 72.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, орон сууцны өмлөгчөөр ******* , ******* нар бүртгэлтэй;
3.3. 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө ******* гийн өмчлөлийн орон сууцны халаалтын шугам задарч ус алдсан;
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
4.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.
******* ХХК-ийн ээлжийн засварчин ******* , инженер ******* нарын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар байрны ******* тоот орон сууцны зочны өрөөний халаах хэрэгслийн шугамаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ус алдсан, ******* дугаар байрны ******* тоотын хана таазны замаска, эмульс ховхорсон гэх агуулга бүхий тодорхойлолтоор ******* гийн өмчлөлийн орон сууцны халаалтын шугам задарч ус алдсаны улмаас ******* ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн хана, таазны замаска, эмульс гэмтсэн болох нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч буюу ******* ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн орон сууцнаас ус алдсаны улмаас хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөд 1,974,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдсон байна.
4.2. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь түүний буруугаас болоогүй, шалтгаант холбоогүй гэх тайлбар, татгалзлаа шүүхэд баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэг цугларсан нотлох баримтад үндэслэн хариуцагчаас гэм хорын хохиролд 1,838,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус нийцсэн байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4 ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод ус алдах үед харалдаа бус айл ******* тоот руу ус орох ямар ч үндэслэл байхгүй гэсэн тодорхойлолт гаргасан, мөн барилгын 1, 2 давхрын төлөвлөлтийн зургаас үзэхэд ******* тоот орон сууц барилгын А,Б тэнхлэгийн 9 дэх тэнхлэгт, ******* тоот үл хөдлөх хөрөнгө нь А,С тэнхлэгийн 10, 11 дэх тэнхлэгт байрлаж байгаа буюу зүүн хойноос ус алдахад баруун урд тал руу ус урсаж орох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, гэрч ******* ын Дээд айлаас ус алдахад 1 дүгээр давхрын айлуудад ус нэвчих боломжтой юу гэсэн асуултад боломжтой гэж хариулсан мэдүүлгийг буруу үнэлж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
5.1. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4 нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* д хандан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод ус алдах үед харалдаа бус айл ******* тоот руу ус орох ямар ч үндэслэл байхгүй гэсэн агуулгатай тодорхойлолт гаргаж өгсөн боловч мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* т хандан 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* гийн хүсэлтээр тодорхойлолт гаргаж өгсөн. Тус байгууллага нь тухайн байрны ашиглалт үйлчилгээг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээн авч ажиллаж байгаа тул ус алдсан үеийн нөхцөл байдлыг мэдэхгүй, ... тухайн үед ашиглалт хариуцаж байсан байгууллагаас тодруулга гаргуулна уу гэсэн утга бүхий, өмнө гаргасан тодорхойлолтоо үгүйсгэсэн хариуг өгсөн байна.
5.2. Ус алдах үед байрны ашиглалт хариуцаж байсан ******* ХХК-ийн ээлжийн засварчин ******* , инженер ******* нар нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар байрны ******* тоот орон сууцны зочны өрөөний халаах хэрэгслийн шугамаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ус алдсан, ******* дугаар байрны ******* тоотын хана таазны замаска, эмульс ховхорсон гэсэн тодорхойлолтыг гаргасан, уг баримтыг үгүйсгэх, няцаах баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн гаргасан тодорхойлолтыг харгалзан үзээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
5.3. Мөн ******* тоот орон сууц болон ******* тоот үл хөдлөх хөрөнгө нь харалдаа байрлалтай биш гэдгийг харуулсан барилгын төлөвлөлтийн зураг нь 2 давхрын зүүн хойно хэсэгт байрлалтай орон сууцнаас ус алдахад 1 давхрын баруун урд талд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө рүү ус урсаж орох боломжгүй гэдгийг эргэлзээгүй нотлох баримт болохгүй, хариуцагчийн уг тайлбар өөр бусад баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүх ******* тоот орон сууц барилгын А, Б тэнхлэгийн 9 дэх тэнхлэгт, ******* тоот үл хөдлөх хөрөнгө нь А, С тэнхлэгийн 10, 11 дэх тэнхлэгт байрлаж байгаа нөхцөл байдлыг харгалзаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
5.4. Анхан шатны шүүх хариуцагчийн гэм бурууг зөвхөн гэрч ******* ын мэдүүлэгт үндэслэн тогтоогоогүй, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудад үндэслэн тогтоосон байх тул анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг буруу үнэлж шийдвэр гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/02221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР