| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04655/И |
| Дугаар | 210/МА2026/00553 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00553
******* ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/09593 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* , ******* , ******* нарт холбогдох,
201,743,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагч ******* , ******* нарын өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* дүүрэгт байрлах ******* хотхон 68.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууц худалдах зарын дагуу ******* тай холбогдож, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 50,000,000 төгрөгийг ******* гийн эзэмшлийн ******* банкны ******* тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр Байр худалдах, худалдан авах хэлцэл баталгаа бичиг нэртэй хэлцэл байгуулсан.
1.2. Гэвч ******* уг байрыг ******* зарна гэж намайг түүнтэй холбосон. ******* нь ******* ХХК-д 2 га газар өгч, хариуд нь тухайн байрыг авч байгаа гэж тайлбарласан. Ингээд уг байрыг худалдан авахаар ******* ХХК болон ******* нартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Гэрээний 3.2-т ******* ХХК нь Хан-Уул дүүрэгт байрлах ******* хотхоны ******* байр, С блок, ******* давхрын ******* тоот хаягт байршилтай 68.37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, 177,762,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* т шилжүүлсний үндсэн дээр ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 га газрыг ******* ХХК-д шилжүүлэхээр заасан.
1.3. Би *******-ыг 2 га газрыг ******* ХХК-д шилжүүлсэн гэж ойлгосон. Гэрээ байгуулсны дараа ******* нь хүү ******* ын эзэмшлийн ******* банкны ******* тоот дансанд шилжүүл гэсний дагуу ******* тоот дансанд мөнгийг шилжүүлсэн. Би өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байр ******* тоот орон сууц худалдаж, уг мөнгөөр тус шинэ байрны мөнгийг төлсөн. Тус ******* хотхоны орон сууц 2022 оны 08 дугаар сард ашиглалтад орох байсан боловч 2024 оны 05 дугаар сард захиалагчид нүүж орсон ч манай гэр бүл орон сууцанд орж чадаагүй.
1.4. ******* ХХК-аас ******* , ******* нарт хандан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот Гэрээнээс татгалзах тухай" албан бичгийг хүргүүлсэн. Байр худалдах, худалдан авах хэлцэл баталгаа бичиг-ийн дагуу ******* гийн эзэмшлийн ******* банкны дансанд 3 удаагийн гүйлгээгээр урьдчилгаа төлбөр болох 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул 50,000,000 төгрөгийг ******* гаас гаргуулж өгнө үү. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг *******-ын хэлснээр ******* ын эзэмшлийн ******* банкны дансанд шилжүүлсэн тул 50,000,000 төгрөгийг ******* , ******* нараас гаргуулж өгнө үү.
1.5. ******* ХХК нь гэрээнд заасан орон сууцыг ******* т шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бусдад худалдан борлуулсан. ******* нь гэрээнд заасан 2 га газрыг ******* ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс харахад ******* ХХК болон ******* нар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна.
Иймд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч, түрээсийн төлбөрт төлсөн 57,000,000 төгрөг, уг орон сууцыг худалдан авах зорилгоор мөнгөө өгөөгүй банканд хадгалуулсан бол 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 36,743,038 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан тул 36,743,038 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 8,000,000 төгрөг, нийт 101,743,038 төгрөгийг ******* ХХК болон ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь надад 2022 оны 07 дугаар сард Хан-Уул дүүргийн ******* хотхоны ******* байр, С блок ******* давхрын ******* тоот хаягт байршилтай 68.37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зараад өгөөч гэж хэлсний дагуу би уг орон сууцыг хүмүүст үзүүлж байх үед ******* нь уг орон сууцыг худалдаж авахаар болсон.
2.2. ******* нь маргаан бүхий орон сууцыг худалдах эрхгүй тул түүнтэй байгуулсан хэлцэл буюу баталгаа бичиг гэрээ болж чадахгүй, гэрээний дагуу төлбөр гаргуулах шаардлага ******* д хамааралгүй, мөн маргаан бүхий орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул уг хэлцлийн дагуу хариуцагчаас төлбөр шаардах эрхгүй.
2.3. Нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр, олох ёстой байсан орлого, хууль зүйн туслалцааны зардал гэх шаардлага нь хариуцагч ******* гийн ямар үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан хохирол болох талаар дурдаагүй тул ******* д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.4. Энэ маргааны талаар ******* тай ярилцахад тэрээр энэхүү иргэний хэрэгт хариуцагчаар оролцох хүсэлтэй гэсэн, мөн зохих хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Би орон сууц худалдан авах хүн олж өгч туслалцаа үзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч бөгөөд хариуцагч ******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ын татгалзал, тайлбарын агуулга:
3.1. ******* нь өөрийн өмчлөлийн 2 га газрын өмчлөх эрхийг ******* ХХК-д шилжүүлэх, ******* ХХК нь Хан-Уул дүүргийн ******* хотхоны ******* байр, С блок ******* давхрын ******* тоот хаягт байршилтай 68.37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож арилжааны шинжтэй харилцаа талуудын хооронд үүссэн.
3.2. Тухайн үед иргэн ******* нь дээрх орон сууцыг бусдад худалдахаар хүмүүстэй уулзаж, ******* ийг надтай уулзуулсан. ******* нь тус орон сууцыг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба 100,000,000 төгрөгийг ******* нь оёдлын төсөлд зарцуулсан.
3.3. Гэвч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, тус орон сууцыг хугацаанд ашиглалтад оруулаагүй бөгөөд үүнтэй холбогдуулан ******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан.
3.4. Иймд би худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 167,338,226.47 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч болох ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* утасны дугаартай ******* ыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг ийнхүү гаргаж байна. Учир нь ******* нь орон сууцыг худалдах талаар ******* ийг зуучилсан, мөн гэрээний төлбөр 100,000,000 төгрөгийг оёдлын төслийн ажилд зарцуулсан байх тул түүнийг хамтран хариуцагчаар татсанаар хариуцагч нарын хариуцвал зохих үүрэг тодорхойлогдох болно гэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Манай компани нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн ******* болон ******* нартай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан. Тус гэрээний 3 дугаар бүлэгт талууд төлбөр тооцоог харилцан тохиролцсон ба 3.2-т зааснаар ******* нь Хан Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 га газрыг манай компанид шилжүүлэн өгсний үндсэн дээр тус гэрээний зүйл болсон 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ******* ийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон.
4.2. Гэтэл гэрээнд заасан ёсоор иргэн ******* нь үүргээ биелүүлээгүй тул бид 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээнээс татгалзаж нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Газрыг шилжүүлсэн тохиолдолд манай тал орон сууцыг шилжүүлэх хариу үүрэг үүсэхээр талууд анх тохиролцсон.
4.3. Нэхэмжлэгч ******* нь манай байгууллагад орон сууц худалдан авах зориулалтаар мөнгө шилжүүлсэн, төлбөр шилжүүлсэн үйл баримт огт байхгүй учир манайхыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Манай компани нь нэхэмжлэгч талд хууль болон гэрээнд заасан ёсоор аливаа төлбөрийн үүрэг хариуцлага огт хүлээгээгүй байх тул ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* гаас 50,000,000 төгрөг, хариуцагч ******* аас 50,000,000 төгрөг, хариуцагч ******* ас 30,500,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 30,500,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,743,038 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,398,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* гаас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг, хариуцагч ******* аас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг, хариуцагч ******* ас 310,450 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 310,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч ******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр гаргуулах шаардлага нь ******* д хамааралгүй гэж үзнэ. ******* нь иргэн ******* гэж хүний хэлсний дагуу түүний санал болгосон орон сууцыг худалдан авах хүн олж өгөөд уг мөнгийг нь ******* ын бусдад төлөх өр төлбөрт шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа. ******* гийн хувьд ******* аас өгсөн даалгаврын дагуу уг орон сууцыг худалдан авах хүнийг олж, ******* хотхоны эрх бүхий хүмүүстэй уулзуулж гэрээ байгуулаад ******* болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан хэлцлийн үйлчлэл дуусгавар болсон байдаг.
6.2. ******* нь маргаан бүхий орон сууцыг худалдах эрхгүй учраас түүнтэй байгуулсан Байр худалдах, худалдан авах хэлцэл баталгаа бичиг нь гэрээ болж чадахгүй. Маргаан бүхий орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан хэлцэл баталгаа бичиг нь Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ.
6.3. Анхан шатны шүүхээс ******* д холбогдох нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлтийг гаргахдаа үүргийн харилцаа, өмчийн харилцааны асуудлыг ялгаж зааглаагүй, зөвхөн үүргийн хэлцлийн дагуу ******* орон сууцыг шилжүүлэх хууль зүйн боломжгүй, үүргийн харилцаанд үндэслэсэн өмчийн харилцаа үүсч байж тухайн орон сууц нэхэмжлэгчид шилжих боломжтой байхад ******* г орон сууц шилжүүлэх үүрэг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.4. Шүүхээс хариуцагч ******* , ******* ын нарын хооронд ямар харилцаатай байсан, уг орон сууцыг ******* худалдан борлуулах талаарх саналыг ******* д гаргах болсон зэрэг нөхцөл байдлыг тодруулахгүйгээр ******* гаас шууд уг мөнгийг гаргуулж байгаа нь үндэслэлгүй.
6.5. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ******* д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг буруу хэрэглэж ******* ХХК-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж үзсэн байна.
7.2. Нэхэмжлэгч ******* ээс шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөг ******* гийн ******* банкны дансанд, үлдэгдэл 50,000,000 төгрөг ******* ын ******* банкны дансанд буюу зөвхөн ******* болон түүний хамаарал бүхий шилжсэн, ******* ХХК уг төлбөрийг огт хүлээн аваагүй, ашиглаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал үүсээгүй.
7.3. Нэхэмжлэгчийн шаардсан хохирол буюу түрээсийн зардал 57,000,000 төгрөг, өмгөөллийн зардал 4,000,000 төгрөг нь ******* ХХК-ийн үйлдлээс шууд шалтгаалаагүй бөгөөд, *******-ын газар шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй. Шүүх хохирлыг тэнцүү хуваасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцэхгүй бөгөөд хэрэгт авагдсан материалуудаас харахад гэрээний үүрэг зөрчсөн буруутай тал нь зөвхөн ******* байна.
7.4. ******* ХХК нь ******* хотхоны орон сууцыг өмчлөх эрхгүй байсан нь үнэн боловч, уг гэрээ нь ******* тай бартер солилцоо хийх зорилготой байсан бөгөөд, нэхэмжлэгч ******* уг гэрээний нөхцөлийг мэдэж байгуулсан. Нэхэмжлэгч өөрийн өмчилж байсан орон сууцаа худалдаж, төлбөрийг ******* д шилжүүлсэн нь ******* ХХК-ийн үйлдлээс шалтгаалаагүй. ******* ХХК 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээнээс татгалзсанаа мэдэгдсэн нь *******-ын үүрэг зөрчсөнөөс үүдэлтэй бөгөөд, энэ нь нэхэмжлэгчийн хохирлыг шууд үүсгээгүй.
7.5. Хариуцагч ******* нь шүүхэд өгсөн тайлбартаа ... ******* ын дансаар орон сууцны төлбөр болох 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан, түрээсийн зардалд 10,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх орон сууцны төлбөр 50,000,000 төгрөг, мөн үлдэгдэл түрээсийн төлбөрийг төлөхөд маргахгүй гэсэн нь нэхэмжлэгчид учруулсан хохирлыг өөрийн биеэр, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр хохирлын тодорхой хэсгийг ******* ХХК-д ногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон.
7.6. Нэхэмжлэгчийн шаардаж буй түрээсийн зардал нь орон сууц ашиглалтад орсон 2024 оны 05 дугаар сараас хойших хугацааг хамарч байгаа хэдий ч уг хохирол үүсэх гол шалтгаан нь ******* ХХК-тай гэрээ байгуулснаас шууд хамаараагүй бөгөөд харин ******* газар шилжүүлэх, түүнчлэн газар өмчлөх, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэх үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой байна. ******* ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн шаардаж буй түрээсийн зардал үүсэхэд шууд шалтгаан болоогүй тул түүнд уг хохирлыг ногдуулах эрх зүйн үндэслэл үүсэхгүй.
7.7. Мөн өмгөөллийн зардалд 4,000,000 төгрөгийг хохиролд тооцон тогтоосон нь үндэслэлгүй юм. Учир нь уг зардал нь ******* ХХК-тай холбоотой маргаанд шууд зарцуулагдсан эсэх нь баримтаар тодорхой тогтоогдоогүй бөгөөд тухайн зардлын холбогдол, шаардлагатай байдал хангалттай нотлогдоогүй байна. Түүнчлэн шүүх хохирлыг талуудын хооронд тэнцүү хуваарилсан нь Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан үүрэг зөрчсөн этгээд хариуцлага хүлээх үндсэн зарчимтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, үүрэг зөрчсөн тал нь уг зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг шууд учруулсан этгээд хариуцлага хүлээх ёстой байтал уг зарчмыг зөрчин, хариуцлагыг ******* ХХК-д ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
7.8. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт хуваарилахдаа түрээсийн зардлыг зөвхөн хариуцагч ******* ас нэхэмжилсэн бөгөөд ******* ХХК-аас уг хохирлыг нэхэмжлээгүй. Шүүх хуралдааны асуулт хариултын явцад нэхэмжлэгч ******* ХХК-тай холбоотой нэхэмжлэлийн хэсгээс татгалзсаныг шүүх зохих ёсоор дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг холбогдох хэмжээгээр зогсоогоогүй байна. Шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй хохирлыг ******* ХХК-аас гаргуулах шийдвэр гаргасан нь хуулийн зарчимд нийцэхгүй байна.
7.9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо өмгөөлөгчийн зардал, олох ёстой байсан орлого зэргээ хариуцагч нараас нэхэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн талаас хийгдэж буй ажиллагаа тул хариуцагч үүнийг хариуцах ёсгүй. Нэхэмжлэгчийн мөнгийг хариуцагч ******* , ******* нар авсан байхад тус хариуцагч нараас авсан мөнгийг нь л гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа тус төлбөрийг авч хэрэглээгүй, ашиглаагүй ******* ХХК-аас хохирол гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн, шударга ёсонд нийцсэн байх шаардлагуудыг хангаагүй байна,
7.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ХХК-аас 30,500,000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Хариуцагч ******* нь орон сууцны өмчлөгч биш атал, өөрийгөө худалдан борлуулах эрхтэй гэх ойлголтыг ******* т төрүүлэн Байр худалдах, худалдан авах хэлцэл баталгаа бичиг-ийг байгуулж, урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг авсан байдаг. Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
8.2. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн хариуцагч ******* гаас орон сууцны төлбөрт шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцааж өгөхийг шаардсан.
8.3. Нэхэмжлэгч ******* нь ******* гэх хүнийг таньж мэдэхгүй бөгөөд түүнтэй гэрээ байгуулаагүй, мөнгө шилжүүлээгүй бөгөөд түүнтэй эрх зүйн харилцаа үүсгээгүй. Харин ******* , ******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсч, байрны төлбөрийг шилжүүлсэн хэдий ч, уг хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус, цаашид биелэгдэх боломжгүйгээс байрны шилжүүлсэн төлбөрөө ******* гаас буцаан шаардсан болно.
8.4. Шүүх өөрийн санаачилгаар хариуцагч ******* , ******* нарын хооронд ямар харилцаатай байсан, уг орон сууцыг ******* худалдан борлуулах талаарх саналыг гаргасан зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй буюу хэргийн оролцогч биш этгээдийн талаар, уг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нөхцөл байдлын талаар тодруулах шаардлагагүй, боломжгүй юм. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
8.5. Шүүх ******* ХХК-ийг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд заасан орон сууцны захиалагч болон өмчлөгч биш, худалдан борлуулах эрхгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10-6/437 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/25 тоот албан бичиг, Нийслэлийн******* дүүргийн ******* хороо, ******* /******* / ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 3,144 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоосон.
8.6. Хариуцагч ******* ХХК нь уг орон сууцны өмчлөгч биш, худалдан борлуулах эрхгүй атлаа ийнхүү мэдсээр байж худалдан борлуулах эрхтэй гэх ойлголтыг бусдад төрүүлсэн санаатай үйлдлийн улмаас ******* тэй уг гэрээг байгуулсан, анхнаасаа биелэгдэх боломжгүй гэрээг боломжтой гэх ойлголт өгч байгуулсан ******* ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас ******* нь удахгүй байраа ашиглалтад ормогц хүлээн авна гэх хоосон итгэл найдварын үндсэн дээр хоёр жилийн хугацаанд хүлээлт үүсгэсний улмаас өмнөх орон сууцаа худалдан борлуулж, мөнгийг нь уг байрны төлбөрт шилжүүлсэн, улмаар амьдрах орон сууцгүйн улмаас энэ хугацаанд гэр бүлийн хамт байр түрээслэн амьдарсан зардлаар, ******* ХХК-тай тохиролцож гэрээ байгуулсны улмаас хариуцагч ******* болон ******* нарт орон сууцны төлбөрийг шилжүүлсэн төлбөрөөр, орон сууцны үнэ ханш одоо хамгийн багадаа 1-2 дахин өссөн, тухайн мөнгөөр одоо орон сууцтай болох ямар ч боломжгүй болсон, сүүлийн 3 жил гаруйн хугацаанд өөрийн орон сууц авахаар шилжүүлсэн төлбөрийг бусдад ямар нэгэн хүүгүйгээр ашиглуулсан зэргээр хохироод байна.
8.7. Гэтэл хариуцагч ******* ХХК нь манайд нэхэмжлэгчээс мөнгө огт шилжүүлээгүй, гэрээний дагуу ******* газраа шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас уг гэрээ хэрэгжээгүй гэж тайлбарлаж буй нь огт үндэслэлгүй юм. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ******* ХХК болон ******* нарын хэлцлийн дагуу шилжүүлэхээр тохиролцсон орон сууц болон газрын эзэмшигч, өмчлөгч аль аль биш атал, ийнхүү цаашид бий болох үр дагаврыг ухамсарлахгүйгээр гэрээ байгуулсан буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийг хохироосон гэж үзэж орон сууц түрээсийн болон өмгөөллийн зардлын талыг ******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
8.8. Нэхэмжлэгчид хохирол учруулсан шалтгаан нөхцөл нь ******* ХХК болон ******* нарын аль алиных нь буруутай үйлдэлтэй шууд холбогдож байх тул, уг хэлцлийн үр дагаврыг хэн алинаас нь тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
8.9. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хариуцагч ******* ХХК-д холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаасаа огт татгалзаагүй бөгөөд нэхэмжлэгчид учруулсан хохирлыг ******* ХХК болон ******* нараас хэн алинаас нь нэхэмжилж байгаа гэх тайлбарыг тодорхой өгсөн байхад илтэд гуйвуулж, үндэслэлгүй худал гомдол гаргаж, шүүхийг буруутгасан гэж үзэж байна.
8.10 Иймд хариуцагч ******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* , ******* , ******* нарт холбогдуулан нийт 201,743,038 төгрөг буюу ******* гаас 50,000,000 төгрөг, ******* , ******* нараас 50,000,000 төгрөг, ******* ХХК болон ******* нараас хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 57,000,000 төгрөг, олох байсан орлого 36,743,038 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцээх боломжгүй байна.
4. Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт байрлах ******* хотхоны ******* байр, С блок, ******* давхрын ******* тоот хаягт байршилтай 68.37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар ******* тай харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгийг ******* гийн ******* банкны дансанд шилжүүлж Байр худалдах, худалдан авах хэлцэл баталгаа бичиг нэртэй хэлцэл байгуулсан, улмаар ******* уг байрыг зарах хүн нь ******* гэж түүнтэй холбож өгсний дагуу ******* тай харилцан тохиролцож түүний хүү ******* ын ******* банкны дансанд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ******* нь уг орон сууцыг ******* ХХК-д 2 га газар шилжүүлсний үндсэн дээр авна гэсэн тул ******* ХХК-тай ******* болон ******* нар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, орон сууцны төлбөрийг 2 га газрын эрхийг шилжүүлснээр төлөгдсөнд тооцохоор харилцан тохиролцсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон байх боловч аль хариуцагчид холбогдох шаардлага нь гэм хорын хохирол шаардсан шаардлага болохыг тодорхой заагаагүй байна.
4.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болон 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Байр худалдах, худалдан авах хэлцэл баталгаа бичиг нэртэй хэлцэл бичгийг байгуулж ******* гийн дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул ******* гаас 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, ******* ХХК болон ******* нартай харилцан тохиролцож Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг ******* ын дансанд шилжүүлсэн, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ******* , ******* нараас 50,000,000 төгрөгийг гаргуулна гэж, ******* ХХК орон сууцыг ашиглалтад оруулмагц шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, ******* 2 га газрыг ******* ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул түрээсийн төлбөр, олох байсан орлого, хууль зүйн туслалцааны зардал зэрэг хохирлыг ******* ХХК болон ******* нараас гаргуулна гэж тодруулсан байна.
4.3. Нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах харилцааны явцад төлсөн 100,000,000 төгрөг болон уг харилцааны явцад учирсан гэх хохирлыг хариуцагч нараас тус тусад нь тодорхой дүнгээр шаардаж буй үндэслэл тодорхой бус байгааг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд тодруулаагүй. Нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн хэд хэдэн гэрээний харилцааны явцад төлөгдсөн төлбөрийг аль гэрээний үүрэгт тооцсон эсхүл тооцох үндэслэл байгаа эсэх талаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүрэн тодорхойлоогүйгээс дээрх асуудлаар хариуцагч нар тодорхой тайлбар өгөөгүй, маргааны үйл баримт тодорхойгүй нөхцөл байдал бий болжээ.
4.4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байснаар хариуцагч нар нь түүнийг үгүйсгэх, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх эрхээр хангагдах, талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мэтгэлцэх, улмаар шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдах ач холбогдолтой.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ******* ХХК болон ******* нараас түрээсийн төлбөрт төлсөн 57,000,000 төгрөгийн хохирол шаардсан шаардлагын үндэслэлээ тэдэнтэй байгуулсан гэрээнд заасан орон сууцыг худалдан авах зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсан, улмаар хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас амьдрах орон байргүй болж бусдын орон сууцыг түрээслэн амьдарч түрээсийн төлбөр төлж хохирсон гэж тайлбарласан боловч хэрэгт эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ийг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас өөр баримт авагдаагүй байна.
5.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас уг орон сууцны өмчлөгчөөр ******* 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн байдал нь харагдах боловч орон сууцны өмчлөх эрх хэзээнээс хэзээ хүртэл ******* т байсан, бусдын өмчлөлд шилжсэн эсэхийг уг баримтаар тодорхойлон тогтоох боломжгүй байна.
5.2. Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг ******* г гэх иргэнд худалдсан, орон сууцны үнэд 167,000,000 төгрөгийг ******* гээс авсан гэх тайлбараа нотлох баримт болгож ******* гээс төлбөр шилжүүлж байсан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн байх боловч уг дансны хуулга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь хэзээ бусдад худалдсаныг, уг орон сууцны өмчлөх эрх ******* гт шилжсэн эсэхийг нотлохгүй тул анхан шатны шүүх тухайн нөхцөл байдалтай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд асууж тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх, тухайн баримтын талаар талууд маргах эсэх, маргах бол түүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх хүсэлт талуудаас гаргах эсэхийг тодруулсан ажиллагааг хийх байжээ.
5.3. Дээрх ажиллагааг хийгээгүйн улмаас нэхэмжлэгчийн ******* ХХК болон ******* нараас түрээсийн төлбөрт төлсөн 57,000,000 төгрөгийн хохирол шаардсан шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримт тодорхой бус болсон байна.
6. Анхан шатны шүүх ******* ХХК-аас ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* хотхон, ******* байр, ******* давхар, ******* тоот , 68,87 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар захирамжилсны дагуу хариуцагч ******* ХХК-аас Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ болон кассын орлогын баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-ний худалдагч тал болох Л.Аззаяа нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байх бөгөөд худалдан авагч ******* оос төлсөн төлбөрийг ******* ХХК кассын орлогын баримт үйлдэн хүлээн авсан байгаа нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байгаа нь ******* ХХК болон ******* , ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй болгосон, энэ талаарх үйл баримт тодорхой бус болжээ.
7. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/09593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулсна,ар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР