Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 164

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1930003380200 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн Хэрлэн  сумын 4 дүгээр багийн харьяат,  1995 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн  сумын 4 дүгээр Хан-Уулын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон  бараа болох 25 килограмм хаягдал зэсийг 33-47 ДОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч  Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 33-47 ДОА улсын дугаартай автомашинд 25 кг зэс хийж яваад гаалийн байцаагчид баригдсан. Дорнод аймгийн худалдаж авсан. Дорнод аймгаас 5000 төгрөгөөр аваад 2000 төгрөг нэмж зарах гэж байсан юм. Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа гэдгийг мэднэ. Автомашины түлшний банкиндаа давхар банк хийгээд нуусан. Гурвын хаалтан дээр баригдсан. 

Энэ автомашин Т гэдэг хүний машин. Т нь 2019 оны 03 дугаар сард шийтгэгдсэн,одоо ял эдэлж байгаа гэсэн. Т нь ээждээ энэ машиныг зар гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд би худалдаж авсан, албан ёсоор миний нэр дээр бичиг баримт нь шилжээгүй байгаа. 1.500.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг өгөөгүй байгаа.  Машин худалдан авахдаа гэрээ хийгэгүй. Би 2019 оны 4 дүгээр сараас эхлэн унаж байгаа. Зэсээ шүүх дээр хиллэсэн, 25 килограмм зэс байгаа.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Иргэний нэхэмжлэгч Ц.Сийн: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын гарах чиглэлд Дорнод аймгийн иргэн Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 33-47 ДОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн түлшний саванд 25 кг хаягдал зэс нуун дэх Монгол Улсын хилээр  нэвтрүүлэх гэсэн хэрэгт нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх- 22/,

 

- Гэрч Б.Оийн: 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх гаалийн хяналтын талбайд гарах чиглэлд Батсүрэн овогтой Мөнхтулга нь Истана маркийн 33-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлшний саванд 25 кг зэс нуун  Монгол улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг үйлдэл дээр нь ирлүүлж таслан зогсоосон. Хаягдал  зэс нь хориглсон бараны жагсаалтанд ордог... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

         - Гэрч Б.Сын: ...Би Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Бичигт боомт”-ын авто зам шалган нэвтрүүлэх заставын шалгагч бөгөөд   2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Истана маркийн 33-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний хариуцаж байсан постон дээр ирэхээр нь түлгний савыг шалгахад 25 кг зэс илсэрсэн, гаалийн холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн /хх- 28/,

 

         - Гэрч Н.Оын: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бичигт боомт”-нд гаалийн ахлах байцаагчаар ажилладаг юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Истана маркийн 33-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох Б.М нь тээврийн хэрэгслийн түлшний саванд 25 кг зэс нуун дарагдуулж мэргэжлийн хяналт болон гаалийн байгууллагаар тамга даруулсан ба хамгийн сүүлд хилийн цэргийн байгуулгын албан хаагч Сүхбаатар гэх хүнд баригдаж манай байгууллагад ирсэн. Тухайн асуудлыг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...гэх  мэдүүлэг /хх-ийн 27/,

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх- 02/,

 

         - Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 04/,

 

- Үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 05-06/

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/

 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 13-14/

 

          - “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/33 дугаартай Прокурорын тогтоол /хх-9-10/ 

- 01411890 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 16/

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээ “ 2001 онд үйлдвэрлэгдэн, 2010.07.27-нд Монгол Улсад орж ирсэн, арлын дугаар KPDGDH11P139183 цагаан өнгийн Истана загварын машин, үнэ 1.500.000 “ гэжээ /хх-ийн 15/

 

- Хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл/ хх-ийн 48-49/

 

- Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа

 

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг/хх- 17-18/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээ “ 2018 оны 8 дугаар сарын байдлаар хуучин, хаягдал зэс 1 кг нь 7000 төгрөг, 25 кг нь 175.000 төгрөг “ гэжээ /хх-19/

 

- Дорнод аймгийн Хэрлэн  сумын 4 дүгээр  багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “ тус багийн иргэн Батсүрэн овогтой Мөнхтулга нь ам бүл 6, Хан Уул гудамжны 7-0 тоотод байнга оршин суух, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлготой өрх ” гэх тодорхойлолт /хх-ийн 39-40/

 

-  Дорнод аймгийн аймгийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дуламсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Өрхийн дугаар 398711 “ Танай өрх Өрхийн амжиогааны  түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж... амьжиргааны түвшний оноо 409.679 босго шугамаас доогуурт багтсан” гэх тодорхойлолт/хх-37/, 

 

- Шүүгдэгч Б.Мөнхтулгын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дахь “ Бичигт ” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 33-47 ДОА улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийн шатахуун агуулах саванд улсын хилээр гаргахыг хориглосон бараа болох 25 килограмм хаягдал зэсийг нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн  болох нь шүүгдэгч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.С, гэрч Б.О, Б.С, Н.О нарын мэдүүлэг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/33 дугаартай Прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, 01411890 дугаартай тээврийн хэрэгсглийн гэрчилгээ, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, Эд зүйлийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Монгол Улсын их хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай “ Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай ” тогтоолын 1 дүгээр хавсралт ” Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт “-нд хаягдал зэсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх буюу гаргахыг хоригложээ.

 

Б.М нь дээрх хилээр гаргахыг хориглосон бараа болох хаягдал зэсийг БНХАУ-д зарж борлуулах ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, цуглуулан 33-47 ДОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн шатахууны саванд нууж гаалийн хил нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “...Би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Стана маркийн 33-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  25 кг нуун хилээр гарч байгаад хилийн 3 дугаар хаалтан дээр хилийн ахлагч Сүхбаатар гэх хүн миний тээврийн хэрэгслийн банкны доороос цохиод энд юу байгаа юм гэж хэлээд зам чөлөөлж зогсоогоод банкыг тайлж 25 кг зэсийг гаргаж авсан...” гэх, 

гэрч Б.Сын “...2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр миний хариуцаж байсан постон дээр 33-47 ДОА улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь түлшний савыг шалгахад 25кг зэс илэрсэн бөгөөд гаалийн холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн...” гэх, 

гэрч Б.Оийн “...Б.М нь  Истана маркийн  33-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлшний саванд 25 кг зэс нуун  Монгол улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг хилийн цэргийн алба хаагч нар илрүүлж Гаалийн газарт хүлээлгэн өгсөн...” гэх,

  гэрч Н.Оын “ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Истана маркийн 33-47 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох Б.М нь тус тээврийн хэрэгслийн түлшний саванд 25кг зэс нуун дарагдуулж Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагаар тамга даруулсан ба хамгийн сүүлд хилийн цэргийн байгуулгын албан хаагч Сүхбаатар гэх хүнд баригдаж манай байгууллага руу шилжиж ирсэн...” гэх мэдүүлгүүд, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхтулгын улсын хилээр гаргахыг хориглсон барааг хилээр нэвтрүүлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх/-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Б.М нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хаягдал зэсгийг хилээр гаргахыг хориглосон болохын мэдсээр атлаа, гадаад улсад зарж борлуулан ашиг олох зорилгоор тээврийн хэрэгслийн түлшний саванд нуун дарагдуулан гаальд мэдүүлэлгүйгээр гаалийн хил нэвтрүүлж гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан эдийн хохиролгүй бөгөөд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар “ Дорнод аймгийн иргэн Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Истана маркийн 33-47 ДОА улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийн түлшний саванд 25 кн хаягдал зэс нуун хууль бусаар нэвтрүүлсэн асуудалд нэхэмжлэх зүйл, гомдол санал “ гэж мэдүүлжээ.

 

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “Үйлчлүүлэгч маань анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай ” гэх хүсэлт, Дорнод аймгийн аймгийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дуламсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Өрхийн дугаар 398711 “ Танай өрх Өрхийн амжиогааны  түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж... амьжиргааны түвшний оноо 409.679 босго шугамаас доогуурт багтсан” гэх тодорхойлолт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “ ам бүлийн тодорхойлолт “ зэргийг үндэслэн түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ” гэдийг “ Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно ”, 

7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг ” Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна “ гэсэн зохицуулалттай байна.

 

Б.М нь гэмт хэрэг үйлдэхдээ 33-47 ДОА улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон боловч уг тээврийн хэрэгслийн бичиг баримт иргэн Б.Тгийн нэр дээр байгаа буюу бусдын эзэмшлийн болох нь шүүгдэгчийн “ Энэ машин Т гэдэг хүнийх юм. Т нь 2019 оны 03 дугаар сард шийтгэгдсэн,одоо ял эдэлж байгаа гэсэн. Т нь ээждээ энэ машиныг зар гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд би худалдаж авахаар болсон, 1.500.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг өгсөн.Албан ёсоор миний нэр дээр бичиг баримт нь шилжээгүй байгаа“ гэх мэдүүлэг, 01411890 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэд 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Учир нь уг тээврийн хэрэгслийг худалдсан эсэх талаарх гэрээ, хэлцэл хэрэгт үгүй, машин хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр Б.Мөнхтулгын эзэмшилд бүрэн шилжсэн эсэх талаар  эзэмшигч Б.Т болон бусад этгээдээс нотлоогүй, машины үнэ эзэмшигчид бүрэн шилжээгүй, хууль ёсны эзэмшигч нь Б.М мөн эсэх нь хэрэгт тодорхойгүй байгаа тул тээврийн хэрэгслийг биетээр хураах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээгээр дээрх тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр үнэлжээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 кг хаягдал зэс нь дээр дурдагдсан “ гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого ”-д хамаарах тул хурааж улсын төсөвд шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Б.М нь уг хаягдал зэсгийг өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан гэдгээ хэрэгт тодорхой мэдүүлсэн бөгөөд тухайн эд зүйлийн үнийг гаргуулж төсөвд оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтанд нийцэх юм.

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 кг нь 7000 төгрөгийн үнэтэй, нийт 175.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг хаягдал зэсийг худалдаж, борлуулж улсын төсөвт оруулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэнэ.

Зэсийн үнийг Эрдэнэцагаан сумын үнэлгээний комиссоос 1 кг-ыг 7000 төгрөгөөр тогтоожээ/ хх- 19/.

 

Шүүгдэгч Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд 33-47 ДОА улсын дугаартай Истана загварын машиныг битүүмжилсэн Прокурорын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5/32 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгоно. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.Мыг хууль, Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Мас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-47 ДОА улсын дугаартай Истана маркийн машины үнэд 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 кг нь 7000 төгрөгийн үнэтэй, нийт 175.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг хаягдал зэсийг худалдан борлуулж улсын төсөвд оруулахаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

 

6. Б.Тгийн эзэмшлийн 33-47 ДОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5/32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Ялтан Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний болон бусад баримт бичиг ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.НАСАНБУЯН