Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00552

 

 

******* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10436 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* замын худалдааны албаны салбар болох ******* худалдааны төвийн даргаар 2022 оны 10 дугаар сард анх томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа нийгэмлэгийн даргын өгсөн үүрэг даалгаврыг болон Худалдааны төвийн дүрэмд заасны дагуу зорилго, зорилтыг хангаж өөрийн эрх, үүргийн хүрээнд хөрөнгө санхүүгийн үйл ажиллагаа, орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах ажлыг тогтмол зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангах, төмөр замчдад тав тухтай түргэн шуурхай найдвартай, аюулгүй үйлчилгээг үзүүлэхээр зорьж ажиллаж байсан.

1.2. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга шуурхай хуралдаж, уг хурлаар намайг ажлаас гарах хүсэлт өг эсхүл албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн. Би энэхүү сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй.

1.3. Дотоод аудитын хяналт шалгалтын албанаас надад үндсэн хөрөнгөөр хүлээлгэж өгөөгүй хөрөнгийг актлах талаар мэдэгдсэн. Энэхүү үндсэн хөрөнгө нь биетээр байхгүй. Ингээд хөрөнгийн хавтас материал бүрдүүлэн актлуулахаар хүргүүлсэн боловч анхан шатны баримтын шаардлага хангахгүй хэмээн буцаагдсан юм. Мөн НВА-ын шалгалтаар нэр бүхий гурван хөрөнгийг актлах үүрэг даалгаврыг өгсөн боловч уг хөрөнгө нь биетээр байхгүй, актлах боломжгүй байсан. Миний бие хөрөнгүүдийг актлах асуудлаар хариуцсан ажилтанд удирдан зохион байгуулахыг удаа дараа сануулж байсан. Гэтэл энэ нөхцөл байдлуудыг судалж үзэлгүйгээр надад хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг удаа дараа биелүүлээгүй гэж ногдуулсан байна.

1.4. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулсан боловч ямар албан тушаалд бууруулж ажиллуулж байгаа талаар шийдвэр байхгүй. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар гадаад худалдаа импорт хариуцсан мэргэжилтэн эсхүл Дархан худалдааны төвийн маркетинг борлуулалт хариуцсан мэргэжилтний ажлыг санал болгоход би зөвшөөрөөгүй. Учир нь надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хууль бус гэж үзэж байна.

1.5. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комиссын тэмдэглэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авсан. Ажил олгогчтой харилцан тохиролцоонд хүрээгүй тул маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахад тохиролцоонд хүрээгүй тул шүүхэд хандсан.

1.6. ******* замын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-2-16 дугаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас ******* худалдааны төвд төлөвлөгөөт шалгалт хийсэн. Уг санхүүгийн шалгалтаар ******* худалдааны төвд үндсэн үзүүлэлт, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд нь тогтмол буурч, үйл ажиллагаа нь үр ашиггүй, байнгын алдагдалтай явагдаж ирсэн нь тогтоогдсон.

2.2. Худалдааны байгууллагын үндсэн зорилго, зорилт болох ашигтай ажиллах, төмөр замчдад худалдаа үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлэх үүгээрээ ашигтай ажиллах мөн төмөр замд орлого нэмэх гэсэн зорилготой ажиллах ёстой байтал үндсэн үзүүлэлтүүд үргэлж буурч, байнга алдагдалтай ажиллаж ирсэн.

2.3. Нэхэмжлэгчийн хувьд ******* худалдааны төвийн удирдлагын үүргээ бүрэн биелүүлээгүй, үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг сайжруулах талаар зохих арга хэмжээг авч ажиллаагүйгээс алдагдал жилээс жилд өсөж, үзүүлэлтүүд улам дордсон нь тухайн байгууллагын удирдлагын үүргээ зохих түвшинд биелүүлээгүйг илтгэнэ. Байгууллагын даргын үндсэн үүрэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулж, эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсөв зардлыг хэмнэж ашигтай ажиллуулах, мөн төмөр замын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг бөгөөд энэ нь түүний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг юм.

2.4. ******* худалдааны төвийн даргын хувьд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй, өмнөх онуудад санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, улмаар эдгээр зөрчил давтагдаж, санхүүгийн буурсан үзүүлэлт нь он дамнаж, бүр ихсэж байсан учраас тухайн ажлын байранд тохирохгүй байна гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулан албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ийг ******* ийн ******* худалдааны төвийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 23,591,920 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* т олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч ******* т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ээс 346,110 төгрөгийг гаргуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт Маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/11/16 дугаартай тушаал гарснаас хойш 9 сарын дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* замын ******* худалдааны төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-156 дугаартай тушаалаар ******* ийг 2025 оны 11 дүгээр сарын сарын 17-ны өдрөөс эхлэн ******* хэсгийн худалдагчаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байгаа нь ******* ийг өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулсан гэж үзэхгүй гэж тусгасан атлаа яагаад ******* ийг өөр байранд шилжүүлэн ажиллуулсан гэж үзэхгүй байгаа талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.2. Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмж-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг. Зарим тохиолдолд дээрх зүйл, заалтад байхгүй Албан тушаал бууруулах, мөн цалин, хөлсний тодорхой хувиар бус мөнгөн дүн-гээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь буруу юм. Тухайлбал, ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ******* ийг ******* худалдааны төвийн даргын албан тушаалаас бууруулж ******* хэсгийн худалдагчаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байхад шүүгч яагаад тус төвийн худалдагчаар томилсон гэж үзэхгүй гэдгээ тайлбарлаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.3. Албан тушаал бууруулах шийдвэр нь агуулгын хувьд нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд томилох, ингэхдээ албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд бууруулан ажилд томилох агуулгатай байдаг бол албан тушаалаас чөлөөлөх шийдвэр нь өөр албан тушаалд томилдоггүй, үргэлжлүүлэн албан үүргээ хэрэгжүүлэх үр дагавар үүсдэггүй байдлаараа ялгаатай юм. Шүүхийн шийдвэрийн 5-д хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохгүйгээр өөр ажлын байранд нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах ёстой гэжээ. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүрмөсөн дуусгавар болгоогүй, ******* худалдааны төвийн даргын ажилд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалж улмаар өөр ажилд шилжүүлсэн байгааг анхаарсангүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэсэн нь алдаатай.

4.4.Нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах шийдвэр гарах үед бууруулан ажиллуулах сул ажлын байр байгаагүйг шүүх анхаараагүй ба Нийгэмлэгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчид албан тушаал бууруулсан шийдвэрийн дагуу 2 сул ажлын байр байгааг мэдэгдэж аль нэгийг сонгох боломжоор хангасан ба нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг албан тушаал буурч ямар ажил эрхлэх талаар үр дагаврыг өөр бусад орон тоог судлах замаар нэхэмжлэгчийг албан тушаалд томилох зайлшгүй шаардлага үүссэн байгааг харгалзан шийдвэрлээгүй бөгөөд сул ажлын байр гармагц албан тушаал бууруулж томилсон шийдвэрийг буруу үнэлж шийдвэрлэсэн.

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах болсон бодит шаардлага, нөхцөл бодитоор бий болсон байх, ажил олгогч түүнийг нөхцлийг судлан тогтоож, холбогдох баримт бүрдсэн нөхцөлд шийдвэр гаргах учиртай бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ажил хүлээн авснаас хойш худалдааны байгууллагын эдийн засгийн үр ашигтай ажиллах, ашиг орлоготой байх зарчмыг алдагдуулсан, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан эрхэлсэн ажлаа гүйцэтгэж чадахгүй байгааг дотоодын шалгалтаар тогтоогдсон байгааг огт дүгнэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, ажилтан тушаалд заагдсан зөрчил гаргасан эсэхийг огт дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4-т заасны дагуу ажилтанд албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авч 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б/И/16 дугаартай тушаал гаргасан байдаг.

5.2. Уг тушаал нь ямар албан тушаалд ажиллаж байсан ажилтныг албан тушаал бууруулж ямар албан тушаалд томилж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч одоог хүртэл ажилгүй, цалин хөлс аваагүй, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн учраас тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 9 сарын дараа тушаал гаргаж ажилд авсан гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

5.3. Давж заалдах гомдлын 2-т Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмж-ийн 3 дугаар зүйлийн 3.4-ийг иш татсан нь үндэслэлгүй бөгөөд 2021 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж сахилгын шийтгэл ногдуулах төрөлд албан тушаал бууруулах заалт шинээр нэмэгдэж орсон байхад хүчингүй болсон хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тайлбарыг гомдолд өөрт ашигтай байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй.

5.4. Хариуцагчийн гомдолд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах шийдвэр гарах үед бууруулан ажиллуулах сул ажлын байр байгаагүйг шүүхээс анхаараагүй ба нийгэмлэгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчид албан тушаал бууруулсан шийдвэрийн 2 сул ажлын байр байгааг мэдэгдэж аль нэгийг сонгох боломжоор хангасан, нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажил олгогч 5 төрлийн арга хэмжээнээс аль нэгийг нь сонгох боломжтой гэдэг нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт заасан.

5.5. Тухайн үед үнэхээр орон тоо байхгүй бол үлдэх 4 сахилгын шийтгэлээс сонголт хийх боломж нь ажил олгогчид байсан, мөн ажилтнаас асуух үүрэг ажил олгогчид байхгүй бөгөөд ажил олгогчид хуулиар олгосон үндэслэл бүхий тушаал гаргах боломж нь байхад хуульд заасан эрх үүргийг буруугаар тайлбарлан нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

5.6. Мөн хариуцагчийн гомдолд ... нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа өөр бусад орон тоог судлах замаар томилох зайлшгүй шаардлага үүссэн байгааг харгалзаагүй, сул ажлын байр гармагц ажилд томилсныг буруу үнэлж шийдвэрлэлээ гэжээ. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь ажлаас халж байгаа утгатай гарсан нь бодит байдал дээр нэхэмжлэгч одоо болтол ажилгүй байснаар нотлогдох бөгөөд хэрэг маргаан шүүхэд хэлэлцэгдэх гэж байхаас хэд хоногийн өмнө худалдагчийн орон тоонд ажилд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/I/507 дугаартай тушаалаар ******* ийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ******* худалдааны төвийн даргаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн;

3.2. ******* болон ******* ийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан;

3.3. ******* ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/II/16 дугаартай тушаалаар ******* т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан;

 

4. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигч маргаангүй боловч ******* сахилгын зөрчил гаргасан эсэх, ******* т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ******* ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/II/16 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байх боловч ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

5.1. ******* ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/II/16 дугаартай тушаалаар ******* т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ******* худалдааны төвийн дарга ******* нь Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын биелэлт удаа дараа хангалтгүй, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг заасан байна.

5.2. ******* худалдааны төвийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээ, удирдлагын тушаал, гэрээнүүд бусад баримт материалд тулгуурлан хийсэн дотоод аудитын шалгалтын дүнд Т-64/02/147 дугаартай албан шаардлагаар 11,699,400 төгрөгийн захиалгат хөрөнгийг нийлүүлээгүй зөрчлийг арилгуулахаар, Т-64/02/148 дугаартай албан шаардлагаар ажилтнуудад 5,554,281 төгрөгийн цалинг дутуу олгосон зөрчлийг арилгуулахаар, Т-64/02/149 дугаартай албан шаардлагаар ажилтнуудад 1,133,129 төгрөгийн блансын шагнал дутуу олгосон зөрчлийг арилгуулахаар, Т-64/02/50 дугаартай албан шаардлагаар орлого үр дүнгийн дэлгэрэнгүй тайланд давхардаж гарсан бүртгэлтэй холбоотой зөрчлийг арилгуулахаар, Т-64/02/50 дугаартай албан шаардлагаар талхны цехийн үйл ажиллагааны зардал болох 29,776,318 төгрөгийг худалдааны салбарын борлуулсан бүтээгдэхүүний өртөгт шингээж бүртгэсэн зөрчлийг арилгуулахаар, Т-64/03/137 дугаартай актаар тооллогоор дутсан 270,976 төгрөгийн барааны үнийг худалдагчаар нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, эдгээр албан шаардлага болон актаар тогтоосон зөрчлийг ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулжээ.

5.3. ******* нь ******* худалдааны төвийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээ, удирдлагын тушаал, гэрээнүүд бусад баримт материалд тулгуурлан хийсэн дотоод аудитын шалгалтын үр дүнд тодорхой зөрчлүүдийг гаргасан болох нь дээр дурдсан албан шаардлага, актуудаар тогтоогдож байх тул ******* ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/II/16 дугаартай тушаалд дурдсан ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай. ******* нь ******* худалдааны төвийн даргын ажил үүргийг гүйцэтгэдэг, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан мөн тул түүний гаргасан сахилгын зөрчилд ******* ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/II/16 дугаартай тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд заасан хугацааны дотор байгаа боловч уг тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

6.1. Анхан шатны шүүх ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх, ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацааны дотор ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүхээс өмнө дурдсан байдлаар залруулан дүгнэнэ.

6.2. ******* ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/II/16 дугаартай тушаалаар ******* тэй ******* худалдааны төвийн даргын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр цуцалсан атлаа уг албан тушаалаас бууруулж, ямар албан тушаалд томилж байгаа талаар шийдвэрлээгүй орхисон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасанд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.3. Ажил олгогчоос ажилтанд ногдуулж байгаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон буюу сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь бүхэлдээ хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаагийн хувьд үр дагавар нь тодорхой, хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч ******* т сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн атлаа шийдвэртээ Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлэхээр заасан нь тодорхойгүй үр дагаврыг үүсгэсэн.

6.4. Өөрөөр хэлбэл, ажилтныг албан тушаал бууруулаад ямар албан тушаалд томилж байгааг тушаалд заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4, 123.3 дахь хэсэгт тус тус нийцээгүй, ажил олгогчийн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул ******* ийг ******* ийн ******* худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч ******* ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* т даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан ажиллуулах шийдвэр гарах үед ажиллуулах сул ажлын байр байгаагүйг шүүх анхаараагүй, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 сул ажлын байр байгаа талаар мэдэгдэж аль нэгийг нь сонгох боломж олгосон боловч нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлийг заасан байх боловч ажил олгогчийн зүгээс ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд албан тушаал бууруулаад ямар албан тушаалд томилж байгааг тушаалд зааж өгөх шаардлагатай, хэрэв албан тушаал бууруулан ажиллуулах ажлын байр байхгүй тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн төрлүүдээс аль тохиромжтойг сонгон хэрэглэх боломжтой тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2024 оны 12 дугаар сарын цалин хөлс 253,294 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын цалин хөлс 3,662,374.4 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын цалин хөлс 3,825,161.3 төгрөг, нийт 7,740,829,7 төгрөгөөс дундажлан 1 сарын дундаж цалин хөлсний хэмжээг 2,580,276 төгрөгөөр тооцон, 1 сарын дундаж цалин хөлс 2,580,276 төгрөгийг ажлын 21 хоногт хуваан 1 хоногт ногдох дундаж цалин хөлсний хэмжээг 122,870 төгрөгөөр тооцсон нь тооцооллын хувьд зөв байх боловч 1 хоногийн дундаж цалин хөлс 122,870 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд хамаарах ажлын 209 хоногт үржүүлэн тооцохдоо 23,519,920 төгрөг гэж гэж буруу тооцсон, улмаар шийдвэрийн тогтоох хэсэгт уг дүнг 23,591,920 төгрөг гэж бичсэн байна.

1 хоногийн дундаж цалин хөлс 122,870 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд хамаарах ажлын 209 хоногт үржүүлэн тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээ нь 25,679,830 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үүнтэй холбоотой өөрчлөлт оруулахгүй.

 

8. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж баталгаажуулах шаардлагатай холбогдуулан баримтлах ёстой заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлаагүй алдаа гаргасныг болон улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилахдаа хариуцагчаас гаргуулсан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу тооцсон, хураамжийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дансанд оруулж шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шүүхээс тус тус залруулна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 158 дугаар зүйлийн 158.1.1 ... гэсний дараа ... 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 ... гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 346,110 төгрөгийг гаргуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 100200100941 тоот дансанд ... гэснийг ... 275,910 төгрөгийг гаргуулан улсын орлогод ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР