| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0171/Э |
| Дугаар | 0181 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 0181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1925002570196 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 сарын 07-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4а-29 тоот гэртээ эхнэр Б.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 04 сарын 6-нд эгч Тайванжаргал фейсээр зураг ирүүлсэн. Эхнэр нэг хүүхэн нэг залуутай архи уусан зураг байсан. Тэгээд Өмнөговиос гэртээ ирж эхнэртэй гар хүрсэн. Эхнэрийнхээ гар, шилбэ, бугуй руу нь гараараа цохисон. Дахиж ийм асуудал гаргахгүй. Миний буруу ойлгож байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 04 сарын 07-нд манай нөхөр нөхөр Бямбажаргал Өмнөговь аймгаас шөнө согтуу гэртээ орж ирээд “янхан минь, гичий минь, банзал минь” гэж хэлээд над руу таваг өшиглөсөн, бас миний гар мөр лүү гараа атгаж байгаад цохиод, хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд байсан. Би “чи яасан бэ юу болсон бэ, яагаад надад агсан согтуу тавиад байгаа юм бэ” гэхэд Бямбажаргал “манай эгч ах хоёр надад хэлэхдээ чамайг гэртээ ямар ч хувцасгүй чармай нүцгэн хэвтэж байсан, чи тэр өдөр өөр залуутай байсан уу” гэж хэлээд намайг зодсон. ...Бямбажаргал эгч, хүргэн ах хоёрын үгэнд ороод намайг өөр залуутай байсан гэж буруугаар ойлгоод Өмнөговь аймгаас ажлаасаа ирэнгүүтээ надад агсан тавьж зодсон. Бямбажаргал гараа атгаж байгаад миний гарын бугалга, шуу, мөр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Миний хөлийн гуя, шилбэ хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 06-07 ху/,
-Гэрч Д.Бо-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 04 сарын 08-ны өглөө 10 цагийн үед Бямбажаргал манай гэрт орж ирсэн. Бямбажаргал хэлэхдээ “Би урьд шөнө Өмнөговь аймгаас ирсэн, манай ажлын газрын хүн Эрдэнэт рүү унаатай явж байхаар нь би унаанд нь суугаад хүрээд ирлээ” гэж хэлсэн. Бямбажаргал нь урьд шөнө уусан бололтой бага зэрэг шартсан байдалтай байсан. ...Бямбажаргал эгч Тайванжаргал руу утасдаад манайд очоод үзээд өгөөч ээ манай гэрт гадны хүмүүс байгаа юм шиг байна, та хоёр очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Эхнэр Тайванжаргалын хамт Бямбажаргалын гэрт орой 22 цагийн үед очиход гэр нь ундуй сундуй, гэрт нь пивоны хоосон сав, нэг тал хэмжээтэй уусан байсан пиво тавьсан, хүүхэд нь сэрүүн өөрөө согтуу унтаж байсан. Тайванжаргал бид хоёр Наранчимэгийг сэрээх гээд байж байтал гадаас хоёр пиво барьсан залуу орж ирэхээр нь би “чи хэн бэ, юу болоод байна аа” гэхэд би Наранчимэгтэй найз эмэгтэйтэй хамт энд ирсэн, би пивонд яваад ирлээ гэж хэлэхээр нь би “чи гэрийн эзэн байхгүй гэрт ирээд яагаад архидаад байгаа юм бэ, яв, явахгүй бол цагдаад мэдэгдэнэ” гэж хэлэхэд тэр залуу яваад өгсөн. Эргээд гэрт нь ороход Наранчимэг сэрэхээр нь бид хоёр “чи яагаад гэртээ хүмүүс цуглуулаад байгаа юм бэ, хүүхэд чинь хоол унд идсэн юм уу, одоо боль” гэхэд Наранчимэг “би одоо унтлаа та хоёр яваа” гэхэд Тайванжаргал бид хоёр гэр лүүгээ явсан гэсэн мэдүүлэг /хх 11-13 ху/,
-Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 04 сарын 08-ны өглөө 9-10 цагийн хооронд манай гэрт ирсэн. Урд өдөр нь уусан бололтой архи үнэртэж байсан Наранчимэгийг зодсон талаар надад юу ч яриагүй. Эхнэр хүүхдээ авч явах гээд ирлээ гэж хэлсэн. Өмнөговь аймаг руу эхнэр хүүхдээ аваад явах хүсэлтэй боловч Наранчимэг явах дургүй байдаг юм шиг байна лээ. ...Би Бямбажаргал руу санаандгүй фэйсбүүкээр зураг явуулсан. Би ийм зүйл болно гэж мэдээгүй. Бямбажаргал тухайн үйл явдлаас 3 хоногийн өмнө шөнө дунд хүртэл залгаад манай гэрт очоод байдлыг хараад өгөөч Наранчимэг нэг хүүхэнтэй хамт архидаад байх шиг байна гээд байхаар нь би ажлаа тараад нөхрийн хамт очтол гэр орон нь ундуй сундуй, хүүхэд нь хажууд нь суугаагаараа унтсан, тал пиво тавьсан, гэрийн хувцас подволк, өмдтэй унтаж байсан. ...би Наранчимэгийг татаад сэрээсэн гэсэн мэдүүлэг /хх 14-16 ху/,
-Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 04 сарын 08-ны өдөр манай дүү Наранчимэг над руу утсаар залгаад “нөхөр Бямбажаргал гэртээ ирээд намайг янхан, гичий, хулгайч, хүүр, зайл гэж хэл амаар доромжилж зодсон” гэж хэлсэн. Би “яагаад чамайг зодсон юм бэ” гэхэд “ ах дүү, эгч нар нь амьдралд оролцоод ах эгч хоёр нь намайг найз нөхөдтэйгээ пиво уугаад гэртээ унтаж байхад зураг дараад тэр зургийг Бямбажаргал руу явуулснаас болоод Бямбажаргал намайг хардаад хэл амаар доромжилж гар хүрсэн” гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 17-19 ху/,
-Яллагдагч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 04 сарын 07-ны өдөр ажлаа тараад Өмнөговь аймгаас жижиг тэргээр ирээд тэр шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирээд эхнэр Наранчимэгийг зодсон. Би Наранчимэгийн мөр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Хөлийн шилбэ рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Бид хоёр одоо эвлэрсэн. Сайхан амьдарч байгаа. Эхнэр удахгүй ажилд орно Бид 3 цаашдаа Өмнөговь аймагт хамт амьдрах болсон. Би үйлдсэн хэгээ хүлээн зөввшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 66-67 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.Н-ийн биед хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зүүн мөрөн дээр зулгаралт үүсчээ.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна.
3.Хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн мөрөн дээр зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4.Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 21 ху/,
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 32-38-р хуудас/
-Бичиг баримтанд үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 58-р хуудас/
-Г.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 61-67-р хуудас/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 04 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4а-29 тоотод эхнэр Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд маргахгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Нийн “...2019 оны 04 сарын 07-нд манай нөхөр нөхөр Бямбажаргал нь Өмнөговь аймгаас шөнө согтуу гэртээ орж ирээд янхан минь, гичий минь, банзал гэж хэлээд над руу таваг өшиглөсөн, бас миний гар мөр лүү гараа атгаж байгаад цохиод, хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд байсан” гэсэн мэдүүлгүүд, мөн гэрч Д.Бодьгэрэл /хх 11-13 ху/, Г.Тайванжаргал /хх 14-16 ху/, Б.Наранцэцэг /хх 17-19 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зүүн мөрөн дээр зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 285 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч Б.Н гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА