| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/00546/И |
| Дугаар | 210/МА2026/00649 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00649
|
|
|
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00548 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 71,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******, ******* нар нь ******* ХХК-тай амаар тохиролцож, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хашаанд баригдах орон сууцны газрын барилгын суурь ухах, тухайн газрыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, баригдах орон сууцнаас худалдан авахаар тохиолцсон. ******* нь гүйцэтгэсэн ажлын хөлс 45,200,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцуулан эхнэр *******гийн нэрээр 2020.10.26-ны өдөр, мөн ******* нь ажлын хөлс 25,920,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцуулан эхнэр *******гийн нэрээр 2020.10.26-ны өдөр тус тус ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл барилга баригдаагүй ба ******* ХХК ажлын хөлсийг төлөөгүй ба захирал *******той нь утсаар холбогдон хөлсийг асуухад "удахгүй өгнө, түр хүлээж бай, би Төрийн өмчийн хорооноос төлбөр мөнгөө авчихаад өгнө, хүлээж бай" гэдэг ч хөлсийг өгөөгүй. Ажлыг хүлээлгэн өгсөн нь цахим бичлэг, хамтран ажил гүйцэтгэсэн ажилтнууд, гар бичмэлийн тэмдэглэлээр тогтоогдоно. Иймд ******* ХХК-аас ажлын хөлсөнд нийт 71,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* (тухайн үеийн нэрээр)-тай ******* дүүргийн ******* хороонд байх, нэгж талбарын ******* дугаартай газарт орон сууцны барилга барихаар тохиролцож 2020.07.20-ны өдөр ******* дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ******* нь барилга баригдах газарт орон сууцтай холбогдох зөвшөөрлүүдийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учраас орон сууцны барилга баригдаагүй. Нэхэмжлэгч нар нь тухайн ажлыг гүйцэтгэсэн талаархи гэрээ, ажлыг хүлээлгэн өгсөн актгүй. Эхнэрүүдийн нэрээр гэрээ байгуулсан гэж байгаа боловч гэрлэлтийн баталгааны баримтгүй. Мөн манай компани Нийслэлийн өмчийн харилцааны газрын эс үйлдэхүйтэй холбоотой захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: ******* нь ******* ХХК-тай гэрээ байгуулсан, гэхдээ тухайн газарт барилга барих зөвшөөрлүүд бүрэн гараагүй байхад барилгын ажлыг эхлүүлснээс болж маргаан үүсч, улмаар ажил цаашаа яваагүй. Зөвшөөрөлгүй ажлыг эхлүүлсэн ******* ХХК-ийн буруу тул энэ төлбөр Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газарт хамааралгүй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 45,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, 25,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 383,950 төгрөг, нэхэмжлэгч *******ын төлсөн 287,550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Консист констаркшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 383,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, 287,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууц захиалан бариулах гэрээний тал биш бөгөөд уг гэрээг *******, ******* нар байгуулсан. Гэтэл гэрээний тал бус этгээдүүд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулиар тогтоосон шаардах эрх бүхий этгээдийн зохицуулалтад нийцэхгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч нарын шаардлага нь нэг талаар гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж буй мэт боловч нөгөө талаар барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн эрх зүйн шинж, үндэслэл нь хоорондоо зөрчилдөж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.5-д заасныг зөрчсөнийг анхан шатны шүүх анхаараагүй.
Маргаан бүхий газрыг одоогийн байдлаар Нийслэлийн өмчийн газар эзэмшиж, ашиглаж байгаа. ******* ХХК-д барилгын ажил эхлүүлэх ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй байснаас үйл ажиллагааг зогсоосон, орон сууц захиалан бариулах гэрээ цаашид бодитоор хэрэгжих боломжгүй, ухсан газар дээр байсан хуучин барилга байгуулж нь Өмчийн харилцааны газрын хөрөнгө байсан байхад нэхэмжлэгч нар ******* ХХК-ийг хариуцагч гэж байгааг ойлгохгүй байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
6.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нийслэлийн өмч, харилцааны газар нь ******* ХХК-тай 2020.07.20-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба Нийслэлийн өмч, харилцааны газар-аас ******* ХХК-д гэрээний дагуу ажлаа хийх шаардлагыг хүргүүлсний дараа ******* ХХК нь 2020.08.20-ны өдөр ажлаа эхлүүлсэн ч 2021.04-р сарыг дуустал Ковид-19 цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа зогссон байдаг. Мөн 2022.03-р улирал хүртэл ажлыг сунгаж өгөх, барилгын ажлыг үргэлжлүүлнэ үү гэсэн албан бичгийг хариуцагчид илгээж байсан байдаг.
Талууд 2020.10.26-ны өдөр, 2021.01.11-ний өдөр ажлыг хүлээлцэн бэлэн мөнгөний оронд орон сууцны урьдчилгаанд тооцож авлаа гэх актыг үйлдсэн. Үүнээс үзэхэд Өмчийн харилцаа холбооны газар, ******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ******* ХХК нь *******, ******* нараар ажлаа хийлгээд баримт үйлдээд, орон сууцны урьдчилгаанд тооцоод гарын үсэг зурчихсан. Тухайн баримт дээр эхлээд ******* гарын үсэг зурсан, хоёр дахь дээр нь ******* гарын үсэг зурсан гэжээ.
7.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын аманд орших орон сууцны барилга барих газрыг цэвэрлэж, барилгын суурь ухах ажлыг гүйцэтгэсний хөлсөнд 71,120,000 төгрөг буюу ******* 45,200,000 төгрөгийг, ******* 25,920,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, *******тай тохиролцон уг газарт орон сууцны барилга барихаар болсон ч нийслэлээс холбогдох зөвшөөрлийг гаргаж өгөөгүй учир төсөл хэрэгжээгүй, нэхэмжлэгч нар гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээлгэн өгөөгүйгээс гадна энэ ажил нь *******т хамааралтай гэж тайлбарлан маргажээ.
Гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн харилцааны газар тайлбартаа, тухайн газарт барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байхад барилгын ажлыг эхлүүлснээс болж ******* ХХК-тай маргаан үүсч, ажил зогссон ба зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн ажлын үр дагавар нь манайд хамааралгүй гэсэн тайлбар гаргасан байна.
3.Хэрэгт ******* ХХК, ******* (тухайн үеийн нэрээр)-ын хооронд 2020.07.20-ны өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр ******* дүүргийн ******* хороо, Арцатын аманд 16 давхар орон сууцны барилга барихаар тохиролцож, уг ажлыг ******* ХХК нь 2020.08 2021 оны 4-р улиралд багтаан гүйцэтгэж дуусгахаар тохиролцсон байна.
Хариуцагч нь энэхүү гэрээний хүрээнд нэхэмжлэгч нараар орон сууцны барилга баригдах газрын барилгын суурь ухах болон тухайн газрыг цэвэрлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр амаар хэлэлцэн тохиролцсон, нэхэмжлэгч нар тохиролцсон ажлыг гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
4.Талууд ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг баталгаажуулахдаа уг газар дээр хариуцагчийн барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн орон сууцнаас нэхэмжлэгч ******* худалдан авахаар эхнэр *******гийн нэрээр 2020.10.26-ны өдөр хариуцагчтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлс 45,200,000 төгрөгийг уг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцсон тухай гэрээ, 45,200,000 төгрөгийн кассын орлогын ордер гэсэн баримтыг үйлджээ. Нэхэмжлэгч ******* мөн адил нөхцөлөөр эхнэр *******гийн нэрээр 2020.12.07-ны өдөр хариуцагчтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлс 25,920,000 төгрөгийн кассын орлогын ордер гэсэн баримт үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Эдгээр орон сууц захиалгын гэрээ, төлбөрийн баримтууд нь *******, ******* нарын зүгээс хариуцагч компаниас ирээдүйд бий болох орон сууц худалдан авахаар байгуулсан бие даасан гэрээний харилцаа биш, нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлын төлбөрийг баталгаажуулсныг, мөн *******, ******* нар орон сууц захиалгын гэрээний үүрэгт 45,200,000 болон 25,920,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлөөгүйг хэргийн оролцогч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байсан гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нар ******* дүүргийн ******* хороо, Арцатын аманд баригдах 16 давхар орон сууцны барилгын газрын суурь ухах, уг газрыг цэвэрлэхээр тохиролцсон ажлаа гүйцэтгэснээр уг ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсанд тооцогдох тул хариуцагч компани нь хуульд заасны дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ гүйцэтгээгүй буюу орон сууц захиалгын гэрээ хэрэгжих боломжгүй болсноор хариуцагч нь хөлсийг мөнгөн хэлбэрээр тооцон нэхэмжлэгч нарт төлөх үүрэг үүсэх тул анхан шатны шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн байна.
Нэхэмжлэгч нар дээрх ажлыг ******* (тухайн үеийн нэрээр)-тай бус хариуцагч ******* ХХК-тай тохиролцон гүйцэтгэсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 343, 347 дугаар зүйлд зааснаар өөрөө хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлага 71,120,000 төгрөгийг ******* (тухайн үеийн нэрээр) хариуцна гэсэн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЭНЭБИШ