| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0167/э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 168
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Эд холбогдох 1930003390211 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн харьяат, 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Цагаан овооны 3-320 тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар хойшлуулсан, С.Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 117 килограмм зэсийг 03-54 СҮА улсын дугаартай авто машин дотор нууж, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Цагаан Овоо Уртын гудамжны ... тоотод оршин суудаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хилээр сүү, аарц гаргаж зардаг.
2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор өөрийн эзэмшлийн 03-54 СҮА улсын дугаартай Истани маркийн автомашиныг ах Эрдэнэбаяраар бариулаад гарсан. Тухайн үед автомашиндаа зэс нуусан талаар ахдаа хэлээгүй. Хил дээр автомашинаа шалгуулахад гаалын улсын байцаагч мэдээд илрүүлсэн. Зэс гаргаж болохгүй гэдгийг мэднэ. Би өөрөө нуусан юм. Дорнод аймгаас 1 килограммыг нь 7.000 төгрөгөөр авчруулсан. Энэ автомашиныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн иргэн Нэргүй овогтой Баатарсүх гэдэг хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж аваад тал мөнгийг нь өгөөгүй байгаа учраас бичиг баримтыг нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа.Амьдарлаа залгуулах зорилгоор хилээр гаргаж зарах гэж байсан. Сүү, аарц зараад нэг их мөнгө олдоггүй юм. Харин зэсийг гайгүй үнэ хүргэж зардаг гэхээр нь зэс зарах гэж байсан юм. 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...гэв.
- С.Эын яллагдагчаар өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын баг Бичигт боомтоор Истана маркийн 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай төрсөн ах С.Энх-Эрдэнэ жолоодож БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улиастайн балгас гэх газар руу явж байгаад Бичигтын боомтонд авто шалган нэвтрүүлэх хоёрийн хаалтанд шалгуулсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Оюунчимэг шалгаж нарийн хуудсан дээр тамга дарсан дараа нь Гаалийн улсын байцаагч Гүнсмаа шалгаж нарийн хуудсан дээр тамга дарсны дараа хөдлөх гэж байтал Гаалийн ахлах байцаагч Н.Отгонбаяр дахин шалгалт хийж тээврийн хэрэгслийн дээвэр дээрээс 117 кг хаягдал зэсийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Манай нөхөр хөдөө ажилаар явчихсан байсан учираас би ахаасаа манай машиныг бариад Улиастай руу яваад өгөөч гэж гусан. Би ахдаа үэс нуусан талаар хэлээгүй, зэсийн машиндаа бага багаар зөөж хийсэн. Уг тээврийн хэрэгсэл нь Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн иргэн Н.Баатарсүх гэх хүний тээврийн хэрэгсэл бөгөөд би 2015 оны 09 дүгээр сард 2.500.000 төгрөгөөр худалдаж авъя гэж тохиролцсон боловч одоо болтол мөнгийг нь өгөөгүй албан ёсоор бол худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлээгүй. Би зэсээ Дорнод аймгаас 1кг 7000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-42х/,
- Иргэний нэхэмжлэгч Ц.Содцэцэгийн: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын гарах чиглэлд С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Истана маркын 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээвэрт 117 кг зэсийг нууж Монгол улсын хилээр нэвтрүүлэх гэсэн хэрэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-24х/
- Гэрч Л.Гүнсмаагийн: Би Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн байцаагч ажилтай. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 20 минутын орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичиг дэх гаалийн хяналтын талбайд гарах чиглэлд С.Эийн Истана маркын 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхэд тээврийн хэрэгслийн дээвэр хэсэг нь сэжигтэй санадгсан тул дээврийн хэсгийг онгойлгож өгөхийг шаардахад манай машинд хууль бус юм байхгүй гээд онгойлгож өгөхгүй байсан. Дээврийн хэсгийн далбааны 2 жижиг боолтыг тайлж нүхээр нь харахад зэс харагдаж, дээврийн хэсгийг шалгахад 117 кг зэсийг нуун гаргахын завдсан”...гэх мэдүүлэг /хх-25- 26х/
- Гэрч Н.Отгонбаярын: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бичигт боомт”-ын гаалийн ахлах байцаагчаар ажилладаг юм. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай ажилтан Гүнсмаа гаалийн хяналт шалгалт хийж байсан ба Гүнсмаа нь Истана маркийн 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл сэжиг бүхий байна гэхээр нь очиж үзсэн ба тухайн тээврийн хэрэгслийн дээвэр хэсгийг нь үзэж шалгахад их хэмжээний зэс гарсан...гэх мэдүүлэг /хх- 33х/,
- Гэрч С.Энх-Эрдэнэнийн: 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С.Э нь манай нөхөр хөдөө явчихсан, та миний машинийг бариад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн хатавчын боомтоор гаргаад өгөөч гэж хэлэхээр нь би тээврийн хэрэгслийг жолоодож Бичигтийн боомт дээр ирээд гаалийн хяналтын талбайд шалгуулсан. Шалгуулахад уг тээврийн хэрэгслийн дээврээс 117 кг зэс гарсан. Би зэс нуусан талаар мэдээгүй байсан. Манай дүү надад энэ тухай хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-28х/,
- Гэрч О.Алунгоогийн: Би С.Э эгчид туслах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн хатавчын боомт руу сүү, аарц зөөж гаргадаг. Би эгчийг өөрийнхөө тээврийн хэрэгслийн дээвэрт хаягдал 117 кг зэс нуун хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсныг мэдээгүй. Эгч энэ тухай надад юу ч хэлээгүй. Тухайн үед Истана маркийн 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Энх-Эрдэнэ жолоодож явсан. Гаалийн хяналт шалгалтаар уг үйлдлийг газар дээр нь илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн... гэх мэдүүлэг /хх-29х/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх- 02х/,
- Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 135 тоот албан бичиг /хх-ий 03х/,
- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 04х/,
- Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06х/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11х/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12х/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээ “ 2018 оны 8 дугаар сарын байдлаар хуучин, хаягдал зэс 1 кг нь 7000 төгрөг, 117 кг нь 819.000 төгрөг “ гэжээ /хх-13х/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16х/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээ “ 1998 онд үйлдвэрлэгдэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн, 03-54 СҮА улсын дугаартай Истана маркын машин, үнэ 1.500.000 “ гэжээ /хх-ийн 18х/,
- 00883320 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 19х/
- “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/35 дугаартай Прокурорын тогтоол /хх-20-21х/,
- Хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл/ хх- 55-57х/
- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 42х/
- С.Эын иргэний цахим үнэмлэхийн хуулбар/хх-ийн 44х/
- С.Эын Е-2476092 дугаартай гадаад паспортын/хх-45х/
- С.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 47х/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол/хх- 49- 52х/
- С.Эын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай ” хүсэлт /хх- 65х/,
- Прокурорын 74 дугаартай “ Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх” санал /хх- 67х/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дахь “ Бичигт ” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 03-54 СҮА улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийн дээврийн хэсэгт улсын хилээр гаргахыг хориглосон бараа болох 117 килограмм хаягдал зэсийг нууж гаалийн хилээр нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч С.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Содцэцэг, гэрч Л.Гүнсмаа, Н.Отгонбаяр, С.Энх-Эрдэнэ, О.Алунгоо нарын мэдүүлэг, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/35 дугаартай Прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, 00883320 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын их хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай “ Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай ” тогтоолын 1 дүгээр хавсралт ” Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт “-нд хаягдал зэсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх буюу гаргахыг хоригложээ.
С.Э хилээр гаргахыг хориглосон бараа болох хаягдал зэсийг БНХАУ-д зарж борлуулах ашиг олох зорилгоор Дорнод аймгаас худалдан авч, цуглуулан 03-54 СҮА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн дээврийн хэсэгт нууж гаалийн хил нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “...2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед Бичигт боомтоор Истана маркийн 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай төрсөн ах С.Энх-Эрдэнэ жолоодож БНХАУ-ын Улиастай гэх газар руу явж байгаад гаалийн улсын байцаагч Гүнсмаа шалгаж нарийн хуудсан дээр тамга дарсны дараа хөдлөх гэж байтал ахлах байцаагч Н.Отгонбаяр дахин шалгалт хийж тээврийн хэрэгслийн дээвэр дээрээс 117 кг хаягдал зэсийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Би зэсээ Дорнод аймгаас 1 кг-ыг 7000 төгрөгөөр худалдаж авсан ” гэх,
гэрч Л.Гүсмаагийн “ 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 20 минутын үед Бичиг дэх гаалийн хяналтын талбайд гарах чиглэлд С.Эийн Истана маркын 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхэд тээврийн хэрэгслийн дээврийн хэрэгслийг онгойлгож өгөхийг шаардахад манай машинд хууль бус юм байхгүй гээд онгойлгож өгөхгүй байсан. Дээврийн хэсгийн далбааны 2 жижиг нүхийг тайлж харахад зэс харагдаж байсан ба дээврийн хэсгийг шалгахад 117 кг зэсийг нуун гаргахын завдсан ”...гэх,
гэрч Н.Отгонбаярын “2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай ажилтан Гүнсмаа гаалийн хяналт шалгалт хийж байсан ба Гүнсмаа нь Истана маркийн 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл сэжиг бүхий байна гэхээр нь очиж үзсэн ба тухайн тээврийн хэрэгслийн дээвэр хэсгийг нь үзэж шалгахад их хэмжээний зэс гарсан...” гэх,
гэрч С.Энх-Эрдэнэнийн “...2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С.Э нь манай нөхөр хөдөө явчихсан тийм болохоор та миний машинийг бариад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн хатавчын боомтоор гаргаад өгөөч гэж хэлэхээр нь би тээврийн хэрэгслийг жолоодож Бичигтийн боомт дээр ирээд гаалийн хяналтын талбайд шалгуулсан. Шалгуулахад 117 кг зэс гарсан. Би зэс нуусан талаар мэдээгүй байсан. Манай дүү надад энэ тухай хэлээгүй.”... гэх
гэрч О.Алунгоогийн “Би С.Э эгчид туслах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн хатавчын боомт руу сүү, аарц зөөж гаргадаг. Би эгчийг өөрийнхөө тээврийн хэрэгслийн дээвэрт хаягдал 117 кг зэс нуун хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсныг мэдээгүй. Эгч энэ тухай надад юу ч хэлээгүй. Тухайн үед Истана маркийн 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Энх-Эрдэнэ жолоодож явсан. Гаалийн хяналт шалгалтаар уг үйлдлийг газар дээр нь илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлгүүд, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Эын улсын хилээр гаргахыг хориглсон барааг хилээр нэвтрүүлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх/-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
С.Э нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хаягдал зэсгийг хилээр гаргахыг хориглосон болохын мэдсээр атлаа, гадаад улсад зарж борлуулан ашиг олох зорилгоор тээврийн хэрэгслийн дээврийн хэсэгт дарагдуулан гаальд мэдүүлэлгүйгээр гаалийн хил нэвтрүүлж гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.
Гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан эдийн хохиролгүй бөгөөд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Содцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын гарах чиглэлд С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Истана маркын 03-54 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээвэрт 117 кг зэсийг нууж Монгол улсын хилээр нэвтрүүлэх гэсэн хэрэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй “ гэж мэдүүлжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
С.Эын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч С.Эын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд С.Эд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ” гэдийг “ Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно ”,
7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг ” Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна “ гэсэн зохицуулалттай байна.
С.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ 03-54 СҮА улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон боловч уг тээврийн хэрэгслийн бичиг баримт иргэн Н.Баатарсүхийн нэр дээр байгаа буюу бусдын эзэмшлийн болох нь шүүгдэгчийн “ Уг тээврийн хэрэгсэл нь Н.Баатарсүх гэх хүний тээврийн хэрэгсэл. Би 2015 оны 09 дүгээр сард 2.500.000 төгрөгөөр худалдаж авъя гэж тохиролцсон боловч одоо болтол мөнгийг нь өгөөгүй, албан ёсоор бол худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлээгүй “ гэх мэдүүлэг, 01411890 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэд 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Уг тээврийн хэрэгсэл хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр С.Эын эзэмшилд бүрэн шилжсэн эсэхийг эзэмшигч Н.Баатарсүх хэрэгт нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт үгүй, мөн машины үнэ хууль ёсны эзэмшигчид бүрэн шилжээгүй талаар С.Э “2.500.000 төгрөгөөр худалдаж авъя гэж тохиролцсон боловч одоо болтол мөнгийг нь өгөөгүй, албан ёсоор бол худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлээгүй “ гэж тайлбарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл тухайн тээврийн хэрэгслийг биетээр хураах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээгээр дээрх тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн эд мөрийн баримттай холбогдуулан гаргаж буй “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “ гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл....” хурааж улсын орлого болгож, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар тодорхой заасан. Тухайн зэс бол гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл биш. Гэмт хэрэгт хамааралтай эд зүйл боловч, гэмт хэрэг үйлдэж энэхүү зэсийг олж аваагүй. Зэс нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлд эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хэрхэх талаар тодорхой зохицуулсан зохицуулалт байхгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, эд мөрийн баримтаар хураагдсан 117 килограмм зэсийг түүнд буцаан олгуулах саналтай байна “ гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Учир нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 117 кг хаягдал зэс нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдагдсан “ гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого ”-д хамаарах бөгөөд уг хаягдал зэсийг С.Э нь өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан гэдгээ хэрэгт мэдүүлсэн, түүний өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул хураан авч улсын төсөвт оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан зохицуулалтанд нийцэх юм.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 кг нь 7000 төгрөгийн үнэтэй, нийт 819.000 төгрөгийн үнэ бүхий 117 кг хаягдал зэсийг худалдаж, борлуулж улсын төсөвт оруулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэнэ.
Зэсийн үнийг Эрдэнэцагаан сумын үнэлгээний комиссоос 1 кг-ыг 7000 төгрөгөөр тогтоожээ/ хх- 19/.
Шүүгдэгч С.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд 03-54 СҮА улсын дугаартай Истана загварын машиныг битүүмжилсэн Прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/35 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгоно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Эыг хууль, Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Эаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-54 СҮА улсын дугаартай Истана маркийн машины үнэд 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 кг нь 7000 төгрөгийн үнэтэй, нийт 819.000 төгрөгийн үнэ бүхий 117 кг хаягдал зэсийг худалдан борлуулж улсын төсөвд оруулахаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Н.Баатарсүхийн эзэмшлийн 03-54 СҮА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 5/35 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Ялтан С.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний болон бусад баримт бичиг ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Содцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН