Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00651

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10764 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 33,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээл олгоно гэсэн зарын дагуу *******тэй холбогдсон бөгөөд миний данс руу 6,000,000 төгрөг шилжүүлье гэсний дагуу түүний хэлснээр хариуцагч *******д итгэмжлэл олгож, барьцаалах тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Гэтэл ******* нь *******-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан. Иймээс *******д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, учирсан хохирол буюу тухайн тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь манай хамаатны ах *******ээс зээл авч, зээлийн барьцаанд ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл барьцаалсан. ******* өөр газар байсан учир надад тээврийн хэрэгслийг худалдах, шилжүүлэх итгэмжлэл хийхдээ *******эс *******т тээврийн хэрэгслийг шилжүүлэх зорилготой олгосон. ******* тухайн үед биечлэн авах боломжгүй байсан учир дүү *******д хөрөнгө итгэмжлэх гэрээг бодитоор хэрэгжүүлсэн буюу итгэмжилсэн этгээд нь ******* биш ******* юм. Иймд *******, ******* нарын хооронд хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Итгэмжлэлийн хугацаа дуусах гээд байсан учир *******ийн заавраар ******* нь н.*******д тээврийн хэрэгслийг шилжүүлж, буцаагаад өөрийн нэр дээр шилжүүлсэн. ******* зээлээ төлж чадалгүй тухайн тээврийн хэрэгслээр зээлийг хаахаар тохиролцсон учир олгогдсон итгэмжлэлийн дагуу ******* гэх хүнд шилжүүлж, түүнээс буцаан авсан. *******-ийн шаардаж байгаа тээврийн хэрэгслийн мөнгийг ******* аваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 406 дугаар зүйлийн 406.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******эс хариуцагч *******д олгосон 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 0116 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 33,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

1.Нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж шүүх буруу дүгнэсэн. 3 сарын хугацаанд захиран зарцуулах эрх хариуцагч *******д олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан. Өөр гэрээ байхгүй ба фидуцийн гэрээ байгуулсан бол талууд гэрээг бичгээр байгуулах, мөн гэрээнд хөдлөх эд хөрөнгийг гэрээ байгуулсан гуравдагч этгээд *******т шилжүүлсэн байхаар хуульчилсан байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулахаар, мөн зүйлийн 235,6-д үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол гуравдагч этгээд нь эд хөрөнгийг хөрөнгө итгэмжлэх гэрээний журмаар нэхэмжлэгч *******-ийн эрх ашгийн үүднээс эд хөрөнгийг өмчилж удирдахаар зохицуулсан байна.

Хариуцагч *******, гуравдагч этгээд ******* нарын тайлбараар хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэл авсан ******* нь үүрэг хүлээгч *******-ийн эрх ашгийн үүднээс бус харин үүрэг гүйцэтгүүлэгч *******ийн эрх ашгийн үүднээс хөрөнгийг захиран зарцуулсан болох нь тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг зориуд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2.Хариуцагч ******* нь гуравдагч этгээд *******т үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн өгөх үүрэгтэй мэтээр Иргэний хуулийн 211 дүгээр зүйл 211.1 дэх хэсгийг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэтэл хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэж байгаа гуравдагч этгээд нь тухайн эд хөрөнгийн хувьд эрхээ алдаж болзошгүйн улмаас үүрэг гүйцэтгэгч *******-ийн өмнөөс өөрийн мөнгөөр төлбөр төлж, шаардах эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд болохоос биш, *******эс хөрөнгө итгэмжлэн авсан хариуцагч ******* огт биш юм. Шүүх ийм байдлаар хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байна.

3.Шийдвэрт хариуцагч *******ээс тээврийн хэрэгслийн үнийг Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.4, 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өмнө нь шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д зааснаар хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн мөртлөө мөн зүйлийн 406.4-д зааснаар тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхгүй гэж бичсэн нь талуудын хооронд хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д ззасны дагуу нэхэмжлэгч ******* нь *******ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр *******д ******* тээврийн хэрэгслийг шилжүүлснийг хөрөнгө олж авсан *******, үүрэг гүйцэтгэгч ******* нарын хооронд үүрэг үүсээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсоор байхад ******* уг тээврийн хэрэгслийг 18 сая төгрөгөөр н.Дарханчулуунд худалдаад *******т мөнгийг шилжүүлсэн, би мөнгийг аваагүй гэснээр шаардах эрх үүсэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Шүүх шийдвэртээ *******, ******* нарын хооронд байгуулсан итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн мөртлөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй байхад шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зөрчсөн байна. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх гэх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр тээврийн хэрэгслийн үнэ 33 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэсэн.

5.Нотлох баримт үнэлээгүй талаар: Шүүх шийдвэртээ 2024.01.19-ний өдөр *******, ******* нараас 7,500,000 төгрөгийг зээл олгох, нөгөө талаас уг зээлийг эргэн төлөх гэрээ байгуулагдсан гэж зээлсэн мөнгөний тооцоог зөв дүгнэсэн мөртлөө буцааж төлсөн зээлийн дүн болон маргаан бүхий тээврийн хэрэгслийн бодит үнийг огт тооцоолоогүй орхигдуулсан. Хэргийн баримтаар 2024.01.19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024.01.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.01.28-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг нэхэмжлэгч *******-ийн дансанд орсон байдаг. Мөн 2024.02.08-ны өдөр нэг бүр нь 500,000 төгрөгийн үнэтэй дээлний хүрэл бүс 5 ширхэгийг *******ийн Фэйсбүүк хаягаар /******* гэх нэртэй/ холбогдож хаягаар хүргүүлсэн, мөн 2024.01.27-нд 600,000 төгрөг, 2024.04.15-ны өдөр 750,000 төгрөг, мөн 2024.04.25-ны өдөр 750,000 төгрөгийг *******т тус тус шилжүүлж, зээлсэн 7,500,000 төгрөгнөөс буцааж 4,600,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг огт үнэлээгүй байна. Түүнчлэн ******* уг тээврийн хэрэгслийг өмнөх өмчлөгчөөс 33 сая төгрөгөөр худалдан авсан талаархи баримтыг үнэлэлгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдээс зээл авсан, тээврийн хэрэгслийг *******ийн саналаар *******д итгэмжлэлээр олгосон үйл баримтад маргахгүй гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс мөнгө зээлж авсан, зээлийн барьцаанд тээврийн хэрэгслийг тавьсанд маргахгүй байгаа юм байна. Гэтэл нэхэмжлэгчийн өмнө ******* ямар үүрэг хүлээснийг анхаарч үзэх ёстой. Итгэмжлэл нь нэг талын хүсэл зоригийн дагуу үйлдэж байгаа баримт бичиг ба итгэмжлэлд тээврийн хэрэгслийг захиран зарцуулж болно гэдгийг илэрхийлсэн. Захиран зарцуулах эрхээ *******т өгчихсөн. ******* гэдэг хүн нь *******ийн хэлснээр тээврийн хэрэгслийг цааш захиран зарцуулсан. Хэргийн 117 талд тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулаад, төлбөрийг ******* авсан гэдгийг өөрөө зөвшөөрдөг ба энэ талаар яагаад дурдаагүй нь тодорхойгүй. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд үйлдэгдсэн баримтаар хөрөнгө завших гээд байна уу гэсэн хардлага байгааг шүүх анхаарч үзээсэй. ******* тээврийн хэрэгслийг худалдан олсон орлогоос аваагүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлд Фидуцийн гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаарддаггүй тул нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний агуулгаар барьцааны зүйлийг *******т шилжүүлсэн, шилжүүлэхдээ итгэмжлэлийг ******* гэдэг хүнээр дамжуулж байгаа юм. Дээрхээс дүгнэвэл энэ нь фидуцийн гэрээ, барьцааны гэрээ аль нь ч биш бодитоор үйлдэл хийгдсэн учраас маргах боломжгүй. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг *******т шилжүүлж өгөх ёстой байтал өөр этгээдэд дамжуулсан гээд байгаа. ******* нь зөвхөн *******ийн саналаар цааш худалдан борлуулсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг 2024 оны 01 сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь *******ээс зээл авч, зээлийн барьцаанд тус тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор уг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх итгэмжлэлийг өгсөн ба итгэмжлэл хүчин төгөлдөр. *******ийн даалгаснаар тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн ба мөнгийг нь аваагүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэгч гуравдагч этгээдийн хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж, мөн нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Шүүх энэ үндэслэлээр тээврийн хэрэгслийн үнийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаарх дүгнэлт үндэслэлтэй болоогүй гэж үзнэ.

 

4.Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нарын хооронд мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой хэлцэл хийгдэж, тус хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжүүлэх итгэмжлэлийг 3 сарын хугацаагаар хариуцагчид олгожээ. Энэ үйл баримтад зохигч, гуравдагч этгээд маргаагүй байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж зааснаар хариуцагч итгэмжлэлийг үндэслэн гуравдагч этгээдтэй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хийх байсан ч уг хэлцэл хийгдээгүй байна. Харин төлөөлөгч төлөөлүүлэгчийн хүсэл зоригт үл нийцэх буюу тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд бус өөр этгээдийн өмчлөлд шилжүүлжээ.

Хариуцагч энэ тухай итгэмжлэлийн хугацаа дуусах гээд байсан тул *******ийн заавраар тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гэж тайлбарласан нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасанд нийцэхгүй, хариуцагч нэхэмжлэгчийн хүсэл зориг, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг хариуцагч хэтрүүлэн ашиглажээ. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийг төлөөлөн гуравдагч этгээдтэй барьцаа эсхүл фидуцийн гэрээ хийгээгүй нөхцөлд өөр үйлдлийг бие даан хэрэгжүүлэх эрхгүй нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогджээ.

5.Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэхдээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх учиртай. Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч зээлээ төлөөгүй тул тээврийн хэрэгслийг төлбөрт тооцон авсан гэж тайлбарласныг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар барьцааны эрх нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээ байгуулагдаагүй байна. Мөн хариуцагч, гуравдагч этгээд нар тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхдээ фидуцийн гэрээ бус итгэмжлэлд үндэслэсэн нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д зааснаар хийгдсэн гэж үзэхгүй. Иймд бичгээр хийх хэлбэрийн шаардлага хангагдаагүй хэлцлийг хийгдсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж энэ хэрэгт хамааралгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт өгсөн нь буруугаас гадна мөн талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар фидуцийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байхад уг гэрээ байгуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

6.Дээрхээс дүгнэн үзэхэд зохигчийн хооронд тээврийн хэрэгслийг бусдад чөлөөтэй захиран зарцуулахтай холбоотой харилцаа, үүрэг үүсээгүй, ийм эрхийг нэхэмжлэгч ******* олгоогүй байхад хариуцагч ******* тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсний үр дагаврыг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан тухайн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл 5 хүнд дамжин өмчлөх эрх шилжсэн байх тул уг тээврийн хэргэслийг бодитоор гаргуулах боломжгүй ба нэхэмжлэгч энэ үндэслэлээр тээврийн хэрэгслийн үнийг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 2023 онд 33,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж 2023.07.03-10.10-ны өдрийн хугацаанд мөнгө төлсөн баримтыг шүүхэд гаргаж, хохирлоо уг үнээр тооцон шаардсаныг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэхгүй. Тээврийн хэрэгсэл нь тодорхой цаг хугацаа өнгөрөхөд үнэ цэн нь өсдөг бус урвуу хамааралтай эд хөрөнгө учир хариуцагч тээврийн хэрэгслийг 2024.03.19-ний өдөр бусдад шилжүүлэх үед тээврийн хэрэгслийн бодит үнэ нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээнд байсан гэж дүгнэхгүй. Харин тээврийн хэрэгслийг 2024.07.03-ны өдөр ямар үнээр бусдад шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ үед тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ямар байсныг талууд шүүхэд гаргаагүй байна. Харин уг тээврийн хэрэгслийг 2024.07.03-ны өдөр 18,000,000 төгрөгөөр худалдсан тухай баримт хэрэгт авагдсаныг тухайн зах зээлийн үнэ гэж үзлээ.

Иймд зохигчийн хооронд маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг захиран зарцуулахтай холбоотой үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан шаардах боломжгүй болсон үндэслэлээр үнийг шаардсаныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч *******ээс 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******ээс 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10764 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...70,200 төгрөг... гэснийг 318,150 төгрөг гэж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ийн төлсөн 322,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Э.ЭНЭБИШ