Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0182

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г-т холбогдох эрүүгийн 1925001630121 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 03 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 22-27 тоотод нөхөр Э.Г-тэй хэрэлдэж маргалдан хохирогчийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас нөхөр Э.Гг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Л.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Хэргийн хувьд маргахгүй. Би архи уудаггүй. Тэр үед вино уусан байсан. Тухайн үеийн үйл явдалыг сайн санахгүй байгаа. Гэртээ орж байснаа л мэдээд байна. Нөхрөө хутгалсанаа санахгүй байна. Цаашид ийм явдал гаргахгүй. Үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа. Их харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг тэднийд ороход Ганцэцэг Гуамарал эгч, нөхөр нь болох Баянсан нар байсан. Энэ гурав нэг шил 1 вино уугаад сууж байсан. Тэгээд бид дөрөв гарч караокед орж дуулъя гээд Гуамаралийн гэрээс гарсан. Тэгээд Оюут багийн Сэлэнгэ зочид буудлын доор байрлах Солонго караокед орсон. Тэгээд караокед нэг шил дарс авсан байсан. Гуамарал, Азаа Ганцэцэг гурав юм ярьж сууж байгаад зун хөдөө явсан яваагүй гээд ярианаас болж маргалдаад байсан. Тэгсэн Ганцэцэг уурлаад гараад явчихаар нь би араас нь гартал над руу уурлаад ярианд орж миний талд байсангүй гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би чи наанаа үлд би хүүхдүүд рүүгээ явлаа гээд орхиод 1-18 дугаар байрлуу алхаж очоод хүүхдүүдээ хувцаслаж байтал араас Ганцэцэг орж ирээд цуг гэртээ харихаар явсан. Машинд явж байхдаа би Ганцэцэгт чи шал дэмий юмнаас болж маргалдах юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Ганцэцэг намайг жолоо барьж явахад миний гарлуу алгадахаар нь би “чи болиоч” гэж хэлтэл ахиад миний гарлуу цохиод би аваар гаргах шахсан. Тэгээд би уурандаа чи болиоч гэж хэлээд гараа атгаж байгаад Ганцэцэгийн нүүрэн тус газарт 2 удаа цохьсон. Гэтэл Ганцэцэгийн хамарнаас цус гарсан. Тухайн үед Ганцэцэг нүүрээ дараад хамарнаас гарсан цусаа арчаад орилоод байсан. Тэгээд бид нар гэртээ ирээд Ганцэцэг бид хоёр маргалдаж би Ганцэцэг рүү чи намайг машин барьж байхад яах гэж цохисон юм бэ аваар гарвал яах байсан юм гэж хэлтэл Ганцэцэг өөдөөс чи муу зайл гээд орилж хашгираад байхаар нь би дуугуй бол гээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж үснээс нь зулгаасан. Гэтэл Ганцэцэгийн харц нь аймаар ширүүн болоод хашгираад сууж байсан. Би өөрийнхөө зүүж байсан бугуйн цагаа тайлаад гэрийнхээ хойморт байдаг ширээн дээр тавьчихаад арагшаа ухартал араас нудрах шиг болсон гэтэл нуруун хэсэгт халуун оргиод явчихаар нь харсан чинь Ганцэцэг гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн чинь худлаа яриад бай гээд байсан. Тэгтэл би нимгэн куртиктай байсан сөхөөд хартал миний нуруунаас цус гарч байгаа нь харагдсан. ...Сүүлд Ганцэцэгээс яагаад намайг хутгаар хатгах болсон талаар асуухад тухайн үед би юу болсон талаар огт санахгүй байна. Машин дотор явж байгаад өөрийнхөө цусыг хараад өөрийн ухаангүй болчихсон. Гэрт орж ирээд юу болсоноо сайн санахгүй байна. Яагаад ийм үйлдэл хийснээ өөрөө ч мэдэхгүй байна гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 11-14 ху/,

 

-Гэрч Ө.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 03 сарын 01-ний орой 20 цагийн үед миний гар утас руу охин Ганцэцэг залгаад ээжээ би Галхүүг хутгалчихсан байна намайг цагдаа руу авч явж байна, та хоёр хүүхдийг маань аваадхаач гэж уйлаад залгасан гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

-Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед би мэдээгүй шөнийн 02 цагт манай хүү Төрмөнх миний гар утас руу залгаж Галхүү ах хагалгаанд орж байна эмнэлэг дээр муу байна гэж хэлсэн. ...Галхүү Ганцэцэгийн нүүр амыг хөхөртөл цохисон байсан, юунаас болж маргалдаж зодолдсон талаар надад ярихгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  2019 оны 03 сарын 11-ний өдрийн 213 дугаартай дүгнэлтэнд:

1.Л.Г-ийн биед нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 28-29 ху/,

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 205 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Г-гийн биед нуруунд баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн ГЗЗ-ын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэсэн дүгнэлт /хх 33 ху/,

 

-Орхон аймаг дахь ШША-ны 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутганаас гарын мөр илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх 37-38 ху/,

 

-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын  23 дугаартай дүгнэлтэнд:

1.Л.Г нь одоо болон урьд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй

2.Л.Г нь сэтгэцийн хувьд эрүүл учраас эмчийн хяналтад байдаггүй

3.Одоо түүнд сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэг өөрчлөлт байхгүй байна.

4. Сэтгэл гутрал болон сэтгэцийн ямар нэгэн хямралд ороогүй байна.

5.Ганцэцэг нь бусдын биед гэмтэл учруулах үедээ сэтгэл санаа цочирон давчидсан байх магадлалтай. Тухайн үед  магадлуулагч  Л.Г нь   дунд  зэргийн согтолттой байсан ба айдас бухимдалд орсон. Энэ нь сэтгэл санаа цочирон давчдах шалтгаан болсон.

6Хэргийн талаар үнэ зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай

7. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэл нь өөрийн хийж буй үйлдлээ ойлгох ухамсарлахад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 43-45 ху/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 08 ху/,

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 77-8 ху/,

            -Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 71-79 ху/,

 

-Л.Г-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 81-83 ху/,    

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54 ху/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 03 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 22-27 тоотод нөхөр Э.Гтэй маргалдан хохирогчийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Ггийн “...би хүүхдүүд рүүгээ явлаа гээд орхиод 1-18 дугаар байрлуу алхаж очоод хүүхдүүдээ хувцаслаж байтал араас Ганцэцэг орж ирээд цуг гэртээ харихаар явсан. Машинд явж байхдаа би Ганцэцэгт чи шал дэмий юмнаас болж маргалдах юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Ганцэцэг намайг жолоо барьж явахад миний гарлуу алгадахаар нь би “чи болиоч” гэж хэлтэл ахиад миний гарлуу цохиод би аваар гаргах шахсан. Тэгээд би уурандаа чи болиоч гэж хэлээд гараа атгаж байгаад Ганцэцэгийн нүүрэн тус газарт 2 удаа цохьсон. Гэтэл Ганцэцэгийн хамарнаас цус гарсан. Тухайн үед Ганцэцэг нүүрээ дараад хамарнаас гарсан цусаа арчаад орилоод байсан. Тэгээд бид нар гэртээ ирээд Ганцэцэг бид хоёр маргалдаж би Ганцэцэг рүү чи намайг машин барьж байхад яах гэж цохисон юм бэ аваар гарвал яах байсан юм гэж хэлтэл Ганцэцэг өөдөөс чи муу зайл гээд орилж хашгираад байхаар нь би дуугуй бол гээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж үснээс нь зулгаасан. Гэтэл Ганцэцэгийн харц нь аймаар ширүүн болоод хашгираад сууж байсан. Би өөрийнхөө зүүж байсан бугуйн цагаа тайлаад гэрийнхээ хойморт байдаг ширээн дээр тавьчихаад арагшаа ухартал араас нудрах шиг болсон гэтэл нуруун хэсэгт халуун оргиод явчихаар нь харсан чинь Ганцэцэг гартаа хутга барьчихсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Ө.Жаргал /хх 19-р ху/, С.Эрдэнэбилэг /хх 20-р хуудас/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед нуруунд баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 205 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн  213, 23 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь хохирогчийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдлээс сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Л.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогчийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Хохирогч Э.Г гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Г нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА