| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0974/Э |
| Дугаар | 998 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 998
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/, хохирогч М.О, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Б-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01845 1145 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чоно овогт Баянжаргалын Золбаяр, Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Сэвэн Эй Констракшн” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл гурав, эхнэр, 2 нас 6 сартай хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 90 дүгээр байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар пд94111216, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.З нь 2018 оны 7, 11, 12 дугаар сарууд, 2019 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд эхнэр М.О-ийг байнга зодсон, догшин авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ч овогт Б-ын З нь 2018 оны 7, 11, 12 дугаар сарууд, 2019 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд эхнэр М.О-ийг байнга зодсон, догшин авирласан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.З-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч М.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр байнга хэрэлдэж, муудалцаад байдаггүй. Би өөрөө их түргэн ааштай хүн. Бид хоёрын маргаан ихэвчлэн надаас болдог. Энэ хэргийг энэ хэмжээнд хүрнэ гэж бодоогүй. Түр зуурын уураас болж өргөдөл гаргаж ийм зүйл боллоо. Одоо Золбаярт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
3. Хохирогч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2018 оны 01 дүгээр сард найзынхаа төрсөн өдөрт явах гэхэд явуулаагүй алгадаж унагаад өшиглөж байсан. 2018 оны 7 дугаар сард найз А-ын хамт гэр лүүгээ явж байхад бусадтай хардаж, өшиглөж байсан. Мөн 2018 оны 12 дугаар сард найз У манай гэрт ирээд хамт кино үзэх гэхэд З намайг явуулахгүй гээд алгадаж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сард найзуудтайгаа зааланд тоглох гээд гэрээсээ гарах гэхэд гар утас булааж аваад гэрт оруулахгүй хөөж гаргасан. Энэ үед манай ээж гэрт хамт байсан учраас хаалга онгойлгон өгч оруулж байсан. 2019 оны 01 дүгээр сард манай эгч Д хөдөөгөөс ирсэн байхад З-тай маргалдахад намайг гэрээс хөөж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр З намайг хүүхдийн халамжид байгаа мөнгө авч өг гээд байсан болохоор нь авч өгсөн чинь одоо миний зээлийг төлж өг гэж шаардсан. Би зээл төлөх хугацаа нь болоогүй болохоор нь хэд хоногоос төлөөд өгье гэхэд одоо төлж өгөхгүй бол гэрээс зайл хэмээн хувцас гаргаж шидээд гэрээс хөөсөн. Тэгэхээр нь хувцсаа аваад Б гэх ахындаа очих гэхэд би чамайг хүргээд өгье гээд машинтайгаа Б ахынд хүргэж өгсөн. Бид хоёр Б ахынд очиход гэр нь онгорхой байсан болохоор нь бид хоёр гэрт нь ороход хүн байхгүй байсан. Тэгэхэд З намайг хэл амаар доромжлон чамтай хамт амьдрахгүй гэж хэлсэн. Тэгээд бид маргалдаж эхлэхэд 2 хөл рүү ээлжлэн өшиглөж эхэлсэн. Мөн орон дээр дарж унагаа ам руу даавуу чихээд чамайг энд ингээд алсан байхад чамайг гэх хүн байхгүй шүү, цагдаа шүүх гээд явсан ч манай гэр бүлийнхэн бүгд цагдаагийн байгууллагад ажилладаг хүмүүс байдаг би мөнгөөр зодоод гараад л ирнэ гэж хэлсэн...Энэ бүгдэд би цагдаагийн байгууллагаар хандаагүй бөгөөд тухайн үед миний биед учирсан гэмтэл бага байсан болохоор эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-18 дугаар тал);
4. Гэрч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З-аас О-ийг надтай хамт кино үзүүлээч гэж гуйхад үгүй гээд дургүйцээд байсан. Тэгэхээр нь би З-т хандан чи ингээд байвал эхнэр чинь найзгүй болно шүү хааяа гадуур гаргаж байгаач гэж хэлсэн. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад би тэднийд хонохоор болоод хүүхдээ хөхүүлж байхад О би нэг өдөр гарчихад яадаг юм бэ гэхэд З чи гадуур гардаг биз дээ гээд тэд хоорондоо маргалдаж эхлэхэд З О-ийг гараараа нэг удаа хацар луу нь алгадсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар тал);
5. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрээ онгорхой орхичхоод явсан учир намайг ирэхэд миний хадам дүү Отгонцэцэг гэрт ирчихсэн байсан. Намайг харахад гэр орон эмх цэгцгүй, О уйлсан шинжтэй байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад З бид хоёр салах гэж байгаа, З намайг энд бүх хувцастай минь хамт хүргэж ирээд зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Хаана нь яаж зодсон талаар асуухад миний ам руу алчуур чихээд, хөл рүү өшиглөсөн гээд хөл нь хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар тал);
6. Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын сүүлээр О, З бид гурав З-ын гэрээс 18-19 цагийн үед гарч хотын төв рүү орж нэг газар суух санаатай явж байтал Драгоны автобусны буудал дээр О, З хоёр маргалдсан. Юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй. Тэгээд Улаан дэлгүүр гэх буудал дээр буугаад гудам руу ороод явж байтал З эргэж хараад О-ийг хацар луу нь гараараа нэг удаа алгадсан. Тэр үед О уйлаад чарласан, тэгсэн чинь З О-т хандаж чи дуугай байгаач гээд гараараа цээж рүү нь түлхэж газар унагаасан. Тэгээд унасан байх үед нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь О миний хөл эвгүй болчихлоо, би босож чадахгүй байна гээд байсан...2018 оны 2 дугаар сарын дундуур би З-ын гэрт хонож байсан юм. Тэгэхэд З өөрийн нэг эрэгтэй найзынхаа хамтаар пиво уугаад сууж байсан. Тэр үед бас л О уйлаад уурлаад хамаг хувцсаа аваад явах гэж байсан боловч З уучлал гуйгаад аргадаад эвлэрч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар тал);
7. Шүүгдэгч Б.З-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 65 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72 дугаар хуудас), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 69 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сард наадмын үеэр О-ийн багын найз А ажил нь амарсан, очих газаргүй байна гээд манай гэрт өөрийн хувцсаа аваад ирчихсэн байсан. ...миний уур тухайн үед хүрээд хүзүү хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан,...2018 оны 11 дүгээр сард О хичээлээ тараад гэртээ ирж хашааны хаалга нүдэж хэсэг зогссон байсан...2018 оны 12 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ хоноод өглөө гэртээ ирээд байж байхад О надад найз У хөдөөгөөс ирсэн байна гэнэ, манай гэрт ирнэ гэж байна. Чи дэлгүүр ороод ойр зуурын чихэр жимс цуглуулаад бай гэж хэлсэн. У хүүхдийн хамт автобусны буудал дээр ирчихсэн байна гэхээр нь тосож аваад гэртээ ирсэн. ...О-ийг гадуур гаргахгүй гэж дургүйцсэн. Энэ үед У надад хандан О бид 2 хамт яваад 22 цагийн кино үзчихээд ирье, чи эхнэрээ гадуур гаргаж байхгүй бол эхнэр чинь найз нөхөдгүй болно шүү гэхээр нь би дургүйцээд зөвшөөрөөгүй...О би ер нь гарчхаад ирэхэд яадаг юм гээд уурлаж бид 2 маргалдсан....2019 оны 02 дугаар сард ...Б ахынд нь машинаараа хүргэж өгсөн. Биднийг гэрт ороход хүн байхгүй, ирж явах замдаа маргалдаж ирсэн болохоор бид гэрт ороод дахин маргалдаж намайг хэл амаар доромжлоод, цохиж аваад өшиглөөд байхаар нь би зөрүүлээд 2 хөл рүү нь ээлжлэн өшиглөөд орон дээр түлхэж унагахад орилоод байхаар нь өөрийн гэрээс авч ирсэн хөнжил гудсыг О рүү шидчихээд гараад машиндаа суугаад шууд ажил руугаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 123-127 дугаар тал) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.З-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.О-ийг удаа дараа зодож догшин авирласан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Б.З, хохирогч М.О нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:” гэж заасан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс ялгаж зүйлчлэх гол шалгуур болсон бөгөөд байнга гэдэг нь хууль зүйн хувьд гэмт үйлдэл гурав буюу түүнээс дээш удаа давтагдсан байхыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.З-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.З нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь нийт 5 удаагийн үйлдлээр хохирогч О-ийг зодсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь гэр бүлийн хоорондын харьцаа, ярилцдаггүй байдлаас болсон гэж үзэж байна. З гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй. Энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.З-т хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч овогт Б-ын З-ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хохирогчийг байнга зодож, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.З-т дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.З-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.З-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА