| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0213/Э |
| Дугаар | 0223 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 0223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Н.Д
Хохирогч Д.Эрдэнэ
Шүүгдэгч Т.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-т холбогдох эрүүгийн 1925000000172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.У
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Т.У нь 2019 оны 05 сарын 04-ний өдрөөс 5-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-32 тоотод оршин суух Х.А-ын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан, вакум цонх, төмөр сейфний эвдрэл зэрэг нийт 5.569.099 төгрөг 92 мөнгөний хохирол учруулсан, мөн 2019 оны 05 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-3 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Абсалют” нэртэй газарт Д.Э-гийн Хуавей П Смарт загварын гар утсыг хүнтэй яриад өгье гэж хуурч залилан 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Д.Э-гээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би урьд нь 3 удаагийн ял шийтгэгдэж байсан. Би Х.А гэдэг айлын цонхыг мөрөөрөө түлхэж онгойлгож орсон. Гэрээс нь бүс, гитар, 2 аппарат, мөнгөн тэмдэгтүүд зэрэг эд зүйл авсан. Тухайн үед авч явж байгаад цагдаад баригдсан. Бас сандраад карманаасаа зарим зүйлийг нь гаргаж шидсэн. Тэдгээр эд зүйлийн үнийг төлөөгүй байгаа. Би төлж барагдуулна. Д.Э-тэй сургуульд хамт сурдаг байсан. Би утсаар нь ярьж байгаад хүнд өртэй болохоор утсыг нь аваад явчихсан юм. Тэгээд Хүрэнбулаг багт байрлах уртцагааны гар утас завсарын залууд 150.000 төгрөгөөр зарчихсан. Энэ гар утсыг төлж чадаагүй байгаа. Хохирлын хувьд маргахгүй хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр өдөр ажлаа тараад Булган явах гэж байсан. Төгөлийн гадаа ангийн найз Т.У-тай таарсан. Намайг ганц пиво ууя гэсэн. Тэгээд хамт явж нэг газар ороод пиво ууж байгаад утсаар чинь нэг яриадахъя гэж аваад гарсан. Тэр чигээрээ аваад явчихсан байсан. Одоо хохирол төлөгдөөгүй байгаа. Гар утсын үнэ 530.000 төгрөгийг төлүүлж хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 05 сарын 05-ны өдрийн 12 цагийн үед миний гар утас руу манай хажуу талын хөрш Энхтуяа эгч над руу залгаад танай хашаан дотор цагдаа нар ирээд байж байна гэрт чинь хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үеэл дүү Сабитад хэлж 11 дүгээр хороололд байх гэрт маань очоод болсон асуудлын талаар надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 45 ху/,
-Гэрч Н.Е-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед миний бие Орхон аймгийн нутаг дэвсгэрт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын орчим дохиололтой объектоо шалгаад явж байтал дээгүүрээ хар өнгийн хувцастай, доогуураа хар хөх өнгийн өмдтэй, цэнхэр пүүзтэй намхан туранхай залуу 11 дүгээр хорооллын байшингуудын дундаас хоёр гартаа 2 ширхэг хар өнгийн цүнх барьчихсан, мөрөндөө 1 ширхэг гитар үүрчихсэн явж байхаар нь зогсоогоод шалгасан юм. Хаанаас юу авч явж байгаа юм гэж асуухад гэрээсээ гараад явж байна гэсэн юм. Тэгэхээр нь би авч явсан цүнхнүүдийг нь онгойлгож шалгахад ямар ч байсан видео аппарат, дуран, мөнгөн бүс гэх мэт эд зүйлүүд байхаар нь би хулгай хийгээд явж байж болзошгүй юм байна гэж бодоод гавлаад машинд суулгасан. Тэгээд 102 руу дуудлага өгөөд байж байтал Цагаанчулуут багийн Танил захын хажуу талын дэлгүүрт дохиолол дуугараад очиж шалгах гээд замдаа явж байхад дээрх залуу би хойд аавтайгаа муудалцаад гэрээсээ эд нарыг аваад гараад ирсэн юм гэж ярьж байсан. Тэгээд Танил зах дээр очоод байж байтал хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд Уламбаяр байна шүү дээ яагаад хулгай хийгээд байгаа юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 48 ху/,
-Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 05 сарын 03-ны өдөр ажил дээрээ байж байхад намхан туранхай залуу орж ирээд гар утас авах уу гээд Huawei Р smart нэртэй гар утас гаргаж үзүүлээд мөнгөний хэрэг гарчихаад байна Улаанбаатар хот руу явах зардал хэрэгтэй байна гээд гар утасныхаа кодыг тайлж онгойлгоод өөрийнхөө гар утсан дээрээ авахуулсан зургийг харуулаад авчихаач гээд байхаар нь би 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх 116 ху/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-11 ху/
- Т.У-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13 ху/
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 41 ху/
- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-43 ху/
-Хохирлын үнэлгээ /хх 23-26, 33-38, 107-109 ху/
-Т.У-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 55-58,120-122 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 72 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.У нь 2019 оны 05 сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11-32 тоотод оршин суух Х.Аын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан, вакум цонх, төмөр сейфний эвдрэл зэрэг нийт 5.569.099 төгрөг 92 мөнгөний хохирол учруулсан, мөн 2019 оны 05 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-3 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Абсалют” нэртэй газарт Д.Эгийн Хуавей П Смарт загварын гар утсыг хүнтэй яриад өгье гэж хуурч залилан 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Х.А гэдэг айлын цонхыг мөрөөр түлхэж онгойлгож орсон. Гэрээс нь бүс, гитар, 2 аппарат, мөнгөн тэмдэгтүүд зэрэг эд зүйл авсан. Тухайн үед авч явж байгаад цагдаад баригдсан. Бас сандраад карманаасаа зарим зүйлийг нь гаргаж шидсэн. ...Д.Этэй сургуульд хамт сурдаг байсан. Би утсаар нь ярьж байгаад хүнд өртэй болохоор утсыг нь аваад явчихсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Аын “...2019 оны 05 сарын 05-ны өдрийн 12 цагийн үед миний гар утас руу манай хажуу талын хөрш Энхтуяа эгч над руу залгаад танай хашаан дотор цагдаа нар ирээд байж байна гэрт чинь хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үеэл дүү Сабитад хэлж 11 дүгээр хороололд байх гэрт маань очоод болсон асуудлын талаар надад хэлсэн” гэсэн, хохирогч Д.Эгийн “...Төгөлийн гадаа ангийн найз Т.Утай таарсан. Намайг ганц пиво ууя гэсэн. Тэгээд хамт явж нэг газар ороод пиво ууж байгаад утсаар чинь нэг яриадахъя гэж аваад гарсан. Тэр чигээрээ аваад явчихсан байсан” гэсэн мэдүүлгүүд /хх 45, 118-р ху/, гэрч Н.Ерөөлтхүү /хх 48 ху/, гэрч Г.Урансүх /хх 116 ху/ нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээнүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.У-т Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.У-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.У-ын 2019 оны 03 сарын 09-ний өдөр СЕТ бааранд үйлчлүүлж байхдаа С.Алтангэрэлийн өмчлөлийн Самсунг S6 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч мэхлэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь тус шүүхээс 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.
Гэвч шүүгдэгч Т.У нь дээрхи хязгаарлалтыг зөрчиж дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, энэ хэрэгт нь цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хөнгөн ялыг нь хүндэд нь нэмж нэгтгэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Аэд нийт 5.569.099 төгрөг 92 мөнгөний хохирол, хохирогч Д.Эд 530.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирогч Х.Аэд 2.550.699 төгрөг 92 мөнгөний хохирол биет байдлаар төлөгдөж, бусад хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгчээс 3.548.400 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Аэд 3.018.400 төгрөгийг, Д.Эд 530.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь 80 цагдан хоригдсоныг элдэх ялд нь оруулан тооцох, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар 4.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар 4.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ын эдлэх 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ын цагдах хоригдсон 114 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-аас 3.548.400 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 хороолол 11-32 тоотод оршин суух Х.А-эд /ФА84030277/ 3.018.400 төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг, Толгодын 13а-1 тоотод оршин суух Д.Э-д /ГМ91032713/ 530.000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА