| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0877/Э |
| Дугаар | 999 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 999
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч З.Г, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт З-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01191 0654 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овогт З-ын Г, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Маршал” хамгаалалтын газар хамгаалагч ажилтай, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *********, урьд:
-1997 оны 12 дугаар сарын 19-нд Баянгол дүүргийн шүүхийн, 812 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-1999 оны 11 дугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхийн, 607 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2000 оны 11 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-2003 оны 07 дугаар сарын 04-нд Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 23-нд ялын хугацаа дуусч суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч З.Г нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайрханы **** тоотод оршин суух иргэн П.Б-ны монгол гэрийн хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох арматур төмрөөр эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эрэгтэй хүний хар өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний түрийтэй гутал 1 ширхэг, хар савхин куртик 1 ширхэг, бор өнгийн богино түрийтэй гутал 1 ширхгийг тус тус хулгайлан авч бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овогт З-ын Г нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайрханы *** тоотод оршин суух иргэн П.Б-ы монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмрөөр эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эрэгтэй хүний хар өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний түрийтэй гутал 1 ширхэг, хар савхин куртик 1 ширхэг, бор өнгийн богино түрийтэй гутал 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч З.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 16 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-11 дүгээр хуудас);
3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...П.Б-д хар өнгийн өвлийн куртик , бор өнгийн эрэгтэй богино түрийтэй өвлийн гутал, эмэгтэй хар урт түрийтэй гутал, эмэгтэй хар савхин куртик зэргийг хүлээлгэн өгсөн...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 19-р хуудас);
4. Хохирогч П.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар 19-ний өдөр 10 цагийн орчим би эхнэрээ Эх нялхас эмнэлэгт үзүүлэхэд хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. Бид хоёр өөрсдийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы **** тоотод гэртээ 12 цагийн орчим ирэхэд манай гэрийн хаалга онгорхой дотогшоо ортол хамаг эд зүйлсийг бусниулчихсан байсан. Тэгээд гэртээ хулгай орсон байна гэж бодоод шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаад дуудлага өгчхөөд хашааны гадаа зогсож байхад замаас хажуу айлын эгч ирээд ... танайхаас түрүүхэн нэг залуу ногоон шуудайтай юм бариад гарч байсан гэж хэлсэн. ...Удалгүй цагдаагийн хүмүүс ирээд тэр хүнийг барьж аваад миний эд зүйлийг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);
5. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хаягт хулгайч орсон гэх дуудлагыг 12 цаг 00 минутад хүлээн авч бүрэлдэхүүний машинтай хөдөлцгөөсөн. Хаягаар явж байтал Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы ** тоотод оршин суух иргэн Б залгаад манайхаас юм хулгайлсан хүн энд явж байна би араас нь дагаж байна гэж ярьсан. Тэгээд бид нарыг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1 дүгээр гудамж руу эргэхэд тортой юм барьсан эрэгтэй хүн явж байсан. Тухайн хүнийг З.Г гэж байсан. Тэр хүний авч явж байгаа зүйлийг нь шалгаж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы **** тоотоос алдагдсан эд зүйлс байсан. Тэгээд тухайн хүнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр авч очсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас);
6. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би яг тухайн үед байгаагүй болохоор мэдсэнгүй. З.Г-аас шалгааж байж айлаас орж юм хулгай хийсэн талаар олж мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас);
7. “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээний “...эрэгтэй хар өнгийн куртик 1 ширхгийг 80,000 төгрөг, эрэгтэй богино түрийтэй гутал 1 хосыг 80,000 төгрөг, эмэгтэй хар өнгийн савхин куртик 1 ширхгийг 150,000 төгрөг, эмэгтэй хар өнгийн түрийтэй гутал 1 хосыг 100,000 төгрөг, нийт дүн 400,000 төгрөг..." гэсэн тайлан (хх-ийн 35-36 дугаар хуудас);
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ул мөр судлалын шинжээчийн дугаартай “...З.Г-ын гарын хээний дардас санд дугаараар 6 удаа бүртгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 46-51 дүгээр хуудас);
9. Шүүгдэгч З.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 82-89 дүгээр хуудас), оршин суугаа хорооны тодорхойлолт (хх-ийн 92 дугаар хуудас), хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 93 дугаар хуудас),
10. Шүүгдэгч З.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө ажлаасаа буугаад...хүнсний дэлгүүр орж 0.5 литрийн хараа нэртэй архи авч ганцаараа уусан. Тэгээд автобусанд суугаад зүүн салааны хуучин эцсийн автобусны буудал дээр буугаад гэр лүүгээ алхсан юм. ...гэр лүүгээ алхах замд хашаан дотроо ганц гэртэй айл байсан санагдаж байна, түгжээтэй байхаар нь хашаан дотор нь ороод гэрийнх нь хаалгыг хашаан дотор нь байсан арматур төмрөөр хөшиж эвдэж ороод гэр дотроос 2 ширхэг куртик, 2 ширхэг гутал аваад гэр лүүгээ оччихоод хулгайлсан юмнуудаа зарах санаатай буцаж гарч байхад цагдаа нар ирээд намайг барьсан... Дахиж архи уух гэж л айлын гэрт орсон юм...би хохирлоо барагдуулсан, хэрэг болсон өдөр эд зүйлүүдийг нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-62-р хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч З.Г-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох эрэгтэй хар өнгийн куртик 1 ширхгийг 80,000 төгрөг, эрэгтэй богино түрийтэй гутал 1 хосыг 80,000 төгрөг, эмэгтэй хар өнгийн савхин куртик 1 ширхгийг 150,000 төгрөг, эмэгтэй хар өнгийн түрийтэй гутал 1 хосыг 90,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 400.000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч З.Г-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Хууль тогтоогч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг тухайн хэрэгт зориулж урьдаас бэлтгэсэн буюу хийсэн, засаж тохируулсан буюу өөрчилсөн хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор тайлбарласан ба тухайн үед газар хэвтэж байсан арматур төмрийг ашиглаж хаалганы цоожийг онгойлгосон үйлдэл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэг ойлголтын гол шинж болох урьдаас бэлтгэсэн шинжийг хангахгүй байна.
Иймд шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01191 0654 дугаартай хэргээс шүүгдэгч З.Ганбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч З.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Шүүх хуралдаан нэг үе шаттай явагдсан нь, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байх нь шүүх хэргийг бүхэлд нь хянаж хэргийн бодит байдлыг тогтооход хязгаарлалт болохгүйг дурдах нь зүйн хэрэг.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Г-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Г нь хулгайн эд зүйлсийг буцаан өгсөн талаарх баримт мөрдөн байцаалтын шатанд авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч З.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан арматур төмрийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж боломжтой байна. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж, үйлдсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирол төлбөрийг тухайн үедээ эд зүйлээр нь хүлээлгэн өгсөн учраас бусдад төлөх төлбөргүй. Мөн хохирогч ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Эдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Г-д нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 74 см урттай нэг ширхэг арматур төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заалаа.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч З.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг өнөөдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Г-т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01191 0654 дугаартай хэргээс шүүгдэгч З.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.О овогт З-ын Г-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Г-д нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-д оногдуулсан нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 74 см урттай нэг ширхэг арматур төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч З.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Г-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА