Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2017/00084/и |
Дугаар | 001/ХТ2018/00084 |
Огноо | 2018-01-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2018/00084
Р.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01781 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА201701994 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Р.А
Хариуцагч: “МД” ХХК-д холбогдох
Дутуу олгосон цалин, хөлс болон зээлийн гэрээний үүрэгт нийт 108.867.679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Р.А нэхэмжлэл болон тайлбартаа: “МД” ХХК-д 2010 оны 4 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд санхүүгийн албаны дарга, ерөнхий санхүүчээр ажиллаж байгаад 2016-07-18-ны өдрийн 50 дугаар тушаалаар “орон тооны цомхотгол”-оор халагдсан. Би тус компаниас 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалин 42 867 679 төгрөг, мөн тус компанид санхүүгийн ажлыг хариуцаж байсны хувьд хөрөнгө дутагдалтай байгаа талаар захиралд танилцуулахад ерөнхий захирал “ол” гэсэн учир захирлын тушаалаар батлагдсан “Бараа материал, бэлэн мөнгийг зээлээр олж бэлтгэх” журмын дагуу бэлэн мөнгө босгох шаардлагатай болсон. Манай компани ажлын хөлсөө авалгүйгээр эхлээд ажлаа хийж өгдөг байсан учир өр төлбөрт орсон ба компанийн нэрийн өмнөөс төлөхөөс өөр аргагүй байдалд орсны улмаас удирдлагуудтай ярилцаж итгэлцлийн үндсэн дээр компанийн өр дарахад нийт 88 300 000 төгрөг “Монгол дайван” ХХК-д зээлдүүлэн харилцагч нарын өрийг өгсөн. Хариуцагч компанитай 2014-09-24-ний өдөр болон мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, 20 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Иймд дээрх 2 зээлийн гэрээний үндсэн зээл 40 сая төгрөг, 3 сарын хүү 6сая төгрөг, алданги 20 сая төгрөг нийт 66 сая төгрөг, бүгд 108.867.679 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Р.А 2010 оноос 2016-07- 18-ны өдөр хүртэл Санхүүгийн албаны дарга, Санхүү эрхэлсэн захирал, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллаж байсан. Цалин хөлс 42 867 679 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 18 300 000 төгрөгийг ББСБ-аас зээлж, Чингис хаан банкинд шилжүүлсэн гэх боловч хэрэгт баримтгүй тул зөвшөөрөхгүй. Төмрийн өрөнд өгсөн 2сая төгрөгийг зөвшөөрөхгүй. “Монгол дайван” ХХК-д шинэ орсон хүний дансанд 2014-06-29-ний өдрийн Ням гарагт мөнгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг манай компани авсан гэдгийг нотлохгүй. Жигүүр хөлөгт компанид зургийн үнэ 3 сая төгрөгийг гэр бүлийн хуримтлалаас өгсөн гэдэг боловч гэр бүлийн хуримтлалтай гэдгээ нотлох баримт хэрэгт өгөөгүй. Мөн “Монгол дайван” ХХК-д 3сая төгрөг шилжүүлээгүй, н.Цогтбаяр гэдэг хүний дансанд шилжүүлсэн боловч уг мөнгийг зөвшөөрч байна. Эрдэнэт Эко хорооллын ажлын хөлсөнд 3сая төгрөг шилжүүлснээ баримтаар нотлоогүй. н.Баасанцэцэгийн хувийн дансанд шилжүүлсэн байсан ба шүүхэд өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир компани авсан гэж үзэхгүй. Голомт банкны зээлийн хүүд 2 сая төгрөгийг мөн гэр бүлийн хуримтлалаас авсан гэдгээ нотлоогүй. Орлогын баримт нь олдоогүй тул зөвшөөрөхгүй. Гурвансайхан сумын гэрэлтүүлгийн үнэд 10сая төгрөгийг нэхэмжлэгч Р.А өөрийн хувийн данснаас н.Цээпилдоржийн данс руу хийсэн байдаг. Мөн компанийн дансанд орсон гэдэг нь нотлогдоогүй. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд баригдах Атмор 24 айлын орон сууцны захиалгын буцаалтад 10 сая төгрөг өгсөн гэх боловч компанийн орлого, зарлагын алинд ч ороогүй. 2014 оны 9 дүгээр сард Гурвансайхан сумын гэрэлтүүлгийн материалын үнэ 20 сая төгрөгийг иргэн н.Шилхүүгээс зээлж зарцуулсан гэдэг боловч гэрээг н.Шилхүү, “МД” ХХК-ийн хооронд байгуулсан байсан. Р.А н.Шилхүүгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан баримтгүй. Хэргийн 33-35 талд авагдсан баримтаас харахад н.Шилхүүгээс аваад 17 сая төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан Ж.Бадамгарав компанийг төлөөлөх эрхгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ. Тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд н.Саруулсайхан, н.Дэлгэрбаяр нар бөгөөд тэдгээрийг байхгүй тохиолдолд Санхүүгийн албаны даргын гарын үсэг байхаар компанийн дотоод журмаар зохицуулагдсан. Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01781 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Монгол дайван” ХХК-иас 66сая төгрөг гаргуулан Р.Ат олгож, дутуу олгосон цалин, хөлсөнд 42 867 679 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 733 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 86 938 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагчаас 860 238 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2017/01994 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01781 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” гэж, 2 дахь заалтад “66 000 000” гэснийг “40 000 000” гэж, 3 дахь заалтад “860 238” гэснийг “357 950” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч хяналтын гомдолдоо: Шүүх гэрээ байгуулагдаагүй буюу эрх бүхий этгээдийн батлаагүй гэрээг гэрээ байгуулсанд тооцож, Хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Ж.Бадамгаравын байгуулсан гэх 2014-09- 24, мөн 2014-11-22 -ны өдрийн гэрээг хүчинтэй гэж дүгнэсэн нь буруу байна. Ж.Бадамгарав нь Р.Аын удирдлагад ажилладаг учраас байгууллагыг төлөөлж бусдаас зээл авч гэрээ байгуулах эрхгүй бөгөөд Ж.Бадамгарав Р.Аын удирдлагад ажилладаг болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд: 2014 оны 2/150 дугаартай “Монгол дайван” ХХК, иргэн Б.Шилхүү нарын гэрээнд “Монгол дайван” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч албан тушаалтай Ж.Бадамгарав байгуулав, гарын үсгийн хэсэгт санхүү бүртгэлийн албаны дарга Ж.Бадамгарав гэж зураад Санхүү эрхэлсэн захирал Р.А гэрээг батласан байна. 2014-06-09-ний өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г санхүү эрхэлсэн захирал Р.А батлаж, санхүүгийн албаны дарга Ж.Бадамгарав нар төлөөлж гарын үсэг зурсан. Р.А, “Монгол дайван” ХХК хоорондын 2015-01-05-ны өдрийн 15-ҮА-07 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 1.1-д “Санхүү хариуцсан захирал” гэжээ. Р.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Мөн санхүү эрхэлсэн захирлын хувьд компанийн үйл ажиллагаанд дутагдаж буй санхүүжилтийг хангах зорилгоор ...” гэжээ. Шүүх Компанийн тухай хуулийн 84.1-д заасныг удирдлага болгон Ж.Бадамгаравыг гэрээ байгуулах эрхтэй гэсэн. Тэрээр 84.1-д заасны дагуу гэрээ, хэлцэл байгуулахад шууд бусаар оролцдог этгээд юм. Өөрөөр хэлбэл, гэрээ, хэлцэл байгуулах эцсийн шийдвэрийг гаргагч бус харин гэрээ нь байгууллагад хохиролтой юу, гэрээний хэрэгжилт гэрээний дагуу хэрэгжиж байна уу, зээлийн гэрээгээр орж ирсэн мөнгийг компанийн орлогод үнэн зөв бүртгэх, хяналт тавих этгээд юм. Компанийн тухай хуулийн 84.4-т эрх бүхий албан тушаалтны хориглох зүйлийг заасан эдгээр заалтыг Ж.Бадамгарав бүхэлд нь ноцтой зөрчсөн. Гүйцэтгэх захирал нь ажлаа эрхэлж байгаа, Ж.Бадамгаравт аливаа эрх, итгэмжлэл олгоогүй байхад гүйцэтгэх захиралтай эн зэрэгцүүлж байгууллагыг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй гэсэн нь буруу. Санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй Ж.Бадамгарав нь гүйцэтгэх захирлыг орлох эрх түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дүрэм, хуулиар олгогдоогүй. Ж.Бадамгаравын дээр санхүү эрхэлсэн захирал гэсэн албан тушаал байхад түүнийг давж гүйцэтгэх захирлын хэмжээнд гэрээ байгуулах эрхтэй гэж шүүх үзсэн нь харалган байна. Эдгээр гэрээдийн батлав хэсэгт Захирал С.Дэлгэрбаяр гэсэн боловч гарын үсэг зуруулалгүй, зөвхөн тамга дарсан байна. С.Дэлгэрбаяр нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар харагдана. Байгууллагын бүхий л гэрээг С.Дэлгэрбаяр захирал өөрөө баталдаг, хувьцаа эзэмшигч бөгөөд энэ бизнесээ өөрөө гардан явуулдаг. Шүүхийн дүгнэсэнээр цалингаас гаднах үндсэн үүрэг гэх 40сая төгрөгийг 2014-09-24 болон 2014-11-22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүссэн гэдэг. Эдгээр зээлийн орлого компанийн орлогод бодитой бүртгэгдсэн байх ёстой. Тэгвэл 2014-09-24-ний өдрийн гэх гэрээний дагуу Р.Ааас зээлүүлсэн мөнгө компанийн орлогод бүртгэгдсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүх үзэхдээ 20 сая төгрөгийг орлогод орж ирсэн тухай бус харин яаж захиран зарцуулсан тухай дүгнэсэн. Шүүгч хавтаст хэргийн 18, 38,116-117 дугаар хуудсыг иш татсан байдаг. хх18-д 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20 сая төгрөгтэй холбоотой дүн байхгүй, хх38-р хуудсанд байгаа хуулга нь “Монгол дайван” ХХК бус Р.Аын хувийн данс байна. Үүнээс 10 сая төгрөгийг гэрлийн үнэ, 10 сая төгрөгийг Р.А хувьдаа авч зарлагадсан байна. Р.Аын хувьдаа хувийн данснаасаа хувьдаа авсан мөнгийг яагаад “Монгол дайван” ХХК төлөх үүрэг хүлээж байгааг ойлгохгүй байна. 2014-11-22-ны өдрийн 20 сая төгрөг мөн компанийн орлогод бүртгэгдээгүй, ийм мөнгө байгууллагад орж ирээгүй. Шүүх үзэхдээ 619 дүгээр баримтыг иш үндэс болгосон. Гэтэл 2016-09-12-ны өдрийн Б.Цээпилдорж гэж хүний тодорхойлолт ёсоор 2014-11-22-ны өдөр 20 сая төгрөгийг өөрийн хувийн дансанд авсан гэжээ. Хх 36, 37-д Цээпилдорж гэж хүний дансанд 2014-11-22 -ны өдөр 9 саяар нэг удаа, 11 саяар нэг удаа нийт 20 сая төгрөг шилжүүлжээ. Гэхдээ энэ мөнгийг “Монгол дайван” ХХК-ийн данснаас бус Р.Аын 5079037579 дугаартай хувийн данснаас шилжсэн байна. 619 дугаартай баримтаар “Монгол дайван” ХХК Анхбаярын 20 сая төгрөгийг орлогодож авсан юм бол Цээпилдорж руу яагаад хувийн данснаас шилжүүлэв. Зээлийн гэрээний онцлог нь бичгээр байгуулсан гэрээнээс гадна мөнгө бодитой өгч авсан баримтад тулгуурладаг. Хүү, алдангийн тухайд: Нэхэмжлэгч 42 867 679 төгрөгийн цалин, 21 сая, хожим 5 саяар нэмэгдүүлж 26 сая төгрөгийн хүү нэхэмжилсэн байна. Тодруулахад: Нэгд, гэрээнд зааснаар 3 сарын хугацаатай учир 3 сарын дараа хүү зогсоод алданги бодогдох ёстой юм. Гэтэл хүү зогсоогүй байна. Хоёрт, 40 сая төгрөг нь байгууллагад шилжиж орж ирээгүй. Гуравт, 40 сая төгрөгийг орж ирсэн гэж үзэхэд түүнээс Р.А өөрөө хэрэглэсэн байхад яагаад хүү төлөх үүрэг хүлээх вэ. Хүүний бодолт буруу байгаа юм. Нэхэмжлэгч хүү нэхэмжилж байхад шүүгч шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 буюу алдангийн зүйл заалтыг үндэслэл болгосон байна. Нийт шийдэж байгаа мөнгөний хэд нь үндсэн зээл, хэд нь алданги, хэд нь хүү болохыг шүүгч задлаагүй. Бид анхнаасаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул задлах шаардлага бидэнд байгаагүй. 2-т:Р.Аын буруутай үйлдлийн тухай: Р.А нь санхүү эрхэлсэн захирал болохын хувьд санхүү бүртгэлийн ажлыг Монгол Улсын дотоодын болоод олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу үнэн зөв, санхүүгийн анхан шатны баримтад үндэслэсэн, цахим програмд суурилж хөтлөн явуулах үүрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 5-р зүйлд заасан бүртгэлийн зарчим, 13-р зүйлд заасан санхүүгийн анхан шатны баримтад үндэслэх, 14-р зүйлд заасан нягтлан бодох бүртгэл хөтлөх дараалал, ялангуяа 14.4-т аливаа орлого, зээлийг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэсэн заалт, 18-р зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийг хууль, стандартыг дагуу явуулах үүрэгтэй болох тухай, 20-р зүйлд заасан ерөнхий нягтлан бодогчийн үүрэг, 3-р зүйлд зааснаар Анхбаяр гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч, хариуцлага хүлээх этгээд мөн эдгээр заалтаар Р.А өөрөө санхүү бүртгэлийг хуулийн дагуу явуулах, ажилтнаа хянах үүрэг бүхий этгээд атлаа өөрийн зээлүүлсэн гэх энэ үйл ажиллагаа, харилцаагаа хууль зөрчиж явуулсан. Энэ нь Бадамгаравын хувьд мөн хамаатай. Компанийн тухай хуулийн 89-д заасан сонирхлын зөрчилтэй этгээдийн талаар зохицуулсан. Р.А нь байгууллагын санхүү эрхэлсэн захирал атлаа хувиасаа байгууллагад хөрөнгө оруулалт хийж байгаа нөхцөлд сонирхлын зөрчилтэй этгээд болж байгаа бөгөөд энэ тохиолдолд заавал хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авах үүрэгтэй. Зээлийн гэрээний хүүг 5 хувь гэсэн ба ийм хүүтэй банк, ББСБ байхгүй юм. Санхүү эрхэлсэн захирал ч, гэрээ байгуулсан гэх Бадамгарав ч байгууллагын эрх ашгийн үүднээс ийм өндөр хувийн хүүтэй мөнгө зээлж авах ёсгүй. Гэвч байгууллагаасаа мөнгө хүүлэх зорилготой тул сонирхлын зөрчлийг үл хайхран өндөр хүүтэй гэрээ байгуулсан. Компанийн удирдлагатай байгуулсан бол ийм гэрээг хэрхэвч зөвшөөрөхгүй. Иймдээ гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй, хожим нөхөж хийсэн, эрх бүхий этгээдээр батлуулаагүй гэрээ болно. Р.А компанийн удирдлагын итгэлийг хөсөрдүүлж компанид хохиролтой олон сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглан шамшигдуулсан энэ талаар цагдаагийн байгууллагад тусад нь шалгуулж байгаа. Р.А нь байгууллагын удирдлагад мэдэгдэлгүйгээр өөрөө байгууллагад мөнгө зээлүүлсэн хэмээн баримт бүрдүүлж улмаар түүнийгээ хүүлэн байгууллагаас хүү авч байгууллагын хөрөнгийг шамшигдуулдаг. Түүний дурдаж байгаа Гурвансайхан сумын гэрэлтүүлэг, Атмор төсөл, Цээпилдорж гэх хүнтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, нэхэмжлэлд дурдсан “Бараа материал, бэлэн мөнгийг зээлээр олж бэлтгэх” журам гэсэн эдгээр нь ор үндэсгүй, түүний байгууллагаас мөнгө хөрөнгө шамшигдуулах гэсэн зохиомол зүйл юм. Ийм ч учраас “Монгол дайван” ХХК-д эдгээр баримт байхгүй, ор үндэсгүй зүйл учир гүйцэтгэх захирлын батласан нэг ч ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нарын гаргаж өгч байгаа баримт нь бидэнд байхгүй байгаа учраас бид анхан шатны шүүхэд дэлгэрэнгүй баримт гаргаж өгөөгүй, тийм баримт байхгүй юм. Эдгээр баримт бичгийг бүгдэнг нь Анхбаяр өөрөө үйлдэж, өөрөө гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Р.Ат ийм эрх олгосон тушаал шийдвэр, эрх байхгүй. Байгууллагаас эрх, итгэмжлэл олгосон шийдвэр гараагүй нөхцөлд бид ямар ч баримт гаргах боломжгүй, харин Р.А өөрөө ийм эрхтэй байснаа нотлох үүрэгтэй, тушаал, журам, шийдвэр байгаа бол түүнийг гаргуулахаар шүүхэд хандах, үзлэг хийх боломжтой байсан. Р.Аын хэлж байгаагаар итгэлцлийн үндсэн дээр л гэж тайлбарлаж байна. Итгэлцэл байж гэмээнэ гэрээ, хэлцэл санхүүгийн бүртгэл бүгд хуулийн дагуу, зохих стандартын дагуу явагдах учиртай. Р.А санхүү эрхэлсэн захирал болохын хувьд удирдлагад ажиллаж буй ажилчдаа эвгүй байдалд оруулж, хууль бус үйлдэл хийхийг удаа дараа шаардсан байна. Бид энэ хэрэг үүссэний дараа, хэргийн явцад түүний хууль бус үйлдлийг мэдсэн. Тэрээр ямагт байгууллагад мөнгө зээлүүлж байна гэсэн нэрээр байгууллагын ажилтны дансанд мөнгө шилжүүлж, тэрхүү ажилтан нь байгууллагад мөнгийг нь орлогоддог байдлаар үйл ажиллагаа явуулж байж, хэрэв байгууллагад Р.Аын мөнгө орж ирээгүй бол өөрийн ажилтныг буруутгах башир арга явуулж байсан байна. Тэрээр байгууллагад ажилд ороод дөнгөж нэг хонож байгаа, эсхүл шинэ ажилтныг ашигладаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээс харагдана. Шүүгч үндэслэх хэсэгт бусдад өгөх өглөг, ажлын хөлсийг төлж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээс нотлогдоно гэжээ. Нэхэмжлэгч 40 сая төгрөгийн үндсэн зээлийн төлбөр шаардсан, гэрч 3 сая төгрөгийг Анхбаяр гэрчийн данс руу шилжүүлсэн, түүнийг Тунгалаг гэж хүнд өгсөн гэсэн мэдүүлэг 40 сая төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагатай яаж холбогдож байгааг ойлгоогүй. Харин яагаад байгууллагын дансанд хийх мөнгийг заавал ажилтны дансаар дамжуулж хийж байгаа, Анхбаяр яагаад ийм хэлбэрээр мөнгө эргэлдүүлж, хүүг нь байгууллагаас авдагийг шүүх дүгнээгүй. Байгууллага дотроо, санхүүгийн ажилтнууд нь бүлэглэж, санхүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа энэ үйлдлийг шүүх өөгшүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаад гомдолтой байна.3-т: шүүх хурал эхлэхээс өмнө бид Р.Атай эвлэрэх үүднээс түүний цалин хөлсний талаар зөвшөөрсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгчид олгох цалинг зөвшөөрсөн байдлаар дүгнэсэн буруу юм.4-т: Шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж, түүний шийдвэр хууль ёсны байх зарчимтай. Гэрчийн мэдүүлэг, Цээпилдоржийн гараар бичсэн тайлбар /байгууллага атлаа/, хавсаргасан баримтуудыг бусад баримтуудтай харьцуулж, давхар нотлох байдлаар үнэлэх шаардлагатай байсан. Учир нь эдгээр баримт нь цөм Р.Аын өөрөө зохиож, өөрөө гарын үсэг зурж баталсан, өөрийх нь данс, үйл ажиллагаа байгаа юм. Эдгээр нь компанид байхгүй учир гаргаж өгөх боломжгүйг ойлгох нь зүйтэй. Ийм ч учир бид санхүүгийн шинжээч томилох хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эдгээр бүх зөрчлийг дурдаж тайларлаад байхад шүүгч зориуд анхаараагүй, шийдвэрт ч дүгнээгүй байна.5-д: Р.А нь “МД” ХХК-д Санхүү эрхэлсэн захирал албан тушаалтай ажиллаж байсан бөгөөд өөрийн доор ажилладаг албан тушаалтан болох Санхүү бүртгэлийн албаны дарга Ж.Бадамгаравтай 2 удаа буюу 2014-09-24-ний өдөр болон 2014-11-22-ны өдрүүдэд тус бүр 20 сая төгрөгийг сарын 5% хүүтэй 3 сарын хугацаатай, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, компанид илт хохиролтой хэлцлийг хуурамчаар байгуулж, компанийн зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээнд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх захирал хянан батлаагүй бөгөөд компанийн архивт энэхүү 2 гэрээ огт олдоогүй, компанийн гэрээний нэгдсэн санд бүртгэгдээгүй, мөн компанийн дансанд дээрх зээлийн мөнгө бодитоор шилжүүлээгүй байдаг. Компанийн тухай хуулийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Зээлийн гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан МД ХХК-ийн Санхүү бүртгэлийн албаны дарга Ж.Бадамгарав нь компанийн гүйцэтгэх удирдлага болох Гүйцэтгэх захиралаас ямар ч итгэмжлэл аваагүй байдаг тул зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” тул тухайн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Анхбаяр нь өөрийн эрх хэмжээгээ урвуулан ашиглаж, компанийн гүйцэтгэх захиралаас зохих зөвшөөрлийг огт авалгүйгээр, өөрөө шууд нөлөөлж болох доод албан тушаалтантай зээлийн гэрээ байгуулсан нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэдэг нь хх 19, 20-р хуудсанд тодорхой харагдаж байна.6-д: ИХ-ийн 282.4-т зааснаар “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Дээрх зээлийн мөнгө болох тус бүр 20 сая, нийт 40 сая төгрөг нь компанийн дансанд бодитоор шилжин ороогүй. Гэтэл МД ХХК болон иргэн Р.А нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад шүүгч талууд хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцож, хариуцагчаас үндсэн зээлд 40 сая төгрөг, зээлийн хүүд 6 сая төгрөг, болон алдангид 20 сая төгрөг, нийт 66 сая төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Анхбаяр нь компанитай 2 удаагийн нийт 40 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэдгийг эс зөвшөөрч байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр хариуцагчаас үндсэн зээлд 40 сая төгрөг, зээлийн хүүд 6 сая төгрөг, болон алдангид 20 сая төгрөг, нийт 66сая төгрөгийг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.7-д: ИХШХШТХ-ийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнгэ” гэж заасан. Тус компанид Р.Атай зээлийн гэрээ байгуулагдаж байгаагүй, түүнээс баримтаар зээл авч байгаагүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж ...шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Иймд шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Р.А 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, МД ХХК-с 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 7 сарын дуустал хугацааны цалин 42.867.679 төгрөг, үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 6.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг нийт 108.867.679 төгрөг /хх 1, 73-75, 92-93/ шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх52/.
Анхан шатны шүүх “... дутуу олгосон цалин хөлс гаргуулах 42.867.679 төгрөгийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн... нийт 40 сая төгрөг зээлэхээр гэрээ байгуулсан нь тогтоогдсон...гэрээ хүчин төгөлдөр тул зээлийг хүү, алдангийн хамт гаргуулна ... ” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй тул хүү, алданги гаргуулах үндэслэлгүй ...түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлахдаа хуулийн нэрийг буруу бичсэнийг залруулна...” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
1. 42.867.679 төгрөгийн шаардлагын талаар:
Р.А нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 7 сарын дуустал хугацааны цалин 42.867.679 төгрөг шаардсан бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хх 101/ шүүх хуралдаан дээр зөвшөөрч, “...үнийн дүн таарч байгаа ...цалин хөлс дээр маргах зүйлгүй...” гэсэн тайлбарыг /хх 155 ар тал/ өгсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн гэж шүүх дүгнэж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул энэ тухай гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Үндсэн зээл нийт 40 сая төгрөг, хүү нийт 6 сая төгрөг, алданги нийт 20 сая төгрөг бүгд 66 сая төгрөгийн шаардлагын талаар
а/. нийт 40.000.000 төгрөгийн зээлийн талаар:
“МД” ХХК-ийг төлөөлж Ж.Бадамгарав Р.Атай 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болон 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус тус 20.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, зээлийг буцааж төлөөгүй болох нь тогтоогджээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг талуудын хэн аль шаардах эрхтэй байна.
Хариуцагч байгууллага 40.000.000 төгрөгийг хүлээн авч өөрийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т нийцжээ.
МД ХХК нь Р.А 40.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байх тул зээлийн гэрээтэй холбоотой гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.
б/. Нийт 22.000.000 төгрөгийн хүү, алдангийн талаар:
Анхан шатны шүүх үндсэн зээлд 40.000.000 төгрөг, хүү болон алданги 22.000.000 төгрөг нийт 66.000.000 төгрөг гаргуулсныг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас зөвхөн үндсэн зээл 40.000.000 төгрөгийн шаардлагыг хангасан, үүнд Р.А гомдол гаргаагүй тул “... хариуцагчаас хүү, алданги гаргуулсан...” гэх МД ХХК-н гомдол үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 40.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо 66.000.000 төгрөгийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА201701994 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...66 000 000... гэснийг 40 000 000 ...” гэснийг “...66.000.000 /жаран зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ат олгосугай гэснийг 40.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ат олгож, нэхэмжлэлээс 22.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 702.288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ