Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2020/0369

 

“А-ө” ХК-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “А-ө” ХК-ийн нэхэмжлэлтэй, “М х б” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаартай шийдвэрээр: “Үнэт цаасны зах зээлийн тухай хулуийн 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3-т заасныг тус тус баримтлан “Атар-Өргөө “ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019  оны 12 дугаар сарын18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “А-ө” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А-ө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Иргэний хэргийн шүүхэд арилжаанд оролцохоор санал гаргасан “Таванбогд инвест” ХХК-ийн арилжаанд оролцох саналыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тухай 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 05 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын  хөрөнгийн бирж” ТӨХК, Би ди сек ҮЦК зэрэг байгууллагуудруу нэгэн зэрэг хандаж шүүхэд маргаан хянагдаж байгаатай холбоотойгоор “Таванбогд инвест” ХХК-ийн хувьцаа худалдан авах саналын дагуу ямар нэгэн ажиллагаа явуулахгүй байхыг, холбогдох ажиллагааг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм.

“М х б” ТӨХК дээрх хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйн дээр, арилжаа явагдахаар товлогдсон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Таванбогд инвест” ХХК-ийн гаргасан саналын дагуу хувьцааны арилжааг явуулж “А-ө”  ХК-ийн нийт хувьцааны 44%-тай тэнцэх хэмжээний хувьцааг тус компанийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн юм.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “Үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих” гэж заасны дагуу мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хөрөнгийн бирж энэ хуулийн 49.1.5-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн шүүхийн захирамжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хувьцааны арилжааг түдгэлзүүлж, арилжаанд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай юм.

Арилжаанд хяналт тавих үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан албан хүсэлтэд 2 сарын дараа хариу хүргүүлсэн зэрэг буруутай үйлдэлд огт дүгнэлт өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “А-ө” ХК-иас “М х б”ТӨХК-д холбогдуулан гаргасан “А-ө” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А-ө” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар албан бичгээр “М х б” ТӨХК-д хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд “Таванбогд инвест” ХХК-иас гаргасан хувьцаа худалдан авах саналтай холбоотой ажиллагааг түдгэлзүүлж, хувьцааны арилжаа хийгдэх өдрийг тодорхой бус хугацаагаар хойшлуулах” тухай дурдаад, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг үүсгэсэн тухай захирамжийг хавсаргасан байна.

Энэхүү хүсэлтэд “М х б” ТӨХК 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгээр “Иргэний хэргийн маргаан эцэслэн шийдвэрлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос “Таванбогд инвест” ХХК нь “А-ө” ХК-ийн хяналтын багц болон түүнээс дээш хэмжээний хувьцааг худалдан авах саналтай холбоотой үйл ажиллагааг түдгэлзүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул манайх тус компанийн хувьцааны арилжааг түдгэлзүүлэх боломжгүй” гэж хариу мэдэгджээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг тусгасан бөгөөд үүний дагуу шүүгчийн захирамж гараагүй, мөн нэхэмжлэгчээс хүсэлт гаргахдаа иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргасан зэргээс үзвэл хувьцааны арилжааг түдгэлзүүлэх боломжгүй гэх хариу өгсөн хариуцагч “М х б” ТӨХК-ийн албан бичиг үндэслэлтэй байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 63 дугаар зүйлийн 63.1.10-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах”, 85 дугаар зүйлийн 85.1-д “Хорооны улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 85.1.3-д “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн, эсхүл зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн үнэт цаасны арилжааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох, үнэт цаасыг тусгаарлах” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл нэхэмжлэгчийн хүсэж буй хувьцааны арилжааг түр зогсоох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь “М х б” ТӨХК бус Санхүүгийн зохицуулах хороо байх тул нэхэмжлэгчийн “..Шүүхийн захирамжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хувьцааны арилжааг түдгэлзүүлж, хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөрөнгийн бирж нь дор дурдсан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хуульд зааснаар харицагчийн хэрэгжүүлэн ажиллах үүрэгт хувьцааны арилжааг түр зогсоох эрх хэмжээ олгогдоогүй, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “Үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих” гэж заасан боловч энэ нь хариуцагчийг хувьцааны арилжааг түр зогсоох эрх хэмжээтэй гэж үзэхгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь “М х б” ТӨХК-иас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтэд 2 сарын дараа хариу хүргүүлсэн буруутай үйлдэл гаргасан” гэж гомдол гаргасан боловч уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй.  

Үүнээс гадна нэхэмжлэгч нь хувьцааны арилжааг түр зогсоох тухай хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо, Би Ди Сек ХК-иудад хүргүүлсэн байх бөгөөд хуулиар хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 9/3729 дүгээр албан бичгээр хариуг өгсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээс үзвэл анхан шатны шүүх маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичилтийн алдаа гаргасан, холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.   

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3-д заасныг баримтлан “А-ө” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн” гэснийг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3-д заасныг баримтлан “А-ө” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА