Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 30

 

Э.*******аагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.*******аа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.*******/ШЕЗ-өөс онлайнаар/

Нарийн бичгийн дарга: Э.******* 

          Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******аа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 оноос Завхан аймгийн Түдэвтэй сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үүрэгт ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Би сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй, хамт олонтойгоо эвсэг харьцаж ажиллаж ирсэн, манай байгууллагын ажил баг болж ажилладаг учраас би ажилчддаа даргархаж харьцдаггүй. 2015 онд сумын Засаг даргад үр дүнгийн гэрээгээ үнэлүүлж 85.3 В гэсэн үнэлгээ авсан. Би шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар Түдэвтэй сумын Соёлын төвийн эрхлэгч Б.*******ын албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжилсэн боловч өмгөөлөгчтэйгээ зөвшилцөөд энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Тиймээс Түдэвтэй сумын засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар албан тушаал бууруулсан захирамжийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үүгэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Завхан аймгийн Түдэвтэй сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.*******ааг ажил албан тушаалаас нь бууруулж, сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон. Би Э.*******ааг ажлаас халаагүй. Албан тушаалыг нь бууруулсан нь үндэслэлтэй юм. Харин *******аа нь өөрөө соёлын төвийн хөгжмийн багшийн үүрэгт ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байсан, мөн ажилгүйдлын тэтгэмж авсан байна.

Э.*******ааг ажил албан тушаалаас нь бууруулах болсон шалтгаан нь:

Нэгдүгээрт Э.*******аа нь ажил тасалсан: 2014 онд, 2015 оны 1 сард 5 хоног, 2015 оны 3 сарын 16, 17 нд, 2016 оны 4 дүгээр сарын 11,12- нд удаа дараа ажил тасалсан.

Хоёрдугаарт: Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй.

Энэ нь 3 сарын хугацаанд сумын төвийн хэмжээнд байгууллагуудын дунд явуулах ёстой музеклийг эхний нэг сар явуулаад сүүлдээ өөрөө ажилдаа ирэхгүй энэ арга хэмжээг тасалдуулсан, энэ талаар байгууллага иргэдээс гомдол ирсэн байсан. Мөн өөрийнхөө ажлын төлөвлөгөөг 1 сард батлуулах ёстой түүнийгээ батлуулаагүй, нохой алах тухай даалгавар өгөхөд биелүүлээгүй юм.

Гуравдугаарт: Э.*******аа нь удирдаж зохион байгуулах ур чадвар, мэдлэг боловсролгүй, туршлага эзэмшээгүй. Иймээс сумын Соёлын төвийн ажилчид дунд төрийн албаны үндсэн зарчим болох удирдах, удирдуулах ёс алдагдаж найзан дундаа урсгалаараа байдал бий болж, урлаг соёлын үйл ажиллагаа явагдахаа больсон. Энэ нь ажилчдын ажлын цаг ашиглалт муу, *******аа нь ажилчидаа үүрэг даалгавар өгдөггүй, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулаагүй байна.

Э.*******аа нь 2015 онд сахилгын шийтгэл авч байсан. Ажил хийгээгүй байж цалингаа бүрэн авч байсан гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан. Би сумын Засаг даргын захирамж гаргахад засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн болон сумын Соёлын төвийн бүх ажилчдыг байлцуулж зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Э.*******аагийн албан тушаалыг нь бууруулсан. *******аагийн ажлыг 2015 онд 85 оноогоор В гэж үнэлсэн нь үнэн. Харин 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ер нь түүнтэй хөдөлмөрийн болон ямар нэгэн гэрээ байгуулаагүй, учир нь *******аа ажлыг төлөвлөгөөгөө ирүүлээгүй. Холбогдох хууль тогтоомжид Соёлын төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөхдөө зөвшилцөх заалт байхгүй учраас, би эрх хэмжээнийхээ хүрээнд түүний ажлаас бууруулсан, хэн нэгэнтэй зөвшилцөөгүй. Төрийн албанд ажиллаж байгаа хүн ёс зүйтэй, ажил үүрэгтээ хариуцлагатай хандах ёстой. Тиймээс Э.*******ааг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хийх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.*******аа нь засаг дарга Д.*******од холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн заалт байдаг боловч талуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна. Мөн Э.*******аа нь ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй нь тогтоогдохгүй байна. Сумын засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр үндэслэлгүй байна. Засаг даргын зөвлөлийн гишүүд аливаа байгууллагын албан тушаалтны ажил албан тушаалыг бууруулах эрхгүй. Завхан аймгийн Түдэвтэй сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийг дуу хөгжмийн багшийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн мөн ажлаас чөлөөлөх тушаалд нөлөөлөх гэсэн шинэ нэр томъёо хэрэглэсэн байна. Сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар ажил албан тушаалыг бууруулсан захирамж нь Хөдөлмөрийн хуулийн ямар зүйл заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Э.*******ааг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь түүнийг албан тушаалаас нь бууруулж өөр албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Сумын Засаг дарга нэхэмжлэгчид өгсөн үүрэг даалгавраа албан тоот, бичгээр хүргүүлээгүй, удирдах ур чадваргүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 2015 оны үр дүнгийн гэрээгээр нэхэмжлэгч нь 85.3 В гэсэн үнэлгээг сумын Засаг дарга Д.*******оос авсан байхад 3 сарын дараа удирдах ур чадваргүй гэж үзэх боломжгүй юм. Уг асуудал дээр аймгийн соёлын газар үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Тиймээс Түдэвтэй сумын засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар албан тушаал бууруулсан захирамжийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч М.*******аа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг дарга Д.******* нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Э.*******аагийн ажил албан тушаалыг нь бууруулж сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон захирамж гаргасан. Гэхдээ сумын Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамж гаргахдаа зөвлөлийн хурлаар хэлэлцэж асуудлыг шийдвэрлэсэн. 2016 онд нэхэмжлэгч Э.*******аа ажлын төлөвлөгөөгөө гараагүй учраас Э.*******аатай үр дүнгийн гэрээ байгуулах боломжгүй юм. Гэхдээ сумын засаг дарга Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж Соёлын төвийн үйл ажиллагаа урагш явахгүй байгаа талаар 2014 оноос эхлэн хэлж ярьж байсан. Э.*******аад 2015 онд сахилгын шийтгэл ногдуулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй. Тиймээс Засаг даргын зөвлөлийн хурлаар түүнийг албан тушаалаас бууруулсан нь үндэслэлтэй байна. Гэхдээ нэхэмжэгчийг ажлаас нь халаагүй. Албан тушаалыг нь бууруулсан ч цалингийн хэмжээг нь бууруулаагүй. Гэвч нэхэмжлэгч Э.*******аа нь сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багш хийхгүй гэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж ажилгүйдлийн тэтгэмж авсан зөрчил гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хурниад овогт *******ын *******ааг Завхан аймгийн Түдэвтэй сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******аагийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2367581 төгрөгийг Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Э.*******аад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Э.*******аагийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт 2367581 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг даргад даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 54016 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Түдэвтэй сумын Засаг дарга Д.******* миний бие тус сумын Соёлын төвийн эрхлэгч Э.*******ааг 2016 оны 04-р сарын 18-ны өдөр Б/02 дугаар захирамжаар албан тушаал бууруулж хөгжмийн багшаар томилсон билээ. Э.*******аа нь Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд үндэслэлгүй албан тушаал бууруулсан гэж нэхэмжлэл гаргаж 2016 оны 08-р сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар Э.*******ааг Соёлын төвийн эрхлэгчээр эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулхаар шийдвэрлэсэн юм.

Миний бие Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бодолтой байгаа тул давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 01 дүгээр сарын 11-нд Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажлыг хүлээж аваад 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байхад намайг хөгжмийн багшийн ажилд албан тушаал буруулж томилоод дараа нь ажлаас халсан. Би хөгжмийн багшийн ажлыг хийхийг хүлээн зөвшөөрөөгүй учраас ажилгүй байх хугацаандаа Увс аймгийн сумдаар тоглолтоор явсан. Тэр хугацаанд намайг ажил тасалсан, хөгжмийн багшийн ажил хийхийг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзээд ажлын хариуцлага алдаагүй, алдаа зөрчил гаргаагүй байхад ажлаас хууль бусаар халсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг боловч 2015 онд үр дүнгийн гээрээ байгуулсан бөгөөд сунгуулаагүй байдаг юм. Э.*******ааг албан тушаал буруулахдаа ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн тухайлан заасан заалтыг баримтлаагүй, Засаг даргын зөвлөлийн 02 тоот тушаалыг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байгаа юм. Ажлаас чөлөөл, томилох асуудлыг Аймгийн засаг дарга аймгийн боловсролын газрын даргатай зөвшилцөж байж шийдвэрлэх ёстой байсан.

Мөн Э.*******аад сахилгын шийтгэл оногдуулж байсан материал гаргаж өгсөн ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Э.*******ааг ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзээд байгаа боловч энэ нь нотлогдоогүй. Сумын засаг даргын удирдах зөвлөл нь эрх хэмжээний хувьд хөдөлмөрийн харилцааны асуудлыг шийдэх субьект биш юм. Э.*******аа нь 2014 онд ажлын үр дүнгээр B үнэлгээ авсан, алдаа зөрчил гаргаагүй байдаг юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөдөлмөрлөх харилцаанаас үүссэн маргаантай хэргийг зөв шийдвэрлэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн харилцаанд зөв тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.*******аа нь Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргад холбогдуулан, тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч маргаж буй үндэслэлээ ...Э.*******аа нь Соёлын төвийн эрхлэгчийн албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа байгууллага, хамт олондоо албан шаардлага тавьдаггүй, тодорхой үүрэг даалгавар өгч ажлаар хангадаггүй. ..байгууллагыг удирдаж зохион байгуулах, ур чадвар, мэдлэг боловсрол, туршлага, мэргэшил эзэмшээгүй, төрийн албаны үндсэн зарчим удирдах, удирдуулах ёс захирах захирагдах ёс алдагдаж найзан дундаа урсгалаар хандаж, соёл урлагын ажлыг олон түмэнд төлөвлөгөөтэйгээр хүргэж чадаагүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тавигдах шаардлагыг хангаж чадахгүй байна. Мөн удаа дараа дур мэдэн чөлөө зөвшөөрөлгүй ажил тасласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг зөрчиж Засаг даргын дэргэдэх удирдлагын зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан... гэж тайлбарлажээ.

Гэвч хариуцагч байгууллага нь Э.*******ааг албан тушаал бууруулсан захирамж болон шүүхэд ирүүлсэн тайлбараа нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.*******ааг удаа дараа ажил тасалсан талаарх болон удирдлагаас ямар үүрэг даалгаврыг хэзээ хэрхэн өгч, биелэлтийг хэрхэн шалгаж, үр дүнг тооцсон талаараа нотлох баримт ирүүлээгүй, мөн Э.*******аа нь удирдаж зохион байгуулах ур чадвар, мэдлэг боловсрол, туршлага эзэмшээгүй талаар Мэргэжлийн байгууллагын ямар нэгэн дүгнэлт гараагүй, Соёлын төвийн зүгээс зохион байгуулах шаардлагатай ямар үйл ажиллагаа нь хэзээ хэрхэн явагдаагүй талаарх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь Э.*******ааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчлийг удаа дараа гаргасан учраас албан тушаал бууруулсан гэж тайлбарласан атлаа 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай Э.*******ааг албан тушаал бууруулсан захирамж гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн ямар нэгэн зүйл заалтыг баримтлалгүй, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.*******аагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартайшийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР