| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0130/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Л.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Лгийн Өад холбогдох 1935001660123 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ерөнхий цэргийн командлагч офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид салаан захирагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч овогт Лгийн Ө /РД:............................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Чоно долоох” гэх нэртэй газар 7826 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасаны улмаас хохирогч Ө.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Бын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн 2 хүний амь нас хохирсон буюу Ө.М, Ц.Б нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.Өыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Чоно долоох” гэх нэртэй газар 7826 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасаны улмаас хохирогч Ө.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Бын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн 2 хүний амь нас хохирсон буюу Ө.М, Ц.Б нарын амь насыг хохироосон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтасны 5-9-р тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 1-р хавтас 10-27-р тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 1-р хавтас 28-49-р тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ хх-ийн 1-р хавтас 104-р тал/,
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрийн нөхөр Л.Ө, төрсөн охин Ө.М, нөхрийн төрөл садангийн хүн болох Р.М, Ц.Б нарын хамтаар 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө ойролцоогоор 07 цагийн үед Улаанбаатар хотоос Увс аймаг руу явсан. Бид хорин хоёрын товчоо гэх газар явж байхад 07 цаг 20 минут болж байсан. Бид замдаа яваад тэр орой Тосонцэнгэл сум дээр очиж хоол идсэн.Тэгээд цааш яваад бид нар Сонгино сумаас засмал зам руу гараад ойролцоогоор 04 цаг болж байсан зам дээр гарчихсан юм чинь унтчих байх амраад явьяа гэж хэлээд нөхөр Ө автомашинаа унтраах гэхэд би гэрлээ татаад орхичих, автомашин хурдтай явж байгаад мөргөчихөж магадгүй гэж хэлээд гэрлийг асаалттай орхиод унтсан. Автомашиныг манай нөхөр Л.Ө нь жолоодож явсан. Сонгино сумаас 5 км газар яваад унтсан түүнээс хойш болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Би нэг сэрэхэд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр орон дээр сэрсэн. Тэгээд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа мэдсэн. Би сэрэхэд миний хөл хугарсан талаар хэлсэн. Миний баруун талын хөл бүдүүн гуяны хэсгээр хугарсан, толгой баруун талдаа бяцралттай, нуруу хугаралттай, биеийн ихэнх хэсэг шалбарсан, зулгаралтуудтай, хөхрөлт няцралтуудттай. Би урьд талын суудалд жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Өөрийн бага насны охин Ө.Мийн өвөртөө тэврээд сууж явсан. Р.М жолоочийн хойд талын хэсэгт Ц.Б гэгч миний суудлын хойд талын хэсэгт сууж явсан. Манай нөхөр Л.Ө бид хоёр бүсээ бүслээд явж байсан. Ц.Б, Р.М ах хоёр бүсээ бүсэлж байсан эсэхийг санахгүй байна мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би осол болсон талаар мэдээгүй. Тухайн авто машин манай нөхөр Л.Өын эзэмшилых бөгөөд 2018 оны 8 дугаар сард худалдаж авч байсан. Манай нөхөр жолоо бариж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 107-109, 110-111, 114-116-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай төрсөн аав Р.М нь 1961 онд төрсөн. Төрсөн ээж Ц.Б нь 1962 онд төрсөн ба гэр бүл болоод 34 жил болж байсан. Р.М миний төрсөн аав, Ц.Б нь миний төрсөн ээж учраас би Р.М, Ц.Б нарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цаг үдээш хойш болж байсан. Манай ах дүү нарын хүмүүс манай аав, ээжийг зам тээврийн осолд орсон талаарх мэдээг дуулгасан. Манай төрсөн аав Р.М, М.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүүхдийн үсний найранд орохоор Улаанбаатар хотод ирсэн. Мөн би хурим найр хийгээгүй байсан учраас надад гэрийн эд хогшил, эд зүйл авч өгөхөөр ирсэн. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай нагац эгчийн төрсөн хүүхэд болох Л.Өтай хамт Улаанбаатар хотоос Увс аймаг руу явсан. Тухайн автомашин Л.Өын авто машин бөгөөд Л.Өын эхнэр хүүхдийн хамтаар мөн манай аав, ээж нар явсан. Өөр хүн яваагүй. Улаанбаатар хот явсаны дараагаар 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед Архангай аймгийн хуучин Тариат гэх нэртэй газарт явж байна. Аав нь Б ахын гэрт очиж чадаагүй шүү гэж хэлсэн. Түүний дараа орой 17-18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум дээр явж байна. Замдаа дажгүй гаагүй явж байна гэж хэлсэн. Түүнээс хойш гар утас нь холбогдоогүй, яриагүй байж байхад зам тээврийн осол болсон талаар би хүнээс сонссон юм. Увс аймгаас Улаанбаатар хот руу явахад автобусанд сууж явсан бөгөөд аав Р.М, ээж Ц.Б нарын гэдэс нь өвдөж эвгүйрхээд бие засах гэхээр автобус зогсохгүй байсан болохоор хэцүү байна, хувийн автомашинд сууж явья гэж ярилцаж, тохиролцсон байсан. Тэгээд манай нагац эгч А, төрсөн хүү Ц.Ө нар явж байгаа талаар хэлсэн ба тэдний автомашинд сууж явахаар болоод суугаад Улаангом сумруу гэр рүүгээ явсан. Манай төрсөн аав Р.М, төрсөн ээж Ц.Б нарын биед өвдөх зүйл байгаагүй. Зам тээврийн осолд орохоос өмнө биеийн байдал маш сайн байсан. Аав ээж хоёрын ухаан санаа, бие нь эрүүл байсан. Манай төрсөн аав Р.М Улаанбаатар хотоос Улаангом сум руу явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Завхан аймгийн тосонцэнгэл сум дээр явж байхдаа надтай гар утсаар ярихад хэвийн эрүүл, хэлж байгаа үг нь эмх цэгцтэй ярьж байсан. Хохиролд 6.000.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Ө миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд миний ээжийн яс, махны тасархай учраас надад гомдол байхгүй. Энэ залуу хүнийг цаашид өөрийн эрүүл мэндээ сайжруулж, сайхан амьдрах боломжийг олгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Өын ээж, миний нагац эгч одоо ходоодны хорт хавдартай болчихсон хэцүү байдалд байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 120-121-р тал/,
Гэрч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би өглөөний нөхцөл байдлын мэдээ өгсөн бөгөөд 07:50 цагийн үед цагдаагийн гар утаснаас залгаад Хар тэрмэс гэх газраас нааш Улаангом сумруу явах замд авто машины осол гарсан байна гэхээр нь би 2 эмч аваад хэрэг учрал болсон гэх газарт 08:20 цагийн үед очиход Завхан сумын 2 иргэн байсан. Эмэгтэй М гэх нэртэй бага насны хүүхдийг улаан өнгийн хөнжилд цуглаад тэвэрчихсэн байсан. Юу болсон талаар тодруулж, та нар хэзээ ирсэн юм бэ? гэхэд тэр хоёр хүн Д, Т бид хоёр Хар тэрмэс бинзен авахаар явах замд осол гарсан байхаар нь зогссон юм. Хүүхэд уйлаад байхаар нь бид хоёр туслаад байж байна гэж хэлсэн. Хэргийн газарт очоод тус сумын эрүүл мэндийн төвийн эмч Э нь хэргийн газарт байгаа 20 гаруй насны суугаа байдалтай байсан эмэгтэйг үзээд хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэр эмэгтэйн нөхөр гэх залуугийн биеийн байдлыг үзсэн. Хүүхдийг их эмч Э үзээд одоохондоо бие нь сайн байна. Наранбулаг сум руу аваад явах боломжтой гэж хэлсэн. Түүний дараа Э эмч газарт хэвтэж байсан эмэгтэй хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлэхээр нь би цааш яваад цаана байгаа эрэгтэй хүнийг үзчих гэхэд тухайн хүн доош харсан байдалтай байсан бөгөөд Э дээш харуулаад чагнуур тавьж үзэхэд нас барчихсан байна гэж надад хэлсэн. Би тэр талаар цагдаагийн 7045102 дугаарын утасруу залгаж мэдэгдсэн. Тэгээд тухайн газарт амьд үлдсэн гэх эрэгтэй, эмэгтэйг хүүхдийн хамтаар тус аймгийн Наранбулаг сум руу эмнэлэг рүү яаралтай авч явах хэрэгтэй байна их хүнд гэмтсэн байна гэж хэлээд аваад явсан. Харин би тухайн осол болсон гэх газрын хэргийн газрын хамгаалтыг авч ажилласан. Хэргийн газарт байсан автомашин өнхөрсөн байдалтай хаалга цонх бусад хэсгүүд эвдэрч гэмтсэн автомашины дугуйн салчихсан байдалтай автомашины дотор талд байсан ачаа хүний хувцас эд зүйл нь энд тэнд тарсан, бутарсан байдалтай замын далан дагуу автомашин явж байгаад унасан мэт мөр байсан. Би хаанаас хаашаа явж байгаа талаар автомашины эзэн гэх залуугаас асуухад тэр залуу би Улаанбаатар хотоос Улаангом сум руу явж байна гэж хэлсэн юм. Осол болсон газар орон нутгийн зориулалтай хатуу хучилтай засмал зам байх бөгөөд тус аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Чоно долоох гэх нэртэй газар байсан. Засмал зам нь 1 эгнээ, 2 урсгалтай хашлагагүй зөрчих хэсгийн гадна хэсгээр цагаан өнгийн зураасан тэмдэгтэй, далантай зам байсан. Тухайн автомашины мөрийг харахад замаас баруун тийш гарч шидэгдэж өнхөрсөн байдалтай ул мөр үүссэн байсан. Тухайн замын ойролцоо газар нь сул хөрстэй хөрсөн дээрээ чулуутай сул шороон хөрстэй газар байсан. 78-26 ДАХ гэсэн улсын дугаартай spasio загварын автомашин байсан. Автомашин нэлэнхүүдээ гэмтэлтэй толь шил хагарсан их биеийн төмөр гэмтсэн. Зүүн хойд талын дугуй обуд нь боолт хэсгээр нь салсан байдалтай байсан. Нас барсан эмэгтэйгийн гавлын яс нь дотогшоо цөмөрсөн байдалтай, нүүрний хэсэгт шороо жижиг чулуу болчихсон байдалтай эрэгтэй хүний цогцосны толгой хэсэгт цус болчихсон байдалтай байсан юм. Мөн автомашины эзэн гэх залуугын хамар духны хэсэгт шалбарсан шархтай байсан. Түүний эхнэрийн баруун талын хөл нь бүдүүн гуя хэсгээр хөхөрчихсөн цус болсон байдалтай байсан юм. Биеийн бусад хэсэгт шарх сорив гэмтэл бэртэл байсан эсэхийг анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 122-123-р тал /,
Гэрч Ж.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 8 цагийн үед бага эмч С, хэсгийн цагдаа Эын хамт хэргийн газарт очиход хүүхэд уйлж байсан. Хамгийн түрүүн хүүхдийн биеийн байдлыг үзээд арай гайгү байсан тул дараагийн хүн 60 орчим насны эмэгтэйг үзэхэд зүрх нь цохилохгүй байсан. Мөн түүний хажууд эгц доошоо харж хэвтсэн эрэгтэй хэвтэж байсан. Үзлэх хийхэд артерийн судас нь цохилохгүй байсан. Дараа нь Ө гэх залууг үзэхэд тэр ухаантай байсан ба юу чинь өвдөж байна гэхэд нуруу, гар өвдөж байна гэсэн. Би тухайн эрэгтэйгээс автомашиныг жолоодож байсан уу гэхэд тиймээ би автомашиныг жолоодож байсан гэж хэлсэн. Сүүлд нь хүүхдийн ээжийг үзэхэд тэр хажуу тийш хараад эвхрээд хэвтэж байсан бөгөөд намайг авраарай гээд туслаарай гэж хэлж байсан. Уг эмэгтэйн хөл хугарсан байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 124-125-р тал/,
Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хэсгийн цагдаа Э, эмч Э нартай хамт Чонодолоох гэх газарт дуудлагаар очиход хэргийн газарт осол болсон шинжтэй байсан. Хүүхэд ээжийн хамт байсан. Бид очоод осолд орсон хүмүүсийг үзэж анхны туслаж үзүүлээд Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд авч ирсэн. Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд очоод Ө гэгчээс зам тээврийн осол болох үед автомашин хэн жолоодож явж байсан юм бэ гэхэд Ө гэгч нь би жолоодож явж байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 126-127-р тал /,
Гэрч Ж.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би өөрийн эхнэр С.Дгийн хамтаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө өөрийн Мустанг-5 загварын улсын дугааргүй Улаан шар өнгийн мотоциклиор Хар тэрмис дэх колонкоос бензин авахаар орон нутгийн замаар баруун хойноос зүүн урагш чиглээд явж байхад зүс таних залуу хажуудаа нэг танихгүй залуугийн хамтаар гараа өргөөд байхаар нь манай нөхөр мотоциклио зогсоосон. Тухайн үед цаг 08 цаг болж байсан байх бид хоёр зогсоод зүс танихгүй залууг Наранбулаг сум ормоор байна гэсэн ба хажууд байсан нутгийн залуу энэ хүмүүсийг Наранбулаг сум руу оруулж өгмөөр байна гэж хэлсэн. Би юу болсон юм гэж асуухад замын осол гарсан гэж хэлсэн ба замын хажуу баруун талд замын доод хэсэгт автомашин осолдсон байдалтай хоёр хүн доошоо газар луу харсан байдалтай нэг эмэгтэй суугаа байдалтай нэг бага насны хүүхэд байсан. Би та нарыг Наранбулаг оруулж чадахгүй, харин тус болж Наранбулаг сумаас тусламж дуудан гэж хэлээд би Наранбулаг сум руу манай гэрийг нүүлгэсэн жолооч Б гэх залуу руу ярьж цагдаад мэдэгдээд эмнэлэгт мэдэгдэж туслаач гэж ярьсан. Би цагдаагийн дугаар мэдэхгүй байсан тул Б руу ярьсан. Гар утсаар ярьж дууссаны дараа автомашины жолооч гэх залуу эгчээ манай хүүхдийг аваад өгөөч гэхээр нь би уйлж байсан бага насны хүүхдийг аваад даавуунд ороогоод тэвэрч хөлийг нь атгаж дулаацуулсан. Тэрний дараа уйлаад байхаар нь би цуглаж дулаацуулсан. Даавууны хамтаар ээжийнхэн хажууд тавьсан ээж нь хүүхдээ аргадаж байсан юм. Ээж нь гэх эмэгтэй хөл өвдөж байна гээд орилоод байсан юм. Тэр эмэгтэйгийн хөл хугарсан юм шиг байна лээ. Сууж байсан газраасаа хөтөлж чадахгүй байсан. Би осол болсон гэх газрыг харахад замын баруун талд цагаан өнгийн автомашин онхолдсон байдалтай хуванцар материалаар хийсэн сандал өөрийн авто машины дугуй 1 ширхэг салчихсан байдалтай энд тэнд машины эд анги шил хуванцар жижиг хэсгүүд тарсан, цацагдсан мэт байдалтай байсан. Нийт 5 хүн байсан бөгөөд 4 хүн нь насанд хүрсэн хүн, 1 бага насны хүүхэд байсан. Тухайн хүмүүсийн 2 хүн нь ухаангүй, цээжхэсгээр нь газар луу харсан байдалтай ухаангүй хөдлөхгүй байсан. Удахгүй Наранбулаг сумын эмч, хэсгийн цагдаа нар ирсэн бөгөөд хүүхэд үзээд дараа нь ухаангүй байгаа эрэгтэй эмэгтэйд үзэхэд нас барсан байна гэж хэлсэн. Түүний дараа автомашины жолооч залуу түүний эхнэр нарыг үзэж эмчилгээ хийгээд Наранбулаг сум руу машинаар зөөвөрлөж, тээвэрлэсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 128-130-р тал /,
Гэрч С.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн Мустанг 5 загварын улаан шар өнгийн, улсын дугааргүй мотоциклиор өөрийн эхнэр Тгийн хамт “Хар тэрмэс”-рүү бензин авахаар ойролцоогоор 08 цаг болох гэж байхад манай нутгийн зүс таних хүүхэд хажуудаа нэг танихгүй залуутай хамт байсан. Тэр зүс таних хүүхэд наранбулаг сум руу энэ хүмүүсийг оруулаад өгөөч гэхэд нь би юу болсон бэ гэж асуухад осол болсон гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр Т бид нар Наранбулаг оруулж чадахгүй харин очоод эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага дуудаж өгье гээд манай гэрийг нүүлгэж өгсөн Б гэх залуу руу яриад “энд осол болсон байна, цагдаагийн байгууллага, эмнэлэгийн байгууллагад дуудлаг өгөөд дуудаад өг” гэж хэлсэн. Жолоо барьж явсан гэх залуу эгч миний хүүхдийг аваад өгөөч гэхээр нь манай эхнэр уйлж байсан хүүхдийг даавуугаар ороогоод дулаацуулаад ээжийнх нь хажууд тавьсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 131-132-р тал /,
Гэрч М.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би гомдолтой байна. Эцэг, эхийнхээ амь нас үрэгдчихсэн учраас гомдолтой байна. Надад санал хүсэлт байхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан автомашины зөв, дүрэм зөрчихгүй Улаангом сум орсон бол миний төрсөн аав, ээж амьд, эрүүл саруул байж байх байсан юмаа. ..Би зам ээврийн осол болсон талаар хүнээс сонссон. Зам тээврийн осол болох үед автомашин хэн барьж явсан талаар надад хэлээгүй. Манай төрсөн аав Р.Мт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, тээврийн хэрэгсэл жолоодож чаддаггүй. Манай төрсөн аав Р.Мт техник сэтгэлгээ байдаггүй, техникт дургүй, автомашин мотоцикль ашиглах дургүй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 133-134-р тал /,
Гэрч Ч.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө би Наранбулаг сум руу орж ноолуураа зарахаар явж байсан. Би хар тэрмэсээс Улаангом орох замд осол гарсан зүйл холоос харагдсан. Би холоос харахад хажуугаар нь өнгөрсөн хоёр гурав орчим машин зогсон алдаад л шууд цаашаа яваад байсан. Би уулнаас буугаад иртэл жолооч гэх залуу зам дагуу ирсэн байсан. Тэр намайг наранбулаг сум руу оруулаад өгөөч гэхэд нь би хүргэж өгч чадахгүй харин дуудлага өгч чадна гэхдээ утсаа гэртээ утсаа орхисон байна гээд байж байтал манай сумын ах эхнэрийн хамт ирж таараад дуудлага дуудаж өгсөн.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 135-137-р тал /,
Гэрч М.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ойролцоогоор 8 цагийн үед байх Завхан сумын иргэн Т гэх хүн над руу яриад танай хүүхдүүд Чоно долоох гэх газарт осолд орсон байна гэж хэлэхээр нь би аймгийн нэгдсэн эмнэлэгт дуулага өгөөд өөрийн эхнэрийн хамт наранбулаг сум руу явсан. Наранбулаг сумын эмнэлэгт очиход охин Б, зээ М, хүргэн Ө нар байсан. Ө, Б нарын биеийн байдал хүнд байсан. Хүргэн Өын ээж хорт хавдартай болсон бөгөөд ямарч эмчилгээгүй гэсэн оноштой байсан тул Б, Ө нар асрахаар ирж байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 138-141-р тал /,
Гэрч Л.Ягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө манай төрсөн дүү Л.Ө нь эхнэр Б.Б, төрсөн охин Ө.М, манай хамаатны Р.М, Ц.Б нарын хамтаар Улаанбаатар хотоос Улаанпом сум руу явсан. Тэгээд би тухайн өдөр орой 18-19 цагийн үед би өөрийн төрсөн дүү Л.Өыг хаана явж байгааг мэдэх гээд утас руу залгахад гар утас нь холбогдож байсан. Би Л.Өтай ярихад Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирчихсэн хоойлож байна гэхээр нь ямар шуурхай явсан юм бэ? одоо наанаа унтаж амрах гэж байна уу? гэж хэлсэн. Тэгэхэд унтах гэхээр гэгээтэй байна, Энд унтах хүмүүс алга бүгд сэрүүн байна. Нөмрөг ороод унтана гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 142-143-р тал /,
Гэрч С.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах махны зааланд мах зараад зогсож байхад миний гар утас дугарахаар нь аваад харахад манай төрсөн охин Б байсэн. Би өөрийн нөхөр болох Б руу гар утсаа өгч манай нөхөр Б ярьсан. Би Боос юу гэж ярьж байгаа талаар асуухад зүгээр байна гэнэ, хүүхдүүд Архангайд явж байна гэж хэлсэн байсан. Түүний дараагаар оройхон мах зараад дуусч байхад тосонцэнгэл дээр явж байна гэнэ хүүхдүүд зүгээр машин эвдрэл, гэмтэл сааталгүй явж байна гэж манай нөхөр Б хэлсэн. Бруу яриад зам асуугаад яваад байсан юмаа. Мөн тус аймгийн 6-р багийн нутагт байрлах гэртээ байхад орой Завхан аймгийн Нөмрөг суманд явж байна гэж ярисан. Автомашин гэмтэлгүй, саадгүй явж байна гэж хэлсэн. Манай нөхөр Б тэд нартай яриад зам заагаад яваад байсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр над руу Наранбулаг сумын нэг эмэгтэй яриад Б гэгч мөн үү? гэхээр мөн гэж хэлэхэд танай Хүүхдүүдийн автомашин онхолдчихсон, замын хажуу руу уначихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 144-145-р тал/,
Шүүгдэгч Л.Өын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 6 цагийн үед М ах, Б эгч нарыг гэрээс нь аваад Улаанбаатар хотоос 7 цагийн үед гарсан. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө үүрээр 4 цаг болж байхад Сонгино сум ороод 5 км яваад засмал зам дээр гарсан. Засмал зам дээр гараад 30 орчим км яваад зам дээр зогсоод унтсан. Би автомашинаа унтраах гэхэд Б гэрэлгүй унтчихвал хурдтай яваа машин хархгүй ирээд мөргөчихвөл яах юм гэрэлтэй унтсан нь дээр гэхээр нь гэрэлтэй унтаад нэг цаг орчим унтаад би босоод машинаа бариад үргэлжлүүлээд машинаа бариад Улаангом руу явж байсан бөгөөд нэг мэдэхэд нь осол болчихсон би газар шороон дээр хэвтсэн байдалтай сэрсэн. Өөрийн болгоомжгүй байдлаас болж нагац эгч, хүргэн ах хоёрынхоо амь насыг хохироож, үр хүүхэд, ах, дүү нарыг нь ийм их уй гашуудалд унасандаа маш их харамсаж байна. Мөн эхнэрээ хүнд гэмтээсэн, хүүхдээ хүндэвтэр гэмтээсэн, өөрөө цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болчихлоо.. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ад би 3 удаа нийтдээ 6.000.000 төгрөг данс руу нь шилжүүлж өгсөн. Цаашид хохирол нэхэмжилбэл өөрийн чадах чинээгээрээ барагдуулан. Миний ээж ходоодны хорт хавдарын 4 дүгээр шатанд орсон эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой гарсан учраас би ээжийгээ асрах гэж ажлаасаа чөлөө аваад эхнэр, хүүхэдтэйгээ ирж байсан юм.” гэх мэдүүлэг,
Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “7826 ДАХ улсын дугаартай “королла спасио” автомашины жолооч Л.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна.” гэх 06 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 248-р тал/-ээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон бөгөөд шүүгдэгч дээрх заалтыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хоёр хүний амь нас хохирсон байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 342 дугаар "Ө.М-н биед гэмтэл учирсан байна. Баруун дунд чөмөг ясны доод 1/3 зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцралдархи доргилт, тархины дунд зэргийн няцрал, хуйх, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.." гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 178-р тал/,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 343 дугаар "Б.Бын биед гэмтэл учирсан байна. Дагз ясны баруун хэсэгт цуурсан хугарал, зүүн чамархайн хэсэгт тархины эдийн няцрал, цус хуралт, баруун дунд чөмөг ясны доод 1/3-р зөрүүтэй, ил хугарал, баруун гуяны урд доод хэсэгт шарх, дух баруун хацар, хамрын үзүүр, зүүн гуя, шилбэнд зулгаралт, баруун, зүүн булгалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 197-р тал/,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ "Талийгаач Р.М-н биед гэмтэл учирсан байна. Баруун, зүүн зулай, дагзанд хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн духны хэсэгт аалзан хальсны доор цус харвалт, цээжний баруун талын 2, 3,4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, цээжний зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8, 9,10, 11 дүгээр хавирганы олон шугамаар хугарал, хугарлын түвшинд цус хуралт, цээжний зүүн хөндийд цусан хураа, цөсний хүүдийн задрал, зүүн бөөрний өөхөн эд, 12 хуруу гэдэсний урд хэсэгт цус хуралт, толгой орой, дух хэсгийн хуйхан доор цус хуралт, хуйханд язарсан шарх, зулгаралт, баруун, зүүн хацар, баруун, зүүн сарвуу, зүүн өвдөгний үений гадна хэсэгт, бүсэлхийн нурууны ар хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Талийгаач Р.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ эрүүл буюу согтолтгүй байсан байна. Шүүх химийн №38 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Талийгаач Р.М нь биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Р.М нь дээрх гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалаар нас барсан байна. Талийгаач Р.М нь 0(1) бүлгийн цустай байсан байна. Шүүх биологийн №31 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав." гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 206-207-р тал/,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ"Талийгаач Ц.Б-н биед гэмтэл учирсан байна. Гол судасны тасрал, голт болон цээжний зүүн хөндийд цус хуралт, үнхэлцэг хальс. өрцны урагдал, цээжний баруун талын 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал. зүүн бугалганы дунд 1/3-р, зүүн шилбэний шаант, тахилзуур яс доод 1/3-р далд хугарал, баруун, зүүн дунд чөмөгний доод 1/3-н ил хугарал, дух, зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, баруун зүүн гуянд урагдсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хэвлий, баруун өвдөг, баруун, зүүн гуя, шилбэний дотно хэсэгт, баруун тавхайд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Талийгаач Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ эрүүл буюу согтолтгүй байсан байна. Шүүх химийн №39 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Талийгаач Ц.Бгийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Ц.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас зүрх, судасны хурц дутагдлаар нас барсанбайна. Талийгаач Ц.Б нь АВ(lV) бүлгийн цустай байсан байна." гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 218-219-р тал/,
шүүгдэгч Л.Ө нь Corolla spacio загварын 7826 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ө.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Бын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн 2 хүний буюу Ө.М, Ц.Б нарын амь насыг хохироосон нь тогтоогдсон байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндийг хохироосон байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол хүнд учруулах гэмт хэргээс ялгагдана.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Л.Ө нь Corolla spacio загварын 7826 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд, хүнднвтэр хохирол учруулсан болон хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар "Л.Ө-н цусанд спиртийн агууламж илрээгүй" гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 168-р тал/, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар химийн шинжилгээгээр “Талийгаач Р.М-н цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ эрүүл буюу согтолтгүй байсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 209-р тал/-үүдээр жолооч болон зорчигч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгч Л.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Л.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Ө нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүлл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч 6.000.000 төгрөгийг хохирол төлсөн. Одоо нэхэмжлэх хохиролгүй гэж мэдүүлсэн, бэлнээр барагдуулсан”, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд “шүүгдэгчээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Л.Өаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Өын хувийн байдлын талаар Автотээврийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1/628 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2019 оны 7 дугаар сарын 23-ны 308 дугаартай тодохойлолт, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 196 дугаар тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн II хавтасны 24-26, 28, 45-47, 31, 59,21-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Л.Өын хувийн зан байдлын талаар: Гэрч Р.Лгийн өгсөн: “Миний төрсөн хүү Л.Ө нь 1993 онд тус аймгийн Улаангом сумын нутагт манай 4 дэх хүүхэд болж төрсөн. Дээрээ 1 эгчтэй, хоёр ахтай, айлын отгон хүүхэд юмаа. Би өөрөө эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт. Л.Өын төрсөн ээж А тэтгэвэрт, төрсөн ах Г нь хөдөө нүүрсний уурхайд жолоочоор ажилладаг. дараагийн эгч нь Я нь тус аймгийн Цогцолбор 2-р сургуульд математикийн багшаар ажилладаг түүний дараагийн төрсөн ах Ч нь Дөрвөн булаг-Увс ХХК-нд шир боловсруулах үйлдвэрт инженерээр ажилладаг. Л.Ө нь өөрөө Дархан-Уул аймгийн Монгол Улсын Зэвсэгт хүчний 330-р ангид салаан захирагчаар ажилладаг. Манай төрсөн хүү Л.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Б гэгчтэй гэр бүл болж найр хурим хийсэн. Одоогоор эхнэр 1 хүүхдийн хамтаар амьдардаг. Түүний эхнэр Б.Б нь Дархан-Уул аймагт сургууль багшаар ажиллагдаг, төрсөн охин Ө.М нь 1 настай. Л.Ө нь хүүхэд байхдаа сахилга баттай, ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ажилласаг, төлөв даруухан зантай, найз нартайгаа их нөхөрлөдөг, сагсан бөмбөг тоглох дуртай хүүхэд байсан. Л.Ө нь тус аймгийн Улаангом сумын ахлах 3-р сургуулийг 2012 онд төгсөөд, сургуулийнхаа шилдэг төгсөгч болсон бөгөөд, 2012-2016 онд Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуулийн суралцаж төгсөөд 2016 оны 08 дугаар сараас Дархан-Уул аимгиин Монгол Улсын Зэсвэгт хүчний 330-р ангид салаан захирагчаар ажиллаж, одоог хүртэл ажиллаж байна. Манай төрсөн хүү Л.Ө нь одоогоор зам тээврийн осолд орсны улмаас ажиллахгуи, чөлөөтэй байгаа, түүний эхнэр Б.Б нь эрхэлсэн ажилгүи, жирэмсэний чөлөөтэй байж байгаад осолд орснь, улмаас ажиллахгүи баигаа сарын орлого гэж байдаггүй, одоогоор амжиргааны түвшин доогуур айл өрх юм. Б.Б Дархан-Уул аймагт хувийн сургуульд багшилдаг байсан. Л.Өын төрсөн ээж А нь ходоодны хорт хавдар гэх өвчний улмаас хагалгаанд орох боломжгүи болсон тул Ө нь эхнэр хүүхдийнхээ хамтаар тус аймгийн Улаангом сум руу ирж ээжийгээ асрахаар явж байгаад осолдсон байсан. Л.Өын нэр дээр 78-29 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн королла спасио загварын автомашин баидаг өөр эд хөрөнгө байхгүй, найр хурим хийхдээ 8 ханатай монгол гэр барьж өгсөн боловч тухаин гэрийг зараад 78-29 ДАХ улсын дугаартай автомашин худалдаж авсан. Л.Ө нь Дархан-Уул аймагт албаны орон сууцанд амьдардаг байсан. Одоогоор Л.Ө нь эхнэр хүүхдүүдийн хамгаар тус аймгийн Улаангом сумын 6-р багийн нутагт оршин сууж амьдарч байгаа. Л.Ө нь ажилсаг, хүнтэй наргиж ярих дуртаи, даруухан дөлгөөхөн зантай ажилсаг, тусархуу, хүмүүстэй эелдэг боловсон харьцдаг, соелтои, нийтэч олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүи. Урьд өмнө өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан удаагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтасны 150-151-р тал /, Гэрч Л.Чын өгсөн: “Миний төрсөн дүү Л.Ө нь 1993 онд тус аймгийн Улаангом сумын нутагт манай төрсөн аав Лгийн 4 дэх хүүхэд болж мэндэлсэн. Айлын отгон хүүхэд болж төрсөн бөгөөд дээрээ нэг эгчтэй, хоёр ахтай юмаа. Ө нь ажилсаг, хөдөлмөрч, даруухан дөлгөөхөн зантай, тусархуу, хүмүүстэй эелдэг боловсон харьцдаг соёлтой, нийтэч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, биеэ сайн дайчилдаг, удахгүй бэлтгэл хийж байгаад энхийг сахиулахаар явах гэж байсан, ямар нэг муу зуршилгүй. Урьд өмнө өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй ба зам тээврийн осолд орсноос болж нурууны хэсэгт хугаралуудтай, нурууны доод хэсэгт хугаралтай, зүүн гарын шууны хэсгээр хугарсан, баруун гуяны .хэсэгт гэмтэлтэй зэрэг гэмтлүүдийн улмаас босч явж чадахгүй байгаа. Л.Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 152-153-р тал /-үүд авагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Өын биед “Зүүн бөөрний няцрал, зүүн шуу ясны зөрүүтэй далд хугарал, бүсэлхийн 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн тасарсан хугарал, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал” зэрэг гэмтлүүд учирсан нь хүнд зэргийн гэмтэл хамаарах гэмтэл нь болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 344 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 187-188-р тал/-ээр тогтоогдсон байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хугцааны хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Л.Өын 1025559 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Өад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Лгийн Өыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Өад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Өад оногдуулсан 1 /нэг/ жил 1/нэг/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэг цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Өад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 жил 1 сар хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Л.Өын 1025559 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Удвалд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өд өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ