| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0253/Э |
| Дугаар | 0267 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 0267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч П.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.У-т холбогдох эрүүгийн 1925003710274 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, П.У-т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч П.У нь 2019 оны 05 сарын 10-аас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Ц-гийн гээгдүүлсэн канон EOS 5 D MARK4 маркийн дижитал аппарат, түүний дагалдах хэрэгсэл канон 24-105 дуран, батерей 2 ширхэг, шорт, подволк, эмэгтэй хүний хар өнгийн цүнх, шилэн өргөмжлөл, эмэгтэй хүний ботинк зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч П.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тэр хүн миний машинд бөөлжчихөөд буусан. Орц руу орохоор нь араас нь ороход байхгүй байсан. Тэгээд гараад иртэл машины хажууд цүнхтэй зүйл байсан. Тэгэхээр нь машин цэвэрлэж өгөөгүй гэж бодоод аваад явчихсан. Тэгээд 5-6 хоносны дараа намайг хүн сураглаж ирээгүй болохоор хот орохдоо E мартын тэнд хүнд зарчихсан. Одоо иргэний нэхэмжлэгчид 2.500.000 төгрөг, хохирогчид 284.000 төгрөгийг, мөн камерыг нь буцааж өгсөн. Хэргийн хувьд ойлгож гэмшиж байгаа. Маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...шөнийн 01 цагийн орчим Сөүл рестораны урд талын замаас саарал өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгслээр хамт ажилладаг Солонго, Баярхүү нарын 5-13 дугаар байрны сүүлээсээ 3 орцны гадаа зогссон. Солонго бид 2 Баярхүү эгчийг гэрт оруулж өгчихөөд гарч ирээд Мэнд-Амарын урдаас таксинд суугаад 1-21 дүгээр байрны гадаа хүргүүлээд буухдаа би цүнхээ 5-13 дугаар байрны гадаа сандал дээр тавьснаа мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,
-Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Баярхүү, Цолмон эгч нарын хамт Сөүл ресторанаас гараад мөнгөлөг өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгслээр 5-13 байрны гадаа хүргүүлсэн. Баярхүү эгчийг оруулж өгчихөөд буцаад гараад ирэхэд бид нарыг хүргэж ирсэн такси явчихсан байсан. Цолмонхүү хар өнгийн цүнхтэй тухайн тээврийн хэрэгсэлд суусан гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/
-Иргэний нэхэмжлэгч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй орж ирээд камер, дуран, баттерей 2 ширхэгийг зарна гэхээр нь 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх-72-73 ху/
-Яллагдагч П.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би машинаа цэвэрлэж өгөөч гэсэн чинь цэвэрлэж өгөхгүй, дугаар аваад маргааш залгаад машинаа угаалга гээд байсан. Тэгж байснаа надад 5.000 төгрөг өгчихөөд 5-13-р байрны орцруу орчихоор нь би араас нь дуудах гээд орсон чинь орцны урд талын сандалны хажууд түрүүний хүн хар цүнхтэй зүйлээ орхичихсон байхаар нь би тэр цүнхийг нь аваад багажандаа хийгээд явчихсан юм гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх 19-24 ху/
-П.У-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28-30 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 14-ний 54 дугаартай шийтгэх тогтоолын хулбар /хх 36-38 ху/
-Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай прокурорын тогтоол /хх 69 ху/
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 75 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч П.У нь 2019 оны 05 сарын 10-аас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Ц-гийн гээгдүүлсэн канон EOS 5 D MARK4 маркийн дижитал аппарат, түүний дагалдах хэрэгсэл канон 24-105 дуран, батерей 2 ширхэг, шорт, подволк, эмэгтэй хүний хар өнгийн цүнх, шилэн өргөмжлөл, эмэгтэй хүний ботинк зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр хүн миний машинд бөөлжчихөөд буусан. Орц руу орохоор нь араас нь ороход байхгүй байсан. Тэгээд гараад иртэл машины хажууд цүнхтэй зүйл байсан. Тэгэхээр нь машин цэвэрлэж өгөөгүй гэж бодоод аваад явчихсан. Тэгээд 5-6 хоносны дараа намайг хүн сураглаж ирээгүй. Тэгээд хот ороод E мартын тэнд хүнд зарчихсан“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Цгийн “...шөнийн 01 цагийн орчим Сөүл рестораны урд талын замаас саарал өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгслээр хамт ажилладаг Солонго, Баярхүү нарын 5-13 дугаар байрны сүүлээсээ 3 орцны гадаа зогссон. Солонго бид 2 Баярхүү эгчийг гэрт оруулж өгчихөөд гарч ирээд Мэнд-Амарын урдаас таксинд суугаад 1-21 дүгээр байрны гадаа хүргүүлээд буухдаа би цүнхээ 5-13 дугаар байрны гадаа сандал дээр тавьснаа мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 7 ху/, гэрч Б.Солонго /хх 7 ху/, иргэний нэхэмжлэгч Э.Түвшин /хх 72-73 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч П.У-т Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.У нь хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Ц-д 5.280.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Түвшинд 2.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Канон зургийн аппарат, 2 ширхэг батарэй, 1 ширхэг дуран зэргийг биет байдлаар буцаан өгсөн ба бусад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.У нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА