| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/32747/И |
| Дугаар | 210/МА2026/00464 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00464
2026 03 02 210/МА2026/00464
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/18173 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.
3. ******* нь хуулийн хүчин төгөлдөр болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/02028 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/01374 дугаартай магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ГХ2025/01548 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар БНСУ-ын иргэн ******* болон Монгол Улсын иргэн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ болон Барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн *******,******* тоотод байрлах, 756 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Энэ ажиллагаанд талууд маргаангүй. /хх-71, 72-81, 82-91, 129/
4. ******* нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа явуулсан байх ба төлбөр төлөгч ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 5,000,000,000 төгрөг гэж тодорхойлон, үнийн санал ирүүлсэн байна. Харин төлбөр авагч БНСУ-ын иргэн ******* //-аас үнийн санал ирүүлээгүй байна. /хх-106/
Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүйг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар Шинжээч томилох тухай тогтоол гарч, хөрөнгийн үнэлгээний ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.
5. Шинжээч ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөж, зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргыг ашиглан, үүнээс зах зээлийн хандлагын аргын тооцооллыг ач холбогдолтой гэж үзээд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн *******,******* тоотод байрлах, 756 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 3,411,600,000 төгрөгөөр тогтоож, уг тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. /хх-109-133/
Мөн шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийж, үнэлгээний тайланг *******т хүргүүлсэн байна.
Анхан шатны шүүх Шинжээч хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн байршил, тухайн бүс орчмын ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулж тооцож, тодруулбал тухайн бүс нутагт байршилтай Нарантуул зах, Халдвартын эцэс, 13 дугаар хороолол, Нарантуул захын зүүн талын барилга зэрэг 5 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн жишиг үнийн судалгаатай харьцуулан дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Мөн нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох уг үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүд нь зах зээлд хэдэн төгрөгөөр худалдагдах талаар мэдээллийг болон уг хөрөнгийг зах зээлийн үнэ цэнээс хэт доогуур буюу үнэгүйдүүлсэн гэх өөрийн шаардлагыг баримтаар нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журам, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх зөв дүгнэсэн.
6. Харин шүүхийн ...нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулах ба энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч *******эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр биечлэн танилцаж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ. /хх-1-4, 109, 134/
Хэдийгээр шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгчид хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байх боловч тэрээр тухайн үнэлгээний тайлантай бодитоор танилцаж, улмаар үнэлгээг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээний тайлантай танилцсан 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг тоолвол зохино.
Тодруулбал, мэдсэн гэдэгт хөрөнгийн үнэлгээтэй бүрэн танилцсан байхыг ойлгох нь зүйтэй бөгөөд, харин даруй танилцах боломжтой байхад санаатайгаар зайлсхийсэн, ирж танилцахыг мэдэгдэхэд ирэхгүй хугацаа хэтрүүлэх зэрэг нөхцөл байдлыг үүнд хамааруулахгүй.
7. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдолдоо ...намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаагүй... гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан хэлэлцэж эхлэхээс өмнө энэ талаарх хүсэлтээ илэрхийлээгүй болох нь 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. /хх-147/
Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн d хэсэгт өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байхыг үүрэг болгожээ.
Тиймээс шүүх нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, түүнд хууль зүйн туслалцаа авах эрхтэй талаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчөөгүй байна.
8. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.3, 752.4 дэх хэсэгт иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор шийдвэрлэхээр, уг хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгахаар тус тус заасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 50 хоногийн хугацаатай үргэлжилсэн байх ба энэ хугацаанд нэхэмжлэгч өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах бүрэн эрхтэй байсан, шүүх үүнийг хязгаарлаагүй байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хангах үндэслэлгүй.
9. Нөгөө талаар мөн хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д зааснаар журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэх зарчимтай бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульч /өмгөөлөгч/-аар төлөөлүүлэн оролцож байсныг үүгээр нэмж дурдана.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/18173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Н.ГЭРЭЛТУЯА