Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1009

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02909 1066 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Х овогт Б-гийн Х, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, эмэгтэй, боловсролгүй /3 дугаар анги төгссөн, муу уншдаг, бичиж чадахгүй гэх/, мэргэжилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны зуслангийн задгай тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Иргэн О.Л нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 15 дугаар гудамжны 31 тоотод байхдаа “...З-ын “Хаан” банкны 501421**** дугаарын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуурч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салаанд оршин суух Б.Х-гийн “Хаан” банкны 572027**** дугаартай данс руу андуурч шилжүүлснийг яллагдагч Х овогт Б-гийн Х /РД.**********/ нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овогт Б-гийн Х нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр андуурч шилжүүлэгдсэний улмаас өөрийн Хаан банкны ********** дугаартай дансанд орж ирсэн 1,000,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Х-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг;

 2. Иргэн О.Л-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, өргөдөлд хавсаргасан “Хаан” банкны дансны хуулга...” (хх-ийн 3-4 дүгээр хуудас);

 3. “2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Х-гийн “Хаан” банкны 5720278109 дугаарын дансанд ************ дугаар данснаас “засвар” гэсэн утгатай 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх “Хаан банк”-ны дансны хуулга (хх-ийн 25 дугаар хуудас);

   4. Хохирогч О.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 15 дугаар гудамжны 31 тоотод байрлах аавынхаа гэрт байж байтал засварын газрын ажилтан над руу залгаж та засуулж байгаа машиныхаа ажлын хөлсийг өмнө над руу шилжүүлж байсан данс руу явуулчих гэж хэлэхээр нь би өмнө явуулж байсан дансны дугаарыг өөрийнхөө гар утсан дээрээс хайж байгаад Хаан банкны ********* дугаартай З гэсэн хүний данс руу 1,000,000 төгрөг явуулах гэж байгаад өөрийн танил Га-ын эхнэр Х гэх эмэгтэйн Хаан банкны ********** дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг андуурч шилжүүлсэн байсан. Маргааш өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр машинаа засуулж байсан засварын газар очиход засварын газрын залуу та өчигдөр 1,000,000 төгрөг шилжүүлнэ гэсэн яасан бэ гэж асуухаар нь би гайхаад юу яриад байгаа юм бэ, би чам руу өчигдөр шилжүүлсэн гэж хэлтэл миний дансанд ямар ч мөнгө орж ирээгүй гэж хэлэхээр нь би гар утсаа гаргаж ирээд мөнгө шилжүүлсэн дансаа үзэх гэтэл харагдахгүй байхаар нь Хаан банкны 18001917 дугаарын лавлах утсаар холбогдож болсон зүйлийнхээ талаар хэлтэл миний овог нэр регистрээр шүүж өгөөд ********** дугаарын Х гэсэн нэртэй хүний данс руу 1,000,000 төгрөг шилжиж орсон байна гэж хэлэхээр нь би өөр хүний данс руу мөнгө андуурч шилжүүлсэн гэдгээ мэдсэн. ...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Г руу залгаж чиний явуулсан данс руу андуураад 1,000,000 төгрөг явуулчихсан байна. Буцаагаад шилжүүлчих гэж хэлтэл чи хүрээд ир гэхээр нь Зүүн салаанд очиж уулзсан чинь манай эхнэртэй утсаар ярь гээд ******** гэж хэлэхэд би уг дугаар луу залгаж мөнгөө авъя гэхэд Х гэх эмэгтэй би гадуур толгойгоо бариулаад ажилтай байна. Өнөөдөр амралтын өдөр, бичиг баримтаа хаячихсан гэж хэлэхээр нь хоёулаа уулзъя, би байгаа газар чинь яваад очъё гэхэд эргээд ярья гэж хэлээд утсаа унтраагаад алга болсон. Маргааш өдөр нь...Х-тай холбогдож мөнгөө авъя гэхэд уучлаарай мөнгийг чинь үрчихсэн гээд утсаа салгаад дахин надтай холбогдоогүй....Миний хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа. Би хохирлоо авчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас), “...Надад учирсан хохирлыг Х бүрэн төлж барагдуулаагүй. 300,000 төгрөг өгсөн... үлдэгдэл 700,000 төгрөгийг өгчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);

5. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны зуслангийн задгай тоот гэртээ эхнэр Х-гийн хамт байж байтал өдөр 13 цагийн орчимд Х “миний 5720278109 дугаарын данс руу 5025413094 дугаарын данснаас 1,000,000 төгрөг ороод ирлээ” гэж хэлэхээр нь би “наад мөнгөө үрж болохгүй. Хүн андуураад хийчихсэн юм шиг байна” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай нутгийн залуу Л над руу залгаж чиний өмнө над руу явуулж байсан Хаан банкны данс руу би андуураад 1,000,000 төгрөг шилжүүлчихсэн байна гэж хэлсэн ба манай эхнэр Х-гийн данс руу “засвар” гэсэн утгатай 1,000,000 төгрөг орж ирсэн байсан. Би үрж болохгүй гэж эхнэртээ хэлсэн, найздаа чи надтай хүрч ирээд уулзчих гэж хэлээд бид хоёр Зүүн салаанд уулзсан юм. Тэгээд би Л-д хандаж Х толгойгоо бариулах гээд айл руу явчихсан байна, Х-тай ******* гэсэн дугаарын утсаар холбогдоод мөнгөө авчих гэж хэлээд салсан юм. Тэгээд орой гэртээ байхдаа Х-гаас чи нөгөө хүний мөнгө яасан бэ гэж асуутал би хувцас аваад үрчихсэн гэж хэлэхээр нь би уурлахад одоо надад 200,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс 500.000 төгрөг авна, чи наад мөнгөн дээрээ нэмээд хүний мөнгийг өгчих гэж за гэж хэлчхээд маргааш өдөр нь гэрээс гарч яваад бүх мөнгийг үрээд дуусгачихсан байхаар нь би хэрүүл хийж маргалдсан. ...Х андуурагдан дансанд орж ирсэн мөнгөөр өөртөө хувцас аваад ганцаараа дуусгасан. Надтай хамт үрээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.Х-гийн иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа (хх-ийн 24 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байтал ********** дугаарын данснаас 1,000,000 төгрөгийн орлого орж ирэхээр нь гайхаад надад хүнээс мөнгө орж ирэх ёсгүй дээ гэж бодсон...Тэгээд би тухайн өдөр Баянхошууны хуучин эцэст байх АТМ дээр очоод андуурч орсон 1,000,000 төгрөгийг аваад ганцаараа Хархорин зах орж 800,000 төгрөгөөр нь өөртөө болон хоёр хүүхдэдээ хувцас авч, 200,000 төгрөгөөр нь гэртээ хоол ундны зүйл авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Х-гийн үйлдэл нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Х-гийн Хаан банкны ********** дугаарын дансанд ********** дугаар данснаас “засвар” гэсэн утгатай 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх Хаан банкны дансны хуулга хэрэгт авагдсан байх тул шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлж, гэмт хэргийн хохирлын хэмжээг 1,000,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Х-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Х нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Х-г алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Л нь 1,000,000 төгрөгөө бүрэн авсан гэдгээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээрээ маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Хувийн байдлын хувьд урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Ар гэрийн байдлын улмаас 1,000,000 төгрөгийг үрсэн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Тиймээс шүүгдэгчид хамгийн доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Х нь торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Б-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Х-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Х-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.БАТАА